Алтанбулаг боомтын өргөтгөлийг 12 хоногийн дараа ашиглалтад оруулах Шадар сайдын амлалт

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн, өртгөтгөнө хэмээж байсан үе саяхан. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр бүтээн байгуулалтыг нь эхлүүлж, шав тавих арга хэмжээг зохион байгуулж байлаа. Ингээд харвал хэдийнэ дөрвөн жил өнгөрчээ.
Өнөөдрийг хүртэл уг боомтын шинэчлэл бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй. Ямар сайндаа л Шадар сайд С.Амарсайхан тус боомтыг зорих билээ. Тэрбээр энэ сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтод ажилласан байна.
Ингэхдээ хилийн боомтын авто замын ажлыг аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн мэдээлэв. Түүнчлэн боомтын үйл ажиллагаа удаашралтай байгаад анхаарал хандуулж, гүйцэтгэгч компанитай хариуцлага тооцон ажиллахыг үүрэг болголоо.
2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө эхлүүлсэн ажил дараагийн сонгууль болоход арван сар үлдсэн энэ хугацаанд дуусаагүй байна гэдэг эрх баригч намын хувьд даанч удаан ажиллаж буйг илтгэнэ. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөр болгосон төслүүдийн хариуцлагыг эцэстээ бүтээн байгуулалтын үйл явцтай танилцах нэрийдлээр гүйцэтгэгч компанид хариуцлага тооцно гэх байдлаар үргэлжилдэг.
Угтаа бол олон жил энэ л жишгээр одоо Шадар сайд ч явж байна. Сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаа ч бага байна гэж голсон эрх баригч намд иргэд дахин дөрвөн жилийг олгосон ч мөрийн хөтөлбөрөө бүрэн гүйцэд биелүүлээгүй. Ч.Сайханбилэгийн 2016 оны Засгийн газраас хойш төрд толгойлж буй намын хувьд сонгуулийн өмнөхөн шинэ ажлыг эхлүүлж, дараагийн сонгуультай зэрэгцэн ашиглалтад оруулахаар мэрийдэг зураглал ийн өнгөрсөн найман жилийн турш харав. Дараагийн дөрвөн жилд ч үргэлжлэх төлөвтэй.
Тус боомтод 13.6 сая ам.доллар (36.2 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30 мянган м.кв зам талбай барина хэмээж байв.
Бүтээн байгуулалтын эдгээр ажлуудыг хоёр үе шаттай хийх ба эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах хоёр дахь үе шатны ажлыг 2020 оны эхний улиралд эхлүүлж, боомтын шинэчлэлийг 2021 онд бүрэн хийж дуусгана хэмээж байлаа..
Гэвчиг цар тахлын асуудалтай нүүр тулж, нэг жилээр бүтээн байгуулалтын ажлыг хойшлуусан гэдэг ч өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрхэн үр бүтээлтэй ажилласан нь тодорхой бус. Ямартай ч аравдугаар сарын 1-нд буюу 12 хоногийн дараа ашиглалтад орно хэмээн мэдэгдсэн тул хэлсэндээ хүрэх эсэхийг харзнан, хүлээх л үлдлээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.