Сөүлийн таван эмнэлгийн дадлагажигч эмч нар ажлаасаа гарах өргөдөл өгнө гэжээ

БНСУ-ын засгийн газар жилд анагаахын сургуулиудад элсүүлэх оюутнуудын тоог нэмэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тус улсад 1000 хүнд ногдох эмчийн тоо 2.6 байгаа нь ЭЗХАХБ-ын (OECD) дундаж болох 3.7-гоос доогуур байгаа учир анагаахын оюутны квотыг 2 мянгаар нэмсэн юм.
Үүний хариуд БНСУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэгийн эмч нар ажил хаяхаа мэдэгдсэн. Тэгвэл Сөүл дэх томоохон таван эмнэлгийн дадлагажигч эмч нар засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж даваа гарагт /2024.02.19/ ажлаас гарах өргөдөл өгөх болжээ.
Дадлагажигч эмч нар мягмар гарагийн /2024.02.20/ 06:00 минутаас эхлэн ажиллахгүй юм. Өмнөд Солонгосын засгийн газар эмч нарыг ажил хаяхаас сэргийлэхийн тулд эмнэлгүүдийг дадлагажигч, резидент эмч нарын ажлаа өгөх өргөдлийг хүлээн авахгүй байхыг тушаасан байна.
Резидент эмч нар хууль ёсны дагуу эмчийн мэргэжлээ хүлээлгэн өгөөгүй тохиолдолд засгийн газраас тушаавал ажилдаа очих шаардлагатай. Учир нь эмч нар нэн чухал ажилчдын төрөлд багтдаг юм.
Солонгосчуудын хувьд засгийн газрын шийдвэрийг дэмжиж, эмч нар ажил хаях болсныг эсэргүүцэж байгаа аж. БНСУ-ын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнуудын эвлэлээс өнгөрсөн арван хоёрдугаар сард явуулсан санал асуулгаар хүмүүсийн 89.3 хувь нь оюутны тоог нэмэхийг дэмжиж, 85.6 хувь нь эмч нар ажил хаяхын эсрэг байр суурь илэрхийлжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.