Гадаад мэдээДЭЛХИЙУЛС ТӨР

Камала Харрис: Байденд ямар нэгэн юм тохиолдвол би Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис лхагва гарагт /2023.09.06/ “Associated Press” агентлагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа Трампад хариуцлага тооцох хэрэгтэй, Байдены биеийн байдал муудвал Ерөнхийлөгчийн албан тушаалыг түүний оронд хашна гэх мэт зүйл ярьжээ.Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис лхагва гарагт /2023.09.06/ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөх гэсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэв. Үүнд Дональд Трамп ч гэсэн орно гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Харрис Индонез улсын Жакарта хотод Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтад Байдены оронд оролцож байгаа.

Тэрбээр уулзалтын завсраар “The Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө “Болсон зүйлтэй холбоо бүхий баримтууд биднийг хүргэх ёстой дүгнэлтдээ хүргэг. Хүн бүр шүүх хуралдаанд оролцох эрхтэй” хэмээлээ.

Холбооны прокурорууд Трампыг 2020 онд засгийн эрхэнд үлдэх оролдлого хийсэн хэмээн буруутгаж байгаа. Тэрбээр 2024 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөхөөр сонгогдох хамгийн магадлалтай хүн.

АНУ-ын сенатор, Калифорни мужийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Харрис "Би карьерынхаа ихэнх хугацааг прокуророор өнгөрөөсөн. Хуулийн хүрээнд хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ хууль зөрчвөл хариуцлага тооцох шаардлагатай” хэмээжээ.

Цагаан ордон Трампын хэрэгт улс төрийн агуулгаар хөндлөнгөөс оролцохоос зайлсхийж байгаа. Ялангуяа Байден 2024 онд хоёр дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа тул прокуроруудын үүсгэсэн хэрэгт хошуу дүрэхээс болгоомжилж буй. Гэхдээ Байден, Харрис хоёр АНУ-ын ардчилалд бодит аюул учруулж буй зүйлийн талаар үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн.

"Ардчилал хэврэг зүйл. Бид ардчиллын төлөө тэмцэх хүсэл эрмэлзэл ихтэй байвал ардчилал хүчирхэг болно" гэж дэд ерөнхийлөгч “Associated Press”-д өгсөн ярилцлагадаа хэлэв.

Тэрбээр Байдены оронд Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа. Байден эзгүй байгаа нь зарим хүмүүсийн урмыг хугалсан юм. Гэхдээ Цагаан ордон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангана гэсэн байр суурьтай хэвээр гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн Харрис "Америкчууд бид өөрсдийн аюулгүй байдал, өнөөгийн болон ирээдүйн хөгжил цэцэглэлтийн хувьд Зүүн Өмнөд Азийн орнуудтай харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх нь маш чухал гэдэгт би итгэдэг" гэж хэлэв.

Зүүн Өмнөд Ази бол АНУ, БНХАУ хоёрын өрсөлдөөний чухал талбар, ялангуяа Өмнөд Хятадын тэнгис. Дэлхийн усан тээврийн гуравны нэг нь тус тэнгисээр дамждаг. Бээжин саяхан БНХАУ-ын шинэ газрын зургийг нийтэлсэн. Ингэхдээ Өмнөд Хятадын тэнгисийг улсынхаа нэг хэсэг мэт зурсан юм.

Үүний талаар Харрис “Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Би тэр газрын зургийг хууль зөрчсөн гэж бодож байна" хэмээжээ.

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо Мьянмар дахь цэргийн эргэлт гэх мэт асуудлууд дээр дорвитой арга хэмжээ авч, ахиц дэвшил гаргаж чадаагүй. Гэсэн хэдий ч тус холбоо бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа гэж Харрис хэлэв.

"Манай дэлхийд томоохон сорилтууд тулгараад байгаа. Эдгээр сорилтуудыг шийдвэрлэхээр удирдагчид нэгэн цэгт цуглаж байгаа нь орон бүр эвслийн төлөөх амлалтаа хадгалж байгааг, мөн улсуудын хамтын ажиллагааны хүч чадлыг харуулж байна"

Харрис ОХУ, Хойд Солонгостой зэвсгийн талаар хэлэлцээ хийж байна гэсэн мэдээлэлд хатуу анхааруулга өглөө. "Орос стратегийн хувьд бүтэлгүйтлээ" гэж тэр хэлэв. "Тэдний Украйнд хийсэн түрэмгий, шалтгаангүй дайнаас болж Оросын хүчирхэг арми гэх ойлголт үлгэр домог шиг байсныг харууллаа" гэжээ.

Саяхан “Associated Press” агентлаг “NORC” фирмтэй хамтран явуулсан санал асуулгаар америкчуудын 77%, Ардчилсан намын гишүүдийн 69% нь Байденыг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллахад хэтэрхий хөгширсөн гэж бодож байгааг илрүүлсэн. 80 настай Байденыг албан тушаал хашихад хэтэрхий хөгшин гэж санаа зовдоггүй хэмээн Харрис хэлэв.

Байденд ямар нэгэн юм тохиолдвол Харрис Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрвээ Байден дахин сонгогдвол 86 настайдаа албан тушаалаа хүлээлгэн өгнө гэсэн үг. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй зарим хүмүүс Байденыг дэмжсэн санал нь Харрист санал өгч буйгаас өөрцгүй, энэ нь сайн зүйл лав биш гэж шүүмжилж буй.

"Би түүнтэй өдөр бүр уулздаг. Хамт байдаг хугацааныхаа ихэнхийг Зууван танхимд өнгөрөөдөг. Тэнд би түүнийг Америкийн ард түмний нэрийн өмнөөс ухаалаг, чухал шийдвэр гаргаж, хэний ч ойлгож чадахгүй байдлаар асуудлыг ойлгон, ээдрээтэй сорилтуудыг даван туулж байгааг нь хардаг. Америкийн ард түмэн Ерөнхийлөгчөө сайн ажиллаж байгаа гэдгийг харахыг хүсэж байгаа. Жо Байден ч сайн ажиллаж байгаа" гэж Харрис хэлсэн юм.

Харрис ерөнхийлөгчийн албан тушаалыг шилжүүлэн хүлээн авах санааг зарчмын хувьд магадлалтай, мөн бэлэн гэдгээ мэдэгдэв.

Харрис "Жо Байден зүгээр байх болно, тиймээс би албыг нь шилжин хүлээн авах зүйл болохгүй. Гэхдээ дэд ерөнхийлөгч бүр тангараг өргөхдөө ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авах хариуцлага тулгарч болно гэдгээ маш тодорхой ойлгож буйгаа тангаргалдаг. Би ч бас маш сайн ойлгож байгаа" гэж хэлж ярилцлагаа дуусгалаа.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Больчих
Больчих
9 сар 8, 2023 14:49

Сэжгийн авгай. Байден үхээсэй гэж дотроо байнга з�##�бирч байгаа

Холбоотой мэдээ

Back to top button