"Орфей" театрын захирал Т.Ариунчимэг: "Шөнө дундын бүжиг"-ийн 20 жилийн ой ийн таарсан нь бүх зүйл утга учиртай мэт

"Орфей" театрын захирал, өдгөө тоглогдож, үзэгчдийг байлдан дагуулж буй "Шөнө дундын бүжиг" кабаре драмын ерөнхий продюсер Т.Ариунчимэгтэй ярилцлаа.
-“Орфей” театр анх удаа монгол уран бүтээлчийн зохиолыг “амилуулж” байна. Театрын хувьд “Шөнө дундын бүжиг”-ийг толилуулах болсон гол шалтгаан монгол зохиолчдоо байсан уу? Эсвэл зуны шөнийн театрын хэлбэр нь илүүтэй жин дарав уу?
-"Орфей" театр фильмийн хувьд урын сандаа маш их анхаарч, эрэл хайгуул хийж, судалж, туршиж байж дараагийн уран бүтээлээ сонгодог. Ингэхдээ цаг үе, нийгэм, театрын хөгжлийг харгалзан тухайн уран бүтээлээр юуг илэрхийлэх, харуулахыг зориход анхаарч, өөрсдийгөө хурцалж ажилладаг.
Манай театрын дөрөв дэх уран бүтээл ямар зохиол байх вэ, хэзээ тавих вэ гэдэг халуун цэг дээр бид С.Жаргалсайханы хүү Билгүүнтэй танилцсан. Тухайн үед өөр том төсөл дээр хамтарч ажиллахаар анх уулзсан ч тун удалгүй бидний бодож явсан “Зуны шөнийн театр” төсөлд яв цав таарахаар зохиол гарч ирсэн юм. “Зуны шөнийн театр” төслийн хувьд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн гадаах цэлгэр том талбайд гадаа жүжиг тоглох хүсэл байсан ч тохироо нь бүрдэхгүй, найруулагч М. Батболдын У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжгийг тоглох битүүхэн хүсэл бас байсан.
Ингээд хүсэл биелж, зун тоглоход тохиромжтой, театрын шинэ соёлыг нэвтрүүлсэн жүжиг нь монгол зохиол болж, тэр дундаа үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, тайз, дэлгэцийн сор бүтээлийн эзэн Сорогдогийн Жаргалсайханы бүтээлийг сонгож таарсандаа маш их бэлгэшээж байсан.
“Шөнө дундын бүжиг” хэмээх гайхалтай жүжгийн 20 жилийн ой тохиож байгаа нь бүх зүйл цаанаасаа утга учрыг илэрхийлж байх шиг санагдсан. Ингээд бид уг бүтээлийг цоо шинэ өнгө төрхөөр бүтээхэд зуны шөнийн театр төсөл маань шинэ театрын соёлыг бий болгон бүхэлдээ цогц болж, жүжгийн ид шидийг бидэнд мэдрүүлж байна.
-Таны хувьд “Шөнө дундын бүжиг”-т голчлон ямар үзэл санаа, амин чухал агуулгуудад нь үүрэг хариуцлагатай ажиллав?
-Тухайн үед “Хувьсал” продакшны захиалгаар бүтэж байсан түүхтэй энэ жүжиг уран бүтээлчийн тухай, түүний хайр сэтгэл, хайрын ээдрээт асуудлыг хөндөн харуулсан, жинхэнэ хайрыг мэдрэхийг хүссэн бүжигчин хүүхний түүх юм. Бид жүжгээ энэ удаад бүхэлд нь хараад үзвэл хүн ямарваа нэгэн үйлдлийнхээ төлөө золиос төлдөг гэсэн үзэл санааг чухалчлан үзсэн. Хэрвээ ямар нэгэн муу үйлдэл хийлээ гэхэд хэзээ нэгэн цагт түүний төлөөсийг чи төлөх л болно.
Миний хувьд энэ жүжгийн ерөнхий продюсерээр ажиллаж байна. Жүжиг бүтэхээс эхлээд бүхий л процесс, үзэгчдэд хүргэх үйл явц, дараа нь гарах үр дүн гээд төслийг бүхэлд нь хариуцан ажиллаж байна. Зохиолчийн талаас арлын оронд 20-иод жил урлагийн салбарт ажилласан мэдлэг, туршлага, чадвартай Сорогдогийн Жаргалсайхан сангийн тэргүүн Ж.Билгүүнтэй хамтарч ажиллан, ерөнхий продюсерийн үүргийг цугтаа гүйцэтгэж байна.
Жүжиг бүтэхэд ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч маш чухал байдаг. Тэдний ачаар хувийн театрын сайн бүтээл төрж үзэгчдэд хүрч байгаа юм. Энэ жүжгийн хөрөнгө оруулагчаар Энхбаяр, Очироо гэх үеийн залуус биднийг дэмжин ажиллаж байгаад маш их талархууштай байгаа. Залуус залуусаа дэмжиж, урам зориг өгч, тусалж байгаа нь сайхан ирээдүй биднийг хүлээж буйг илтгэн эрч хүч, урам зоригийг төрүүлсэн.
-Зуны шөнийн театраар дамжуулан үзэгчдэд хүргэх гэсэн гол мэдрэмж, шинэлэг үзэл санаа юу вэ?
-Зуны бол монголчуудын хамгийн сайхан улирал, бүгд аялж зугаалж, амарч, бүтэн жилийн эрч хүчээ нөхөж авдаг улирал. Тэр утгаараа сонгодог урлаг, театрууд энэ улирлаар мөн адил амардаг. Тэгвэл бид энэ хоосон орон зайд яагаад зуны сайхан үдэш өөрсдийн тааваар, эрх чөлөөтэй жүжиг үзэж болохгүй гэж хэмээн бодсон. Мөн энэ агуулгад кабаре театрын өнгө аяс яг зохицно. Ширээ сандалтай, уух, идэх зүйлтэй жүжиг үзэх боломжийг нээхийг зорьсон. Энэ нь бидний хувьд театрын бас нэг шинэ соёл. Уламжлалт театрын үзэгчдийн суудлаас тэс өөр байдлаар жүжиг үзнэ гэхээр их өвөрмөц, сонирхолтой санагдаж, зоригтой туршиж үзэхээр шийдсэн. Хэдий гадны орнуудад түгээмэл дэлгэрсэн соёл ч монголын театрын урлагийн хувьд шинэ тул түгээн дэлгэрүүлэх гэж байгаа юм.

-“Шөнө дундын бүжиг”-ийг ийн шинээр дэглэх нь магадгүй ихээхэн эрсдэл хүлээсэн байж болох юм. Зоригтой алхам хийх сэдэл, гол түлхэц нь юу байв?
-Тийм ээ, 20 жил болж буй энэ жүжиг тавигдах бүрдээ шуугиан дэгдээж, маш олон үзэгчдийн байлдан дагуулсан хамгийн амжилттай жүжгүүдийн нэг. Дахин шинээр тавихдаа тэр амжилтыг бататгахаас гадна залуучуудад бид одоо хэрхэн хүргэх вэ гэж их бодоцгоосон. Найруулагч М.Батболдын жүжгийн шийдэл их эрсдэлтэй бөгөөд сонирхолтой санагдсан. Тэр бол тайз яг голдоо байрлаж, тайзыг тойроод дөрвөн талд үзэгчид байрлан сууж, жүжгийг 360 градуст тоглох шаардлага гарсан.
Дөрвөн талын үзэгчдэд жүжигчний тоглолтыг яаж нэгэн зэрэг хүргэж, хүрч тоглох нь маш хэцүү, ярвигтай санагдсан. Гэхдээ найруулагч маань энэ туршилтыг зоригтой хийхээр шийдэж, тайзан дээр нэг талд л тоглодог жүжигчдийг 360 градуст ажиллуулан, нэг талын сценийг 360 градуст эргүүлэн, жинхэнэ ид шид, шинэ лаборатори туршилтыг амжилттай хийж чадсан.
Жүжигчид уран бүтээлчдээрээ шинэ сорилтыг амжилттай давсанд их баярлаж байгаа. Бид бүтээл болгоноор театрын хөгжил, шинэ дэвшлийг гаргаж ирэхийг эрэлхийлдэг нь манай театрын онцлог байх. М.Батболд найруулагчийн шийдэл болгон санаанд оромгүй, бүтэхэд эрсдэлтэй, байж боломгүй байдаг. Тэр нь уран бүтээлч биднийг улам хурцалж бас хөгжүүлж байдаг. Мөн бид жүжигчдийн сонголтон дээр залуу уран бүтээлчдийг зоригтой сонгож, шинэ дүр төрхийг гаргаж ирэхийг зорьсон.
-Таныг “Опал”-д өөрөө тоглосныг санаж байна. Цаашид нээрэн “Орфей”-н жүжгүүдэд жүжигчнээр ажиллах бодол бий юү. “Опал”-д тоглосноор өөртөө юуг шинээр нээсэн бэ?
-Би өөрөө уран бүтээлч хүн болохоор аль болох бүтээлдээ уран бүтээлч талаасаа ажиллах сонирхол маш их байдаг. Жүжигчнээрээ анх удаа драмын жүжигт тоглоход дутуу хөтүү зүйл их байсан. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй хэсэг хугацааны дараа форм барилт, жүжигчний ажиллагаа гээд л. Анхны бүх зүйл шинэ байдаг болохоор их л зүйл сурч мэдэж байж дүрийнхээ ард гарсан. “Опал” жүжиг өөрөө жүжигчдийн тоглолтон дээр суурилсан жүжиг байсан учраас Глориягийн дүрд тоглосноор туршлагатай ахмад жүжгчдээсээ суралцаж, надад маш их урам зориг өгсөн. Уран бүтээлчийн чадварыг хурцалж, өөртөө итгэх итгэлийг нэмж, цаашид олон бүтээлд өөрийгөө сорих хүсэл төрсөн.
-“Орфей” театрыг найруулагч М.Батболдоор төсөөлөх нь нийтлэг. М.Батболд та хоёр анх хэрхэн уран бүтээлийн хамтрагчид болсон нь сонирхолтой юм?
-Тийм ээ, Театрын гол амин сүнс бол ерөнхий найруулагч байдаг. Ерөнхий найруулагч театрын өнгө төрх, уран бүтээл, онцлогийг тодорхойлдог. Тиймээс ч тухайн театрыг найруулагчаар төсөөлдөг байх. Гэхдээ театр бол маш олон хүний хамтын нэгдэл. Бүхэл бүтэн том цогц баг бүрдэж байж сая жүжиг бүтэж, театр бий болдог.
М.Батболд найруулагч бид хоёр анх кино төслөөр холбогдож танилцаж байсан ч удалгүй постдрамын театрын тухай яриа өрнөсөөр адил ижил хүсэл мөрөөдөлтэйгээ мэдэж, нэг баг болж том зорилгын төлөө багаа бүрдүүлж, хамтдаа зүтгэхээр шийдсэн. Дөрвөн ч уран бүтээлийн ард хамтдаа гарлаа. Гар нийлсэн сайн хамтрагчид гэж боддог шүү. Сайн хамтрагч олох их хэцүү л дээ. Олон шалгуурыг давж байж л энэ хамтрагч маань үнэхээр мөн үү гэдэг нь харагддаг. Сайн хамтрагч, сайн багтай байхад ямар ч хэцүү бэрхшээл, ямар ч том сорилт, ажлыг даваад л гардаг.

-Мөн “Орфей” театрыг байгуулъя гэсэн анхдагч зорилго, хөдөлгөгч хүч юу байсан юм бэ?
-Театрын хөгжил. Монголын театрын урлагийг хөгжүүлэх, шинэчлэх, өөрчлөх, тэлэх хүсэл байсан. Тэр ч утгаар менежмент нь өөр, шинэ хувийн театр байгуулж, тухайн үед монополь байсан Улсын драмын эрдмийн театраас гадна өөр театраар өрсөлдөөнийг бий болгохыг хүссэн. Өрсөлдөөн байгаа газар хөгжил, цэцэглэлт, шинэчлэл явагдаж, хувьсал бий болдог. Гэхдээ өрсөлдөгч нар гэхээр дайснууд гэсэн үг биш шүү. Өрсөлдөгч нар хамтрах ч үе байна. Хамгийн гол зорилго нь Монголын театрын урлагийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх юм. Одоо монголд шинээр олон театрууд үүсэж бий болж байгаад маш их баяртай байгаа. Одоо энд л театрын урлаг хөгжиж, ард түмэн олон театраас сонголтоо хийж, үзэх боломж нээгдэж байна.
-“Орфей”-н жүжгээс жүжгийн хооронд өөрчлөгдөшгүй гол жанжин шугам, бусад театруудаас үргэлж ялгарах ялгарлыг хэрхэн тодорхойлох вэ. Театр өөрийн гэсэн ялгаралтай, зорьж ирдэг үзэгчидтэй болох нь энэ салбарын хөгжилд чухал хувь нэмэртэй шүү дээ?
-"Орфей" театр бол шинийг санаачлагч, туршигч, бүтээлч театр. Бүх уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд хийж бүтээхийг зорьдог. Бүтээл болгон маань үнэ цэнэтэй, театрын урлагт тодорхой өөрчлөлт, хөгжлийг бий болгосон, үзэгчдэд боловсрол, танин мэдэхүй, мэдлэг олгосон, ухаарал, бодрол төрүүлсэн, мэдрэмж, таашаал мэдрүүлсэн, эерэг нөлөөлөл үзүүлсэн байгаасай гэж хүсдэг.
Манай театрын үзэгчид бий болж, үнэнч фэнүүд байгаад маш их баяртай байгаа, их мэдрэмтгий, мундаг үзэгчид байдаг. Тэднийхээ сэтгэгдэл, санал шүүмжээс их зүйлийг мэдэж авч, өөрсдийгөө гаднаас хардаг. Бас залуу үеийнхэн манай театрыг зорьж ирдэгт ирээдүйн үзэгчид улам нэмэгдэх сайхан ирээдүй харагдаж байгаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орфей театрыг үүсгэн байгуулж шинэ сонирхолтой өвөрмөц бүтээлүүдийг төрүүлж буй Т.Ариунчимэг та болон танай хамт олон Эрхэм найруулагч М.Батболд нартаа т�##�архаж байнаа.Олон сайхан уран бүтээлүүд туурвиж нийгэмдээ Гэрэл Гэгээ цацруулна гэдэгт итгэлтэй байгаа шүү!.Л.Оюун.
хамгийн гол зүйл нь ивээн тэтгэгч л юм билээ дээ орлого олохгүй бол хэцүү л байх даа жүжигчид нь мөнгө нэхээд