Эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд гаалийн татварыг чөлөөлөх сайдын хууль

Манай улсын эрчим хүчний асуудал урт хугацаанд үргэлжилж буй. Олон нийтийн зүгээс сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн цаг үетэй нийлүүлэн ашиглах хэрэгтэй хэмээдэг.
Одоогоор төвийн эрчим хүчний системд холбогдсон нарны зургаа, салхины гурван сэргээгдэх эрчим хүчний станцыг ашиглаж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 38 тусгай зөвшөөрлийг олгосноос 11 нь хүчинтэй байгаа ажээ. Гэсэн хэдий ч сэргээгдэх эрчим хүчний станцыг дэмжихэд хоёр хүндрэл үүсэж буй талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэв.
Тэрбээр "Нэгт, техникийн хувьд хоцрогдолтой, хоёрдугаарт, холбогдсон ес, холбогдох гэж буй 11 нь станцын сэргээгдэх эрчим хүчний үнэ асар өндөр байгаа нь хамгийн том асуудал.
Сэргээгдэх эрчим хүчийг ОХУ-аас зохицуулж ирсэн. Чадлын дээд хязгаарт тулсан тул нэмэлт хүндрэл үүсээд буй. Усан цахилгаан станцууд ашиглалтад орвол нар, салхины станцыг нэмэх боломжтой. Одоо бол дэлхийтэй хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс хямд үнэтэй эрчим хүчийг ашиглах аргыг баримталана" хэмээлээ.
Дээрх аргуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг нь гаалийн тариф юм. Тиймээс ч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууулах тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байна.
Салбарын сайд нь "Энэ хуулийн хүрээнд гурван асуудлыг нэмэлтээр оруулахаас өөр ямар ч аргагүй болсон. Эхнийх нь цахилгааны хувьд тав, дулааны хувьд 1.5 мВт-аас дээш хүчин чадалтай төслийг шинээр баривал гаалийн татварыг нь 2029 он хүртэл чөлөөлөх, НӨАТ-ын татварыг дөрвөн жилээр хойшлуулах зохицуулалтыг оруулсан. Мөн ААНОАТ-аар ийм төрлийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэвэл 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх болсон. Одоогоор үйлдвэр байхгүй ч цаашид бий болох эхлэл нь юм. Эрчим хүчний салбар ямагт алдагдалтай ажилладаг учраас энэ заалтууд тус болно" гэв.
2029 он хүртэлх татварыг чөлөөлөхөд 88 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тооцоолжээ.
Өвлийн бэлтгэл ажил эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Эрчим хүчний асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Тиймээс ч энэ удаагийн УИХ-ын чуулганаар гаалийн тариф, татварын асуудлыг хөндөн оруулж ирж байгаа ажээ. Салбарын сайдын мэдээллээр бол эрчим хүч, дулааны станцуудын ажлыг яаравчлуулахад анхаарч байгаагаа тодотгож байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.