Top StoriesНийгэм ярилцлага

ШУГЗ, цөмийн физикч П.Зузаан: Хүүхдүүдээ өмсөж, зүүхээр хоцроох вий гэж шаналах ч мэргэжилдээ үнэнч зүтгэсээр ирсэн

Боловсрол, шинжлэх ухааны салбарт амьдралынхаа 56 жилийг зарцуулж, 80 насныхаа босгон дээр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан нэгэн эрхэм хүнтэй нэлээд урт ярилцлаа. Тэр бол Физик, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улс болон ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-ийн цөмийн шинжлэх ухааны бүтээлийн тэргүүн байрын шагналт, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, цөмийн физикч П.Зузаан юм.

-Юуны өмнө танд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа, танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн шагналыг 80 насныхаа босгон дээр төрөөсөө хүртсэндээ сэтгэл их өндөр байна. Юуны өмнө МУИС, Цөмийн физикийн судалгааны төвийн хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Миний хийдэг судалгааны ажил бол багаар гүйцэтгэдэг онцлогтой. Энэ шагнал миний боловсрол, шинжлэх ухааны салбарт 56 жилээ зориулсан хүч хөдөлмөрийн үнэлэмж, судалгаа шинжилгээний ажлын үр дүн гэж ойлгож байна. Хань ижил, үр хүүхэд, шавь нар, анд нөхөд, ах дүү олон маань надтай зэрэгцэн баярлаж, баярын халуун үгс ар араасаа дуулаад ерөөлтэй сайхан байна.

-Шинжлэх ухаан өөрөө хаанаас нь ч хөвөрдсөн дуусашгүй, сонирхолтой-

-Хоёулаа таны хүүхэд ахуй үе, бага нас, аав ээжийн тань талаар яриагаа үргэлжлүүлье. Та хаана төрж өссөн бэ? Багадаа ер нь ямар хүүхэд байв?

-Би хуучнаар бол Засагт Хан аймаг, одоогийн Увс аймгийн Завхан сумын нутаг “Цагаан түнгэ”-ийн Дэрст хэмээх газар мичин жилийн зуны дунд сард С.Пүрэв гэж айлын 3 дахь хүү болж мэндэлсэн гэдэг. Аав минь залуудаа баруун хязгаарт цэргийн албанд мордсон юм гэнэ лээ. Цэрэгт байхдаа мэдээллийг морзоор дамжуулдаг холбоочин байсан. Дараахан нь сумын дарга, нарийн бичгийн дарга, агент зэрэг ажил хийж байгаад 1959 онд нэгдэлд орсон, хуучин ба шинэ монгол, төвд бичигтэй хүн байсан даа. Миний ээж эгэл малчин, зургаан хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн алдарт эх хүн байсан. Миний бага нас тухайн үеийн хүүхдүүдийн л нэгэн адил өнгөрч дээ. Малчны хотонд л ихэнх цагийг өнгөрүүлж байж. Хурга, ишиг хариулах, хонь ямаа холбож саалгах, арай том болоод адуу, тэмээ малд явах, мөн суль, сульхир их гарсан жил түүж боловсруулах зэргээр аав ээжийн ажилд тусалж гүйнэ. Бие жижигтэй байсан болохоор 6-17 нас хүртлээ хурдан морь унасан. Морь унах дуртай ч байлаа.

-Малчин хүүхэд хэрхэн цөмийн физикч болов. Тухайн үед нийгэм цаг үеийн шаардлагаас хамаарч түгээмэл мэргэжлүүд л зонхилж байсан болов уу. Мэргэжлээ сонгоход тань юу нөлөөлөв?

-Яг ч физикч болно гэсэн бодол мөрөөдөл огт толгойд байсангүй. Хөдөө 10 жилийн сурагч байхдаа математик, физиктээ онц сурдаг байсан минь магадгүй жаахан дөр байгааг мэдрүүлсэн байх. 10 жилээ төгсөхөд анх надад ЗХУ-ын Алсын холбооны дээд сургуульд хуваарь таарсан боловч би татгалзаж МУИС-д хуваарилагдсан. Юм гэдэг цаанаасаа цаг тохиол нь бүрдээд л болчихдог юм болов уу даа. 1967 онд МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн юм. Яахав, оюутан байхдаа профессор Батсуурийн удирдлагаар хатуу биеийн физикийн чиглэлийн судалгаа хийж байсан маань миний сонирхлыг ихэд татсан. Хүн нэг зүйлийн үзүүрээс атгахаараа цаадах учрыг нь таньж мэдэхийг хүсдэг шиг шинжлэх ухаан өөрөө хаанаас нь ч хөвөрдсөн дуусашгүй, сонирхолтой шүү дээ.

Үргэлжлүүлэн судалгаа хийх хүсэлтэйгээ багшдаа хэлэхэд багш маань намайг дэмжсэн боловч ДТДТМБУХ хүсэлтийг минь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эхлээд ПТДС-д физикийн багшаар хуваарилсан байснаа дараа нь Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд физикийн багшаар томилсон. Залуу хүнд туршлага багадна гэж байхгүй. Ингээд жил гаруй ажилласны дараагаар эргэж ирээд Чүлтэм багшийн санал болгосноор МУИС-ийн Цөмийн шинжилгээний лабораторид (ЦШЛ) техник-оператороор ажиллаж эхэлсэн. Яг өөрөө сонгосон мэргэжил биш болохоор цөмийн физикч болсон маань хувь тавилан байсан шиг санагддаг.  

-Угтаа та хатуу биеийн физикийн судлаач болох хүсэлтэй байсан ч бүтээгүй нь таны цөмийн физикийн чиглэлийн судлаач болох, олон үйл хэргийн эзэн болох эхлэлийг тавьжээ дээ. Та өөрийн ажлын намтрыг товч дурдвал?

-Эргээд харахад энэ олон жилийн намтар гэдэг өөрөө их баялаг юм болдог аж. Хаанаас нь эхлээд, хаана дуусгахаа ч бас мэдэхгүй юм. Товчхондоо бол МУИС-ийн ЦШЛ-д хоёр жил ажилласны дараагаар надад ОХУ-ын Дубна хот дахь олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд (ЦШНИ)-д багаж тоног төхөөрөмж зохион бүтээх завшаан тохиож билээ. Ингээд 1970 онд дөнгөж төгссөн дөрвөн оюутан Г.Хүүхэнхүү, Л.Дашзэвэг, И.Чадраабал, Ж.Ганзориг нартай хамт ЦШНИ-д томилогдон очоод МУИС-д зориулж, 2,5 тонн жинтэй соронзон бүхий бета-спектрометр, Германий-Литий детектортой 4096 сувагт гамма-спектрометр зэргийг хоёр жилийн хугацаанд зохион бүтээж, МУИС-д авчран суурилуулан ашиглалтад оруулсан нь манай улсад цөмийн физикийн суурь судалгаа хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан байх аа гэж бодож байна. Энэ миний анхны гадаад томилолт байсан. Тэр үед шижигнэсэн оюутан залуус явж байсан бол өдгөө бүгд салбартаа үнэнчээр ажиллаж, үнэлэгдэж яваа ахмадууд болжээ. Миний хувьд энэхүү ажилд бета-спектрометрийн электроникийн хэсгийг гардан хийчхээд ирсэн. Дараа нь ОУАЭА-ийн техник хамтын ажиллагааны шугамаар ирэх рентген-флоуресценцийн шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, судалгаа шинжилгээний лабораторийг нөхдийн хамт байгуулж, түүний тоног төхөөрөмжийг байнга боловсронгуй болгон сайжруулж эрдэм шинжилгээ, сургалтад тогтмол ашиглах нөхцөлийг буюу холбогдох шаардлагатай эд ангиудыг зохион бүтээж бүрдүүлж байсан нь өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээ, сургалтын ажилд тогтмол ашиглагдан үр дүнгээ өгч байна.  

Миний ЦШНИ-д ажиллах  хоёр дахь томилолт 1991 онд тохиосон юм. Тэр үед би 40 нас гарчихсан, эхнэр зургаан хүүхэдтэй болсон байсан. Том маань монголдоо сурахаар үлдэж, эхнэр таван хүүхдийн хамт хүний газар эрдмийн мөр хөөн явж байлаа. Бас их зоригтой байж. Энэ удаад цөмийн бүтцийг  лазерын цацраг ашиглан судлах зэрэг туршлагын цөмийн физикийн суурь судалгааны ажил гүйцэтгэсэн. Тодруулбал, фото-цөмийн урвалаар үүссэн хэд хэдэн цөмийн өндөр спинтэй изомер төлөвийг цочроох, цочролоос гаргах механизмыг тайлбарлаж, задралын шинэ схемийг санал болгож, арав гаруй изотопын изомер харьцаа, нийлбэр огтлол тодорхойлсон. Мөн “Цөмийн урвалаар үүссэн цацраг идэвхт цөмийг хийн аргаар алсад зөөх төхөөрөмж”, “Цацраг идэвхт изотоп ялгахад зориулсан төхөөрөмж” зэрэг дөрвөн төрлийн багаж зохион бүтээлцэж, тэдгээрийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлж, физик туршилтад хэрэглэж олон чухал үр дүн гаргаж авсан байна. Миний зохион бүтээлцсэн цөмийн урвалаар үүссэн цацраг идэвхт цөмийг хийн аргаар алсад зөөх төхөөрөмжийг БНХАУ-ын Ланжоугийн Цөмийн физикийн институт, ЦШНИ-ийн хамтарсан туршилтад хэрэглэсэн. Гол нь бид гаднын улсаас туршлага, мэдлэг хуримтлуулах эргээд түүнийгээ эх орондоо нутагшуулж, энэ нарийн төвөгтэй ойлголтуудыг эмхэлж залуу үедээ хүргэх үүрэгтэй юм шүү дээ. Түүнээс Зузаан тэнд очиж ажиллаад мундаг болохдоо биш. Яагаад гэхээр шинжлэх ухааны ололт амжилт, алдаа оноо болгон нэг хүний оролцож буй цаг хугацаагаар баяжиж, тэлж байдаг.

-Хань минь хүүхдүүдээ сургах, өсгөх хамгийн нарийн ажлыг чамбай хариуцаж байсанд нь их баярлаж явдаг-

-Тухайн цаг үед нийгэм эдийн засаг тун адармаатай байсан үе. Олон ч эрдэмтэн, олон ч урлаг соёлынхон ер нь салбар болгоноос л хүмүүс наймааны мөр хөөж байсан гэж ярьдаг. Та тэр үеийг хэрхэн даван туулж байв?

-Бусдын л жишгээр наймаанд хөл тавьж үзсэн. Ажлын тав хоногтоо эрдмийн ажлаа хийнэ. Амралтын хоёр өдрөөр нь зүгээр суухгүй наймаа хийх гэж оролддог байлаа. Яахав нэг их ч шалиагүй ээ. Эрдмийн ажлаа болон томилогдож очсон үндсэн зорилгоосоо хазайж болохгүй юм чинь. Харин хүүхдүүдээ идэж уух, өмсөж зүүх, сурах нөхцөлөөр нь дутааж хоцроох вий гэж дотроо их шаналдаг байлаа. Хань минь хүүхдүүдээ сургах, өсгөх хамгийн нарийн ажлыг чамбай хариуцаж байсанд нь л их баярлаж явдаг даа.

-Дубна дахь ажлын зорилгоо биелүүлээд буцаад хэзээ монголдоо ирсэн бэ?

 -1995 онд Монгол руугаа буцаж ирээд тэр үеэс л МУИС-ийн ЦШЛ-д өнөөдрийг хүртэл ажиллажээ. Цөмийн шинжилгээний лабораторийг 1997 оны 03-р сард засгийн газрын тогтоолоор Цөмийн физикийн судалгааны төв болгон өргөтгөсөн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд техник-оператороос эхлээд захирал хүртэл боломжит бүх албан тушаалыг хашсан байна. Одоо бол залуучууддаа тусалж, туршлагаа өвлүүлэх маягаар зөвлөн ажиллаж байна.

-Миний хамгийн том амжилт гэвэл олон зуун шавь нар минь-

-Боловсрол, шинжлэх ухааны салбарт амьдралынхаа 56 жилийг зарцуулна гэдэг маш урт хугацаа. Эргээд бодоход таны хамгийн том ололт, амжилт юу байв?

-Судалгаа шинжилгээний ажлын зэрэгцээгээр мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудад физик болон нарийн мэргэжлийн хичээлүүдийг зааж, курс дипломын ажлуудыг нь удирдан багшилж ирсэн. Тиймээс миний хамгийн том амжилт гэвэл олон зуун шавь нар минь гэж бодож байна.

Тэд нар маань ажиллаж байгаа салбар бүртээ хувь нэмрээ оруулцгааж явна. Өөр нэгэн гол ололтын нэг гэвэл рентген-флоуресценцийн судалгаа шинжилгээний чиглэлийг эх орондоо үүсгэн хөгжүүлж нутагшуулсан явдал гэж бодож байна. Энэ чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд бэлдэж, рентген-флоуресценцийн арга технологийг үйлдвэрлэлийн процессыг хянах, орд газрын нөөцийг тогтоох зэрэг бодисын элементийн найрлагыг тогтооход хэрэглэх олон арга зүйг боловсруулж хэрэглэсэн юм.

Тухайлбал, Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн технологийн процессыг удирддаг рентген спектрийн лабораторийн арга зүйг боловсронгуй болгон сайжруулсан. Мушгиа худгийн ховор шорооны орд газрын нөөцийг тогтоох болон нүүрсний үнслэг тодорхойлох багаж зохион бүтээлцэж, нүүрсний илчлэг тодорхойлох арга зүйг боловсруулж үйлдвэрлэлийн практикт нэвтрүүлсэн зэрэг ажлуудыг дурдаж болох юм.

-Та олон зуун шавь нараараа бахархдаг гэлээ. Ингэхэд Монгол улс анх хэзээнээс цөмийн физикч, цөмийн физикийн чиглэлээр мэргэжилтэн бэлдэж эхэлсэн юм бол? Монгол цөмийн физикчид өнөөдөр хаана хаана ажиллаж байгаа вэ?

-ОХУ-ын Дубна хот дахь олон улсын ЦШНИ 1956 онд байгуулагдаж, Монгол улс анхдагч гишүүн улсуудын нэг нь болсноор Монгол улсад цөмийн физикийн салбар шинжлэх ухаан хөгжих суурь нь тавигдсан гэж хэлж болно. Ингээд харахаар бүүр 66 жилийн өмнөөс яригдах түүхтэй байгаа биз.

ЦШНИ байгуулагдсан цагаас хойш Монгол улс хамтын ажиллагааны хүрээнд тогтмол судлаачдаа илгээж олон улсын тэргүүлэх чиглэлийн судалгаа шинжилгээнүүдэд оролцож байсан бөгөөд зөвхөн цөмийн физик гэлтгүй маш олон салбар шинжлэх ухаан Монголд хөгжих суурь нь болсон. Тус ЦШНИ-г байгуулах гэрээнд Монгол улсыг төлөөлж академич Н.Содном оролцсон бөгөөд Монгол улсад цөмийн физикийн салбар шинжлэх ухааныг үүсгэж хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн.

1965 онд МУИС Цөмийн физикийн шинжилгээний групп байгуулж, тус физикийн ангиас цөөн тооны оюутныг сонгон авч цөмийн физикээр мэргэшүүлж эхэлснээр дотооддоо цөмийн физикчдийг бэлдэх эхлэл тавигдсан. Дараа нь 1997 онд миний санаачилгаар цөмийн технологийн анги нээж, цөмийн физик болон цөмийн технологиор мэргэжилтэн бэлдэхийг дэлгэрүүлсэн.

Манай төгсөгчид мэргэжлийнхээ  дагуу геологи, анагаах ухаан, барилга зам тээвэр, гааль хяналт, хүнс хөдөө аж ахуй, мөн мэдээж суурь шинжлэх ухааны судалгааны чиглэлээр дотоод, гадаадад амжилттай ажиллацгааж байна. Цөмийн физикч гэхээр хүмүүс дийлэнхдээ их хумигдмал, тодорхой хүрээний л мэргэжил гэж хараад байдаг ч үнэндээ бидний өдөр тутмын амьдралын олон салбарт үүрэг оролцоо нь байж л байдаг.

-Цөмийн физикийн шинжлэх ухааны ололт амжилт, технологийг хэрэглэдэггүй салбар гэж бараг байхгүй-

-Цөмийн физик гэхээр бидний дийлэнхэд их хол санагддаг гэдэгтэй санал нийлж байна. Тэгэхээр байгалийн шинжлэх ухаан дотроос цөмийн физик яг юуг судалдаг талаар та бидэнд ерөнхий ойлголт өгөөч. Манай улсад цөмийн физикийн салбар хэр хөгжиж байгаа вэ?

-Энэ их сайхан асуулт байна. Өнөөдөр бидний ярилцлагыг уншиж буй өсвөр насны хүүхдүүд ч цөмийн физикч мэргэжлийн талаар дуулаад, энэ мэргэжлийг судлахыг хүсэх байх. Хүсээсэй. Маш товчхондоо гэвэл атомын цөмийн шинж чанарыг судалдаг салбар шинжлэх ухаан юм. Өнөө цагт бид цөмийн шинж чанарыг олон янзаар амьдралд хэрэглэж чадсан байна.

Анагаах ухаанд гэхэд томограф болон рентген зураг гаргах, цацраг идэвхт изотопын тусламжтайгаар хорт хавдрын эмчилгээг хийдэг. Мөн цөмийн цацрагийн тусламжтайгаар материалын чанарыг судлах, шалгах зорилгоор ашиглаж болдог. Энэхүү аргыг суурь судалгаанаас эхлүүлээд барилгын салбарт хананы зузаан, бат бөх болон нягтыг шалгах байдлаар ашигладаг.

Байгаль орчны мониторинг хийхэд хамгийн тохиромжтой аргуудын нэгээр цөмийн технологи ашиглах ордог. Археологи, геологийн олдворуудын насыг тодорхойлохоос гадна, бүтцийн судалгаа хийхэд мөн цөмийн технологи ашиглаж болдог. Сансар огторгуй судлах суурь судалгаанд цөмийн бүтцийн шинж чанарын судалгаа түлхэц болдгоос гадна цөмийн хөдөлгүүрт пуужингуудыг ашиглах талаар судалж байгаа. Мэдээж хүн болгоны мэдэх эрчим хүч болон зэвсэгт ашиглаж байна.

Өөрөөр хэлбэл чамд харагдаж буй, баригдаж буй бүхнийг болон нүдэнд үл харагдах атомыг ч хүртэл судлах тухай юм. Цөмийн физикийн технологийг ашиглаж байгаа дэлхий дээрх  бараг бүхий л салбарт нь монголын судлаач мэргэжилтнүүд ажиллаж байна. Нэг жишээ л гэхэд, бидний мэдэх НАСА-д манай төгсөгчдийн нэг Баярбадрах гэж залуу цөмийн хөдөлгүүрээр ажиллах сансрын хөлгийн төсөл дээр судлаачаар ажилладаг.

Дубнад цөмийн бүтцийн шинж чанарын судалгаа, материалын судалгаан дээр, мөн цөмийн судалгааны реактор дээр хүртэл монгол судлаач нар ажиллаж байна. Дотооддоо ч мөн олон арван судлаачдаас гадна хэрэглээний цөмийн физикийн чиглэлээр маш олон мэргэжилтнүүд түрүүн дурдсан бүхий л салбарт тархан ажиллаж байгаа. Ялангуяа уул уурхайд цацрагийн мэргэжилтнүүд хангамж бололцоо сайтайгаар ажиллацгаадаг. Ерөнхийдөө цөмийн физикийн шинжлэх ухааны ололт амжилт технологийг хэрэглэдэггүй салбар гэж үнэндээ бараг байхгүй.

-Монгол эрдэмтэн, инженерүүд цөмийн физикийн чиглэлээр олон улсын нэр хүндтэй байгууллагуудад ажилладаг тухай та сая ярилаа. Тэд эх орондоо эргэж ирээд ажиллах нөхцөл хэр байгаа вэ?

-Онолын болон тооцоолон бодох ажлыг бол хаанаас ч хийж болно. Харин туршилтын ажлын хувьд зөвхөн Монгол улс гэлтгүй олон орон хөрөнгө төсвөө хэмнэж хамтын ажлын хүрээнд хийдэг. Учир нь томоохон тусгай чиглэлийн лаборатори, байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг нь асар их зардал, нүсэр бүтээн байгуулалт болдог учраас олон улсын хамтын байгууллагын зарчмаар явах нь илүү тохиромжтой байх жишээтэй.

Манай улсын хувьд олон улсын тэргүүлэх томоохон төслүүд дээр болон байгууллагуудтай хамтын судалгааны ажил хийж оролцоод байх боломжтой. Энэ хүрээнд Дубна хот дахь олон улсын ЦШНИ-тай одоог хүртэл хамтын ажиллагаатай байдаг. Тиймээс гадаадад байгаа судлаач эрдэмтэд маань Монголдоо ирж хамтын ажилд оролцох байдлаар өмнөх ажлуудаа үргэлжлүүлэн явуулах боломж бий.

-Яг өнөөдрийн байдлаар залуус цөмийн физик сонирхож суралцах нь хэр байна вэ? МУИС элсэгчгүй болж байгаа тул физикийн ангиа хааж байна гэх зэргээр мэр сэр яригдсан. Багш хүний зүгээс та үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Суурь боловсрол, багш нарын чадвар, ажлын байрны хүрэлцээ, цалин хөлс хангамж гэх мэтчилэн олон сэдвийг хамрах асуудал. Намайг залуу байсан үетэй харьцуулахад нийгэм эдийн засаг маань их өөрчлөгдсөн байна. Тиймээс тухайн үеийн явуулж байгаа бодлоготой ч холбоотой байж мэднэ.

Суурь судалгаа, ялангуяа физик, математик, хими зэрэг байгалийн шинжлэх ухааны салбаруудыг сууриар нь хөгжүүлэх нь чухал. Манай улсад боловсролын шинэчлэл хийгдэж байгаа учир энэ асуудал засагдана гэж найдаж байна.

-Атомын цөмийн шинж чанарыг судалснаар орчлон ертөнцийн нууцыг сууриас нь тайлж эхэлнэ-

-Цөмийн физикчээр суралцах, энэ салбарт хөл тавих сонирхолтой хүүхэд, залууст зориулж та мэргэжлийнхээ сайн сайхан, боломжоос хуваалцаач?

-Атомын цөмийн шинж чанарыг судалснаар орчлон ертөнцийн нууцыг сууриас нь тайлж эхэлнэ гэсэн үг. Цөмийн физик маш олон салбарт хэрэглээтэй учир хөрвөх чадвар маш сайн. Геологи, уул уурхайд хүртэл цөмийн технологи хэрэглэдэг учир хүүхэд залуусын хүсэл эрмэлзэл сонирхол нь байхад, хийх ажил нь бүхий л салбарт олдоно.

Мөн цөмийн физикээр суралцахад физикээс гадна, математик, химийн ойлголт сайтай байхыг шаарддаг болохоор судалгааны чиглэлээр физик гэлтгүй өөр салбарт хүртэл хөрвөх чадамжтай.

-Таныг сүүлийн үед агаарын бохирдлын чиглэлээр судалгаа хийж байгаа гэж сонссон. Судалгааныхаа ажлын талаар танилцуулж өгөөч? Ер нь агаарын бохирдлыг ямар аргаар тодорхойлж, хэрхэн хэмждэг вэ? Таны хэрэглэсэн арга юугаараа ялгаатай вэ?

-Манай ЦФСТ 2005 оноос Агаарын тоосонцрын хяналтын судалгаа хийж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд агаарын тунадсаар дамжуулж агаарын чанарыг буюу ерөнхийд нь байгаль орчны  хяналтын судалгааг явуулж байгаа. Сүүлд хийж буй ажлаараа бид ШУА-ын Ботаникийн хүрээлэн болон ЦШНИ-ийн судлаачидтай хамтран хаг хөвдөн дэх цацраг идэвхт болон хортой хүнд элементүүдийг тодорхойлсон.

 Улаанбаатар хотын суурьшлын бүсээс сонгон авсан олон цэгээс дөрвөн төрлийн хаг, хөвдөд рентген-флоуресценцийн арга ашигласан бөгөөд сонгосон арга аргачлал маань уламжлалт нойтон химийн аргачлалтай харьцуулахад цаг хугацаа бага зарцуулах, нэгэн зэрэг олон элемент тодорхойлох боломжтой. Мөн өртгийн хувьд илүү хямд зэрэг давуу талтай. Харин дээжийн хувьд хаг хөвд нь үндэсгүй ургамлууд бөгөөд хэрэгтэй шим тэжээлээ агаарын тундасаар авдаг байгалийн био-индикаторууд юм. Мөн 18-р зуунаас эхлээд хамгийн ихээр судлагдсан био-индикаторууд учир сонгон авсан. 

Судалгааны үр дүнгээс харахад зарим газруудад никель, зэс, цайр, хар тугалга зэрэг хүнд металлууд нь өндөр гарсан бөгөөд эдгээр нь хүний үйлдлээс улбаатай орчны бохирдлууд юм. Цахилгаан станцын үнсний хаягдлын зөөлт, гэр хорооллын яндангийн утаа зэргээс хамаарч байх магадлалтай. Мөн салхины урсгалын чиг, дээж авсан байршил, дээжийн төрөл зүйл зэргээс хамаарч элементийн тархалт ялгаатай байгаа нь харагдаж байсан.

Ямартай ч энэхүү судалгааны дүн нь цаашдын байгаль орчны бохирдлыг үнэлэх суурь үзүүлэлт болно.

-Монголд цөмийн цахилгаан станцыг барих нь маш чухал-

-Нэгэнт салбарынх нь эрдэмтэнтэй уулзсан учир танаас цөмийн цахилгаан станцыг Монгол улсад барихад ямар асуудал тулгарч буй талаар болон цөмийн цахилгаан станц баривал манайд ямар давуу болон сул тал үүсэж болохыг асууя гэж бодлоо?

-Цөмийн эрчим хүчний чиглэл надаас арай хөндий юм. Тийм болохоор нарийн зүйлсийг мэргэжлийн хүмүүс надаас илүү оновчтой хэлэх байх. Мэргэжил бүхэн өөрийн онцлогтой, цаанаа нарийн судалгаатай учраас би өмнүүр нь орж ерөнхий зүйл ярих нь илүүц биз.

Харин хувь зүгээсээ хэлэхэд Монголд цөмийн цахилгаан станцыг барих нь маш чухал. Ялангуяа манайх шиг агаарын тоосонцрын буюу ерөнхийдөө орчны бохирдол ихтэй улс цөмийн эрчим хүчийг хэрэглэх нь нэн шаардлагатай.

Нөгөө талаас Монгол улс нь эрчим хүчний хувьд бүрэн бие даах хэрэгцээ зайлшгүй бий төдийгүй эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхээс аргагүй. ЦЦС болон УЦС гэх мэт олон төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдтэй болох хэрэгцээтэй байгаа гэж хардаг. ЦЦС-ын хувьд өнөө цагт бага оврын цөмийн цахилгаан станцууд бий болсон. Манайх шиг тархай бутархай нүүдлийн аж ахуйтай оронд тохирсон бага эрчим хүч үйлдвэрлэдэг, маш бага овор хэмжээтэй, зөөврийн цахилгаан станцууд хэрэгтэй.

Заавал ч үгүй том барилга байгууламж, нүсэр дэд бүтэц шаардагдахгүй шийдлүүдийг ч сонгож бас болно. Тэдгээр бага оврын ЦЦС-ууд нь гэрээ контрактаасаа хамаараад борлуулж буй байгууллага нь ирж суурилуулж өгөөд, хугацаа нь дуусах үед буцаагаад аваад явчихдаг. Ямар нэгэн бохирдол үйлдвэрлэдэггүй, үлдээдэггүй төрөл хүртэл байна. Тэгэхээр манай улсын хувьд өөрсдийн онцлогт тохирсон төрлийг сонгож судлах ажлыг эртхэн эхлүүлж байх хэрэгтэй л гэж боддог.

-Цаг заваа гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 9, 2024 12:47

Мундаг эрдэмтэн байнөө. Ийм хэдэн настай буурай багш эмч нартаа тэр шагн�##�уудаа амьдад нь олигтойхон өгчихвөл таарна дөө

Зочин
Зочин
1 сар 9, 2024 18:17

Сайхан ярилцлага байна. Баярл�##�аа

Зочин
Зочин
1 сар 9, 2024 22:33

Товчилсон үгнүүдийг бүтнээр нь бичвэл зүгээр байна.
Баярлаа
Сайхан буурайд эрүүл энх аз жарг�##�ыг хүсэе

Иргэн
Иргэн
1 сар 10, 2024 10:33

Ийм л мундаг, даруухан хүмүүс улс орноо авч явсан цаг саяхан. Танд баярл�##�аа, эрүүл энх, урт сайхан наслахыг хүсье.

Золки
Золки
1 сар 10, 2024 11:36

Их сайхан ярилцлага байна аа.Баярл�##�аа.

Зочин
Зочин
10 сар 1, 2024 22:04

Энэ багшийн хичээлийг Эрдэнэт үйлдвэр дээр сонсох завшаан олдож билээ. Танд амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button