Ярилцлага

Уран бүтээлч Д.Отгонбаяр: “Нууцаас нууцад” үзэсгэлэнгээрээ хүүхдүүддээ анхаарахыг уриалсан

Уран бүтээлч Д.Отгонбаярын “Нууцаас нууцад” үзэсгэлэн яг одоо ХААН банкны галерейд дэлгэгдээд буй. Үзэсгэлэн гэхээр бидний дийлэнхэд хананд өлгөөтэй зураг, бүтээлүүд төсөөлөгддөг. Тэгвэл энэ үзэсгэлэн их өвөрмөц аж. Учир нь цэлийсэн танхимын хананд бус шал, тэр дундаа хөрсөнд бүтээлүүд шигтгэгдсэн байх юм. Энд 4-18 насны 150 орчим хүүхдийн өөрийн гараар урласан “эрдэнэс”-ийг нуужээ. Уран бүтээлч маань уг үзэсгэлэнгээ өөрийн хүүхэд насны нандин дурсамжаас сэдэвлэн, одоо бидний ирээдүй болсон хүүхэд багачуудтай хамтран бүтээжээ.

-Манай уншигчдад та өөрийгөө болон үзэсгэлэнгээ товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Дашдоржийн Отгонбаяр гэдэг. Уран бүтээлч, керамик урлагийн зураач. Контемпорари урлагийн олон төрлөөр бүтээлээ туурвидаг. “Нууцаас нууцад” үзэсгэлэнгээ хүүхдүүдтэй хамтран, паблик арт болон өрөг урлагийг хослуулж бүтээсэн.

-Багадаа тоглодог байсан “Нууц” гэх тоглоомоосоо санаа авч уг үзэсгэлэнг хийсэн гэж ярьсан. Та энэ талаараа дэлгэрүүлбэл?

-Хүүхэд насандаа чихрийн цаасыг газарт булаад дээр нь шилний хагархай тавьж, түүнийгээ хайж олдог “Нууц” гэдэг тоглоом тоглодог байсан. Түүнээсээ санаа авч, энэ үзэсгэлэнг хүүхдүүдийн оролцоотой бүтээсэн. Хүүхдүүдэд керамик урлагийн тухай ерөнхий ойлголт өгөх хичээл орж, бүтээл хийлгүүлээд, түүнийг нь дараа нь би шатааж, бүрж бэлэн болгоод энэ үзэсгэлэндээ ашигласан.

-Та “Нууцаас нууцад”үзэсгэлэнгээрээ дамжуулж юу илэрхийлэхийг зорив?

-Энэ үзэсгэлэн маань маш олон зорилготой. Урлагаар дамжуулж хүүхдүүдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх, урлагт ойр байлгах, тэдэнд гоё дурсамж үлдээх зорилгоор үзэсгэлэнгээ хүүхдүүдтэй хамтарч бүтээсэн. 10, 20 жилийн дараа энэ хүүхдүүд керамик урлагийн ойлголттой, өөрсдөө бүтээл хийж үзсэн сайхан туршлага, дурсамжтай байх нь чухал гэж бодсон. Бас хүүхдүүдийнхээ бүтээлээр дамжуулж нэг ч гэсэн эцэг эх энд ирж үзээсэй, урлагийг ойлгож, сонирхдог байгаасай гэж хүссэн.

-Хийсэн бүтээл нь үзэсгэлэнд дэлгэгдсэн байгааг харсан хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Хүүхдүүд энд ирээд бүтээл нь бүрэн боловсорсныг хараад үнэхээр их баярлаж байна. Тэд үзэсгэлэнгийн танхимд орж ирээд өөрийн хийсэн бүтээл, эрдэнэсээ эндээс хайж олох хэрэгтэй. 150 орчим бүтээлээс хүүхэд өөрийнхөө бүтээлийг хайж олоод баярлаж байгаа нь энэ үзэсгэлэнгийн их чухал ач холбогдол юм.

-Хүмүүс үзэсгэлэнг хэр идэвхтэй үзэж, сонирхож, ойлгож байна вэ?

-Үзэгчдээс маш гоё тодорхойлолтууд сонсож байна. Нэг хүн “Газар доорх баялгаас илүү оюун санаа бидний баялаг гэдэг санааг илэрхийлсэн байх” гэж ойлгож буйгаа хэлсэн. Өөр нэг нь “Энд буй хөрс бол эцэг эх, томчууд бид. Харин дотор нь гэрэлтэж буй энэ эрдэнэс бол бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд” гэж ойлгосноо илэрхийлсэн. Хүн болгон л өөр өөрийнхөөрөө ойлгодог. Өнөөдөр нийгэм их бухимдалтай, асуудал их байгаа ч бид бүгдийг нь шууд зөв, сайхан болгоод шийдэж чадахгүй. Үүнд цаг хугацаа их хэрэгтэйг ойлгосон. Тиймээс би хүүхдүүд рүү чиглэх хэрэгтэй юм байна, тэднийг багаас нь урлагаар хүмүүжүүлж, урлагт ойр байлгавал ирээдүйд магадгүй 10, 20 жилийн дараа энэ хүүхдүүд зөв хүмүүс болж төлөвшинө, тэгэхээр нийгэм маань ч өөрөө аяндаа цэвэршинэ гэж бодсон.

-Ярилцсан танд баярлалаа.

Уран бүтээлч Д.Отгонбаяр үзэсгэлэндээ хаягдал материалыг ихэд өвөрмөцөөр ашиглажээ. Мөн эдгээр бүтээлийг хүүхдүүд дараа нь гацуур модныхоо чимэглэл болгон ашиглахаар зориулж бүгдийг нь нүхэлж, бэлдэж өгсөн байна. “Нууцаас нууц” үзэсгэлэн энэ сарын 28-ны өдрийг хүртэл 120 мянгатын ХААН банкны салбарын дэргэдэх галерейд нээлттэй үргэлжлэх юм.

Видео:

Ц.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button