Сурвалжилга, НийтлэлУРЛАГ

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн Булган: 30 жил ном биччихээр ихийг үзлээ, яг юу нь хэцүү юм бэ

2023.04.29-нд нийтлэгдсэн хөрөг ярилцлагыг Үндэсний их баяр наадмын дараах амралтын өдрүүдэд зориулан сэргээн нийтэлж байна.

Би өөрөө урлагийг биш, урлаг тэднийг бүтээж буй нь л надад чухал.

1.

Эмнэлгийн үүдэнд сэтгэлдээ хүнд гуниг тээсэн байрын хараачилж зогсоо 20 хүрээгүй л болов уу гэмээр орос эмэгтэйг ширтэх, цагаан пиджак өмсөж, зааны ясан таяг тулсан эрхэм бол Монгол Улсын анхны Ардын зураач, Үржингийн Ядамсүрэн. Орос эмэгтэй эмнэлэгт сувилагч ажилтай. Хэд хоног хэвтээд гарахынхаа алдад Ү.Ядамсүрэн түүнд дурласан уу, өрөвдсөн үү, гэнэ сэнэгүй “Чи манайд амьдарч болно шүү” гэчихжээ.

Мөнөөх сувилагч маргааш нь өөрийн гэсэн эд хогшлоо хэдийн зэхэж, баадагначихсан хүлээж байх нь тэр. Ликанида Андреевна Фаранасова нэрт зураач Ү.Ядамсүрэнтэй 15 насандаа ханилсан түүх энэ бөгөөд 1935 он болно.

Ү.Ядамсүрэн өвөө нь хэдий ч, өвөөдөө өргүүлсэн тул ааваа хэмээн овоглодог Я.Булганы хөрөг ажлын өрөөний нь хананд өлгөөстэй. Үс нь шар, хөмсөг нь хар, нүд нь гүн дүрлэгэр, байр байц нь ширүүн, арьсан хувцас өмсөж, өөдөөс цоо ширтсэн энэ эмэгтэйн хөргийг хэдэн зуун жилийн өмнөх, индиан овгийн гэр бүлээс өртөөлж ирсэн болов уу гэж андуурмаар.

-Таны үс угийн шар уу?

-Угаас л шар.

-Залуудаа тас хар үстэй байсан нь будаж байсан хэрэг үү?

-Тийм, буддаг байлаа.

Я.Булганы дух, хамрын хэлбэр орос гэмээргүй ч үс нь төрөлхийн шар гэхээр, бас балар эртний үеийн гэлтэй этнос сийлбэр бүхий том модон сандал дээр тухалсан нь, өмнө нь хэвлэлд “Би яагаад дөрвөлжин байшинд хашигдаж, төмөр тэрэг хөлөглөсөн нийгэмд амьдрах хувьтай төрөв. Эрт цагт сүйх тэргээр далгиулж явсан бол хэчнээн сайхан бэ” гээд ярьчихсан нь ер хаанахын гарал үүсэлтэй хүн бэ гэж сонирхохын шалтгаан болно.

15 настайдаа Ардын зураач Ү.Ядамсүрэнтэй ийм тохиолоор гэр бүл болсон түүний буурай ээж Ликанида Фаранасовад грек, еврей цус бий гэдэг. Хожим монголчууд дуудахад хялбар гээд ч тэр үү, нэрээ Люня болгосон Ликанида бол аав, ээж хоёр нь Оросын эзэнт гүрний шатлалт нийгмийн хатуу дэг ёсоос зугтан дүрвэж, Монголд ирээд 14 хүүхэд төрүүлсний нэг байлаа. Аристократ буюу хааны ордны удмын ээж нь бакрат буюу хамгийн дорд гэж үзэгдэх, ажилчин ангийн аавд нь дурласан ч авааль гэргий нь болохын ёс байсангүй. Тиймд хоёулаа л амьдарч, хорвоог туулъя гээд Оросын эзэнт гүрнээс зугтаж, Монголд иржээ.

“Манай буурай ээж еврей цустай гэж ярьдаг байсан. Хэдий Люня гуай гэж дуудуулсаар тэнгэрт хальсан ч Ликанида хэмээх жинхэнэ нэр нь гарал үүслийн хувьд хөөх юм бол Грек үгийн үндэстэй. Гэхдээ тэр туйлын монгол хүн байсан. Монгол дээлнээс миний мэдэхийн огт салаагүй. Гандангийн лам нар шар тостой хэвийн боовыг нь авдаг байсан гээд бод л доо” гэж Я.Булган ярилаа. Тэд цугаар Люня дээрээ өсжээ. Ү.Ядамсүрэн эскиз гаргаж, Люня Ядамсүрэн түүгээр зээгт наамал хийдэг болсон нь ер манай улсын зээгт наамлын урлагийн хөгжилд түлхэц болсон хэмээн тэмдэглэгддэг юм.

2.

“Хэчнээн их цас ордог юм бэ” гэж хаврын тэнгэрт шүүмж хэлэгсдээр дүүрэн зэвэргэн өдөр Кино үйлдвэрийн автобусны буудлын урд талд байрлалтай, алтан оройт Троицкийн сүмийн хашаагаар дүрслэх урлагийн “Анима” коллежийг хайн бэдрэхдээ, ердөө цагийн дараа тус сургуулийн захирал, зураач Я.Булган “Би бороонд дургүй байж болно. Тэглээ гээд эмзэглэнэ гэдэг утгагүй биз дээ. Бороо хэчнээн ургамал, цэцгийг ундаалах билээ гэхээр учир бий. Тэгэхээр бороонд дургүй гэж тэнгэрт хараал тавьж буй надад учир байгаа биз” хэмээхийг төсөөлөхгүй.

Хэд эргэцээд “Анима” коллежийг олж, хаалгыг нь татмагц орон зай, уур амьсгал алга урвуулахын дайтай өөрчлөгдлөө. Хүүхдүүд хар зураг таталгаж, зотон тостой ноцолдож байх бөгөөд хичээлийн нэг өрөөний хаалгыг татан шагайвал уулзахаар ирсэн зураач Я.Булган харанхуйд проектор асаагаад хичээл орж сууна. “Одоохон, тэгэх үү? Цай хийж өгөөрэй” гээд эелдэг инээмсэглэсний нь дараа нэг эмэгтэйн замчилснаар хоёр давхарт гарч, “Захирлын өрөө”-нд оров. Эмэгтэй цай аягалж барих хооронд хананд нь өлгөөстэй түүний хөрөг, домог шүтлэгийн бэлгэдэл шингэсэн сийлбэрт сандал ширээ, ширээн дээрх арьсан хавтастай дэвтэр, хуучны модон шүүгээ дүүрэн орос, монгол номууд, бас бус зургууд, баримлууд нүдэнд туслаа.

1994 онд үүсгэн байгуулагдсан “Анима” коллежоор урт хар гэзэгтэй, мөн л индиан байрын хувцастай эрчүүд, хөвгүүд хөлхөлдөж, “Захирлын өрөө”-гөөр орж гарч байна. Я.Булганыг хүлээж суух хооронд эсрэг талын өрөөнөөс хэн нэгний эв хавгүй, хачин сонин дуун хадаах сонсдоно. “Анима” коллеж амьдралын боломж тааруу, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг. Хаалга татмагцаа л нийгмээс шууд тийм “шошго” зүүх хүүхдүүд хэд гурваараа тааралдсан бөгөөд нөгөө өрөөнөөс байн байн инээх, орилох, шуухитнах чимээнд хэсэг чих тавин суусны дараа Я.Булган орж ирлээ. Тэр цонхны тавцан дээрээс хар бүрх малгайгаа шүүрч духдуйлаад, мөнөөх сийлбэрт сандалдаа суув.

“Өнөөдөр “Монгол гайхмаар аа” гэдэг өдөрлөг боллоо. Жил бүр хийдэг юм. Монгол дээл хувцсаар жигдрэхийг хичээсэн хүүхдүүддээ уламжлалт урлаг, бэлгэдэл зүйн хичээл ороод, давхар давхар завгүй л гүйгээд байна”.

-Монголын анхны Ардын зураач, хүн бүрийн мэддэг “Өвгөн хуурч”, “Чингис хаан” зургийн бүтээгч Ү.Ядамсүрэнгийн нэг залгамж болсон танай коллежид одоо хэдэн хүн суралцаж байна вэ?

-Одоо 52-53 байна уу даа. Бид ер нь 60 сурагчтай байхыг хичээдэг. Дүрслэх урлагийн салбарт бөөн бөөнөөр нь элсүүлэх боломжгүй. Жилдээ 20 хүүхэд л шинээр элсүүлдэг болов уу. Ү.Ядамсүрэн гэдэг аав, өвөөгийнхөө үлдээсэн өвийг балаг болгочихгүй үргэлжлүүлье гэж бид энэ коллежоо нээсэн. Тэр бол монгол угсаатны зүйн өвийг хадгалж, монгол зургийн урсгалыг сэргээж, европын реалист хэв маягийг нутагшуулсан хүн.

-60 гэсэн квотоо яаж таслах уу?

-Яагаад ч юм их гоё таараад байдаг. Хоёр хүн илүүдэх гээд байвал бие давхар болдог ч юм уу, эсвэл гадаад руу явахаар болоод хасагддаг. Сая гэхэд л долоон хүүхэд хувийн шалтгаанаар чөлөө аваад явлаа.

-Яагаад дан зураачийн карьераа баримтлалгүй, олон хүүхэдтэй ажиллах ийм нөр их ажлыг сонгосон юм бэ?

-Би уг нь дуулдаг, төгөлдөр хуур тоглож, гитар дардаг охин байсан. Хөгжмөөр явах шахснаа зургадугаар ангидаа л шууд зураач болно гэж шийдсэн. Миний сүнс зураачийн амьдралыг шаардаж байна гэж ойлгосон. Хөгжмийг бол хобби болгосон. Ингээд хойно төгсөж ирээд, бие даасан хэд хэдэн үзэсгэлэн гаргаад, хувь уран бүтээлчийн амьдралаар замнаж байтал яагаад ч юм багш болмоор санагдсан. Янз, янзын сургуульд багшилж явтал “Анима” ч байгуулагдлаа. Анима гэж сэтгэл, сүнс гэсэн утгатай үг. Энэ миний уран бүтээлийн философитой ч уялдаж байсан. Би багаасаа Теодол Бардыг уншиж, хүн үхснээс хойших 49 хоногт юу болдгийг сонирхож, далд ертөнцийн талаар философиддог байлаа. Хүн гэж юу, яах гэж, юуны төлөө амьдрахаар ирдгийг эрт сонирхсон. Ингээд миний оршихуй өөрөө л багшлах, хүүхдүүдтэй ажиллах тавилан руу татан оруулсан.

Тэгж эхлэхдээ одоогийнх шиг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах юм ч гэж санаагүй, худалч хүнд тийм хүүхдүүд байдгийг ч мэддэггүй байсан. Ямартай ч амьдралын боломжгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй элсүүлэхээс эхэлсэн. 90-ээд онд траншейны хүмүүс их, урлагаар явъя аа ч гэр бүл нь дэмжих боломжгүй хүүхэд олон байлаа. Дараа нь сэтгэлийн бэрхшээлтэй, тэгээд сонсголгүй хүүхдүүд орж ирсэн. Надад ямар ч ялгаа байгаагүй, “Ор ор” л гэнэ. Дохионы хэл мэдэхгүй, хэцүү л байсан. Яаж ийгээд цаасан дээр бичиж, зааж зураад л болгодог. Багш нар маань ч нэг нэгээрээ дохионы хэл сурцгаасан. Хэн ч хүндрэл гэж хүлээж аваагүй. Тэгж ойлгоо ч үгүй байсан. Ийм хүүхдүүд нэг, хоёр, гурав, дөрвөөр жил ирэх бүр нэмэгдээд л. 10 жилийн өмнөөс аутизмтай хүүхдүүдийн давлагаа эхэллээ. Одоо би сүүлдээ ийм хүүхдүүдийг хайж байна. Аутизмтай, дауны синдромтой хүүхдүүдтэй ажиллаж, зурах сонирхлыг нь чиглүүлэх сургууль бараг байхгүйтэй адил. Сүүлийн хоёр жилд л хүмүүс “Анима”-г сонирхох боллоо. Би өөрөө хэзээ ч ярья, сурталчилъя гэж байсангүй, энэ даруудаа ч биш, завгүйдээ. Хүмүүс одоо “Танайх хаана байв аа?” гэдэг. “30 жил болох гэж байна” гэхээр итгэдэггүй. Янз бүрийн байгууллагуудтай хамтарч ажиллая, санал хүсэлт явуулъя, дэмжлэг хүсье ч гэж байсангүй, зав гараагүй.

-Үүгээр индиан маягаар хувцасласан залуус их харагдах юм. Таны энэ хөрөг ч тэр. 2017 онд та хэдэн зууны өмнө сүйх тэрэг хөлөглөн амьдарч байсан бол сайхан аа гэж ярьжээ.

-Зураач хүний хувьд эмзэглэдэг байсан, одоо ч эмзэглэл тээж байгаа гол асуудал бол бидний байгальд хүйн холбоотой гэдгээ улам бүр мартаж, холдож буй тухай. Энэ дандаа санаа зовоодог. Энэ ганц монголчууд бидний нүүдэлчин соёлын хүрээнд бус, өргөн утгаараа. Тийм болохоор голоос гогоддог зүйлээ жаахан эерүүлэхийн тулд багаасаа сонирхож ирсэн индиан маягийн хамтлагийг коллеждоо байгуулсан нь энэ юм. Зөвхөн гадаад хэлбэр, хувцаслалтдаа, бүжиг хийхдээ бус байгалд ойр байсан эртний уламжлал, соёл, бэлгэдлийг таниулахдаа гол юм. Жишээ нь, үс бол антень, хийморь үсэндээ байдаг. Эр ч, эм ч үс урт байх ёстой гэдэг нь Ведийн соёл. Индиан хамтлаг маань 16 жил болж байна.

Би индиан ч найзуудтай, латин америкчууд ч бий. Багаасаа Ф.Купер, М.Рид, Ж.Лондоныг уншиж, уул хадаар тэнэж, тайгад ганцаар явж сурсан. Онгон байгальд дуртай учраас ийм этнос маягийн хэв маягт татагддаг гэх үү дээ.

3.

Я.Булган 1991 онд ОХУ-ын Санкт Петербургийн И.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академыг төгсөж ирээд уран бүтээлдээ шамджээ. Түүнийг Монголын модернист уран зургийн анхдагчдын нэг гэж үзнэ. Я.Булганы зургийг өдгөө хараад л шууд таних боломжтой бөгөөд ихэвчлэн нулимс цийлэлзсэн нүдтэй, сул дорой, хүүхдүүдийг дүрсэлдэг.

Анх “Булган гэж хэн бэ” гэдгээ ямар нэг “изм”-ээс гадуур эрж, хайж байхдаа тэр голчлон бэлгэдэл ашигладаг байжээ. Тэр “Надад символизм, экспрессионизм” хоёулаа байсан. Дараа нь бүх “изм”-ээс татгалзахыг хичээсэн. Өөртөө олсон бэлгэдэл маань хүүхдийн дүр байж. Хүүхэд гэдэг миний дотор нуугдсан сүнслэг чанар, магадгүй тэр орхигдсон хүүхдүүд сүнсний минь мэдээлэл байж таарна. Одоо миний зурах хүүхэд чухам яаж харагдах, хамар нь ямар байх, зураасаа хааш нь хэрхэн сунгах ёстойг сайн мэддэг болсон” гэлээ.

Ү.Ядамсүрэнгийн үр хойчис болох Я.Туяа (И.А.Серебрины урланд зураачийн мэргэжил эзэмшсэн), Я.Заяа (Ломоносовын их сургуульд хэл шинжлэлийн мэргэжил эзэмшсэн), Я.Үржнээ (И.Репины академид Монументаль уран зургийн мэргэжил эзэмшсэн, Төрийн шагналт зураач), Я.Булган нар  “Анима” коллежийг байгуулжээ. Зөвлөхөөр Люня Ядамсүрэн ажиллаж байв. Харин Я.Булган 2003 оноос тус коллежийн захирлын албыг хашиж байна. Тэд жил бүр амьдралын боломжгүй, тусгай хэрэгцээт таваас доошгүй хүүхдийг коллеждоо үнэ төлбөргүй элсүүлэх зорилт тавьдаг.

Өөдөөс харан суух эмэгтэйн өвөө, Монголын анхны Ардын зураач гэж хэдэнтээ тодотгосон, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн соц-реалист уран зургийг түүчээлснээс гадна монгол зургийн урсгалыг сэргээн хэлбэржүүлсэн. Түүний арга барилаас дараагийн модернист, контемпорари зураачид ч санаа сэдэл авсан гэж урлаг судлаачид үздэг юм. Тэрээр зураачаас гадна угсаатны зүйн судлаач байсан. Буддын шашныг судалж, 108 дүртэй цамын бүх бүжигчнийг зурсан нь л гэхэд үнэлж баршгүй гавьяа. Түүнийг нь Зөвлөлтийн үед хэвлээгүй. Тэр Төвөд хэл мэддэг, шашны зан үйлд нэвтэрхий, Монголын урлагийн түүхэнд тод мөртэй нэгэн.

Хэдэн жилийн өмнө Я.Булган түүний “Өвгөн хуурч” бүтээлийг жааз нь салчихсан хэвтэж байхыг харжээ. “Манай музейн хадгалалт маш муу л даа. Дэлхийн стандарттай зүйрлэе гэх юм бол бараг стандартын тухай ч ярилтгүй болно. Өвөөгийн зургийг жаазнаасаа салсан байхыг харах эвгүй л байсан. Энэ зөвхөн Ү.Ядамсүрэнгийн тухай биш, тэр үеийн бусад ахмад уран бүтээлчдийн бүтээлд ч тулгамдсан асуудал. Өдгөө үр хойчис нь байна, “Ядамсүрэн сан” байна, худалдаж аваад ч болтугай өөрсдөө өөд татъя гэж хүсэлт тавьдаг ч болдоггүй”.

Ү.Ядамсүрэн залуудаа хээнцэр ганган хүн байсан бөгөөд нас тогтоод ирсэн хойноо монгол дээлнээс салаагүй байна. Насан өндөр болоод Я.Булганд “Цөвүүн цаг ирж байна, хүмүүс юм ойлгохоо болилоо” хэмээж байсан нь дурсагдана. Тэр өвөөгөөсөө дэргэдэх ханиа яаж хайрладгийг сурчээ.

4.

Я.Булганыг хүнтэй уулзахаар түр гарсан хойгуур 7-8 настай болов уу гэмээр мяраалаг хүү орж ирээд, өөдөөс дүрлийтэл ширтэж байгаад “Би зургаа энд дуусгачих уу” гэснээр тэдэнтэй танилцах аялал эхэллээ. “Тэг, тэг” гэвэл хүү хажууд суугаад, зургаа ширээн дээр дэлгэж тавин, дүрсүүдээ хар фломастераар хүрээлж гарав. Тун нямбай, өөр юунд ч сатаарахгүй.

Тэр хүүтэй дараа нь нэг давхарт, шатан дээр таарахад багш нараасаа “Жааз хаана байдаг юм бэ” хэмээн асууж байна. “Жааз хол байгаа” гэвэл асуултаа ар араас нь тавьж, жаал бухимдаж ирэх шинжтэй. Харилцаж сурсан нь илт эелдэг багш учирлаж тайлбарлаад явууллаа.

Нэг гарынх нь хөгжил саатсан, нүүрэндээ том мэнгэтэй, эсвэл түлэгдсэн, аутизмтай, дауны ч синдромтой хүүхдүүд үүгээр явж байна. Тэдний нүдэнд сүүдэр үл тусах нь тайвшруулна.

Я.Булган “Хүүхдүүдийнхээ дэргэд асуудлыг нь ярьдаггүй. Мэдээж тодорхой оноштой, гэр бүл нь ч мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ өөрсдийгөө тэгж боддоггүй хүүхдүүд ч бий. Миний анзаарснаар, сүүлийн 10 жилд аутизм давлагаалж байна. Анги бүрд, бараг л хэсэг бүлэг найзууд дунд нэг аутизмтай хүүхэд байна гэхэд хилсдэхээргүй болсныг харлаа. Тэдэнд мэргэжил эзэмшүүлэх тусгай сургууль бараг л байхгүй. Манайх энэ чиглэлээр дагнасан сургууль биш ч, бараг манай онцлог болчихлоо доо. Гэхдээ тэднийг энгийн хүүхдүүд дундаа, огт тусгаарлахгүй, нэгэн ижил авч үзсэнээр нийгэмшүүлэхийг хичээдэг” хэмээнэ.

Тэр доош буухдаа, эхэнд түүнийг хүлээж суух зуур дуу алдах, шуухитнах чимээ сонсогдож байсан өрөөний хаалгыг татаад “Энд аутизмтай хүүхдүүд бий. Манай тэр сайн зурж байгаа. Зөөлөн харилцвал юм ярина, эвгүй бол уурлана, хазна” гэв.

-Яг ижил хөтөлбөрөөр хичээл заах уу?

-Хөтөлбөр нь ижил, заах арга нь өөр. Юун түрүүнд нийгэмшүүлэх, хоёрт жаахан ч гэсэн мэргэжлийн тал руу нь зааж, сургахыг зорьдог. Тэгэхгүй бол, дугуйлан шиг “Дуртай юмаа зураад суугаарай” гэвэл мэргэжлийн байдлаа алдана. Олон жилийн турш ажиглахад, тэднийг нийгэм ч, бүр уран бүтээлчид ч гадуурхаж байна. “Эдний урлаг, уран зураг, зураач гэж юу байдаг юм”. Гэтэл тэд өөрийн хэмжээнд ахиж чаддаг, тархи нь хөгждөг. Зургаа, долоо, заримдаа найман ч жил ажилласны эцэст тархи нь хөгждөг юм байна гэдгийг бид өөрсдөө харж байна. Одоогоор манай сургуульд амьдралын боломжгүй, эсвэл тусгай хэрэгцээт 16 хүүхэд сурч байна.

-Тэд сэтгэлдээ хүнд шарх тээгээд ирдэг байх.

-Нийгэм нь, эсвэл эцэг эх нь хүлээж аваагүй, бүр амиа хорлоё гэсэн сэтгэл зүйтэй болчхоод ирэх нь бий. Харин нөгөө хэсэг нь өөрсдийгөө дутуу гэж үнэлдэг. Амьжиргаа юм уу аливаа эрхтний үйл ажиллагаа дутагдалтай бол өөрөө өөрийгөө үнэлэхээ больсон байдаг. Сургуулийн босго даваад гайхдаг. Учир нь бид зөвхөн хичээлээс гадна, бусад бүх үйл ажиллагаандаа хамт байцгааж, яг нэгэн ижил байр сууринаас ханддаг. “Хаана ороод ирэв ээ” гэсэн шиг гайхна. Удахгүй дасна. Баасан гараг бүр бид чин сэтгэлийн яриа хийдэг. Цай уунгаа уйлж, хайлж ярилцана. Тэд хэдэн жилийн дараа эмгэгээ мартдаг. Үүнийг хурдан процесс гэхгүй. Зарим нь бүр ч өөртөө итгэлтэй нэгэн болоод төгсдөг.

Манай нийгэмд л өөр, харь тусаад байгаа болохоос энэ энгийн л зүйл шүү дээ, уг нь.

Хүмүүс “Булгаа, хэцүү ш дээ” гэдэг. Энгийн хүүхдүүдийн хамт тэдэнтэй ажиллахын яг юу нь хэцүүг би ойлгодоггүй. Тийм ээ, цаг орно, энерги зарна. Гэхдээ хэцүү гэдэг ойлголт манайд, манай багш нарт байхгүй. Манай аутизмтай, саажилттай,  сэтгэцийн өөрчлөлттэй зарим хүүхдүүд байхгүй бол бид сургуулиа төсөөлж чаддаггүй. Тэдэнгүй бол сургууль маань хоосроод ч байх шиг санагддаг.

Энэ хугацаанд их юм үзсэн. Бараг ном биччихээр их. Хулгайч хүүхэд орж ирнэ. Хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох гэж оролдсон хүүхдүүд ирнэ. Төгсөж гараад, нийгэмд хөлөө олж чадалгүй амиа хорлосон нь ч байна. Би сүүлд сонссон л доо. Эргэж ирье гээд ирэх боломжгүй байсан юм билээ.

Бид чадахаараа өөртөө итгэлтэй болох, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх суурийг нь тавьж өгдөг. Адаглаад байгалийг, цэцэг навчийг, амьтныг хайрлах, нэг нэгнээ уучлахыг заана, хичээнэ. Дийлэхийг нь дийлнэ, дийлэхгүйг нь дийлэхгүй. Гэхдээ өнгөрсөн 30 жилээ харахад, юм эргэж ирдэг юм байна. Тэд маань бүтээл хийж, компаниа байгуулж, гэр бүлтэй болчихсон амьдарч байна. Хутга шүүрээд явж байсан хүүхэд өнөөдөр сайхан амьдарч байгаа. Манай саажилттай хүүхдүүд бүгд ээж боллоо, маамуу төрүүллээ (Инээв).

Тэд урлагаар өөрсдийгөө бүтээсэн.

Тийм болохоор надад өөрөө урлаг бүтээх биш урлаг тэднийг бүтээж буй нь л чухал.

-Харин юун дээр нь хамгийн хатуу загнах вэ?

-Хатуурхах гэхээсээ хамгийн их шаарддаг зүйл бол хэзээ ч шантаршгүй байх. Үүнийг ойлгуулах гэж уйгагүй үзнэ. Шантарч болохгүй гэдгийг мэдэртэл нь хамт байна. Чадахгүй бол чадуулна.

-Яаж?

-Энэ бол хатуу үгээр биш ээ. Итгэл өгөх л чухал. Заримдаа хатуу юм хэрэгтэй тэ, гэхдээ чарлаж орлих, загнаж тараах биш. Урам өгчихөөр л болчихно. Чадна гэж итгүүлэх л юм бол болоод явчихна. Шантрах гээд ирвэл “үснээс нь татаж” гаргаад л. “Харж бай, чи чадна. Жижигхэн ч болов амжилтаа үнэл” гэнэ. “Чи мурий зураас татлаа, яадаг юм, урьд нь зураас ч зурж чадахгүй байсан ш дээ. Гэтэл чи өнөөдөр мурий зураас татаж чадаж байна шүү дээ. Удахгүй тэгшхэн болно, удахгүй урлагийн бүтээл болно” гэнэ.

Ер хүүхдүүд өөрсдөдөө хэтэрхий өндөр босго тавиад байдаг. Гэтэл шат, шатаар нь өгсөж хүрнэ шүү дээ. Босгоо эхэлж нам тогтоох хэрэгтэй, харин тэр босгоо давж чаддаг байх ёстой. Энэ миний өөртөө ч хэлдэг зүйл. Амьдралыг туулахын тулд би ч өөрөө ингэнэ, шат шатаар нь, бага багаар нь өгсөнө.

-Харин энергиэ хаанаас нөхөх вэ?

-Энерги миний хувь хүнээс, эгогоос биш космос, огторгуйгаас ирдэг юм байна гэж сүүлийн жилүүдэд бодох боллоо. Шашин шүтлэгтэй хүмүүс бол бурхнаас ирдэг гэдэг. Квантаар ойлгох юм бол, энерги космосоос, бидний дээд ухамсраас ирдэг. Тэгэхээр ердөө яг энэ мөчдөө талархаж л сурах ёстой юм байна гэж ойлгосон.

Яагаад гэвэл надад хобби олон. Олон цагийн хичээл заахаас гадна өөрөө уран бүтээлээ хийнэ, би оёно, шиднэ, хөгжим тоглодог, кукла хийдэг. Эмэгтэй хүний хувьд хоолоо ч хийнэ, гэрээ ч цэвэрлэнэ. Би бас бясалгана. Өмнө нь ядардаг л байсан. Найман цаг тасралтгүй хичээл ороод, шүүсээ соруулчихсан юм шиг болоод унадаг байсан. Сүүлд би энергийн энэ зарчмыг ойлгосон. Өөрөөр хэлбэл энергийг хурааж, нөөцөлж болдог юм байна. Гол нь төвлөрөл бололтой.

Дауны синдромтой хүүхэдтэй ажиллаж байгаа бол яг тэр хугацаанд миний энерги өөр зүйлд зарцуулагдах учиргүй. Тэр мөчид ерөөс би ба тэр хүүхэд л байхгүй юу. Хэрэв тэгвэл энерги хадгалагддаг. Үүнийгээ би багш нартаа ч “халдаадаг”. “Маргааш үзэсгэлэнтэй, тэдэн цагаас ярилцлага өгнө, гэтэл тийм ч ажилтай” гэж үймж, самуурахгүй. Яг одоо, энэ мөчид хийж буй зүйл чинь л гол.

Доод давхарт Т.Тэмүүлэнтэй тааралдав. Тайландын кино наадмын “Шилдэг кино”-гоор шалгарч, Варшавын кино наадамд уригдсан “Trio” УСК-ны гол дүр. Тэр энд суралцаад хоёр жил гаруй болж байгаа аж. Т.Тэмүүлэн одоо 22 настай. “Ярилцлага авна, зургаа зураарай” гэж багш нь хэлэхэд дуулгавартай гэгч ширээн дээр очиж суугаад, бүтээлээ үргэлжлүүлж гарлаа. Тэр өвлийн өвгөнд гар утастай болох юм сан гэж мөрөөддөгөө бичин, захидал илгээжээ. Харин шинэ жилээр, хүслийг нь дуулсан өвлийн өвгөн гар утас бэлэглэжээ. “Чи юу зурж байгаа юм бэ?” гэвэл гар утасныхаа түгжээг шуртхийтэл гаргаад урд тавьчхав. “Аан, чи үүнийг дуурайж байгаа юм уу?” гэвэл толгой дохилоо.

Т.Тэмүүлэн зурахаас гадна спортод ч их сонирхолтойн дээр өмнө нь кофе шопод бариста хийж байжээ. Тэр өглөө 06.00 цагт босоод хичээлдээ, автобусаар өөрөө ирдэг. Түүнтэй өөр багш илүү тулж ажилладаг бөгөөд Я.Булгантай нийтийн лекцийн үеэр тааралддаг байна. “Тааралддаггүй юм аа, юм яримаар л байдаг” гэлээ.

-Кинонд тоглох ямар байсан бэ?

-Гоё!

-Өөрийгөө үзээд ичсэн үү?

-Үгүй ээ, ичээгүй.

-Чи бас төгөлдөр хуур тоглодог гэсэн үү?

-Тийм, орой хичээлээ тарж ирээд тоглодог. Харин залгуур нь муудсан байна лээ. Асахгүй байгаа.

-Өө, шинийг авах нь дээ?

-Харин тийм.

Т.Тэмүүлэн “Анима”-д сэтгэлт охинтой, төсөөллийн найзтай.

“Найз нь одоо хаана байна” гэвэл тэр бодол болсноо хүнгүй хойд ширээ рүү эргэн, тонгойлоо. Тэгснээ “Ард унтаж байна” гэв. Найз нь түүнийг өглөө эрт дуудаж сэрээдэг, “Хичээлдээ яваарай” гэдэг, заримдаа тэвэрдэг, гараас нь атгадаг байна.

5.

Ген өвлөгдөн дамжиж буй Ү.Ядамсүрэнгийн үр хойчсын дараагийн үеийг Я.Булганы хүүхдүүдээр тоолох боломжтой. Тэр гурван хүүхэдтэйн том нь урлаг судлаач М.Амина. Ээжийнхээ адилаар ОХУ-ын Санкт-Петербургийн дүрслэх урлагийн И.Репины академыг саяхан дүүргээд байгаа юм. Дүрслэх урлагийн боловсрол олгох цуврал лекц, “Синдром” арт шоугаар нь түүнийг олон нийт сайн мэднэ. Түүний дүү М.Авид бөмбөрчин бөгөөд урьд “Футурама” хамтлагт, одоо “Silhouette Tuesday”-д тоглодог байна. Хамгийн бага дүү нь зурдаг, шүлэг бичдэг гэнэ.

Я.Булган “Би Аминаг их хүчтэй гэж боддог. Амина өөртөө хааяа эргэлздэг. Тэвдэх насан дээрээ явж байна уу, яагаад ч юм хааяа шантарчих гээд. Аминад шууд хэлдэггүй  нэг зүйл бий л дээ. “Миний охин өөрөө хувь хүн шүү” гэж. Хэзээ ч, хэнтэй ч бүү өөрийгөө зүйрлээсэй. Магадгүй ээжийнхээ дэргэд хүчтэй явах сан, ээжээсээ сул дорой байчих вий гэсэн эмзэглэл тээдэг шиг. Эсвэл “Ү.Ядамсүрэнгийн” гэдэг гэр бүлийн нэр хүндийг өндөрт өргөх сөн гэж. Өөрөө өөртөө л хүчтэй бай. Би охиндоо дандаа итгэдэг. Аминад гол бий. Намайг бодвол уян, зөөлөн ч хүчтэй гэдэгт нь үргэлж итгэдэг” гэлээ.

М.Амина ээжийнхээ шавийн зургийн дэргэд.

Харин М.Амина “Багад ээж миний хувьд ертөнц байсан. Нар шиг санагддаг байсан. Бид “Нархан ижий минь” гэж дуудах дуртай. Би их сахилгагүй хүүхэд байлаа. Яаж ч бодсон, ээжийгээ их зовоосон. 13 насандаа анх гадуур хонож үзлээ. 13 насандаа метал хөгжим сонсож, андерграунд соёлд автлаа. Сонгодог урлагийн соёлоор хүмүүжүүлсэн, хатуу гэр бүл байсан. Ийм гэр бүлийн хүүхэд гудамжны гэмээр соёлд автаад ирэхээр охиноо гэж хүлээн зөвшөөрөхөө болих болов уу гэтэл миний сонирхлыг хүндэлсэн. Хүлээж аваад, эрх чөлөөг өгсөн. Үзэх ёстой юмаа үзэг гэж хандсан. Одоо ч би метал хөгжимд дуртай. 18  насандаа би Үнэн алдартны шашин шүтэх болсон. Манай гэр бүл өвөөгөөс уламжлагдсан шарын шашинтай. Үүнээсээ өөр шашнаар явлаа гэхэд ч ээж хүндэлж, манай сүм дээр ирж байсан. 13 насандаа хаягдаж үзлээ (Инээв). Тэгэхэд ээж “Бүх зүйлийг шийдэж болно оо, миний бяцхан, үзэсгэлэнтэй охин минь” гэж байлаа. Жаахан ч гэсэн өөрийн гэсэн орон зай, үзэл бодол гэж төлөвшсөн бол, үүнд ээж минь суурь болсон. Би 18 наснаас ээжийн үзэл бодолтой зөрчилдөж эхэлсэн ч өөрөө өөрийгөө олж буйг минь хүндэлсээр ирсэн нь гайхалтай. Хөндлөнгийн нүдээр би ээжийг гайхалтай ухаантай, тачаангуй эмэгтэй гэж боддог. Би ээж шигээ хөгшрөхийг хүсдэг. Эмэгтэй хүний энэ ертөнцөд ирсэн гол зорилго халуун дулааныг түгээх болов уу. Тэр тэгж чаддаг” хэмээж байна.

Доод давхарт Т.Тэмүүлэнтэй ярилцахад маань тусалсан “Анима” коллежийн багш М.Дөлгөөн ноднин намраас энд ажиллах болжээ. Түүнд Я.Булган яг ээж шиг нь, дотно танил санагддаг аж. “Би багшилж чадна гэдэгтээ ч итгэлгүй байсан. Үзье л гэж бодсон. Энд ирээд амьдрал үзсэн (Инээв). Гэртээ харьсан ч хүүхдүүд бодогдож, зүүдэнд ороод. Одоо гэхдээ гайгүй болсон л доо. Тэд юмсыг арай өөрөөр хардаг нь бэлэг ч юм шиг. Бүх хүн зураач болдоггүй юм гэхэд зураг бол үндэс. Ширээ хийлээ гэхэд эхлээд зургийг нь гаргадаг. Тэгэхээр энэ бүхэн тэдэнд том хөгжил болж байгаа байх” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Улаан даашинзтай Я.Булган анги ангиар орохдоо бүгдэд шударгуу ижил харилцана. Дөнгөж саяхан энергиэ хэрхэн хуваарилж сурсан хэмээлээ, өнөөдөр олон ажлын ард гарч, амжуулж яваа ч эргэж хараад хоёр үг солихдоо асар тайван, төвлөрсөн шинжтэй.

-Гэхдээ 30 жил хийж яваагаа үнэлүүлэх, хараанд өртөхийг хүсэх үү?

-Гавьяа шагналыг ямар ч хэрэггүй гэж хэлэхгүй. Учир нь бид хэлбэрийн ертөнцөд баригдсан. Наад зах нь би ямар шагнал авсан нь яамны бүртгэлд чухал. Гэхдээ хүүхдүүдээс “төрөх” бүтээлүүд л миний хувьд хамгийн том шагнал. Намайг Амина шоолоод байдаг, тэмдгээ пакетанд хийгээд хаячихсан гэж. Би ер өлгөж хаддаггүй. Яг нарийндаа тийм ч айхтар үнэ цэнтэй санагддаггүй болохоор. Бас хүмүүст илээр, үнэ цэнгүй гэж хэлж болдоггүй. Алт байсан бол хэдийн зараад, хүүхдүүддээ юм аваад өгчихсөн байгаа. Амьдралд хэрэглэж болж байна уу, үгүй юу гэдэг л сонин. Хэрэв миний статус, авсан гавьяа шагналууд эд нарт маань тус болж байвал болж байна. Үгүй бол орхино. Ямар ч тэмдэгний ард хорогдож чадахгүй.

-Танд одоо эмзэглэл бий юү. Бас өмнө нь байсан, одоо эдгэрч аньсан эмзэглэлүүд юү вэ?

-Хүн ер нь энэ ертөнцийг байгаагаар нь хүлээж авч чадахгүй бол дандаа эмзэглэж явна.

Миний хамгийн голчилж өөр дээрээ ажилласан, чадсан зүйл бол эмзэглэлүүдээсээ ангижрах. Энэ бол юмсыг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрнө, өөрийгөө ч хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгээд гэрэл гэгээтэй талыг нь харж сурах. Би ингэж зорилго тавьсан, өөртэйгөө ажилладаг, олон тэмдэглэлийн дэвтэртэй. Тийм болохоор өглөө нар мандахад л баярладаг. Намайг бүр “нарны” Булган гэдэг. Би халуунд хачин дуртай. Нар байж байхад яахаараа, юунд эмзэглэх хэрэгтэй гэж.

Харин эмзэглэл байлаа гэхэд, надад урлаг бий, тиймд би хамгийн азтай. Надад бийр, будаг бий, эмзэглэлээ би цаасан дээр гаргачхаж чадна.

Би бороонд дургүй байж болно. Гэтэл бороо орсонд эмзэглэх нь өөрөө утгагүй асуудал биз дээ. Бороо ороод хэчнээн ургамал, цэцгийг ундаалж усалж байна гэхээр юм учиртай болчхож байгаа биз. Гэтэл сөрөг мэдрэмж мэдрээд байгаа нь надад учир байгаагийнх биш үү. Үүнийг л би дөнгөж ойлгож эхэлсэн. Эхэлсэн.

Дүрслэх урлагийн “Анима” коллеж 2010 оноос хойш энэ байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Шар үс, хар нүдтэй, Ү.Ядамсүрэнгийн зээ, зураач, “Анима” коллежийн захирал Я.Булган хүүхдүүд дундаа үлдлээ. Тэд өнөөдөр (2023.04.28) үзэсгэлэнгээ дэглэнэ.

Таван жил тутамд үзэсгэлэн гаргадаг ч зөвхөн тусгай хэрэгцээт, өнгөрсөн 30 жилийн хугацаанд “Анима” коллежийг төгссөн болон одоо суралцаж байгаа суралцагчдынхаа уран бүтээлийг ийн дэлгэж буй нь анхных ажээ. “Чин зүрхний анир” нэртэй энэ үзэсгэлэн “Mongol Art Gallery”-д дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн олны хүртээл болно. Тэнд “Анима”-гаар амьдарсан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн бүтээл дэглэгдэнэ.

Хүүхдүүдээ өглөө сонгодог хөгжмийн пянз эгшиглүүлэн сэрээдэг Я.Булганы буй байдал нь хүчтэй, этгээд, яриа нь хурдтай, шулуун. Уран бүтээлчийн ч, хувь хүний хувьд ч тэр нэгэнт оршихуйн дуудлагаа чагнаархаж, тогтоон барьж чадсан гэлтэй. 30 жил оршин тогтнож буй “Анима” коллеждоо, антик сийлбэртэй модон сандалдаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Билгээ
Билгээ
4 сар 28, 2023 09:39

Баяр хүргэе! Ү.Ядамсүрэн зураачийн хойчыг з�##�гамжлагч Я.Булганд уран бүтээлийн амжилт хүсье! Та бол Монголын цөөхөн эмэгтэй зураачдын нэг бөгөөд одоо таны эрхэлж байгаа ажил бол хүнийг хүн шиг амьдрахад нь тус�##�ж байгаа цаглашгүй их буян заяа юмаа. Амжилт!

Зочин
Зочин
4 сар 28, 2023 10:32

Авьяастай, содон хүмүүс. Ээж нь, эгч нь байж магад намайг дунд сургуульд байхад хичээл заасан юм. Бидэнд уран зургууд үзүүлсэн, нэг зураг хараад би гайхшраад, өөрөө би гадаадад байхдаа нөхрөө санаад энэ зургийг зурсан гэж тайлбарласан, зүүд, зэрэглээ мэт хүүхэд юугаа ч ойлгох вэ дээ.сэтгүүлчид баярл�##�аа, гоё нийтлэл- энэ уран бүтээлчийг яг зөв бичсэн,дүрээ их зөв,байгаагаар нь гаргасан, үг бүр нь дүрслэл бүр нь үнэн бодит. Их өөр,сонирхолтой,содон хүмүүс .

Амжилт, хайр, сайн сайханыг хүсье.
Амжилт, хайр, сайн сайханыг хүсье.
4 сар 28, 2023 11:14

энэ хэцүү нийгэмд Хүн чаддагаар бие биеэдээ туслана гэж үүнийг хэлэх байх. ямар сайхан ажил хийдэг юм бэ. Хүүхдүүдийн сэтгэлд нь итгэл өгөөд. Ажил амьдр�##�д нь илүү сайн сайханыг хүсье. Одоо гадаадын/дэлхийн янз бүрийн тэтгэлэгт фондуудаас санхүүжилт авч сургуулиа илүү бэхжүүлбэл илүү олон аутизмтай хүүхэд хамрагдаж чадах байхдаа. Аутизмтай хүүхдүүд ярих дургүй, зураг зурах дуртай байдгийг би анзаарсан лдаа. Бурхан болон Диваажин таны ажлыг адислаасай.

Үнэн
Үнэн
4 сар 28, 2023 11:18

Элбэгдорж Өвгөн хуурч зургийг хулгайлаад хувьдаа авсан гэсэн. Оронд нь фондод хуулбар үлдээсэн. Түүнийг буцааж авах ёстой.

Чимэд
Чимэд
7 сар 15, 2023 11:21
Reply to  Үнэн

Элбэгдорж зураг ойлгож байна гэдэг бол гайх�##�тай асууд�##� Зураг гэдэг бол уярааж уйлуулж байдаг зүйл Элбэгдорж их харгис хатуу сэтгэлтэй хүн зурагт мөнгө олох т�##�аас нь биш урлаг хандсан байгаасай гэж бодъёо

hxxuvti
hxxuvti
4 сар 28, 2023 11:49

Мундаг эмэнтэй, амжилт хүсьe !

hxxuvti
hxxuvti
4 сар 28, 2023 11:50

Мундаг эмэгтэй, амжилт хүсьe !

Зочин
Зочин
4 сар 28, 2023 11:51

Я.Булганд амжилт хүсье

Зочин
Зочин
4 сар 28, 2023 14:21

Мундаг уран бүтээлч хүмүүсийн үргэлжлэл авьяаслаг гайхамшигтай эмэгтэй танд аз жарг�##�, амжилт ерөөе.

оргой
оргой
4 сар 29, 2023 09:35
Reply to  Зочин

булганд хамгийн сайн сайхан эрүүлэнх аз жарг�##� ерөөе

Enkhjargal
Enkhjargal
4 сар 29, 2023 05:49

bayrlalaa, yasan medremjtei setguulch vee, ymar goy yriltslaga unschihvaa

Зочин
Зочин
4 сар 29, 2023 08:24

Сэтгүүлч нүдэнд харагдт�##� бичжээ. Гоё байна

Бат
Бат
4 сар 29, 2023 09:14

Сэтгүүлч дүүд баярл�##�аа.Бичлэгийн хэлбэр чинь тун сайхан. Уншихад урамтай.

Зочин
Зочин
4 сар 29, 2023 09:56

Мөн чанарыг ойлгох, ухаарах, сэрэх, их юм бодуулж тунга�##�гасан хэрэгтэй ярилцлага болжээ. Агуу их Ядамсүрэн, түүний з�##�гамж нэрт зурааж Үржнээ, тэдний үр сад хүчирхэг хүмүүс дээ. Сайхан ярилцлага уншиж энэ өглөөг эхэлж буйдаа т�##�архаж байна. Сэтгүүлчид баярл�##�аа бас.

Билэгээ
Билэгээ
4 сар 29, 2023 10:58

Гайх�##�тай эмэгтэй юм аа. Танд эрүүл энхийг хүсье.

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 29, 2023 13:33

Я�##�тачгүй АУГАА ХҮМҮҮС БАЙЛАА АДРЫН ЗУРААЧ ТӨРИЙН ШАГНАЛТ ЗУРАААЧ Ү.ЯДАМСҮРЭН ГЭЖ ҮНЭХЭЭР МУНДАГ ХҮН БАЙЛАА

МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
7 сар 16, 2023 17:38
Reply to  ЗОЧИН

Ядамсүрэн гуай өөрөө 25 нас хүртлээ хийдэд суусан лам хүншүү дээ, Буддын гүн ухааныг их гүнзгий суд�##� сан гэсэн үг, тэгээд л уран бүтээл нь ч, үр хүүхэд нь ч ийм их дулаан зөөлөн,гүн ухаанлаг хандлагаар дүүрэн байгаа байхгүй юү даа !
Тэгснээс дан ганц максизм-ленинизм,пролетарийн диктатур, ангийн тэмцлийн онолоор хүмүүжсэн юм сан бол бидний л өрөөсөн, хар хурхийсэн хачин юм л байж таараашүү дээ !

Лхагвадулам Р.
Лхагвадулам Р.
4 сар 29, 2023 14:21

Ярилцагч яриангүй хүчтэй хүн байнаа бас. Эн тэнцүү ураг бүтээлч хүн болов уу. Баярл�##�аа

zochin
zochin
4 сар 29, 2023 16:58

Ur udmaaraa Mongoliin durslex urlagiig xugjuulj bui mundag zuraachid shuu uran buteeliin olon saixan amjiltuudiig xusie

Зочин
Зочин
4 сар 29, 2023 19:15

Wow goe yriltslaga boljee hen yriltsasniig ni haralgui unshij bhdaa ganchimeg yriltssan yum bhdaa gej bodod bsan bish bn Tengis gej bn yostoi saihan yriktslaga boljee

Зочин
Зочин
4 сар 29, 2023 21:05

Танд болон хүүхдүүдэд чинь чин сэтгэлийн мэнд

дэвшүүлье.уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Зочин
Зочин
4 сар 30, 2023 07:54

Мэргэжилдээ эзэн болсон, сэтгэлээ шингээсэн сайхан хүмүүст баяр хүргэе. Буянтай САЙХАН ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин
Зочин
4 сар 30, 2023 08:07

Гоё.

Дарь Сүхбаатар. Эрхэм Я.Булганд улам Дулаан ерөөе
Дарь Сүхбаатар. Эрхэм Я.Булганд улам Дулаан ерөөе
4 сар 30, 2023 12:03

Сайхан

ЗалуухүүБатБаатар
ЗалуухүүБатБаатар
4 сар 30, 2023 14:22

Сайн Эцэг Эхийн Сайн Сайхан Охин Их Эрэмгий Зоригтой Золбоотой Уха�##�аг Охинд Эрүүл Энх Аз Жарг�##� Сайн Сайханийг Хүсэн ЕРӨӨЕ

Зочин
Зочин
4 сар 30, 2023 15:21

Үнэхээр гоё ярилцлага гэх үү нийтлэл гэх үү. Ийм нэг төрөл бидэнд их дутагдаж байна шүү

Нүдэнгүнж
Нүдэнгүнж
4 сар 30, 2023 15:47

Булган гуай Я.Заяагын охин байхаа. Тийм шиг санагдана. Гэр бүлээрээ урлагийн дээд боловсролтой нэгэн үеийн элит гэр бүл дээ.
Я.Үржинээ орос эхнэртэй гадаадад амьдардаг байхаа. Яг хаана амьдардын бол. Эдний гэр бүлийнхэний тухай бүхэл бүтэн түүхэн кино ч хийсэн уйдахааргүй мэдүүштэй, сонирхолтой их сайхан хүмүүс дэа. Түүхэн ном гарв�##� би хамгийн түрүүнд авч уншинаа.
Өвөө нь ардын зураач Үржинээгийн Ядамсүрэн гуай хүүдээ аавынхаа нэрийг өгсөн нь бас сонирхолтой. Ядамсүрэнгийн Үржинээ.
Я.Үржинээгийн зурагууд бидний хүүхэд байхаас маш дотно ..танил гоё зурагнууд байаг шдээ.

Т АЛТАНЦЭЦЭГ
Т АЛТАНЦЭЦЭГ
4 сар 30, 2023 15:47

Үнэхээр гайхамшигтай бахарх�##� төрүүлэхүйц үзэсгэлэнгээр аялж явахдаа бодлоо. Тэгэхдээ ердийн хүүхдүүдээс эрс ялгаатай хөгжлийн бэрхшээлтэй, даун, саажилт, аутизмтай хүүхдүүд онцгой сур�##�цагсад, төгсөгчдийн " ЧИН ЗҮРХНИЙ АНИР" уран бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгож байгаад үнэхээр бахархмаар.
БШУЯ, Боловсролын ерөнхий газруудын эрхмүүдийг урьсан гэж байсан ч тэдний хэн нь ч ирээгүйд харамс�##� төрж байлаа.

ЕРТӨНЦИЙГ ОНЦГОЙ ӨНГӨӨР ХАРЖ ЧИН ЗҮРХЭЭРЭЭ ЗҮТГЭЖ БУЙ ИРЭЭДҮЙН УРАН БҮТЭЭЛЧ ХҮҮХДҮҮД ЗАЛУУЧУУДАД ТӨР ЗАСАГ ХАЛУУН ДУЛААН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ САНАГДЛАА.
Я.БУЛГАН БОЛОН ТЭДНИЙ ХАМТ ОЛНЫ ХАЛУУН ЧИН СЭТГЭЛД БАЯР ХҮРГЭЖ УРАН БҮТЭЭЛИЙН АМЖИЛТ ХҮСЬЕ.

Нүдэнгүнж
Нүдэнгүнж
4 сар 30, 2023 15:51

Я.Булганы охин Аминааг даган сонсох дуртай.
Их гоё гэгээлэг... хөгжилтэй.
Сайхан урлагийн гэр бүл.

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 30, 2023 17:40

З�##�уухан байж дээ манай аймагт ажиллаж байхдаа

Лхамдулам Л
Лхамдулам Л
4 сар 30, 2023 22:10

Ядамсүрэн гуайн урлагийн үр сад зураач уран бүтээлчдийг. гүнээ хүндлэн биширч явдаг ... Улам их амжилтыг хүсэн ерөөе!

Зочин
Зочин
5 сар 1, 2023 00:30

Маш сайхан ярилцлага нийтлэл болжээ. Нэг тийм кино үзэж байгаа мэт, би өөрөө ярилцлага дунд байгаа ч юм шиг дотно дулаан мэдрэмж авлаа. Ажлын амжилт хүсье

Бтрд
Бтрд
5 сар 15, 2023 20:57

Хайхамшигтай эмэгтэй байна. Сэтгүүлч з�##�уу ч гэсэн үнэхээр сайхан бичжээ. Амжилт хүськ

Буриад
Буриад
6 сар 14, 2023 18:26

Амьдр�##�ын утга учир энэ шүү дээ.

зочин
зочин
7 сар 15, 2023 09:45

тусгай хэрэгцээт хүүхдүүд- ойлгохгүй байна тайлбарлаж өгнө үү.хаана яаж хэрэглэгдэх хүүхдүүд вэ

Basca Feiza
Basca Feiza
7 сар 15, 2023 10:43

сайн байцгаана уу. Моонголд минь сайхан сайхан айл гэрүүд олон бий, Хүмүүсийн мэдэх ч, гадарлах ч нэгэн байхад, огтоосоо ор тас мэдэхгүй төдийгүй ил тод гараад байдаггүй, эрхэлдэг ажил төрөл нь ч содон бишээс улба�##�аад *чимээгүй биш**, эсрэгээрээ, хүчирхэг элч илч анирласан тийм айл гэрүүд бий бий. Тэдгээр айлууд, магадгүй, баян тансаг биш, тэгтлээ овойж оцойсон мөнгөтэй биш ч ТЭДЭНД АМИН ОЮУ-ТӨР-СҮЛД- УЛС МОНГОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ БИЙ БУЙ БАЙДАГ, УЛАМЖЛАГДАЖ ӨВЛӨГДӨЖ ЯВСААР.

МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
7 сар 15, 2023 14:34

Энэ бол монгол хүн, эх орондоо хайртай хүн гэдэг шиг,
Энэ бол орчин цагийн монгол хүн, орчлон ертөнцтэй хөл нийлсэн хүн, манай багш,эмч, сэтгүүлч, эдийн засагч зэрэг мэрэгжлийн сэхээтнүүдийн сэтгэлгээний түвшин энэ хүний дайнд хүрсэн цагт нийгэм нийтээр "юмны цаадах,наатахыг ялгадаг"болоод Монгол Улсаа мандуулж чаднаа ! Үгүйдээ л "төмөр замаар танк орж ирэх" үлгэрт хууртаж, гадаадын хөрөнгө оруулолтыг эсэргүүцэж, хөгжлийн хөлөөс чангаахгүй шүү болох юм ш дээ !

Болор
Болор
7 сар 18, 2023 20:27

Их сайхан ярилцлага байна

Зочин
Зочин
12 сар 5, 2024 18:48

Сайхан яриа болжээ.Ажил уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.Охин урлаг судлаач Аминаагийн зургийн тайлбарийг их сонсдог шүү

Холбоотой мэдээ

Back to top button