УЛС ТӨР

Ч.Улаан: Намайг сайд болох сураг ч үгүй байхад хадам дүү компаниа байгуулсан

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өөрийн эхнэрийн дүүгийн компаниар бог малыг амьдаар нь гаргахаар болж, энэ тухай яриа хэлэлцээрийг БНХАУ-д ажлын айлчлал хийхдээ яриад ирсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Монголын хүнсний холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Монголын өлөн гэдэс экспортлогчдын холбооноос хамтран хэвлэлийн хурал хийж, дотоодын үйлдвэрлэлээ татан унагаж, дампууруулах гэсэн бодлого явж байна гэж мэдэгдсэн. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй энэ үйлдлийг нь шалгуулахаар АТГ-т хандаж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийх үедээ энэ асуудалд тайлбар өгөв.

-Таны эхнэрийн дүүгийн компани яагаад мал амьдаар нь гаргах ажлыг эрхэлж байгаа, энэ нь ашиг сонирхлын зөрчил болохгүй юу?

-БНХАУ-д албан ёсны ажлын айлчлал хийсэн. Энд мал амьдаар гаргах тухай нэг ч асуудал яригдаагүй. Үүнийг хариуцлагатай хэлж байгаа. Хэвлэл мэдээллийн төлөөлөл ч энэ талаар мэдээлэл өгсөн байх. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайг энэ жил экспортод гаргах боломжийг бүрдүүлэх, хил гаалийн үнэлгээ шинжилгээ, харилцан протколыг түргэвчлэх талаар ярьсан. Засгийн газрын 318 дугаар тогтоол гараад хэрэгжиж байгаа. Энд малыг амьдаар нь гаргах, тэр дундаа үржлийн бус эр хонь, ямааг гаргаж болох талаар чиглэл өгсөн байдаг. Аймгуудын удирдлагуудад өгсөн. Гэхдээ нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгасан. Энд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Шалгуулахад бэлэн эсэх нь ямар ч хамаагүй. Хууль дүрмийн хүрээнд ажиллаж байгаа. Хоёр талын хөрөнгө оруулалттай компани хамтраад үйл ажиллагаа явуулах байлгүй дээ. Шийдвэрийг нь Дорноговь аймаг гаргана шүү дээ. Тэр аймгаас зөвшөөрөл өгнө. Миний нөлөөлөл огт байхгүй. Надаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан.

-Саяхан “БИИТ Монголиа” компани дээр урд хөршийн хорио цээрийн дэглэм тогтоох тусгай ажлын хэсгийнхэн ажиллаад явсан гэж байна. Энэ өнцгөөс харсан ч гэсэн салбар яам давуу эрх олгоод байна?

-Олгоогүй гэж хэлээд байна. Хоёр жилийн өмнөөс эхлээд үйл ажиллагаа явуулаад, хяналтаа тавиад журам дүрмийн дагуу ажиллаж байна. Маш тодорхой нөхцөл бүрдүүлсэн байх ёстой. Малаа эрүүлжүүлж, тэжээл өгч, тэнхрүүлж, итгэл үнэмшил бий болсны дараа.

-Танай эхнэрийн дүү нараас хөдөө аж ахуйн салбарт ажилладаг хүн байдаг уу?

-Байхгүй.

-Танай эхнэрийн дүү энэ салбарт таныг сайд болонгуут компани байгуулчихсан юм уу. Өмнө нь ажиллаж байсан уу?

-Намайг сайд болох сураггүй байхад энэ хүн ажлаа эхлээд явж байсан.

-Хөдөө аж ахуйн салбарт байхгүй гэсэн атлаа яагаад таны зөвлөхөөр ажиллаад байгаа юм бэ?

-Тэр чинь орон тооны бус зөвлөх. Намайг УИХ-ын гишүүн байхад зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Бид хамтраад бараг 20 жил ажиллаж байна. Их хурал дээр байж байгаа зөвлөх минь надад Их хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа уялдаа холбоотой явуулах чиглэлд зөвлөгөө өгдөг. Их хурлын тамгын газрын ажилтан хүн шүү.

Д.НАРАН

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button