Пригожин нас барахаасаа хэд хоногийн өмнө бүх юм зүгээр гэж хэлжээ

Вагнер хувийн цэргийн бүлгийн дарга Евгений Пригожиныг оршуулах ёслол мягмар гарагт (2023.08.29) Санкт-Петербург хотод болсон. Тэгвэл түүний нас барахаасаа хэд хоногийн өмнө хийсэн бичлэг саяхан цацагдсан байна.
Тэрбээр тус бичлэгт өөрт нь юу тохиолдсон талаар хүмүүсийн дэвшүүлээд байсан таамаглалуудад хариулт өгсөн аж. Вагнер бүлэгтэй холбоо бүхий “Grey Zone” нэртэй Телеграм хуудас дээр тус бичлэг нийтлэгджээ. Пригожин бичлэгт “Намайг амьд эсэх, эсвэл ямар нөхцөл байдалтай байгаа талаар таамаглал дэвшүүлж буй хүмүүст хандаж хэлэхэд, яг одоо амралтын өдрөөр буюу 2023 оны наймдугаар сарын дундуур би Африкт байна” гэсэн аж.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Тиймээс намайг хөнөөх талаар ярьж, миний хувийн амьдрал, хэр их орлого олдог гэх мэт ямар ч хамаагүй зүйл ярих дуртай хүмүүст хандаж хэлэхэд бүх юм зүгээр” хэмээжээ. Пригожин наймдугаар сарын 21-ний өдөр гаргасан видео мэдэгдэл дээрээ өмссөн хувцсаа мөн тус бичлэг дээр өмссөн байв.
Тэрбээр амралтын өдөр болж байна гэж бичлэг дээр хэлсэн тул бичлэгийг наймдугаар сарын 19 эсвэл 20-нд тус бичлэгийг хийсэн гэсэн үг. Түүний сууж явсан онгоцны ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.