Тахь группийн ерөнхийлөгч Райнхард Шнидриг: Монголын говь дахь тахийг тоог 1000 хүргэх мөрөөдөлтэй

Олон улсын тахь группийн ерөнхийлөгч Райнхард Шнидриг манай улсад хүрэлцэн ирсэн үеэр ярилцлаа.
Тус групп нь удирдах зөвлөл, гишүүнчлэл буюу “Зэрлэг адууны нөхөд” гэх хэдэн зуун мянган амьтанд хайртай хүмүүсээр хүрээгээ тэлсэн бөгөөд Монголын говь нутгийн Б хэсэгт тахь нутагшуулах зорилогоор анх байгуулагджээ.
Монгол улсад тахь сэргээн нутагшуулсан гурван газар бий. Хустайн нуруу, Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын тал гурав дахь нь бидний ярилцагчийн хэрэгжүүлж буй Говийн их дархан цаазат газрын Б хэсэг буюу Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумын нутгийг дамнан орших газар юм.
Одоогоор эдгээр гурван төслийн хүрээнд 1000 гаруй тахь амьдарч байгаа бөгөөд төслүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж Тахийн дэд хөтөлбөр гэж гарган хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд тэд Хустайн нуруунаас Хомын тал, Говийн их дархан цаазат газар руу хоёр удаагийн тээвэрлэлт хийж, сүргийн бүтцийг сайжруулжээ. Тахийг Монголд сэргээн нутагшуулсаны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон байна.
-Говийн их дархан цаазат газрын тахийн тоо толгойг 1000 болгох зорилготой-

-Эхлээд өөрийгөа танилцуулаач. Монголд энэ удаа ямар зорилгоор ирэв?
-Намайг Райнхард Шнидриг гэдэг. Би Олон улсын тахь группийн ерөнхийлөгч хүн байгаа юм. Олон улсын тахь групп олон орны амьтны хүрээлэн, амьтан судлаач хүмүүсийг нэгтгэсэн нийгэмлэг. Би 30 жилийн өмнөөс тахь зэрлэг адууг монголын говийн нутагт сэргээн нутагшуулахаар ажиллаж эхэлсэн. Миний хувьд Щвейцарийн засгийн газарт зэрлэг амьтан болон зэрлэг амьтны хяналт, хуулийн зохицуулалт зэргийг хариуцан ажилладаг. Энэ удаад манай байгууллага 30 жилийн турш хамтран ажиллаж буй монголын засгийн газартай санал мэдээлэл солилцох ажлаар ирсэн. Мөн Говь-Алтай аймгийн Бугат сумын Бийж баг руу очиж говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон, орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй уулзана. Дараа нь тэндээ бэсрэг наадам хийнэ. Энэ наадмыг тахь сэргээн нутагшуулсаны 30 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа юм.
-Өнгөрсөн жил тахь групп монгол улсын засгийн газартай гурав дахь гэрээгээ байгуулсан гэсэн. Эдгээр гэрээний хүрээнд ямар, ямар ажил хийгдсэн бэ?
-Бидний хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн. Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр монгол улс олон улсад нээлттэй болж, европоос аялах, худалдаа хийх замууд нээгдсэн. Тэр үеэс бид хэрхэн тахийг монгол руу буцааж авчрах тухай монголын засгийн газартай тохиролцоо хийж, 1992 онд анхны тахийг авч ирсэн. Анх найман удаагийн тээвэрлэлтээр 80 тахь авч ирсэн юм. Энэ төсөлд монголын засгийн газрын оролцоо маш их. Яагаад гэхээр байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны цалинг хариуцдаг засгийн газар хариуцдаг. Харин олон улсын тахь группээс тахийг нутагшуулах ажлыг тухайн улс орнуудаас цуглуулахаас эхлээд тээвэрлэх, ирээд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, судалгааны байрыг барих зэрэг ажлыг хийдэг. Эхний 10 жилд бидний авч ирсэн 80 тахь өсөөд 160 болсон. Гэтэл 2009 оны зуднаар бид бараг 100 тахийг алдсан. Ингээд дахин сэргээн нутагшуулалтын ажил эхэлж, хоёр дахь тээвэрлэлт 2012 онд эхэлсэн. Энэ удаад 9 удаагийн тээвэрлэлтээр 34 тахь авч ирсэн. Нэг онгоцонд 3-4 тахь ирж байсан. Бид 30 жилд 120 гаруй тахь авч ирсэн. 2022 оны 12 дугаар сард 420 тахь тоолсон ч энэ өвлийн хүйтэнд бас л зуугаад тахиа алдчихлаа. Мэдээж бид дахиад тээвэрлэлт хийнэ байхаа. Энэ бүхэн дунд нэг сайхан мэдээ дуулгахад манай тахь унагалж, 12 шинэ тахь мэндлээд байна.
-Эдгээр тахь хаа, хаанаас ирсэн бэ?
-Ихэнх нь Европоос ирсэн дээ. Хоёр дахь тээвэрлэлтийг бид Прагын амьтны хүрээлэн дээр цуглуулж байгаад ачсан. Щвейцарь, Герман, Англи, Франц, Чех улсуудаас авч ирсэн. Тахь судалгааны хөтөлбөр гэж бий. Бид тэр хөтөлбөрийн дагуу хаанаас хэдийг авах вэ гэдгээ шийддэг юм.
-Та монголын говь нутагт хэрэгжүүлж буй энэ ажлынхаа ач холбогдлыг нь хэрхэн хардаг вэ?
-Монгол хүмүүсийг морин дээрээ өссөн гэдэг. Монгол хүний бахархал нь адуу. Одоогийн байдлаар дэлхий дээр амьтны хүрээлэнд 2000 гаруй тахь байгаа. Тэднийг зоо паркт байлгах нь учир дутагдалтай. Харин өмнө нь амьдарч байсан газар нутаг, орчинд нь авчрах нь маш чухал. Монгол улсын засгийн газар далаад оноос эхлэн энэ асуудлыг ярилцаж байсан түүхтэй. Тахийг сайхан амьтан гэхээсээ илүүтэй тусгай хамгаалалттай газар яагаад чухал вэ гэх хүмүүсийн ойлголтыг дээшлүүлэх, байгалиа хамгаалах, орчинг хэвээр үлдээх талаас нөлөө үзүүлж байгаа. Монголын засгийн газар маш идэвхтэй ажилладаг. Цаашид бид олон хамгаалалтын захиргаатай болоход анхаарч байна. Тахь сэргээн нутагшуулалт бол дэлхий дээр амжилттай сэргээн нутагшуулж байгаа томоохон төслүүдийн нэг нь. Том хөхтэй амьтныг сэргээн нутагшуулахад амжилт олоход төвөгтэй байдаг. Гэтэл тахийг сэргээн нутагшуулах, буцаагаад өөрийнх нь амьдарч байгаа орчинд амьдруулах ажил амжилттай явж байна.
-Тахийг сэргээн нутагшуулах төсөл амжилттай болоход монголчууд өөрсдөө ихээхэн нөлөө үзүүлжээ гэж ойлголоо?
-Энэ төслийн хаалга эхнээсээ нээлттэй байсан. Энэ нь монголчуудын адуунд ханддаг хандлагатай холбоотой болов уу. Тэр утгаараа хамтын ажиллагаа маш сайн явсан. Монгол хүмүүс зэрлэг адууг буцаан сэргээн нутагшуулж байгаагаар бахархдаг байх. Хамгийн анхны тахь тээвэрлэлт ирж хайрцагаас гаргахад маш олон хүн цуглаж, баяр наадам шиг байсан. Монгол маш сайхан байгальтай. Хүний гар, хөл хүрээгүй газрууд маш их учраас энд зэрлэг амьтдыг хамгаалах бүрэн боломжтой. Би өнгөрсөн хугацаанд монгол улсын хоёр ч ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Тэд байгаль орчны хамгаалалтад маш их ач холбогдол өгдөг, байгалиа сайн мэддэг, хамгаалдаг санагдсан. Хөгжиж буй оронд уул уурхай байх ойлгомжтой ч хамгаалах асуудлыг хэзээ ч мартаж болохгүй. Говийн их дархан цаазат газрыг л гэхэд томруулж хамгаалсан. 9000 км квадарт байсныг 18 мянга болгосон шүү дээ. Нэмж хэлэхэд 18 мянган кв км нутаг гэдэг манай Щвейцарь улсын тал нь шүү дээ. Та тэгээд л төсөөл дөө.
-Цаашдаа тэгэхээр дахиад тахь ирэх нь ээ...?
-Монголд тахь нутагшуулах 4 дэх газрыг Дорнод зүгт авч ирнэ. Цаашдаа Орос, Казахтсанд бас яригдаж байна. Магадгүй монголд тахь сэргээн нутагшуулах газрууд байгаа учраас өөр өөр төслүүд ч хэрэгжих байх. Бид бүх өндгөө нэг сагсанд хийхгүй, аюул заналаас сэргийлэх гэсэн үг шүү дээ. Говийн их дархан цаазат газрын А, Б хэсэг залгаа оршдог. Тэндэх ан амьтад шилжин нутагшдаг холбоос нутаг байх хэрэгтэй. Миний ойрын 10 -20 жилийн хүсэл бол говийн их дархан цаазат газрын тахийн тоо толгойг 1000 хүргэхэд оршино.
-Щвейцарь улс 150 жилийн өмнө маш том алдаа хийж, олон зүйл амьтнаа устгасан-

-Та Щвейцарийн засгийн газарт зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр ажилладаг гэсэн. Хэрхэн хамгаалж ажилладаг вэ?
-Щвейцарь улсын зэрлэг амьтан зүйлийн хамгаалалт огт ашиглагдахгүй, зохицуулагддаг гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хууль журмын дагуу зохицуулалт хийж болно гэсэн үг. Мөн тусгай хамгаалалттай газрын сүлжээ маш том бий. Манай улс 150 жилийн өмнө маш том алдаа хийж олон зүйл амьтан устсан. Хэт их хэрэглэж, ашигласан гэсэн үг шүү дээ. Бид одоо тэр алдаагаа засч байна. Тэр үед чоно, буга, шилүүс, янгир бас шувуудын хэд хэдэн төрөл зүйл устсан. Одоо харин буга, зэрлэг гахай асуудалтай байна. Аль аль нь маш их өссөн учир газар тариалан, МАА сүйтгэдэг учраас бид нөхөн олговор өгч зохицуулж ажилладаг. Чоно ихсээд тосгон руу ирэх болсон учир шууд буудаж байгаа. Тухайн газар нутагт амьтны хэмжээ даац хэтэрвэл зогсоох агнах арга хэмжээ авдаг. Чоно баавгай хүмүүсийн амьдралын хэв маягт маш хурдан дасан зохицдог амьтан учраас мал барих аргыг амархан сурдаг. Бид тэр боломжийг бий болгохгүй л гэж ажилладаг. Урьдчилан сэргийлэхийн тулд нохой сургах, хашаа барих, хоол олох боломж олгохгүй байхад л болно. Зэрлэг амьтан хүмүүсийн малыг идчихээр бид мөнгийг нь төлдөг. Хэрэв хүн рүү дайрсан бол шууд буудна. Сүүлийн 10 жилд хоёр баавгай буудсан. Манайх нэг их том улс биш болохоор нөхөн төлбөр олгох систем ажилладаг. Хувь хүн хохирч үлдэх ёсгүй.
-Танай улсад иргэд байгаль хамгаалахад хэрхэн ханддаг вэ?
-Щвейцарь 26 кантонтой. Монголоор бол аймаг гэсэн үг. Манай хууль улсын хэмжээнд бас кантоны түвшинд зохицуулагддаг. Жишээ нь, уул уурхай асуудлыг улсын хэмжээнд, хамгаалалттай нутаг дэвсгэрийг орон нутаг, ан гэхэд мэргэжлийн нийгэмлэгүүд хариуцаад явдаг. Хуулийг анх батлахдаа ноорог саналаа гаргаад улс төрийн намууд, нийгэмлэгүүд, иргэдээр хэлэлцүүлж тэдний саналыг аваад хянаж гаргадаг. Тусгай хамгаалалттай газруудыг ч гэсэн санал гаргаад үүнийгээ орон нутаг, иргэдтэй зөвшилцөөд бас санал авч шийдвэрээ эцэслэдэг. Байгаль орчны цагдаа нар хуулийн хэрэгжилтийг хянадаг. Бүх иргэд өөрийн хүсэл саналаа илэрхийлж болно. Гэхдээ мэдээж бүгдийг нь хүлээн авах боломжгүй учраас судлаад тайлан гаргаж танилцуулдаг. Энэ нь бусдын гаргасан саналтай танилцах боломжийг олгодог.
-Таны мэргэжил бас мөрөөдөл юу вэ?
-Би зэрлэг амьтны биологич мэргэжилтэй. Дипломоо адууны зүйл ангиар хамгаалсан. Харин докторын зэргээ уулын туруутан амьтан буюу хэрхэн жуулчлалыг уулын туруутан амьтанг үргээхгүй зохион байгуулах вэ гэсэн сэдэвтэй байсан. Дараа нь би телевизэд баримтат кино хийж, дэлхийн олон орноор аялсан. Тэгээд гэр бүлтэй болоод хэсэг хугацааны дараа засгийн газар байгаль хамгаалал, ангийн болон байгаль орчны менежтент чиглэлээр ажиллаж эхэлсэн. Би мөн анчин хүн. Ан авлаад махыг нь гэртээ авч ирээд иддэг. Миний мөрөөдөл бол байгалийн хамгаалалт бол хүмүүстэй хамт хийгдэж, дэлхий нийтээрээ үүнийг хэрэгжүүлэх ёстой. Би биологийн олон янзын конвенцод ажилладаг. Конвенцийн зорилго бол хуурай газрын 30 хувь, далайн 30 хувийг хамгаалалтад авах зорилготой. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Үлдсэн 70 хувийг тогтвортой ашиглахад бас зорьж ажилладаг.
-Зэрлэг амьтныг хамгаалах, нутагшуулах хүсэл мөрөөдөлтэй. Гэхдээ энэ ажлын хажуугаар нь анчин байх нь хэвийн үү?
-Би бол үүнийгээ давуу гэж хардаг. Би байгаль хамгаалал, ангийн талаар сайн мэддэг шүү дээ. Ан хийх гэдэг нь зүгээр нь авлах гэхээсээ илүүтэй амьтны онцлог, ааш араншин, буу зэвсгээ сайн мэддэг байх ёстой. Би дүрэм журмаа сайн мэддэг учраас бодит ан хийдэг. Хууль зохицуулах шатлалын дагуу би кантоны хууль дүрмээ дагаж л байвал асуудалгүй.
-Та хамгийн сүүлд ямар ан хийсэн бэ?
-30 кг-тай жижигхэн буга. Сибирийн буганаас жижиг биетэй. Би том ан хийдэггүй. Жижигхэн бас хөгшин амьтан агнадаг. Залуу, дунд насны амьтанд хүрдэггүй.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэл чамайг агнахад чи ан байснаа ойлгоно о