Г.Дарьсүрэн: Сошиал ертөнц бусдад ойлгогдох, өөрийгөө батлах хэрэгцээг "хуурамчаар" нөхдөг

Сошиал хэрэглээний талаар “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч Г.Дарьсүрэнтэй ярилцлаа.
-Сошиал мэдиа хүний ямар сэтгэл зүйн хэрэгцээг нөхдөг вэ?
-Сошиал орчинд сэтгэгдэл, лайк, зүрх авахыг хүсэх мэдрэмж нь бусдад ойлгогдох, анхааралд өртөх гэх мэт хэрэгцээг хангаж байдаг. Магадгүй интраверт буюу дотогшоо хүмүүс бодит амьдралдаа өөрийгөө хангалттай илэрхийлж чаддаггүй болохоор сошиал орчинд чөлөөтэй байж чаддаг. Энэ тэдний хувьд мөн хэрэгцээ болж байх жишээтэй.
Үүний дээр, сошиалд бусад хүмүүс хэтийдэн хурц шүүмжлэл үзүүлэхгүй учраас бодол мэдрэмжүүдээ тэнд чөлөөтэй илэрхийлэх, хуваалцах хүсэлтэй байх нь бий.
Товчоор бол, сэтгэлд хуримтлагдсан ярилцах, ойлгогдох, өөрийгөө батлах зэрэг хэрэгцээнүүдээ сошиалаар дамжуулан хангадаг гэж ойлгож болно.
-Харин тэр хэрэгцээг сошиалаар дамжуулан нөхөх хэрээр автаж, тодорхой хэмжээнд хамааралтай болоод байна уу?
-Түрүүнд дурдсанчлан үндсэн чухал хэрэгцээ нь нөгөө өөрийгөө бусдад илэрхийлэх, таниулах, ойлгуулах байдаг. Ийм болохоор ганцаардсан хүмүүс сошиалын хамааралтай болох нь элбэг.
Ухамсаргүйгээр сошиалд автаж буй ерөнхий шалтгааны талаар тайлбарлах гэж оролдъё. Бид сошиалаар нөгөө хэрэгцээнүүдээ түр зуур хангаад байгаа. Тэгээд ирэхээр “Би ганцаараа биш юм байна” гэсэн мэдрэмжийг авдаг. Гэвч энэ нь бодит мэдрэмж биш, төөрөгдөл.
Эцсийн бүлэгт бодит амьдралдаа ганцаараа гэдгээ нэг л өдөр мэдэрч, хүндээр тусгаж авах эрсдэлтэй. Өөртэйгөө тулж ажиллахаа, ярилцахаа болино. Хэрэгцээгээ нөхөөд байна гэж мэдрэх авч цаанаа дутагдаж л байдаг. Зүгээр л “Чи мундаг байгаа шүү” гэдэг урмын үг л уг нь хүнд хэрэгтэй байдаг. Хормын төдийд ч болов хэн нэгний тэврэлт хэрэгтэй. Энэ бол хүний бие махбодь, сэтгэл зүйн хувьд авах бодит хэрэгцээ нь.
Гэтэл хүмүүс үүнийг сэтгэгдэл, лайкаар орлуулчихна гэж боддог. Угтаа бодитоор хүртэж буй мэдрэмжүүдээрээ л хүн дээр дурдсан хэрэгцээгээ хангана. Сошиалаар хангаад байгаа юм шиг явсаар нэг мэдэхэд хамааралтай болж эхэлсэн байх эрсдэлтэй.
Мөн сошиалд хүн эхэндээ өөрийнхөөрөө байх ч сүүлдээ жүжиглэж эхэлдэг. Улмаар өөрөө ч өөрийнхөөрөө байж чадахаа болино. Ингээд түгшүүр, айдас төрж эхэлнэ. Сүүлдээ ийм айдсууд бий болсноор олонд таалагдахын тулд хүсээгүй зүйлсээ хийнэ. Улмаар сэтгэл зүйн хямрал үүсэх талтай.

-Тэгэхээр сошиалаас авч буй мэдрэмж нь бодит бус гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна.
-Тийм.
Бид мөн сошиалд маш их мэдээллийг скролддог. Тэр хэрээр тархи ачааллаж байдаг. Ингээд мэдрэлийн ядаргаанд орж эхэлдэг. Мэдээллийг уг нь боловсруулаад хадгалбал мэдлэг болж үлддэг. Гэвч таны амьдралд хамаатай хамаагүй, өөрөө ойлгосон ойлгоогүй бүх мэдээллийг шууд хүлээж авах нь тийм эрсдэлтэй.
Өөрөөс нь ер шалтгаалахгүй бусдын асуудалд стресстэж эхэлнэ. Өөрийнхөө амьдралаас гадна бусдын асуудлыг бодоод эхэлнэ. Ингэхээр аргагүй сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог.
Мөн үүсээгүй эрсдэлийг төсөөлөн бодож эхэлдэг. Тодруулбал,ухамсаргүйн түвшинд өдөр бүр нэг агуулгатай мэдээлэл авсаар “Надад ч бас энэ асуудал бий юм болов уу” гэсэн түгшүүр үүсэх магадлалтай. Тэгэхээр сошиал дахь элдэв мэдээлэл бүрд маш шүүлтүүртэй хандаж, өөртөө уялдах, наалдах эсэхийг ялгаж салгаж ангилдаг байх хэрэгтэй.
-Хүмүүс мөн өөрийнхөө зургийг, хаана, юу хийж яваагаа их сториддог болсон. Үүнд ямар хэрэгцээ нөлөөлж байна, мөн ямар эрсдэл дагуулж болох вэ?
-Нийгэмд сэтгэл зүй нь тогтворгүй хүмүүс цөөнгүй бий. Тэд сошиалын цаана ямар сэдэлтэй оршиж буйг тааж мэдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл учрах эрсдэлийг бид бодитоор дүгнэх боломж хомс. Тэр хэрээр бидний төсөөлөөгүй ямар ч эрсдэл гарч ирэх магадлалтай юм.
Зураг, сторины хувьд тодорхой хэмжээнд хэн нэгний анхаарлыг татах хэрэгцээ бий. Мөн өөрийгөө батлах хэрэгцээ байж болно. “Би ийм хөөрхөн” эсвэл “Би ийм ажил хийдэг, мундаг” гэх мэт. Нөгөө л ойлгогдох, үнэлэгдэх, батлах хэрэгцээ юм. Давтамж нь ихсэх хэрээр л түүний хувьд гүн хуримтлагдсан шалтгаан байгааг илтгэдэг.
-Сүүлийн үед, ялангуяа Инстаграм орчинд хүн өдөр тутмын амьдралын хэмнэлээ гоё, сайхан хэлбэрээр харуулж, рийл хийдэг болж. Харин тэдгээрийг үзсэн бусад хүмүүс өөрийгөө харьцуулах, дутуу үнэлэх асуудал үүсгэдэг гэж уншсан. Өөрөөр хэлбэл, хүлээж авч буй хүмүүсийн хувьд энэ нь ямар сөрөг нөлөө үзүүлэх боломжтой вэ?
-Бусдын рийлийг үзээд хүмүүс өөрсдийгөө харьцуулах нь бий. Ингэж өөр лүүгээ өнгийх нь зөв. Гэхдээ буруу өнгийж буй хэлбэр юм.
Тодруулбал, өөрийгөө харьцуулах биш, эсрэгээрээ өөрөө өөрийнхөө онцлогийг зөв таньж мэдэх хэрэгтэй. Тэр илүүдээ, та дутуудаа биш. Тэр хүн өөрийн нөөц боломжийг тодорхойлсон учраас тийн харагдаж байгааг ойлгох хэрэгтэй.
Тэгж харьцуулж, өөрийгөө голох хэрээр аливаад үйлдэл хийхгүйгээр хий санаа зовних нь давамгайлж, бодит дүгнэлт хийж чадахаа больдог.
Ер нь хүн аливаа асуудалд 50 хувь логик, 50 хувь мэдрэмж сэтгэл хөдлөлөө тэнцүүлж байж зөв дүгнэлт хийдэг. Харин дийлэнх хүн сэтгэл хөдлөлдөө автдаг. Улмаар “Би ийм байна” гэдэг бодит бус дүгнэлт хийж эхэлдэг. Тэдгээр нь хэтэрхий сэтгэл хөдлөлд тулгуурласан, хийсвэр шинжтэй байдаг. Тэгэхээр нөхцөл байдлыг бодитоор үнэлэх хэрэгтэй юм. Өөрийнхөө алдаа, өө сэвийг хэт их анзаарах нь эргээд л сэтгэл зүй тогтворгүй болоход нөлөөлдөг.
-Хүмүүс ер нь сошиал хэрэглээгээ зохистой, эсвэл хамааралтай болж эхэлсэн эсэхээ яаж мэдэх вэ?
-Сэтгэл зүйн хувьд, өөртөө хэд хэдэн асуулт тавьж үзэх хэрэгтэй.
Тухайлбал, шалтгаангүйгээр түгшиж эхэлсэн байна уу. Сошиалд орохгүй л бол ганцаараа байгаа юм шиг мэдрэгдэж байна уу. Хэн нэгний үгэнд хэт автаж байна уу. Бусдаас бага ч болов шүүмжлэл ирэхэд “Нээрэн ч тийм юм болов уу” гэж өөрт тухгүй байхад хүртэл өөрчлөх шийдвэр гаргаж байна уу. Юм хийх мотивацгүй болсон байна уу. Тэр нь тодорхой хэмжээнд сошиалд орсны дараа тайвширч ирж байна уу. Эдгээр асуултуудыг өөртөө тавьж үзэх хэрэгтэй.
Бүр ойлгомжтойгоор хэлбэл өөрөө өөртөө төвлөрөх хэрэгтэй.
Мөн тухайн өдрийг төгсгөлд нь нэг дүгнэх арга их дөхөм санагддаг. Өнөөдөр та ямар ажил амжуулав, ямар мэдрэмжтэй уулзалтууд хийв, бодитоор таныг үнэлж эсвэл шүүмжилсэн хүмүүс хэр байв гэх мэт. Ямар мэдрэмж давамгай төрснийг өдрийн төгсгөлд анзаарах нь өөртэйгөө ойр байх, өөрийгөө сонсоход тустай.

-Дээр дурдсан хэрэгцээнүүдээ хүн сошиалаас биш бодит амьдралаас нөхдөг байхын тулд яах вэ?
-Хамгийн гол нь өөрөө өөрийгөө олох шаардлагатай гэж хэлмээр байна.
Сошиалд хэт автаад эхэлсэн бол өөрийгөө түр тусгаарла. Нэг өдөр ууланд гардаг ч юм уу. Байгалийн дуу чимээ хүнийг тайвшруулдаг. Хүмүүс хэн нэгэнтэй цагийг заавал хамт өнгөрөөх ёстой гэж боддог. Үнэндээ хүн өөрөө өөртэйгөө нүүр тулж үзэх илүү чухал байдаг. Танд ямар хүмүүс таалагддаг, таныг ямар хүмүүс тухгүй болгодог вэ гэдгээ анзаарах жишээтэй.
Түүнчлэн ямар ч цаг үеийг харгалзахгүй дуртай хийдэг зүйл, хоббиндоо цаг гаргах дөхөм болно.
Хүний өөрөө өөрийнхөө төлөө хийж чадах гол зүйл нь өөрийгөө таньж мэдэх. Харин сошиалаар дамжин ирж буй мэдрэмж таныг бүтээхгүй, өөрийгөө олоход тань туслахгүй. Эсрэгээрээ өөрийгөө хайрладаг, өөрийнхөө чанаруудыг танин мэддэг байх хэрэгтэй.
Хүмүүс өөрийгөө заавал хэн нэгэнд баталж харуулах гэдэг. Гэтэл ямар нэг талдаа хүн үнэхээр дутагдалтай байж болно, засах боломжгүй байвал яах вэ. Гэтэл түүнийг засахаар, бүр үгүйсгэхээр оролдож эхэлдэг. Улмаар “Үүн дээр бол би боломжгүй юм байна” гэдгээ бодитоор үнэлэхгүй, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байхдаа хий энерги зарцуулж эхэлнэ. Энэ бол бусдад таалагдахаар хийж буй хэрэг. Иймд өөрийнхөө тухтай орчинг бүтээхийн тулд өөртэйгөө л сайн ажилладаг байх хэрэгтэй.
-Мөн сошиалд хүмүүс өөрт тийм ч хамааралгүй, тухайлбал нийгмийн асуудал, сенсац бүрд оролцож, худал үнэн мэдээллийг түгээж, өөрийн байр суурийг шүүлтүүргүй хуваалцах боллоо. Ингэж нийгмийн асуудалд сошиалаар д амжуулан хошуурцгаах нь мөн юуных юм бол. Ямар сөрөг нөлөөтэй бол?
-Манай орон хурдтай хөгжиж буй тул мэдээллийн урсгал их. Товчхондоо стресстэй нийгэм. Харин тэр стрессээ гадагшлуулах ч боломж хомс байгаа.
Зүгээр л тэд агуулгад нь ач холбогдол өгөх бус, доторх бачуурлаа гаргаж байгаа хэрэг. Сэтгэгдлээр хараах нь л нэн тэргүүнд чухал байх жишээтэй. Харин асуудлыг бодит утгаар нь үнэлж дүгнэж байна уу гэвэл үгүй.
Үүнээс гадна, ххүн бүр өөрийгөө тодорхой хэмжээнд асуудалгүй гээд үнэлчихдэг. Гэтэл дотроо эмзэглэл, шарх тээж явж болно. Түүнийгээ эдгээж, чиглүүлж чадаагүй тул сошиалд, өөр хэн нэгэнд адил асуудал тохиолдвол оролцоод эхэлдэг. Таамаг дэвшүүлдэг. Стрессээ гадагшлуулах зорилгоор сэтгэгдэл бичдэг.
Ерөнхийдөө бодит амьдралаас түр сатаарч, бусдын асуудалд оролцвол амар хялбар санагдах жишээтэй. Гэтэл өөрийнх нь асуудал зузаараад л байгаа. Үнэндээ өөрийнхөө асуудлыг тэд хойш тавьсан байдаг.
-Сошиал хэрэглээний асуудлаас болж гэмтсэн хүмүүс практик дээр хэр ажиглагдаж байна?
-Сошиалаас болж гэмтэж буй хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан байх гэж харж байна. Тэд бол төлөвших явцдаа байгаа хүмүүс. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй учраас мэдрэх мэдрэмжүүд нь ихэссэн байдаг. Иймд бас сэтгэл зүйн асуудлыш нь шууд сошиалтай холбож тайлбарлахад учир дутагдалтай л даа. Мэдээж нөлөөлөгч хүчин зүйл нь мөн.
-Хүмүүс сошиалд өөрийгөө зураг, стори, пост зэргээр илэрхийлж байгаа. Гэхдээ ямар нэг дутуу хэрэгцээгээ нөхөх зорилгоор, ухамсаргүйгээр хийсэн тэр үйлдлүүд нь бусдад өөрийнхөө эмзэг, нандин сэтгэл зүйн юм уу хувийн амьдралын асуудлаа дэлгэчихэж байгаа хэрэг биш биз. Бусдад өөрийнхөө сул талыг таамаглах боломж бий болговол?
-Тийм боломж бий юу гэвэл тийм. Сошиалд санамсар, мэдэмсэргүйгээр хэт хувийн амьдралаа илэрхийлээд эхэлбэл бусдад таныг удирдах боломж бий болно. Нэг үгээр, бусдад сэдэл өгнө. “Үүн дээрээ эмзэг юм чинь, ингэж харилцъя” гэх байдлаар гэх үү дээ. Хэн нэгэн таныг гэмтээх, шархлуулах боломжийг бэлдэж өгдөг. Иймд эргэн тойрондоо өөрийн гэсэн цензурүүдийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд мөн л өөрийгөө танин мэдэх шаардлагатай.
Өөрийн гэсэн цензурийн дагуу сошиал хүрээллээ үүсгэвэл арай аюулгүй.
-Эцэст нь, сошиалын зохистой хэрэглээ гэж юуг хэлэх вэ?
-Сошиал дээрх бус бодит амьдрал дээрх харилцаа, мэдрэмжүүдээ үнэлж, дүгнэж, түүгээрээ хэрэгцээгээ нөхөж чадаж байгаа бол зохистой хэлбэрээр ашиглаж байна гэж харах боломжтой.
Өөрөөсөө асуугаарай. Хэзээ та гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөсөн бэ. Эсвэл хамгийн сүүлд хэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан бэ. Мөн хамгийн сүүлд хэзээ баярласан бэ гэх мэт. Мэдрэмжүүдээ өөрөө өөрөөсөө асуух хэрэгтэй л дээ. Өөртөө дуртай зүйлээ хийх боломжийг хэзээ олгосон бэ. Тэдгээрийг хойш тавьсан мөртлөө сошиалд их цагийг зараад байгаа юм биш биз. Хугацаа нь уртсах тусам л та тогтворгүй нөхцөл байдалд байна гэсэн үг. Тэр хэрээр та сошиалаас дутуу хэрэгцээгээ нөхөж, түүнд хамааралтай болох эрсдэл нэмэгдэнэ гэж ойлгож болно.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соши�##�д том багагүй донтсон
Нэг тийм хийсвэр ертөнцөд амьдарсан аагирхсан хүмүүс зөндөө ийм зөвөлгөөг ч сонсохгүй бээдгэнэж байгаа дөө
Утасны араас хашгичсан хүмүүс л дүүрчдээ
Ийм сайн зөвөлгөөг ч тоохгүй х�##�ьт хараад өнгөрнө дөө
Mongolchuud bugdeeree tsaxim medeeleleer ajil amidralaa zalguuldag
Үнэн