Ярилцлага

Реппер Quiza-гийн ах Б.Батболд: Хөгжим тэгш бус байдлын зэмсэг

“Дундгол” пянзны дэлгүүрийг үүсгэн байгуулагч Б.Батболд буюу Длоб-той ярилцлаа. Түүнийг реппер Quiza-гийн төрсөн ах гэдгээр нь хүмүүс сайн мэдэх болов уу.  2015 онд байгуулагдсан уг дэлгүүрт одоогоор 3000 гаруй пянз байгаа бөгөөд 1990 оноос өмнөх социалист орнуудаас орж ирсэн шилэгдмэл пянзнуудын арвин сонголттой аж.

-Хөгжмөөс өөр чамайг аврах зүйл байхгүй-

-Дунд голыг олон хүн анзаараасай гэсэн утгаар пянзны дэлгүүрээ ингэж нэрлэсэн гэсэн. Та дунд гол хавиар өссөн хүн үү? Дунд голтой холбоотой дурсамжаас яриагаа эхэлье?

-Энхтайвны гүүрэн доорх Дунд голын жараахай гэж Quiza бид хоёр өөрсдийгөө тодорхойлдог. Одоо ч 19-р хороололд байдаг л даа. Өөрийгөө танилцуулах соёл гэдэг юмыг хип хопоос сурсан. Ерээд оноос хип хоп дэлгэрсний “Чи хэн юм бэ?” гэнгүүт “Би Дунд голын жараахай” гэдэг байлаа. Үнэхээр л Дундгол гол дээр тоглож, шумбаж өссөн дөө. Энэ чинь зүгээр нэг жижигхэн гол биш. Үерлэвэл үерлэчихнэ, эвгүй шүү дээ.

-Харин хөгжимд дурлаж, татагдсан түүх гэвэл?

-Бүр анхнаасаа надтай цуг байсан зүйл. Манай аав сум нэгдлийн дарга, ээж маань соёл урлагийн ажил хийдэг байлаа.  Ээж намайг чихдэж авчраад дуулуулдаг байсан. Аав Ховд аймгийн Цэцэг сумын хүн, уртын дуу сайхан дуулна. Цагаан сараар аавын нутагт очихоор уртын дуун дунд байж байгаад ирдэгсэн. Тэгэхээр хөгжим бид хоёр анхнаасаа л хамт байж.

-Та төрсөн дүү Quiza-тай хамтраад дуу дуулсан. Ер нь өөр дуунууд байдаг уу?

- Сонирхож явсан. Гэхдээ тууштай дуулна гэж бодоогүй.  Тухайн үедээ хэсэг сонирхсон. Надад хийхийг хүссэн сонирхолтой зүйл олон байхад яагаад заавал бүх насаараа дуу хийх ёстой гэж. Маниусын амьдрал маш богино. Тиймээс олон зүйлийг оролдож үзэх хэрэгтэй.  

-Бүх насаараа дуулаагүй ч та бүхий л байдлаараа хөгжимтэй холбогдож?

-Яг зөв. Амьдралд өчнөөн асуудал тохиолдоно. Хувийн харилцаа, найз нөхөд, ер нь гэнэтийн төсөөлөөгүй зүйлс тохиолдоход ганцхан тусалдаг зүйл нь хөгжим байхгүй юу. Хөгжим гэдэг супер хүч надад байнга тусалж байсан. Хөгжим гаднаас туслаад байгаа гэхээс илүүтэй хөгжмөөр дамжуулаад чи өөрийгөө л сонсох ёстой болж байгаа юм. Өөр чамайг аврах зүйл байхгүй.

-Сонсдог, хайрладаг хэдэн хөгжмөө ээлжлэн сонсож, тухтай орон зайгаасаа гарах хэцүү санагддаг төрлийн хүмүүс байгаа. Гэхдээ шинийг нээж дурлах хэрэгтэй биз дээ?

-Шинэ юмыг эрэлхийлэхгүй бол хүн төрөлхтөн хөгжихгүй. Тэгэхээр яаж ийж байгаад өдөр бүр шинэ юм сонсохыг хичээх хэрэгтэй шүү.  Чихээ л онгойлгох хэрэгтэй. Аль нь гоё, аль нь муухай гэдгийг чи шийдээд байх шаардлагагүй. Зүгээр л чихээ нээлттэй байлгаж бай. Тархинд биш зүрхэнд хүрдэг, ийм байна, тийм байна боддог биш мэдэрдэг зүйл. Мэдрэмжээ хааж болохгүй. Ямар ч юм байсан зүгээр л сонс. Чиний хөгжим гэж байхгүй. Чи бусдын хөгжмийг сонсож байна. Энэ нь харилцааны хувьд адилхан. Бусдыг сонсож ойлгох тусам өөрийгөө илүү мэдэрнэ.

-Хүмүүс амины хайртай дуугаа хэнтэй ч хуваалцахгүй харамлан нандигнадаг тал бий. Гэтэл та илүү олон хүнд хүрээсэй гэсэндээ зүтгэж байгаа?

-Хүн болгон өөр, өөр. Чамд таалагдсан, дуртай дууг чинь өөр нэгэн сонсоод яг чам шиг мэдэрнэ гэж байхгүй.  Түрүүн хэлсэнчлэн хөгжмөөр дамжуулаад хүн өөрийгөө л сонсдог. Харамлах ч боломжгүй. Хөгжим гэдэг агаарын долгион. Хөгжим сонсдог гээд төрөл жанруудад хуваагдаж сүржигнээд байх шаардлагагүй. Дэлхий дээр нийт хөгжмийг баздаг хоёр, гуравхан компани байгаа. Тэд нарын боолууд болж байнаа л гэсэн үг. Лана Дель Рей, Cigarettes after sex ч юм уу. Хэдхэн юм сонсоод тэрэндээ автчхаад байгаа байхгүй юу. Тэгж болохгүй. Бүгдийг сонс. Дэлхийн нийт хөгжмийн 20 хувь нь чөлөөт уран бүтээлчид байгаа. Би тэд нарыг дэмжихийг хүсдэг. Тэд нарт чинь харьяалагдах том компани байхгүй, ард нь том телевиз, радио байхгүй. Тэгэхээр том компанитай хэдийн олон саяар нь хаа сайгүй цацаж байгаа хөгжмийн дэргэд дарагдаад байгаа байхгүй юу.

-Хөгжим хүчтэй, “The HU” гарч ирэхэд дэлхий даяараа Монголыг мэдсэн-

-Орчин үеийн хип хоп хөгжим илэрхийлэмж байхгүй, хэтэрхий гялгар, өнгө зүс хөөцөлдөх болсон гэж хүмүүс үзэх болсон. Энэ тал дээр таны үзэл бодол ямар байдаг вэ?

- Наадах чинь том компаниудын тархи угаалт шүү дээ. Хүмүүсийг нүдээр нь хуурах амархан. Янз бүрийн дүрс, видео гаргаж ирээд л. Дүрсийг үзэхгүй чихэндээ л итгэх ёстой,  тэгвэл жинхэнэ юмыг олж чадна. Бүгдэд тийм хүч чадал байгаа.

-Зэрэгцэж оршиж байсан хүндэлж сонсдог уран бүтээлч нь нөгөө ертөнц рүү одоход хэцүү санагддаг. Үүнтэй холбогдуулаад асуухад хөгжмөөр дамжуулж үхлийг мэдэрч байсан удаа бий юу?

-Саяхан Sinead O’Conor гээд аймар дуучин нас барсан. Тэр Ирландынх. Хөгжмөөр дамжуулж үхлийг биш амьдралыг, амьд байгаагаа мэдэрдэг. Яах вэ, үхлийн рок энэ тэр гээд байна л даа. Гэхдээ тэр чинь амьдралыг, амьд байгаагаа л мэдэрч байгаа хэрэг шүү дээ. Хүндэлж сонсдог хүн маань өнгөрлөө гэхэд нэлээн гунигтай санагдана. Нөгөө талаас амьдрал ийм олон янз байдаг шүү гэдгийг бидэнд харуулж байна. Хөгжим гэдэг амьд хүмүүсийн л асуудал. Тэр хүмүүс амьд ахуй цагтаа гоё юм хийгээд үлдээсэн байхад бид тэрнээс жаахан юм ойлгож аваад урагшилна. Тэгээд л болоо. Жишээ нь энэ дуучин Ирландынх. Ирландчуудыг жаахан дарамтлуулдаг байсан учраас мөнхийн эсэргүү, тэрэндээ хөгжмийг ашиглана. Жишээ нь, 300-400 жилийн өмнө Америк тивийг нээсний дараа Африкаас боолууд авчирч хамаг хүнд хүчир ажлаа хийлгэдэг байсан. Үүнийг эсэргүүцэж гарч ирсэн зүйл чинь хип хоп. Тэгэнгүүт хөгжим чинь тэгш бус байдлын зэвсэг нь болчихож байгаа байхгүй юу. Биднийг хашиж хайрцаглаад байгаа тэр зүйлийн хязгаар нь хаана вэ гэдгийг байнга очиж тоншиж, тэр хашааг сэтлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Үүнд хамгийн үр дүнтэй зэвсэг нь хөгжим юм даа.  Ирланд ч юм уу тиймэрхүү тэмцэгч улсууд монголчуудтай нэлээн төстэй санагдсан. Бидний байгуулсан систем гэж байна. Тэгэхээр үүнийг эсэргүүцэх хамгийн үр дүнтэй арга хөгжим. Хөгжим гэдэг хүчтэй зэвсэг. “The HU” гарч ирэхэд дэлхий даяараа “Монгол” гээд мэдэцгээж байна, энэ чинь хөгжмийн хүч чадал биз дээ.

-Та хөгжмийн ертөнцөд сонирхолтой хүмүүстэй учирч явсан байх. Энэ нь таны харах өнцгийг өөрчлөв үү?

-Тийм ээ, янз бүрийн хүмүүстэй уулздаг. Тэр бүр би байнга ямар нэг зүйлийг сурдаг. Тэр олон хүний хөгжмийг мэдрэх мэдрэмж ойролцоо байж болох ч өсөж торнисон орчин нь тэс өөр. Тэндээс нь хүртэл суралцдаг. Хөгжим тэгэхээр бас холбогч. Бага байхад бид нарыг нэг өрөөнд оруулаад 40-50  минут хөгжим тавиад наадхаа сонс гэдэг байлаа. Хүүхдүүд л юм хойно амархан залхана, сахилгүйтнэ. Гэвч 2-3 жил өнгөрөхөд арай өөр болно. Хөгжим тэвчээртэй болгож байна. Ер нь хөгжим сонсоод сурчих юм бол бид хүний яриаг сонсох чадварт суралцана. Харах өнцөг, хандлагаас илүүтэй тэвчээр гэдэг зүйлийг сурсан даа.

-Дал, наяад оны "Мөнгөн харандаа", "Инээмсэглэл", "Хонх", "Соёл-Эрдэнэ" гээд л гоё хамтлагууд байсан. Тэр үеийн хөгжим дахин давтагдашгүй юм шиг санагддаг. Үүний учир юундаа байна вэ?

-Энэ зөвхөн миний бодол шүү. Тэр үеийн хөгжмийн дахин давтагдашгүй байдал нь нийгэм, цаг үетэйгээ холбоотой байсан болов уу. Яагаад гэхээр хүнд хэт их мэдээлэл хэрэггүй юм шиг санагддаг. Хотын хүүхдүүд мэдээлэл дунд төөрчихдөг. Хөдөөний хүүхдүүд мэдээлэл арай бага авдаг, тэгээд тэрийгээ бариад явчихдаг юм шиг санагддаг. Хуучин социалист нийгмийн үеийн хүмүүс чинь мэдээлэлд хэт төөрөөгүй, хийх юм аа мэдээд байдаг байхгүй юу. Гэтэл одоо “пүг” гээд хэт их мэдээлэл дунд орохоор хаачхаа мэдэхгүй төөрчхөж байгаа биз дээ. Жишээ татаад хэлэхэд Бодьхүү гэж артист байгаа шүү дээ. Тэр бол хотод байдаг хүүхдүүдээс шал өөр. Хотын хүүхдүүд юу хийхээ мэдэхгүй төөрч байхад хөдөөнөөс ирсэн Бодьхүү ингээд гараад ирж байна гэхээр үүнтэй л холбоотой байх.

-Бодьхүүг бас Дунд голынх гэдэг. Та хоёрын харилцаа, нөхөрлөлийн түүхийг сонсмоор байна?

-Манай хүн чинь шууд намайг олоод ирсэн. NTV-гийн “Улаан таван хошуу”нэвтрүүлэг өдрийн 3-5 цагийн хооронд гардаг байсан. Тэрийг хөтөлдөг байсан юм аа. Тухайн үед яг Бодьхүүгийн сонирхож байсан юмыг л би тавьж өгөөд байж. Тэгээд миний утсыг олоод “Би ийм юм хийсэн” гээд “Хөдөөгийн сайхан талыг зорино” дууг нь тасалж аваад өөрөө бөмбөр энэ тэр нэмчихсэн. Хүний юмыг аваад өөрөө дээрээс нь хөдөлмөрлөж нэмж байж бий болгодог зүйл л дээ. Үүнийг хийж байгаа нь ганц Бодьхүү л байна.

-Таныг Hi-Fi радиогийнхоо эфирээр цалингаа өгөлгүй гурван сар болсон Ц.Нацагдорж захиралдаа зориулж мэндчилгээ дэвшүүлье гээд 3 минутын дараа халагдсан гэдэг. Тэр үнэн үү?

-Тийм ээ. Тэр үед өглөөний нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Өглөө зургаан цагт босоод явна. Тэгээд цалин гэдэг юм байдаггүй. Бодлоо, би яг юуны төлөө өглөө эрт босоод байгаа билээ гээд л. Би чинь шөнө идэвхтэй болдог төрлийн хүн учраас өглөө босох хэцүү байсаар нэг өдөр хоцорчихгүй юу. Тэгээд л дотроо бодож байснаа хэлсэн. Захирал “Та яагаад хоцроод байгаа юм” гэж байна. Бас үнэнээ л хэллээ. Тэгсэн чинь нөгөөдөх чинь нүүр нь аймаар улайсан “Зайл чи” гэхээр нь “За, за” л гэсэн. Цалин авахгүй тэгээд үүрээр босно гэдэг хэцүү.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button