Сэрэмжлүүлэг: Хүйтний эрч ихэнх нутгаар 33-49 хэм хүрч, цасан шуурга шуурна
ОБЕГ болон ЦУОШГ-аас манай улсад орж ирж буй Сибирийн агаарын хүйтэн урсгалаас үүдэж, ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурах талаар иргэд, малчид, тээвэрчдэд анхааруулсаар байгаа.
ЦУОШГ-аас мэдээлснээр ойрын тав хоногийн цаг агаарын төлөв байдал нь,
- 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- 17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 19-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи,
- 17-нд Алтайн салбар уулсаар,
- 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор,
- 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -33...-38 градус,
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус,
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 градус хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.