Манай улс Азийн хөгжлийн банкнаас 519 тэрбумын зээл авна

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын авто тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 150 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, 519.4 тэрбум төгрөгийн зээл олгоно гэсэн үг юм.
Бүс нутгийн авто замын бүтээн байгуулалт, засвар арчлалтын төсөл нь Баруун Монгол дахь аймгуудын төв хоорондын улсын авто замын сүлжээний хэсгүүдийг сайжруулахад зорьон гэжээ. Ингэхдээ Алтай-Улиастай, Ховд-Улаангом чиглэлд анхаарч, орон нутгийн болон бүс нутгийн холболтыг сайжруулах юм байна.
Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Николас Дей Кастелли "Баруун бүс нь улс орны улс төр, эдийн засгийн төвүүдээс алслагдсан, аймгуудын төвийг холбосон шороон замаас шалтгаалан өсөлт удаашралтай байгаа. Төсөл нь замын нөхцөл байдлыг сайжруулахаас гадна тогтвортой, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй авто замын засвар арчлалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно" гэв.
Монгол Улсад хол зайд, цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан газрын тээвэр, авто замын сүлжээг хөгжүүлэхэд хүндрэлтэй байдаг гэдгийг АХБ-ны тайлан мэдээнд дурджээ. Замын нөхцөл, ялангуяа хөдөө орон нутагт муу байгаа нь зах зээл, боловсрол, үйлчилгээний хүртээмжийг хязгаарлаж, улмаар ядуурал, тэгш бус байдлыг улам бүр дордуулж байгааг онцолсон байна.
Түүнчлэн манай улсын 111,943 км авто замын сүлжээний ердөө 10,242 км нь хатуу хучилттай байдаг гэдгийг тэмдэглэжээ. Ингэхдээ замын сүлжээ нь үер, хөрсний гулгалт зэрэг цаг агаарын аюултай үзэгдлүүдэд өртөмтгий байдаг бөгөөд энэ нь зам, гүүрийг удаан хугацаагаар явах боломжгүй болгодог хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ын өлөн хулгайчууд ажил хийх нэрээр өр тавьж арай л
өр нэмэгдэх тиймч сайхан юм биш дээ аяндаа л хөгжинө биз дээ юунд яарч зээлнэ вэ сонгууль өрөнд баригдаж өтөнд идэгдэнэ гэгч болох вий дээ