НАСА: Сансар дахь солироос сорьц авчирлаа

Ням гарагт /2023.09.24/ сансар дахь солироос авсан сорьцтой капсул АНУ-ын Юта мужид газарджээ. НАСА-гийн “OSIRIS-REx” онгоц зургаан жилийн турш нарны аймгаар аялсны эцэст сорьцтойгоо буцаж ирсэн байна.
Хүн төрөлхтөн өмнө нь хоёр удаа л сансар дахь солироос дээж авчирч байсан. Ням гарагт /2023.09.24/ газардсан сорьц нь урьд өмнө байгаагүй их хэмжээтэй учир судалгаа явуулахад нэн тохиромжтой аж.
НАСА энэ төслийг Аризона мужийн их сургуультай хамтран явуулсан байна. Капсул газардсаны дараа Аризонагийн их сургуулийн эрдэмтэн Данте Лауретта “ Би ”Гол шүхэр дэлгэгдсэн байна” гэдэг үгийг сонсоод шууд л уйлсан” гэж хэлжээ.

Тус капсул дотор Бенну нэртэй 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн солирын дээж байгаа. Сорьц дотор чулуурхаг гаригуудын үүсэл хөгжлийн талаар шинэ мэдээлэл өгөх үнэтэй баримтууд байж магадгүй гэж эрдэмтэд үзэж буй.
Үүнээс гадна эгэл биетэн үүсэхэд шаардлагатай органик молекулууд хүртэл тус сорьцоос олдож магадгүй юм. Гурван жилийн өмнө Рюгү нэртэй солироос Хаяабүса2 онгоц сорьц авчирсан. Тэрхүү дээжээс хоёр органик нэгдэл илэрч байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.