Израил, Хамасын дайны улмаас нас барсан хүмүүсийн тоо 6,900 хүржээ

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэг Израил тосгонууд руу гэнэтийн дайралт хийж 1,400 хүний амь насанд хүрсэн. Үүний хариуд Израил Газын зурвасыг бөмбөгдөн ус, хоол хүнс, түлш оруулахгүй хаалт тавьсан билээ.
Израилын агаарын цохилтын улмаас 6,546 хүн нас барж, 17,400 хүн бэртэж гэмтсэн гэж Палестины албан тушаалтнууд мэдэгджээ. Лхагва гарагийн /2023.10.25/ байдлаар дайны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 6,900 давав.

Газын эрүүл мэндийн яам бэртэж, гэмтсэн өвчтөнүүд асар их байгаа тул эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэж мэдэгджээ. Израилын бүслэлтийн улмаас тус бүс рүү түлш огт орохгүй байгаа учир эмнэлгүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болохдоо тулаад байгаа юм.
Мөн Палестины албан тушаалтнууд зэвсэгт мөргөлдөөний улмаас 73 эмнэлгийн ажилтан амь үрэгдэж, эмнэлгийн 57 байгууллагад хохирол учирсан гэж мэдээлжээ. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху лхагва гарагт /2023.10.25/ мэдэгдэл хийхдээ “Бид хуурай газраар довтолгоо хийхэд бэлтгэж байгаа. Гэхдээ би хэзээ, хэрхэн, хэр их хүчээр довтлох тал дээр нарийн мэдээлэл өгөхгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Washington Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.