Б.Сайханбилэг: Бид сошиал хөгжсөн үед жүжигчин болсон нь азтай хэрэг

Сошиал орчинд хөгжилтэй контентуудаараа хэдийн танигдсан “MEDQ” медиа агентлагийн “Зүүдний кафе” уран сайхны кино яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч буй. Тиймээс шинэхэн уран бүтээлийнх нь талаар болон “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” зэрэг зохиолоос санаа авсан гэх шүүмжлэл олны дунд тархаад байгаатай холбоотойгоор гол дүрийн жүжигчид болох Б.Сайханбилэг, Г.Анар нартай ярилцлаа.
-Өөрсдийгөө танилцуулахаас яриагаа эхэлье?
-Б.С: Намайг Б.Сайханбилэг гэдэг. Дорнод аймгийн Халхгол суманд төрж өссөн. 2019 онд СУИС-ийн театрын жүжигчний ангийг төгссөн. Төгсөөд анх Эмоци продакшнд нэг жил ажиллаж байгаад дараа нь YZ энтертайнментад зураглаач, найруулагч, жүжигчнээр ажиллаж байсан. MEDQ агентлагаа үүсгэн байгуулаад хоёр жил болж байна.

-Г.А: Намайг Ганбаатарын Анар гэдэг. Уугуул хотынх. 2016 онд СУИС-ийг Хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгсөөд төрийн албанд ажиллаж байгаад хоёр жилийн өмнө Сайханаатайгаа таараад урлагаараа ажиллаад явж байна.

-Яагаад урлагийн хүн тэр дундаа жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Б.С: Урлагт багаасаа хайртай хүүхэд байсан. Хүүхэд байхад аав маань Халх голын Сүмбэр суманд хальсаар кино гаргадаг байсан тул манай гэрээр дүүрэн киноны хальс байдаг байсан. Тэгээд л цаанаасаа кинонд дуртай болчихсон байх. Бас ангийн багш маань их нөлөөлсөн байх. 10 жилдээ би ангийн дарга байсан. Тэгээд тэрнээсээ залхаад багшдаа ангийн дарга байхаа болимоор байна гэдгээ хэлтэл багш маань “Ангийн дарга байхаа болих юм бол бүжгийн дугуйланд яв” гэж хэлсэн. Бүжгийн дугуйланд явж эхэлснээс хойш тайзан дээр гарах, урлагийн мэдрэмж гэж гоё зүйл байдаг юм байна гэдгийг анх ойлгосон. Тэгээд л СУИС-д жүжигчнээр шалгалт өгөөд тэнцсэн. Жүжигчин мэргэжилд яг дурлуулсан хүн бол ангийн багш Лхамхүү багш маань.
-Г.А: Би уул нь зургийн ур дүйтэй, тэрэндээ ч их сонирхолтой тул барилгын инженер болъё гэж бодож байсан. Гэхдээ яг конкурс өгөхөөр бэлдэж байхдаа гэнэт л жүжигчин болдог ч юм билүү гэж бодогдсон.

-Агентлагийнхаа нэрийг яагаад “MEDQ” гэж өгсөн бэ?
-Г.А: Бид хоёрыг Мэдэхгүй-гийн хоёр уу гэж их асуудаг. Байгууллагын маань нэр бол Мэдэхгүй биш MEDQ. Манайх медиа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээндээ юу ч хийж магадгүй гэдэг утгаараа асуултын тэмдэгтэй. Q үсэг нь болохоор Quality буюу англиар чанар гэх үгийн товчлол. Өөрөөр хэлбэл юу ч хийж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь хийсэн зүйл маань чанартай байх гэдэг утгаар MEDQ гэх нэрийг өгсөн. Дээрээс нь хүнд хэлэхэд амар. Бас мэдэхгүй гэдэг чинь өөрөө мянган үгний таглаа.
-Нийт хэдүүлээ ажилладаг вэ? Бусад ижил төрлийн контент үйлдвэрлэгч залуусаас юугаараа онцлог вэ?
-Б.С: Бид нар тавуулаа ажилладаг. Бүгд тус тусдаа ажлаа хуваарилаад авчихсан. Манай зорилго бол хамгийн богино хугацаанд хамгийн чанартай рекламыг хийх. Манайх бол цэвэр пи-ар, маркетингийн сошиал суваг. Гэхдээ шаардлагатай үедээ нийгэм рүү чиглэсэн, дугарахыг хүссэн зүйлээ дугарсан контент ч хийдэг.
-Нэг байгууллагын рекламыг дунджаар хэдий хугацаанд хийдэг вэ?
-Б.С: Ерөнхийдөө манайхтай ихэнх байгууллагууд хамтарч ажилладаг. Долоо хоногт багаар бодоход гурван контент хийхийг зорьдог. Ачаалал ихтэй үед бол долоо хоногийн долоон өдөр ч контенттой байх үе бий. Видео бол зохиолтойгоо нийлээд 4-5 хоногт бүтдэг.
-“Зүүдний кафе” бүрэн хэмжээний уран сайхны кино нь өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Хүмүүсийн дунд “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” зохиолоос санаа авсан гэх яриа гараад байгаа. Киноныхоо тухай товчхон танилцуулбал?
-Г.А: Кино театрын дэлгэцээр гарч байгаа анхны кино маань болж байгаа. Романтик, фантастик төрлийн кино. Зохиол нь жилийн өмнөөс бичигдэж эхэлсэн. Кафе гэдэг үг орчихсон болохоор хүмүүс тэгж ойлгоод байх шиг байна. Гэхдээ тэр зохиолуудаас санаа авсан зүйл огт байхгүй. Энэ киног бүтээхэд хэд хэдэн газартай хамтарч ажилласан. Гэхдээ дийлэнх санхүүжилтээ өөрсдөө компанийнхаа зардлаар гаргасан.

-Бодит амьдрал дээр та хоёрыг жинхнээсээ хосууд гэж боддог хүмүүс байдаг байх.
-Б.С: Бид хоёр Ундармаа эгчид “Хүмүүс яагаад Бооёо ах та хоёрыг эхнэр, нөхөр гэж боддог байсныг ойлгож эхэлж байна” гээд хэлж байсан. Бид хоёрыг гадуур явахаар хүмүүс эхнэр, нөхөр гэж бодно. Ямар нэг газар ярилцлага өгөх гээд ч юм уу нэвтрүүлэгт орохоор, эсвэл хүмүүстэй уулзахаар очвол эхнэр чинь, нөхөр чинь яасан юм гэж асуудаг. Хоёр өөр газраас очвол тусдаа хоносон юм уу гэж асуух хөгжилтэй тохиолдлууд зөндөө байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр бид хоёр хоёулаа тусдаа хувийн амьдралтай, зүгээр л сайхан найзууд.
-Г.А: Би бол нөхөртэй, хүүхэдтэй. Ханьтайгаа найман жилийн өмнө суусан. Охин маань сургуульд орчихсон.
-Г.Анарын хувьд жүжигчний мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ хэсэг ажиллаагүй, төрийн албанд ажиллаж байсан гэлээ. Шалтгаан нь юу вэ, мэргэжлээрээ ажиллахаас шантарч байсан уу?
-Г.А: Жилд 1000 гаруй хүн жүжигчнээр төгсөж байгаа. Гэтэл манайд ажлын байр нь Драмын театр эсвэл кино продакшнууд. Миний хувьд төгсөөд харьцангуй эрт хүнтэй суугаад хүүхэдтэй болсон. Нялх хүүхэдтэй байхдаа ачаалалтай ажиллахыг хүсээгүй тул Драмын багш хийсэн. Тэгээд цаашид урлагаар явж чадахгүй бол хийж сурсан зүйлтэй байх ёстой гэж эрсдэлээ бодоод төрийн албанд ажиллаж бичиг цаас, орчуулгын ажлын нэлээн дөртэй болсон. Тэрнээс яг мэргэжлээсээ шантарсан зүйл бол байхгүй.
-Сайханаагийн хувьд төгсөөд анх Эмоци продакшнд ажилд орсон гэсэн. Дараа нь өөртэйгөө нэг үеийн залуустай YZ энтертайнментад ажиллаж байсан. Ялгаа нь юу байсан бэ?
-Б.С: Дөрөвдүгээр курсээ төгсөхийн алдад залуучуудын сэтгэл хөөрөл их өндөр байдаг. Тэр үед бинайзуудтайгаа нийлээд нэг продакшн байгуулаад кино хийж IPTV-ээр гаргаж үзсэн. Тэгээд тэр маань бүтэлгүйтээд хэцүү гэдгийг нь ойлгоод сэтгэл хөөрлөө дараад дахиад суралцах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд Тэмка ахтай холбогдоод ангийнхаа хоёр охинтой цуг Эмоци продакшнд очиж бүтэн жил ажиллахдаа маш их зүйлийг сураад гарсан. Бид гурвыг маш сайн дэмжиж, ойлгож тусалсанд нь их баярладаг. Бас сошиал гэдэг зүйл хөгжсөнд би маш их баярладаг. Хэрэв сошиал хөгжөөгүй байсан бол одоо туулснаа хоёр дахин нэмж туулах байсан байх. Тиймээс бид сошиал хөгжсөн энэ үед жүжигчин болсон нь маш азтай хэрэг. Гэхдээ нөгөө талаар бас их аймар зүйл гэдгийг саяхан болсон Parasite киноны гол дүрийн эрэгтэй жүжигчний амиа хорлолтоос ойлгож байна.

-Хүн бүрд л сэтгэлээр унах, хийж байгаа бүх зүйлээ түр орхиод завсарлага авмаар санагдах үе байдаг. Тийм үедээ юу хийж тайвширдаг вэ?
-Г.А: Сайханаа бол миний аварга том чих. Бүх л болж бүтэхгүй байгаа зүйлээ гадуур ажлаа амжуулах гээд машинд явж байхдаа Сайханаад хэлчихдэг. Тэгээд бүгдийг нь ярьчихаар дотор онгойгоод сайхан болчихдог. Би нэг тийм ярьж дундардаг хүн. Асгарчих гээд байвал яриад гаргачихдаг. Нэг талд найз маань, нөгөө талд хань маань сонсож өгдөг. Сайханааг бол үнэхээр мэдэхгүй байна. Надад хэзээ ч гоншигнож, зовлонгоо тоочиж байгаагүй. Би тэгээд ганцаараа уйлаад л сууж байдаг байх гэж боддог. /Инээв/
-Б.С: Би эрч хүчээрээ гаргачихдаг. Ажил руугаа орохдоо дуу аялаад л ороод очдог. Ажлаараа дамжуулж стрессээ гаргадаг гэх юм уу. Би багаасаа эрх өссөн. 2015 оноос л ганцаараа бие дааж амьдарч эхэлсэн. Тэгээд ганцаараа байгаа хүн чинь стресстэхэрээ гэрээ цэвэрлээд эхэлдэг юм билээ. Бас экстрим юм ч юм уу ямар нэг шинэ зүйл туршиж стрессээ тайлдаг. Ганцаараа суугаад эмороод уйлах ч үе бий.

-Хамгийн их үлгэр жишээ авдаг жүжигчин, сэтгэлд хамгийн гүн хоногшсон кино юу вэ?
-Г.А: Оюутан байх үеэсээ л шүтэн биширч эхэлсэн жүжигчин маань бол Anne Hathaway. Тоглосон жүжиг, кино болгон нь зүрх рүү орж, хүрч чаддаг. Тэр хүний дайтай болж чадахгүй байсан ч болохыг хичээж амьдарна гэж боддог. Сэтгэлд хоногшсон кино бол зөндөө бий. Хамгийн сүүлд үзсэн нь гэвэл “One day”.
-Б.С: Миний хувьд бол бүх цаг үеийн хамгийн дуртай жүжигчин маань Leonardo DiCaprio. Бүх киног нь үзсэн. Бүх дүрд нь хайртай. Сэтгэлд хамгийн хоногшсон кино гэж сонгож хэлэх хэцүү байна. Хамгийн сүүлд үзсэнээрээ “Killers of the flower moon” киног нь нэрлэе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. Энэ 2 ёстой хөөрхөн. Хамтран тоглолт нь бие биенээ харилцан ямар сайн ойлгодогийнхоо улмаас тоглолтынх нь харьцаа ч харилцаа ч, өгөө аваа нь ч өгөөжтэй шимтэй нүнжигтэй санагддаг. Үзэх тун дуртай. Ер нь л, ютб-ээр цацагдсан юу л байна,0 бүгдийг нь үздэг, ХӨӨРХӨН 2. Байгууллагынх нь ҮЛДСЭН ЖҮЖИГЧИД НЬ ГЭСЭН ХӨӨРХНҮҮД. Сэтгүүлч Ц. Энхжарг�##�аа, баярл�##�аа.
Ийм кино байдаг юмуу? Бас ийм жүжигчид байдаг байсан юмуу? хахахаха
Энэ хоёр цэцгийн тухай реклам хийж Анар нь суугаад жил болж бна гэхээр нь эхнэр, нөхөр 2 юм байна гэж бодсон. Сайханбилэг хүү нь их хөөрхөн хүү тул стрессээ тайлахдаа гэрээ цэвэрлэдэг гэхээр эмээтэйгээ адилхан юм байна. Энэ хоёр хүүхдүүддээ ажилд нь АМЖИЛТ хүсэж эрүүл энх, аз жарг�##�, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.