Хархорин суманд ном түрээсээр уншуулдаг Ц.Чанцал: Хөгжлийн төв нээж, сэтгэлийн боловсрол олгоно

Ц.Чанцал 24 настай. Өнгөрсөн хавар "Идэр" дээд сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Өдгөө Өвөрхангай аймгийн Хархорин сумандаа гэртээ номын өрөө нээж, ном түрээслэх үйлчилгээ үзүүлж буй.
Түүний хувьд төрөлхийн тархины саажилт гэх оноштой ч аав ээжийнхээ халамж анхаарал, багш нарынхаа дэмжлэгээр сумынхаа ЕБС-ийг төгсөж, дараа нь дээд сургуулиа дүүргэжээ. Ц.Чанцал ном түрээслүүлэн уншуулдаг ажлаа жилийн өмнөөс эхэлсэн. 120 номтой, түрээсийн мөнгө нь хоногийн 1000 төгрөг. Энэ удаад охин ном нэмж авахаар Улаанбаатар хотод иржээ. Бид энэ үеэр уулзаж ярилцлаа.

-Ном түрээслүүлдэг үйлчилгээгээ хэдийнээс эхлэв. Ажил нь хэр амжилттай явж байна вэ?
-Намайг зорьж ирж, жижигхэн ч гэсэн ажлыг минь олонд түгээж байгаад баярлалаа. Миний хувьд 2023 онд "Идэр" дээд сургуулийн нийгмийн ажилтны ангийг онлайнаар сурч, дүүргэсэн. Манай сургууль намайг зайнаас суралцаж төгсөх боломж олгосон нь энэ ажлаа эхлүүлэх сэдлийг өгсөн. Жилийн өмнөөс 100 гаруй ном худалдаж аваад, гэрээсээ түрээсэлж эхэлсэн. Сумынхаа группуудад зар тавихаар үйлчлүүлэгчид маань ирдэг. Байнга ном авч уншдаг хэдэн үйлчлүүлэгчтэй. Ихэнх хүмүүс бестселлер болж байгаа номуудыг түрээслэнэ. Энэ жилийн хувьд "Цагаан бороо", "Харизм" хамгийн эрэлттэй ном байлаа. Энэ бол миний ажил, төлөвлөсөн зүйлсийн дөнгөж эхлэл.
-Цаашдаа номын өрөөгөө өргөжүүлээд сан болгох уу?
-Би номын сан гэхээсээ илүүтэй хүүхэд залуусын хөгжлийн цогц төвтэй болохыг зорьж яваа. Манай сум 13 мянган хүн амтай, нэг номын сантай. CU, GS25 шиг үйлчилгээ газрууд, зөвхөн ном уншихаас гадна санал бодлоо солилцох, сэтгэлзүйн зөвлөгөө авах гэдэг ч юмуу ийм зориулалтын төв байдаггүй. Би өөрөө номонд их хайртай, бас нийгмийн ажилтан учраас хүн хөгжүүлэхийг хүсдэг. Тэгэхээр номоо уншчихдаг, хүний хөгжлийн сургалтад хамрагддаг, сэтгэлзүйн зөвлөгөө авдаг, тэгээд дээрээс нь амттай эрүүл эко уух, идэх зүйлстэй тухтай цогц төвтэй болно. Залуус хэрхэн өөрийгөө хөгжүүлэхээ таньж мэдэх нь хамгийн чухал. Би өөрийнхөө төвийг нээгээд хүүхэд залууст хамгийн түрүүн сэтгэлийн боловсролыг түгээнэ. Өсвөр насны хүүхдүүдэд зөв сэтгэл, зөв хандлагыг ойлгуулбал ирээдүйд нь хэрэгтэй. Тэд нар хөгжлийн бэрхшээлтэй биш учраас сурсан мэдсэн нь давуу тал болоод цааш явна.
-Нийгмийн ажилтан мэргэжлийг та яагаад сонгосон бэ?
-Над шиг хөгжлийн бэрхшээлтэй хүнд ямар ажил, мэргэжил илүү тохирох вэ гэдгийг их бодсон, ээж аавтайгаа ярилцсан. Тэгээд сургуулиудыг судалж байхад "Идэр" дээд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зайнаас суралцуулдаг онцлог нь мэргэжлээ сонгоход нөлөөлсөн. Харин төгсөх дөхөөд ирсэн чинь ажлын байран дээр гарахад нөхцөл нь ямар байхав гээд бодохоор өнөөдрийн эхлүүлсэн ажлаараа дагнах нь хамгийн зөв сонголт байсан. Одоо хөгжлийн төвөө нээхээр төсөл бичээд ажлын байраа хайж байна. Номнуудаа ажлын байраа олтол хадгалж байхаар түрээсэлье гэж бодсон.
-Суманд тусгай сургууль байхгүй, жирийн хүүхдүүдтэй сурсан нь намайг хүчирхэг болгосон-

-Уг нь бол ямар мэргэжлээр сурна гэж төсөөлж байсан бэ?
-Багадаа бол сэтгэлзүйч болно гэж мөрөөддөг байсан. Дараа нь олон салбарт хөрвөх хэмжээний боловсрол мэдлэг олдог учраас нийгмийн ажилтан мэргэжлийг сонгосон. Цаашдаа магистр хамгаална, гэхдээ шалгалт өгөөд АНУ эсвэл БНСУ-д сурна гэж төлөвлөж байгаа. Мөн график дизайнераар сурна. Манай сум тусгай сургууль байхгүй учраас би жирийн ЕБС төгссөн. Энэ нь надад сэтгэлзүйн хүчирхэг онцлогийг бий болгосон. Багш нар, ангийн найзууд маань хэн нь ч намайг ондоо, ялгаатай байдлаар харьцаагүй учраас өнөөдрийн намайг бүтээсэн.
-График дизайнераар сурна гэдэг нь сонирхолтой санагдлаа?
-Сонирхолтой гэхээсээ илүүтэй танд яаж вэ гэж бодогдож байж болох юм. Учир нь би бүх зүйлийг зөвхөн зүүн гараараа л хийдэг. Гэхдээ компьютерийн бүх програм дээр маш сайн ажилладаг. Шинэ програм гараад ирэхэд ч би амархан сурчихна. Миний нэг хобби бол постер хийх. Ихэнхдээ хүмүүс ийм үгтэй, зурагтай постер хийгээд өгөөч гэдэг. Өөрөө бие дааж гэрийн ажил ч юмуу хийх хүсэлтэй ч аав, ээж хоёр эрсдэлтэй гээд хориглодог. Аяга угаана, цэцэгнүүдээ байнга усална. Тийм учраас компьютер дээр суралцахад ихэнх цагаа зарцуулдаг. Тийм ч учраас график дизайнер миний сонгож байгаа дараагийн мэргэжил юм.
-Өөр юу хийх дуртай вэ?
-Дуу сонсох, кино үзэх ном түрээслүүлж эхэлснээсээ хойш ном их уншиж байгаа. Бас гадаа ганцаараа суух дуртай.
-Мөрөөдөл нь...?
-Олон мөрөөдөлтэй. Одоогийн мөрөөдөл бол ажлын байртай болж бие дааж амьдрах чадварыг бий болгох. Олон хүүхэд залууст сэтгэлийн боловсрол олгох, ая тухтай үр өгөөжтэй үйлчилгээ үзүүлэх. Н.Хулангийн "Өөрийгөө олох аяллын тэмдэглэл" номноос би өөрийгөө олж, мөрөөдлөө баяжуулсаар яваа. Би таньтай ярилцах хугацаандаа ойрын 5-10 жилийн мөрөөдлөө ярьчихлаа. /инээв/
-Хүмүүст хандаад юу гэж хэлмээр санагддаг вэ?
-Өөрийгөө хөгжүүлээд үргэлж завгүй байгаарай. Ном уншаарай. Номон дээрээс хүн харагддаггүй юмыг олж харах ч боломжтой. Мөн намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээж, багш нар, ах эгч, найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Амьд байгаа цагтаа дэргэдээсээ явуулж зүрхлэхгүй ээ-

... Ийм сайхан мөрөөдөлтэй, хүчирхэг охинтой ярилцлаа. Түүний аав Ц.Цэдэнсодном сантехникч, ээж С.Цэцгээ химийн багш мэргэжилтэй. Хоёр ах, нэг эгчтэй айлын бага хүүхэд. Байнгын асаргаатай охиноо сурахад, хөгжихөд үргэлж анхааран ирсэн аав, ээж нь хүүхдээ харах гэж ажлаасаа хоцорч, тасалж үзээгүй гэнэ. Тэд охиноо тэгтэл сайн хөгжүүлж, биеийг нь даалгаж, сургажээ.
Ярианы төгсгөлд ээж нь "Миний охин тархины саажилттай ч унаж, татаад байдаггүй. Бид хоёр рашаан сувилал, бариа засал гээд боломжоороо охиноо эмчлүүлдэг. Анагаахын шинжлэх ухаан талаас бол хүлээлт байхгүй гэж хэлдэг. Өөрөө биеэ даахыг маш их хичээдэг, чармайдаг хүүхэд. Булчингийн чангаралтай болохоор бид хоёр байнга эрсдэлээс сэргийлж хүүхдээ анхаардаг. Одоо том болоод бие дааж амьдрах бөөн хүслэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие дааж амьдрах төвд очьё ч гэж хэлж байсан. Амьд байгаа цагтаа охиноо явуулж зүрхлэхгүй ээ. Бид хоёр байр худалдаад аваад өгөх боломжгүй учраас Хархорин сумандаа түрээслэх байр хайж байна. Охиныхоо мөрөөдөөд байгаа ажлыг нь эхлүүлээд өгчихвөл бид хоёрын ч бас мөрөөдөл юм даа" гэлээ.
Уншигч та бүхэн Ц.Чанцалын номын бяцхан өрөөнд хандив өгөхийг хүсвэл 86017386, 89157389 дугаарт холбогдоорой.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар гоё охин бэ амжилт
Ном өгнө өө
Nomiin tsagaan buyang olon xumuust chadax chineegeeree tugeej delgeruulj bui erx tanxil goo uzesgelent erch xuch tsog zolboo ajilsag xicheengui buxniig tsogtslooson busgui chamdaa ajil ulsed ni amjilt amidrald ni sain saixan buxniig xusie
Улам гэрэлтэг!