Сурвалжилга: "Цэвэр цусны монгол адуу уралдахад бэрх болсон, цаг үеэ дагaхаас аргагүй"
Ардын хувьсгалын 102 жилийн ой, төрт ёсны их баяр цэнгэл наадам эхлэхэд ердөө 14 хоног үлдээд байна. Монгол түмэн эв нэгдлийн бахархал болсон энэхүү баяр цэнгэл наадмаа жил тойрон хүлээдэг гэвэл хэлсдэхгүй. Ийнхүү наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртохын хэрээр хэний хүү түрүүлж, хэн гээч харваач цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоо өргүүлэх бол хэмээн мэргэн олон таамаг дэвшүүлэн суугаа биз ээ.

Бид наадмын өмнөх хүлээлт дүүрэн энэ өдрүүдэд уншигчдадаа зориулан бөхийн болон уяачдын галаас сурвалжилга бэлтгэн хүргэхээр төлөвлөсөн юм. Энэ удаа бид Төв аймгийн Баянцогт сумын харьяат Монгол Улсын манлай уяач Сумъяасүрэнгийн Ганбаатарын галыг зорилоо. Сонирхуулан хэлэхэд Төв аймгаас 13 уяач тод манлай цол хүртсэн байдаг бөгөөд энэ нь Монгол Улсдаа бусад аймгаа хол тэргүүлдэг үзүүлэлт юм.
Монгол Улсын манлай уяач С.Ганбаатар ах энэ жил Төв аймгийн Баян сумын нутаг Сүүжийн булагт галаараа гарчээ. Эднийх тавдугаар сарын эхээр энд бууж. Биднийг очиход нар эгц дээрээс төөнөсөн, аагим халуун өдөр угтав. Гадаа +32 градус. Гэсэн ч тэд чөлөө завгүй морины ажлаа хийцгээж, зарим нь морьдоо үсэргэхээр явцгаав. Энэ жилийн хувьд Баян хөндийгөөр бороо хур тааруухан орсон учир газрын гарц шалихгүй, өвс ногоо тачирхан ургаж. Зургаадугаар сарын эхээс хойш ахиж бараг бороо ороогүй тул сэргэх аядаж байсан газар буцаад л гандаад ирлээ хэмээн тэр ярьж байв. Нээрээ л унаа тэрэг, морьдын хөлөөр байтугай хүний явдлаар тоос босож байгаа анзаарагдсан.
Жилийн жилд энэ нутгаар улсын наадамд морьдоо сойж буй нутаг, нутгийн уяачид гал болон ирцгээж, бүр өөрсдийн буудаг тус тусын газартай болсон гэхэд хэлсдэхгүй аж. Хүмүүсийн яриаг сонсвол тэднийх буудагтаа л буусан, тэнд л буудаг даа жилийн жилд гэхчлэн ярьцгааж байлаа.

Харин уралдаанч хүүхдүүдийн тухайд аймаг, сумдын наадамд уралдахаар зэхдэг тэднээс ялимгүй өөр санагдав. Тэдний гарт амттан, зайрмаг, ундаа зэрэг үе үе харагдана. Мөн тэдний хоол ундыг хариуцаж хийдэг тогооч ч энд ажилладаг. Аргагүй л нийслэлдээ ойр, улсынхаа наадамд уралдах гэж буй хүүхдүүд өөр аж. Харин сумын хүүхдүүд өөр шүү дээ. Өглөө өдөртөө боов, боорцог тараг, өрөмхөнөөр болгоод орой л нэг хоол иднэ. Тэдэнд хаа нэг л чихэр жимсхэн, чипс, ундаа үзэгдэнэ. Гэхдээ адил зүйлс мэдээж олон бий. Нийтлэгээр уралдаанч хүүхдүүд моринд их хайртай, ахуйч, өлчир, сэргэлэн цовоо харагддаг. Морь ч нөлөөлдөг байх. Бид зүгээр ч нэг хийморьтой амьтан гэж хий хоосноор дээдэлдэггүй шүү дээ. Харин тэд бүгд л сайн уяач болох мөрөөдөлтэй. Буруутгах ч аргагүй юм.
Морины ажил гэдэг барагдахгүй их, цөөн хүнд хүнд ажил тул аль болох олуул байвал л сайхан гэхчлэн улсын манлай уяач С.Ганбаатар их ярина. Түүнд тусалж, морь уях эрдэмд суралцахаар түүнийг зорьж Архангай аймгаас хүртэл залуу уяач иржээ. Ингээд түүнтэй хэсэг хугацаанд ярилцсанаа хүргэе.
-Хамгийн анхны улсын наадмаар зээрд маань 91-д хурдалж, би алдалгүй сайн тоолж билээ-

-Дан уяагаараа гарч ирээд байна уу эсвэл галаараа гарч ирэв үү?
-Манай найз нөхдийн, ах, дүү нарын морьд л байна даа. Дийлэнх нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат алдарт уяач дүүгийн маань морьд. Бид хавраас хамтдаа наашаа гарч ирсэн юм. Эндээс холгүй Хашаат гэдэг газар ногоолж байгаад тавдугаар сарын эхээр л энд буусан. Есөнд морьдоо ёслоод, уяж эхлээд байж байна.
-Та анх хэзээнээс морьтой холбогдох, дагах болов. Цэвэр сонирхол, хобби юу?
-Би анх 1995 онд Пунцагбалжир агсны Мон Эрдэнийн адуун дээр гарч ирж байсан. Тэр цагаас хойш л адуутай холбогдсон хүн дээ. Хуучин бол сургуулиа төгсөөд сумандаа мал малладаг байв. Миний төрсөн ах тод манлай уяач, гавьяат малчин С.Ганхуяг гэж хүн Пунцагбалжир агсны уяачаар ирж, тухайн үед би адуучнаар нь ирж байсан. Тэр үеэс л юм даа. Яг бие дааж морь уяад бол 25 жил болж байна.
-Бас л урт хугацаа шүү. Улсын наадамд анх хэдэн онд морио уралдуулж байв, та?
-1998 онд энд Өндөр толгойн наадам гэж болсон. Тухайн наадамд зээрд морио анх айрагдуулчихаад улсын наадамд уралдуулж байсан. Тэр наадмаар зээрд маань эхний зууд орж ирсэн. Би өөрөө ч алдалгүй сайн тоолоод 91-ээр давхиж билээ. Тэгээд л тэр цаг хугацаанаас хойш тасралтгүй морь уясан даа. Дунд нь нэг хэсэг Орхон аймагт ажиллаж амьдарсан. Тэндээ бас морь уяж л байлаа.

-Улсын наадамд анх 2009 онд морь айрагдуулсан. Уяач хүний мөрөөдөл шүү дээ-
-Улсын наадамд анх хэдэн онд морь айрагдуулж байв, та?
-Анх 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор зэгэл халзан даага маань айрагдаж гуравт давхисан. Ингэж л анх улсын наадмаас анхны айргаа амссан.
-Тухайн үед юу бодогдож байсан бол. Улсад морь айрагдуулна гэдэг уяач хүн бүрийн мөрөөдөл ч гэлээ бүгд чадаад байх эрдэм биш шиг л санагддаг?
-Улсын наадамд морь айрагдуулна гэдэг уяач хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Мэдээж сайхан байлгүй яах вэ. Түүнээс хойш ахтайгаа тасралтгүй их олон айраг түрүү авч байсан. Хамгийн сүүлд 2014 онд Тамирын халзан азарга гуравт давхиад, тухайн жилээ би бас бүсийн наадамд их сайн наадаж, шилдэг уяач болж байсан санагдаж байна. 2017 онд Халзан морь маань, 2018 онд бас нэг даага айрагдсан. Улсын наадмаас учиргүй их айраг түрүү хүртээгүй ч чадлынхаа хэрээр бас ахтайгаа нийлээд сайхан л наадсан.
-Таны морьд хаанахын угшилтай вэ, энэ талынх уу?
-Дандаа өөрийн голдуу л морьд байна даа. Найз нөхдийн морьд бол н.Билэгдэмбэрэл ахын унаган адуунууд байна.
-Өнгөрсөн жил давхар ой тохиож, баяр наадам ч өргөн дэлгэр сайхан болсон. Таны морьд хурдан байв уу?
-Өмнө жил айхтар давхиагүй ээ. Дорнодод морьдоо уясан. Их морь, хязаалан, шүдлэн гээд гурван нас л мордуулсан. Их нас маань 22-оор, хязаалан 60 гаргаад, шүдлэн 100 гаргаад л ирсэн дээ. Ардын хувьсгалын тэгш зуун жилийн ой, давхар 101 жилийн ойг хамтатган монгол түмнээрээ наадсан учир сайхан билэгшээж морьдоо мордуулсан. Энэ жил төрөлх нутаг Төв аймгийн маань тэгш 100 жилийн ой тохиож байна. Энэ сайхан ойгоор л морьдоо сайн давхиулчих хүсэлтэй байна.

-Жилийн жилд газрын гарц муудаж өвс ургахаа болсон. Тиймээс морьдоо тэжээж л таарч байна-
-Мөдхөн улсын наадам хаяанд ирлээ. Жилийн жилд улсын наадмаа их хүлээдэг үү?
-Хамгийн их хүлээдэг наадам бол мэдээж улсын наадам шүү дээ. Төрт ёсны баяр цэнгэл гэдэг утгаараа бүх л зүйл нь сайхан болдог. Сайн ч зохион байгуулдаг. Дараа нь бүсийн наадам. Ер нь улсын наадамд 20-30-аар давхисан морьд бүсийн наадмуудад айрагддаг. Тэгэхээр морьдын чансааг шалгадаг хамгийн том наадам л даа. Энэ жил таван аймгийн ойтой юм байна лээ. Улсын наадмаар морьдоо уралдуулчихаад Архангай, Төв аймагт наадах бодолтой байна. Миний аав, ээж Архангайн хүмүүс байсан юм.
-Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр уяач гэдэг мэргэжил шахуу болжээ гэж ярьцгаах болсон. Нарийн нандин юм их ч байдаг байх. Нөгөөтэйгүүр морьдын идэх өвс, тэжээл ч өөр болсон гэх юм. Юу нөлөөлдөг бол?
-Өөрчлөгдөж байгаа юм их байна шүү дээ. Өвс ногооны гарц ч их муу болсон. Ингээд ирэхээр эрт гарч ирж ч болохгүй юм. Үүнийгээ дагаад худалдааны боодол өвс хавар их үнэд орчихдог. Сүүлийн үед тэжээлээр л болгож байна. Тэжээхээс ч өөр аргагүй юм. Сая нэг хэсэг газрын өнгө засаад сайхан сэргэж байсан ч эргээд л гандаад эхэллээ. Уг нь ийшээ газрын гарц их сайнн байсан. Сүүлийн хэдэн жил ер нь ийм тачирхан болсон. Гэхдээ өвс нь сайхан шимтээ л дээ. Зургаан сарын эхээр л нэг гайгүй бороо орсон.
-Шинэ цагийн монгол адуу гэхээс цэвэр монгол адуу гэж байхгүй боллоо гэж ярих, шүүмжлэлтэй хандах хэсэг байдаг шүү. Энэ тал дээр таны бодол?
-Цаг үеэ дагаад үржил хийж байж хурдан адуу гаргаж авахгүй бол яг цэвэр монгол адуу уралдахад бэрх л болчихлоо. Тиймээс цаг үеэ л дагаж таарч байна. Түрүүчээсээ бол 2000 ны эхээр үржил селекц хийгээд эхэлсэн шүү дээ. Ер нь монгол адуугаа сайжруулж буй л хувилбар болохоос монгол адуу байхгүй болчихлоо гэсэн үг биш юм. Тэгэхээр зарим хүмүүсийг хэт туйлшраад байна уу даа л гэж хардаг.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З�##�уучууд ийм л хандлагатай байдаг юм бна л даа ! Ер нь бол зөв л юмшүү дээ, хэдхээн хүн л хэт туйлшра ад, гол нь үймүүлээд байгаа болохоос !
Хөдөөний хөх уяачид гээд байгаа хүмүүс чинь одоо ийм ойлголттой болсон бнаа !
Монгол адуугаар ур�##�днаа гэж хашгирсан хар юмнууд орон нутгийн сонгуульд ч санл авахааргүй болчсон бна доо, хо хо хо
Даваахүү гуай, Дуламсүрэн начин гэх мэтийн уясан морь нь урагшаа гишгэхээ байчихсан өвөгчүүдээс бусад бүх уяачид цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж, дэвжиж дээшилж, шинэ цагийн монгол адуугаар урлдахыг дэмжиж байгаа ш дээ !