Н.Учрал: 13А маягтыг цахимаар олгодог боллоо

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн сайд болон ЦХХХ-ны сайдын хамтарсан баг ажилласан. Эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан. 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудсаар 317,736 хүн үйлчлүүлсэн. Тиймээс хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатны 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах боломжтой болгож, бүрдүүллээ.
Төрийн үйлчилгээний нэгдсэн E-mongolia системд нэвтэрч, өөрийгөө системээр таниулж, эмнэлэгт үзүүлэх боломжтой гэсэн үг. Тухайлбал, иргэд орон нутгаас ирж эмнэлэгт үзүүлэхдээ сумынхаа эмнэлгээс 13А авах шаардлагагүй, төрийн үйлчилгээний нэгдсэн системээс өөрийнхөө мэдээллийг татаж авч аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой болсон. Ингэснээр алгын чинээ цааснаас болж иргэдэд хүндрэл учирдаг, учруулдаг байдал үгүй болж байна.
Цахимаар13А маягт татаж авсан бол хүчинтэй хугацаа 30 хоног. Энэ хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлж болно" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.