Арван аймгийн нутгаар цасаар шуурч, хүйтний эрч эрс чангарлаа

Булган, Сэлэнгэ, Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч байна.
Өнөө шөнө буюу арваннэгдүгээр сарын 22-ний шөнө Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.
Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7...-12 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэрхээр байна.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.