Хойд Солонгос тойрог замд тагнуулын хиймэл дагуулаа амжилттай байршууллаа

БНАСАУ даваа гарагт /2023.11.20/ арван хоёрдугаар сар гарахаас өмнө анхны хиймэл дагуулаа хөөргөнө гэж мэдэгдсэн. Тэгвэл Хойд Солонгосын “KCNA” телевиз тагнуулын хиймэл дагуулыг тээвэрлэсэн пуужин амжилттай хөөрч, тойрог замд байршсан гэж өнөөдөр мэдээлжээ.
Пёнян хиймэл дагуул хөөргөснөө батлан хамгаалахын хүчин чадлаа бэхжүүлэх хууль ёсны эрх гэж хамгаалсан юм. Тойрог замд хиймэл дагуул байршуулснаар улсынх нь дайснууд аюултай цэргийн үйлдэл гаргаж байгаа үед дайны бэлэн байдалд том ахиц гаргана гэж “KCNA” мэдээлсэн юм.

Маллигён-1 нэртэй тус хиймэл дагуулыг Чоллима-1 пуужин тээвэрлэжээ. Хөөргөлт мягмар гарагийн орой эхэлж 22:54 минутад Маллигён хиймэл дагуул тойрог замд нэвтэрсэн байна. Хойд Солонгос өмнө нь хиймэл дагуул байршуулах хоёр оролдлого хийгээд бүтэлгүйтсэн билээ.
Тус улсын удирдагч Ким Жон Ун пуужингийн хөөрөх явцыг харж, эрдэмтэд техникчид гэх мэт төсөлд оролцсон бүх хүмүүст баяр хүргэсэн байна. Пёнян дэлхийн тойрог замд удахгүй нэмж хиймэл дагуул байршуулна гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.