Дорноговьд сүүлийн 40 жил тохиогоогүй цас орж, малчид туйлдаж байна

Дорноговь аймагт сүүлийн 40 жилд ороогүй их хэмжээний цас орсны улмаас нийт нутгийн 75 хувь нь зудын нэн эрсдэлтэй байгаа бөгөөд Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд 2023 оны 11 сараас хойш байнгын цас нэмэгдэж орсоор гэртэй чацуу болоод буй.
Тиймээс Дорноговь аймгийн DTV телевиз болон Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит "Саран хөхөө" театр хамтран малчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр “Сэтгэлийн дэм-2” аяныг санаачлан өнөөдрөөс эхлүүлжээ.
Тодруулбал, аяны хүрээнд өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 16:00 цагт Саран Хөхөө театрт хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Мөн Хаан банкны 5381205917 /Данс эзэмшигч-Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо/ дансаар хандивыг 01-р сарын 25-ныг дуустал хүлээн авах аж.
Энэ жил 4,618 малчин өрхийн 2 сая 294 мянга 815 толгой мал Дорноговь аймагт өвөлжиж байгаа. Үүнээс 12-р сарын 28-наас хойш 01-р сарын 17-ны байдлаар 16,901 толгой мал хорогдсоны дийлэнх нь бог мал буюу хонь, ямаа байна. Мөн нэгдүгээр сар гарсаар малчид 21,079 толгой малыг хэрэгцээлэн, борлуулахаар бэлтгэжээ.

Иргэд аянд хүнс, дулаан хувцас, өвс тэжээл, нэмнээ, бензин шатахуун, мөнгөн хандив зэрэг ямар ч хэлбэрээр нэгдэж болох бөгөөд хандивт нэгдсэн иргэд, аж ахуй нэгжүүдийн мэдээллийг тогтмол мэдээлэх аж. Холбоо барих утасны дугаар: 7717-1771, 89112507, 90111440
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.