Top StoriesЯрилцлага

Б.Мичидмаа: Маргаантай ч контемпорари урлагт ядаж 4-5 жил номын дуу сонссон бол уран бүтээлч гэж ялгана

Урлаг судлаач Б.Мичидмаатай ярилцлаа.

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Мичидмаа гэдэг. МУИС-ийн ШУС-ийн харьяа Утга зохиол, урлаг судлалын тэнхимд багшлаад нэг жил болж байна. Одоогоор урлаг судлаач болох гээд бэлтгэгдээд явж байна. Бакалаврын түвшний оюутнуудад урлагийн онол, түүх, хөгжим судлалын хичээл заадаг.

-Контемпорари урлагийн ялгарал юунд оршдог вэ?

-40, 50 мянган жилийн тэртээ урлаг гэдэг анх хадны сүг зураг, хөгжмийн салбарт бол фетишизм, аниманизм дээр тулгуурласан цалиг, шүтлэгийн байдалтай явж ирсэн. Үүнээс эхлээд урлагийн бүтээл хэмээн нэрлэгдэж эхэлж байгаа юм. Яагаад өнөөдөр контемпорари урлаг гэдэг зүйл гарч ирсэн юм бэ гэхээр, 1950 он буюу хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас эхлээд хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ урлагийн дэвшил, эрх чөлөө бий болсон. Контемпорари урлаг бол тэр чигтээ эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Эрх чөлөөгөөр тэжээгддэг гэж хэлж болно. Контемпорари урлаг өнөөдөр пост контемпорари гэсэн чиглэл рүү явж байна. Урлагийн тодорхойлолтыг манай салбарын судлаачид, философийн салбарынхан болон уран бүтээлчид ч өөрсдөө өгдөг. Гэтэл өнөөдөр контемпорари  урлагт хүрээд ирэхээрээ тогтсон тодорхойлолт өгч чаддаггүй. Яагаад тогтсон тодорхойлолт өгч чадахгүй байгаа юм бэ гэхээр, энэ чинь эрх чөлөөнд тулгуурласан, эрх чөлөөгөөр тэжээгддэг урлаг байна шүү дээ.  Ерөөс хүн болгон уран бүтээлч болох боломжтой гэчхэж байгаа юм. Уран бүтээлээ хийхдээ дотогшоо чиглэсэн буюу өөрийнхөө асуудлыг гаргасан бүтээл хийгээд байдаг хүмүүс байна. Эргэн тойрныхоо аж амьдралыг тусгаад нийгмээ шүүмжилдэг хүмүүс ч байна. Жишээ нь улс төр, арьс өнгөний үзэл, хүйсийн ялгаварлал, колончлол гээд нийгмийн асуудлыг хөндсөн бүтээлүүд гарч ирээд байгаа юм. Өнөөдөр контемпорари урлаг 40, 50 дэд салбарт задарчихсан, маш том салбар болоод хөгжчихсөн байна л даа. Тэгэхээр энэ хүмүүсийн ялгарал юу вэ гэхээр эрх чөлөөнд тулгуурлан тэжээгдсэн, юу гаргаж, дотроосоо юу өгүүлмээр буйгаа чөлөөтэй илэрхийлдэг онцлогтой.

-Контемпорари урлаг задгай чөлөөтэй сэтгэх боломж олгодог. Тэгвэл хүссэнээ чөлөөтэй илэрхийлээд л үүнийг комтемпорари урлаг гэж нэрлэхээр болж байгаа юм биш үү. Жинхэнэ урлагийн бүтээл байна гэдгийг яаж ялгах вэ?

-Энэ тал дээр манай салбарынхан хүртэл маргалддаг байхгүй юу. Хорьдугаар зуунаас өмнөх үед энэ ойлголт маш цэгцтэй онолын хүрээнд явагддаг байсан. Ямар хүнийг уран бүтээлч гэх вэ, ямар бүтээлийг жинхэнэ урлагийн бүтээл гэх вэ гээд. Эстетик буюу гоо зүйн үнэлэмж дээр тулгуурласан бүтээлүүдийг урлагийн бүтээлд ойртуулж үзэж болно гэдэг байлаа. Гэтэл хорьдугаар зуунд постмодернизм эхэлсэн. Постмодернизмын цаг үед урлагийн бүтээлийг эстетик дээр тулгуурлаад шүүн, үнэлж дүгнэлт гаргах хэт явцуу болсон. Эстетик цаанаа моралийг агуулж байдаг тул асуудалтай. Жишээ нь, сайхны салбар гэхэд үнэн байх ёстой, үнэнийг илэрхийлэх ёстой гээд нөгөө алдарт философич Гегелийн хэлсэн үг байна. Ингээд эхлэхээр яг цэвэр уран бүтээл хийж байгаа хүмүүст энэ тодорхойлолт явцуу болж эхэлж байгаа юм. Өнөөдөр контемпорари урлагт яг аль нь урлагийн бүтээл вэ гэж үзвэл, хамгийн том үнэлгээ бол уран бүтээлчид тодорхой хэмжээнд 4-5 жил мэргэжлээрээ суралцсан байх ёстой. Дор хаяж дэлхийн алдартай фестиваль, биенналь эсвэл том тэмцээн, уралдаанд оролцсон, тууштай уран бүтээлээ туурвиж байгаа, номын дуу сонссон хүмүүсийг уран бүтээлч гээд байна л даа. Гэхдээ ямар ч номын дуу сонсоогүй гараад ирсэн уран бүтээлч байдаг. Жишээ татахад Германы Joseph Beuys байна. Банкси байна. Банксийн хувьд нүүр царай нь харагдахгүй, хэн гэдэг нь тодорхойгүй байсан. Үүгээрээ мань хүн алдартай болоод улс төрийн урлагийг хийгээд явж байна.

-Монгол уран бүтээлчид шүүмжийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Фейсбүүк бол миний хувийн орон зай. Би тэнд мэргэжлийн шүүмж бичдэггүй. Мэргэжлийн шүүмжийг нийтлэл хэлбэрээр сонин сэтгүүл эсвэл мэргэжлийн шүүмж хүлээж авдаг байгууллагууд юм уу мэргэжлийн салбарт аваачиж өгдөг. Сүүлд нэг шүүмж бичээд тэрийгээ хэвлүүлэх гэтэл зуны баяр наадмын үеэр бус намрын үед хүлээж авъя гэсэн хариу өгсөн. Уран бүтээлчид шүүмж хүлээж аваад сурчихвал өөрсдөд нь л хэрэгтэй. Үүнийг баталсан гоё, гоё жишээнүүд байдаг. Америкт хорьдугаар зууны дунд үед Abstract expressionism урсгал гарч ирж байсан. Энэ урсгалын төлөөлөгчид маань манай салбарын мэргэжлийн судлаач шүүмжлэгч нарын бичвэрээр л гарч ирсэн. Тэр хүмүүсийн анализ хийсэн бичвэр, сайнтай муутай нь шүүмжилсэн шүүмжүүдийн үндсэн дээр танигдсан байхгүй юу. Mark Rothko, Jackson Pollock, Roy Lichtenstein зэрэг уран бүтээлчид тухайн цаг үеийнхээ Америкийн мундаг шүүмжлэгчдийн бичвэрээр гарч ирсэн. Тэгэхээр уран бүтээлчид аль болох судлаач хүнтэйгээ хамтраад шүүмж гэдэг чинь доромжлол биш, шүүмж гэдэг чинь сайнтай муутай, эерэг сөргийг нь, эцэст нь уран бүтээлчийн үнэлэмжийг тодорхойлно гэдгийг ойлгох хэрэгтэй. Шүүмж сонсоод сурчихвал зүгээр л дээ. Би өөрийнхөө салбарт хатуу ханддаг. Яагаад гэхээр манай салбарын хүмүүс ажлаа хийхгүй байна. Уран бүтээлчид хийхээ хийж байгаа. Сайн, муу, чанартай, чанаргүй гэж явсаар ямар ч байсан Монголд урлагийн үнэр үнэртсэн. Монголд 1990-ээд оноос контемпорари урлагийг ярьж эхэллээ. Гучаад жил контемпорари  урлаг тодорхой үр дүнд хүрчихсэн байгаа юм. Үүн дээр нэмээд манай салбарынхан хүчээ нэмэх хэрэгтэй. Ажлаа хийж, системтэй, стандарттай бичвэрүүдийг гадна дотны хэвлэлүүдэд гаргаж байх ёстой. Энэхүү ярилцлагаар далимдуулан салбарын хүмүүсээ уриалмаар байна. Би л нэг тэнд оволзоод байгаа юм шиг харагддаг байх. Гэхдээ манай салбарын хүмүүс хүчээ нэгтгээд энэ салбарыг хөгжүүлэн, энэ шүүмж судалгааны салбарт ороод ирээч ээ гэмээр санагддаг юм.

-Шүүмжүүдээ ном болгож эмхэтгэх бодол бий юу?

-Одоогоор номын асуудал арай өөр чиглэл рүү явж байна. Би МУИС-д ороод нэг жил ажиллаж байна. Академик салбарт ажиллахын нэг давуу тал нь өөрөө ном гаргах боломжтой байдаг. Мөн давхар нэг төсөл эхлүүлсэн яваа л даа. Шилдэг урлагийн шүүмжүүдийг нэгтгэсэн, заавал академик салбарт үзэж судлах ёстой шүүмж эсээнүүдийг нэгтгэн орчуулаад ном болгохоор бэлдэж байгаа юм. Үүний дараа магадгүй урлагийн боловсролын хөтөлбөрийн ном руу орж магадгүй. Би хувийн болон хувьсгалын ажлаа хослуулаад явдаг. 2020 онд БНХАУ-д урлагийн шүүмж, онол чиглэлээр магистраа хамгаалаад ирсэн. Тэгэхээр одоогоор ном гаргах арай эрт. Мэдээж өөрийн гэсэн номтой болох чухал. Гэхдээ одоогийн байдлаар аль болох орчуулгын чанартай бүтээлүүд гаргах л зорилготой явж байна.

-Шинжлэх ухааны хөгжил урлагт тусгалаа олсон хэлбэрийг юу гэж харж байна вэ. Цаашдын хөгжлийг яаж харж байна?

-Ерөнхийдөө дижитал арт ярьж байна уу, тэ. Энэ дэлхий нийтэд шинэ байгаа. Одоогоор судалгаа эхэлсэн үү гэвэл эхэлсэн. Өнөөдөр NFT гэдэг зүйлийн талаар дэлхий нийтээрээ ярьж байна. Мөнгөний амтанд орсон хүмүүс маань хөөсрөөд NFT салбарыг хөхиүлэн дэмждэг. Нөгөө талаас урлагийн суурьтай хүмүүст дотоод хүсэл байгаа. Хүн өөрийн махан биеийн хязгаартай хугацаагаа сунгаж, урт удаан амьдарчих болов уу гэсэн хүсэлтэй. Энэ чадахгүй, асуудалтай амьдралын хэлэмжүүдийг Al-д орлуулаад урт удаан хугацаанд амьдарчих боломжтой болов уу гэж тэмүүлж байна. Урлагийн салбар яах аргагүй энэ дур хүслийн нэг хэсэгт нь багтаад технологид суурилсан, хямд төсөр зардлаар бүтсэн дижитал бүтээлээр дамжиж, тив дэлхийг алгасан бие биедээ урлагийн мэдрэмжийг өгөх боломжтой болов уу. Тэгэхээр дижитал салбар цаашдаа ч хөгжинө. Гэхдээ хажууд нь заавал критик хэрэгтэй. Дээрээс нь дижитал салбарт тоглож байгаа уран бүтээлчдийг маш сайн ажиглаж байх хэрэгтэй. IT суурьтай хүмүүс байна уу, урлаг суурьтай юу гэдгийг нь ажиглах чухал.

Өнөөдөр IT суурьтай хүмүүс NFT рүү их орж ирж байна. Нэг л их урлаг хийгээд байгаа юм шиг мөртлөө энэ нь яг урлаг мөн үү гэдэг асуудал бий болж байна.

-Нэг хэсэг арслангийн хөшөөний зураг түмэнд түгсэнээс улбаалан хөшөө дурсгал доог тохуу болсон. Энэ нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-Монгол гэлтгүй дэлхий нийтэд захиалгын бүтээл гэж байдаг. Захиалгын бүтээл чанартай, чанаргүй, примитив байна уу, муу дүрслэлтэй байна уу, мөнгө цохиж хийсэн үү, хамаагүй. Гол нь урлагийг спонсорлож байгаа хүмүүс маань хэнийг сонгох вэ гэдэг чухал болж байна л даа. Арслангийн хөшөө гэхэд аль социализмын үеийн Улаанбаатар хотыг олон нийтийн урлагаар амьсгалуулах гэсэн хичээл зүтгэлийн илэрхийлэл. Социалист нийгмийн үе чинь одоогийнхоос идеологийн хувьд арай өөр байсан учраас баатрын, алдартай жанжны, эсвэл социалист нийгмийн урианд тулгуурласан хөдөлмөрчин ангийн хөшөө гэдэг ч юм уу давхар пропаганда яваад байгаа юм. Өнөөдөр бол заавал тийм хөшөө бариад байх шаардлагагүй. Цаг үе өөр болсны дээр нийгэмд барьж авах өчнөөн сэдэв байна. Хүний эрхийн талаар хөндөгдөж байгаа өчнөөн гоё сэдвүүд байхад яагаад үүгээр уран бүтээлчид маань мундаг бүтээл хийж болохгүй гэж.

Ер нь захиалагч нарын боловсрол ямар байна, түүгээр дамжуулаад уран бүтээлчид хөдлөх гээд байдаг талтай. Тэгэхээр үүнд боловсрол чухал.

-Урлаг улс төрөөс ангид байх боломжгүй юм биш үү?

-Улс төрийн урлаг гэж нэрлэгддэг салбар хүртэл байгаа шүү дээ. Урлагийн түүхийг харахаар ямар ч уран бүтээлч улс төр, нийгмийн асуудалтай холбоотой уран бүтээл хийдэг. Жишээ татахад бидний хамгийн сайн мэдэх Пикассо байна. Пикассо нэг хэсэг нэлээд улс төрийн сэдэвтэй бүтээл хийсэн. Түүний “Солонгосын хоморголон хядалт” гээд бүтээл, Испанид болсон том том дайнуудын тухай бүтээлүүдийг нэрлэж болохоор байна. Мөн Америкийн Norman Rockwell гээд уран бүтээлч байгаа. Энэ уран бүтээлч маань хар арьстнуудын асуудлыг хөндсөн байдаг. Хар арьстнууд нийгэмд яаж гадуурхагддаг, үүнээс болж нийгэмд ямар асуудал үүсдгийг харуулсан уран бүтээл хийсэн.

Өнөөдөр контемпорари  урлаг ч тэр, уран бүтээлчид ч тэр улс төр лүү орж байгаа. Гэхдээ хүчтэй гарч ирж чадахгүй байна л даа. Ингээд үзэхээр улс төрийн нөлөөгүй уран бүтээл нэрлэхэд хэцүү. Магадгүй хувь хүн буюу өөр лүүгээ чиглэсэн бүтээл туурвидаг уран бүтээлчид дийлэнх. Өөрийгөө л илэрхийлээд байдаг, өөрийнхөө урт үсийг зураад сүлжээд байдаг ч юм уу. Эсвэл өөрийнхөө өдөр тутамдаа хийж байгаа үйлдлүүдээ зурдаг. Түүнээс ихэнх нь гадаад орчноосоо нөлөө авч байгаа.

-Тэгвэл бидний муза юу юм бэ?

-Би ч одоо музаг тодорхойлоод байх нь хаашаа юм. Монгол хүний онцлог гэх юм бол байгалтайгаа ойрхон. Үүний илэрхийлэл нь байгалаасаа урам авдаг. Магадгүй өөрт ойр байсан уул ус, араатан амьтнаа дүрслээд эхэлнэ. Гэхдээ социализмын  үед учиргүй ингээгүй л дээ.

Тэр үед социалист идеологийг шингээсэн хувь хүний дотоод илэрхийллүүд гарч ирж чадаагүй тал байдаг. Өнөөдөр монголчууд буцаад архетипээ сэргээгээд байна л даа. Шүтлэгээ урлагтайгаа хольж байна, урлагийн бүтээлдээ оруулж ирж байна гэх мэт. Музагийн тухайд одоогоор би яг тодорхой хариулт өгч чадахгүй юм байна. Яагаад гэвэл би уран бүтээлч биш. Магадгүй чи энэ асуултыг уран бүтээлчид тавих юм бол “Морь”, “Эмэгтэй хүний гоо сайхан” гэхчлэн хариулж мэдэх юм. Судлаач миний нүдээр бол монголчуудын дийлэнх уран бүтээлдээ тусгаад байгаа сэдэв нь байгалаасаа урам авсан уран бүтээл их туурвиж байна. Одоо үүнээсээ цааш хөгжих хэрэгтэй байна. Ядаж л чи түрүүн хэлсэн улс төрийн урлаг байна, улс төрийн асуудлыг хөндөж энэ сэдэв рүү ороод ирэх хэрэгтэй.

-Философич С. Молор-Эрдэнэтэй үзэл бодлын хувьд нийцтэй байдаг санагдсан. Хамтраад урлагийн философийн талаар цуврал лекц ч гаргасан?

-Би тухайн үедээ хамтарч ажиллаж байсан. Тэр бол youtube-д зориулсан мөнгөний ажил байхгүй юу даа. Доторх агуулга нь шүүмж байгаагүй, изм измээр нь дэлхийн алдартай уран бүтээлчдийг уран бүтээлийнх философи агуулга нь юу байв гэсэн талаас нь тайлбарласан юм. Урлагийн талын нэвтрүүлэг хийе гэх санаачилгаар эхэлсэн. Түүнээс тэрийг учиргүй олон нийтэд сурталчлах зорилготой байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Medlegtei usux ireeduite emegtei shig sanagddag shu amjilt xvsii

Холбоотой мэдээ

Back to top button