Нийгэм мэдээ

ИЗНН: Хулгайч нар булхай, унасан нэр хүндээ ГХО-ын хуулиар хаацайлж байна

"Иргэний зориг ногоон нам"-аас УИХ-д хэлэлцэж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар "ИЗНН сарын өмнө хуралдахдаа хулгайчгүй нам байна гэдгээ тунхагласан. Хулгайчгүй нам байсаар ч ирсэн. Цаашид ард түмний тайз байх болно. Өнөөдөр УИХ-д Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Монголд ус агаар мэт хэрэгтэй энэ хуулийн төслийг сайжруулалгүй бахь байдгаар нь дахин оруулж ирж, нийгмийг хуваан талцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг юу татдаг вэ гэвэл 100 мянган долларын босго биш шүүхийн зөв шударга тогтолцоо татдаг. Үндэсний валют, монгол төгрөгийн ханш тогтвортой байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг. Засгийн газар, эрх мэдэлтнүүд хулгайч байхад гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Зөв, шударга эдийн засгийн орчинтой газар өөрөө орж ирдэг хөрөнгө оруулалт.

Ч.Хүрэлбаатар сайдын санал оруулж ирсэн төслийг хардаж байна. 2021 оноос хойш УИХ-д гурван удаа орж ирээд буцсан төсөл дахиад орж ирж байна. Хулгайч нар бие биеийнхээ булхай, унасан нэр хүндээ ГХО-аар хөшиг татаж хаацайлж байна. Энэ хууль хаврын чуулганаар батлагдана гэдэг нь их эргэлзээтэй болсон. Тиймээс ийм зүйл хийхээ боль гэж хэлмээр байна.

Хуульд өөрчлөлт оруулахгүйгээр эдийн засгийн хүрээнд шийдэж болох олон арга байгаа. ИЗНН 2023 оны есдүгээр сарын 9-нд намын их хурал хуралдаж, дахин шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Цаашид байнга ард түмний талд байж, хулгайчгүй нам байх болно. ИЗНН гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хувьд өөрийн гэсэн бодлоготой. Цэвэр эдийн засгийн аргаар шийдэх ёстой гэж үздэг" гэв.

ИЗНН-ын даргын зөвлөх н.Амгалан "Хөрөнгө оруулалтын тухай хуульд эрэмбийн 20, 30 дугаарт байгаа зүйлийг ярьж буй нь сонгуультай холбоотой гэж харж байна. Мөн давхар газрын асуудлыг хөндөж буй нь Үндэсний аюулгүй байдалд маш хортой асуудал. Угтаа төрийн хүнд суртал, бодлого шийдвэр тогтвортой байгаа эсэх, Шүүхийн шийдвэр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадаж байгаа эсэх, ямар бодлого барьж байгаа, аль салбартаа хөрөнгө оруулалт татах, Уул уурхайгаас бусад салбарт яаж хөрөнгө оруулалт татах, иргэдийн амьдралд яаж эергээр нөлөөлж болохыг ярих байтал өөр тийшээ явж буй нь харамсалтай байна. Буцаагдсан хууль сайжирч орж ирэх ёстой байтал бахь байдгаар нь оруулж ирээд иргэдийг талцуулж буй нь өөрөө асуудалтай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ингэж хөнгөн хуумгай улс төрийн ашиг сонирхлын хүрээний сэдэв болгож болохгүй" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
1 сар 13, 2024 00:14

Олигтойхон лидерээ болоод том дуугар

Холбоотой мэдээ

Back to top button