НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ

"Акуа Гарден"-ы барилгыг буулгах сонгон шалгаруулалт зарлахаар бэлдэж байна

"Акуа Гарден" хорооллын хоёр блокыг албадан буулгах захирамж гарснаар хэдийн нэг сарын "нүүр"-ийг үзэх гэж буй.

Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр хотын даргын захирамжийг танилцуулж явсан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус хотхонд байр захиалсан иргэдтэй есдүгээр сарын 1-ний өдөр уулзахаар болсон билээ.

Харамсалтай нь байрны захиалга өгсөн оршин суугчдын мэдээлж буйгаар 20 хоног өнгөрсөн хэдий ч одоог хүртэл тэдэнтэй уулзаагүй гэх мэдээлэл байгаа юм.

Оршин суугчдын хувьд есдүгээр сарын 1-ний өдөр нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн орлогчтой уулзахаар хүлээсэн ч нийслэлийн удирдлагууд очоогүй байна. Гэвчиг өнөөдрийг хүртэл сураг ажиг ч үгүй. НЗДТГ-аас тодруулахаар оролдсон боловч эл асуудалтай холбоотойгоор тодорхой хариулт өгөх хүн олдоогүй билээ. Тухайн үед уулзалтаа ч хэвлэл мэдээллийнхэнд хаалттай байдлаар хийнэ гэж мэдээлж байсан юм. Харамсалтай нь оршин суугчид өнөөдрийг хүртэл холбогдоогүй хэмээн мэдээлсэн билээ.

"Акуа Гарден" хотхоны захиалагч "Эм энд жи констракшн" компанийн зүгээс өнөөдрийн байдлаар нийт 500 гаруй өрхийн захиалгатай байгаа бөгөөд тэдний 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа хэмээн хэвлэлийн хурлынхаа үеэр хэлсэн юм. Нураана хэмээгдэж буй хоёр блокод нийт 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт орсон бөгөөд энэ хэмжээний барилгыг нураахад 20 тэрбум төгрөг шаардлагатай гэх.

Түүнчлэн "Акуа Гарден"-ы хоёр блокыг албадан буулгах нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар "Эм энд жи констракшн" ХХК Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногт тус төслийн захиалагч компани болох "Эм энд жи констракшн" компанийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан "Бид барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Хуулийн дагуу ажилласныхаа хариуд хохирч, хэлмэгдэхгүй. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Эцсээ хүртэл шүүхээр явах болно" гэсэн юм.

Мөн тус хотхоны эрчим хүчийг нь тасалсан байсан хэдий ч хуулийн дагуу эргүүлж өгсөн бөгөөд ингэхдээ нураахгүй хоёр барилгад нь эргүүлэн өгсөн.

Тэгвэл тус компанийн эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлээс өнөөдрийг хүртэл дахиж хэн нэгэн холбогдож, уулзаагүй байна.

Харин энэ хугацаанд нийслэл юу хийж байгаа талаар эх сурвалжаас тодруулахад "Акуа Гарден" төслийн хоёр блокийг буулгах сонгон шалгаруулалт зарлах ажил үргэлжилж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button