Хуучин хувцас шуудайг нь 20 мянган төгрөгөөр шатаадаг “Түмэн эгшиг” ХХК

Иргэд өөрсдийн эдэлж элээсэн хуучин хувцсаа шатааж устгахыг илүүд үздэг. Учир нь биеийн энерги шингэсэн эд зүйлсээ хандивлах эсвэл хог руу хаяхаар эргээд өөртөө ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж эмээдэг нийтлэг дадал монголчуудад бий.
Тэгвэл “Түмэн эгшиг” ХХК хэрэглэхгүй, хуучирч муудсан хувцас хэрэглэл эд зүйлс шатаах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж байна.
Аюултай хог хаягдал устгах эл үйлдвэр Улаанбаатар хотоос 46 км зайд Төв Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрладаг. Эднийх химийн сав баглаа боодол устгах, дахин боловсруулж хуванцар үрэл хийх, хөдөө орон нутаг уул уурхайн талбараас ашигласан масло, тос, агаар шүүгч, ажилчдын тостой ажлын хувцас хунар зэргийг газар дээрээс очиж авдаг. Улмаар байгальд орчинд ээлтэй ухаалаг зууханд шатаадаг юм байна.
Тус компани энэ жилээс иргэд, айл өрхийн хуучин хувцас, эд хэрэглэлийг шатаах үйлчилгээгээ эхлүүлсэн. Ингэхдээ өөрөө харж байж шатаалгана гэж хандсан үйлчлүүлэгчид Сэргэлэн суман дахь үйлдвэрт хувцас хэрэглэлээ хүргэж өгч устгууулах боломжтой юм байна.
Бусдаар бол 13 дугаар хороололд байрлах агуулахад хүргэж өгч болно гэв. Үнийн хувьд нэг шуудай буюу 45-55 кг хувцсыг 20 мянган төгрөг төлөөд устгуулах боломжтой аж. Эднийд зөвхөн хувцас гэлтгүй хүүхдийн тоглоом шатааж устгуулахаар ихэд ханддаг байна. Мөн нас барсан хүний эдлэж хэрэглэж байсан зүйлсийг устгуулахаар авч ирдэг гэлээ.

Та бүхэн хуучин хувцас хэрэглэлээ устгуулахыг хүсвэл 88990428, 99721881 дугаараас мэдээлэл авах боломжтой.
Б.БАЯРТ