
Eguur агентлаг өнөө үеийн нийгэмд чухал үнэ цэн бүхий номыг сонгож, тухайн номыг өөр нэгэн тулхтай уншигчаар яриулах “Сайн ном, сайтар уншигч” контентыг эхлүүлж байна.
Ном: "Монгол хүн" цуврал, Г.Аюурзана.
Энэ удаа зохиолч Г.Аюурзанын 2023 оны арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болсон “Монгол хүн” гурван боть цувралыг онцоллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана 1988–1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж, 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдаж байжээ. Тэрбээр 1995 оноос хойш яруу найргийн болон, уран зохиолын, орчуулгын олон арван уран бүтээл туурвисан билээ.
Уншигч: Яруу найрагч Я.Баяраа.
Тэрбээр 2010 онд МУИС-ийн ГХСС-ийг Франц-Роман судлаач мэргэжлээр, 2012 онд МУИС-ийн МХСС-ийг Утга зохиол судлалын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Одоо тэрбээр СУИС-ийн Тайз Дэлгэцийн Урлагийн Сургуульд багшаар ажиллаж байна.

"Монгол хүн" цувралыг яагаад унших хэрэгтэй вэ?
Монголчуудын дунд түгээмэл байдаг нэг том туйлшрал бол ямар ч илтгэл, судалгаа, нийтлэлд гаднын эх сурвалжийг ашиглаж, гаднын онолыг ишлэхгүй бол тэр нь нэг тийм хүчгүй, бядгүй санагддаг. Гадаадуудыг даган дуурайхгүй бол Монголчууд өөрсдөө энэ хорвоогийн үнэний тухай бие дааж, сэтгэж болохгүй гэсэн шиг зээлдмэл сэтгэлгээ байдаг.
Энэ бол Манж болоод Оросын нөлөөн дор 500 гаруй жил дарлуулсны нөлөө. Үндэсний сэхээтнүүд нь үргэлж гаднаас юм зээлдэж, сэтгэсээр байгаад тархинд нь гүн суучихсан дадал юм л даа.
Тэгээд ерөөсөө монголчуудад философи болон өөрсдийн ертөнцийг үзэх үзэл, ёс суртахууны хэм хэмжээ байхгүй гэж улаан цайм ярьдаг. Тэгж ярьсан нь овоо сэхээтэн төрлийн, хүчирхэг харагддаг тийм моодны ёс бий.
Яг үнэндээ барууны сургуулиудад багшийнхаа онц, сайн сурлагатан, номын сангийн манаач байж байгаад ирснээ, асар өндөр боловсрол гэж үзээд, түүгээрээ үндэсний сэхээтнүүдийн урдуур, орох шалгуур болгож хувирдаг, бүтэн давхарга бий болчихлоо. Түүний төлөө бүх амьдралаа зориулдаг эцэг эхчүүд ч байна. Гэхдээ үгүй юм.
Хэзээ ч улс үндэстэн бусад улс үндэстний төлөө оршдоггүй юм. Хором мөч бүрд ямарваа нэгэн мэдлэг энэрэнгүй байдаггүй. Тухайн улс үндэстэн өөрийнхөө төлөө оршиж, өөрийн гэсэн мэдлэгийн сан дээрээ хөгжлийнхөө философийг хуваалцдаг. Өөрийн гэсэн үндэсний үзэл бодолтой үндэстэн цаашаа хөгждөг юм байна. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, үнэ цэнгүй бол цаашид сарниж, бутарч, үгүй болдог юм байна.

Яг ийм жишээгээр нүдэн дээр мөхөж байгаа үндэстэн олноороо байна.
Энэхүү ном нь гурван түвшинд Монголчуудын Монгол хүн байхын тулд мэдэх ёстой зүйлийг задалсан.
Нэгдүгээрт, зохиолч Г.Аюурзана “Монголын нууц товчоо”-г Монголчуудын ёс суртахууны библи гэж үзсэн. Тэгээд нууц товчоонд агуулагдаж байгаа ёс суртахууны гол агуулга, асуултуудыг бүгдийг нь кодолж тавьсан.
Жишээлбэл: Эхний номын 14 бүлэг бол,
- Монгол хүн түүхээ маш сайн мэддэг,
- Өвөг дээдсээ шүтэн дээдэлдэг,
- Монгол хүн байгальтайгаа амь нэг,
- Монгол хүний андын журам,
- Монголд хүн ачийг үл мартдаг гэх мэт монгол хүнд байдаг 14 нандин чанарыг “Нууц товчоо”-ноос баталгааг нь гаргасан. Зохиолчийн өөрийнх хэлснээр бол “Нууц товчоо”-нд нүүдэлчид өөрсдийнхөө түүхийг бичсэн анхны тохиолдол юм.
Энэ нүүдэлчин амьдралын хэв маяг, Монголчуудын өөрсдийнх нь сэтгэлгээний хэв маяг байгаа гэж үзсэн. Хамгийн чухал нь энэ ном бичигдсэн үед Монголчууд дэлхийг эзэлсэн. Өөрөөр хэлбэл 1206 онд Чингис хаан “Их Монгол улс”-ыг байгуулаад, нас барах хүртлээ хагас зуун жил хүрэхгүй хугацаанд дэлхийн хуурай газрын соёл иргэншлийн ихэнхийг нь байлдан дагуулсан. Энэ байлдан дагуулалтын хурд бол өөр хаана ч байхгүй, дахин давтагдах боломжгүй хурд юм. Тэгэхээр энэ бол логик утгаараа тэр үеийн дэлхийн хамгийн хүчирхэг түүх гэсэн үг юм.
Монголчууд дэлхийд хамгийн хүчирхэг байх үеийн түүх. Тэгэхээр бид дэлхийд хамгийн хүчирхэг байх үеийнхээ түүхийг судлах хэрэгтэй.
Хэрвээ бид нар сэргэн мандъя, бусдаас тусламж хүсэлгүй амьдаръя гэвэл ямар үед хэр зэрэг хүчтэй байсан юм тэр үеэ сэргээн судлах ёстой. Энэ бол маш энгийн логик. Тэгээд “Монголын Нууц Товчоо”-г судалсан. Үүнээс улбаалан Монголчууд ёс суртахууны үндсэн кодыг гаргаж ирсэн.
Энэхүү номын хоёрдугаар ботид, Монголын бичиг үсэг болон алдартай эрдэмтэн мэргэдийн тухай, хэл бичгээ авч үлдэх тэмцлийг бүрэн өгүүлсэн. Мөн Монголчуудын боловсролын онцлог, гэрийн боловсрол зэргийг тайлбарласан. Бид нар сүүлийн үед Еврей боловсрол гээд “Талмуд”-ыг их судалдаг болсон. Гэтэл Монголчууд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх, боловсролд сургах арга барилтай байсан. Үүнийг дэлгэрүүлж, тайлбарлаж энэхүү номд шингээсэн байна. Нэмэлтээр бичиг үсгийн алдартай мэргэд, үе үеийн бичиг үсэг зохиогчдын тухай эсээнүүдийг унших боломжтой.
“Энэ дэлхий дээр бичиг соёлын түүх уламжлалгүй, эрдэм боловсролын суурь үгүй улс орон, ард түмэн цөөнгүй бий. Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж бус, эрдэм боловсролоороо дэлхийг тэргүүлж яваа улс гүрнүүдээс дутах зүйлгүй гэдгээ ухамсарлан жишиж байж л бид ирээдүй хойчоо итгэл төгс харж чадна”.
Тэгэхээр ямар ч цаг үеийн сэхээтний өмнө, ямар асуудал тулгарч байна вэ, гэхээр хойч үеэ бид нүд дүүрэн харж чадах уу, хойч үедээ бид юу үлдээж байгаа юм. Бид арай хойч үедээ Монголчууд өөрийн гэсэн хэлгүй, сэхээгүй, дандаа л хүнээс зээлдэж явсан, тийм байсан гэдэг түүх үлдээж байгаа юм биш биз.
Чи өөрийн бичсэн зүйлийнхээ яг хэдэн хувийг өөрөө бодож олсон бэ. Ингээд асуухаар ямар ч бичгийн хүний өмнө жаахан асуулт ундардаг. Чи арай хүний загвараар явсан юм биш биз. Өөрийнхөөрөө сэтгээгүй юм биш биз. Хуулсан юм биш биз. Яг эдгээр асуултыг энэхүү номд өгүүлсэн.
Гурав дахь боть нь “Монгол хүн хэн бэ” гэдэг тухай генетикээс эхлээд философийн асуудлуудад хариулт өгсөн. Монгол хүн гэж хэн бэ, үндэстэн гэж юу вэ, бидний ургийн овог гэж юу вэ, удам судар гэж юуг хэлэх вэ, монголчуудын эхээ шүтэх үзэл гэж юу вэ, бидний гэнэн цагаан зан гэж яриад байдаг тэр нь ямар учиртай юм бэ. Монгол үндэстний оршин тогтнохын төлөө тэмцэгчдийн түүх, эцэст нь монгол хүн гэж хэн бэ гэх олон агуулгыг гурван номдоо зангидаж бичсэн байна.
Тэгэхээр зохиолч Г. Аюурзанын энэ номыг өөрийгөө, монгол хүн гэж боддог бол монголчууд өөрийн гэсэн оюун санааны өвтэй, үнэ цэнтэй, бусдаас ялгарах өөрийн нандин чанартай гэж боддог бол унших хэрэгтэй.
Тийм юм байх ёстой доо, яагаад би мэдэхгүй байна гэж бодогдож байвал, унших ёстой. Тийм юм байдаг, тэрийгээ өөрөө томьёолж хэлэх гэсэн цээжин дээр тулаад ирчхээд хараахан хэлж чадахгүй байгаа бол оньсого тайлах гэж унших хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл бидний мэдээд байгаа юм шиг хэр нь мэдэлгүй гишгэж өнгөрдөг, мэдэлгүй гишгэж өнгөрснөө огт байхгүй юм шиг туйлширдаг үнэт чанарын тухай ном.

"Монгол хүн” номыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Би нэг зүйл хэлмээр байна. Хүмүүс нөгөө л националист үзлээ ярих нь. Монголоос дэлхий үүссэн, Я.Баяраа, Г.Аюурзана хоёрын хойд довон дээр хүн төрөлхтөн үүссэн юм шиг яриад, дэмийрээд эхэлнэ гэдэг. Харамсалтай нь энэ ном бол тийм биш.
Тийм хязгаарлагдмал үзэлтэй биш. С.Эрдэнэ гуай хоёр мянгаад оны үед “Ухааныг, гоо үзэсгэлэнг худалдаж болдгийг мэдэнгүүтээ Монгол хүний даруу зан цэвэр ичимтгийг амархнаа огоорлоо. Монгол уужуу ухаан гэж яривч тэр нь чухам хэдийд хаа байсныг мэдэхүйеэ бэрх болжээ” гэж хэлж байсан юм.
Тэгээд бидэнд яг юу хэрэгтэй байна вэ, гэдэгт С.Эрдэнэ гуай том гаргалгаа гаргасан. “Өнөөгийн задрал хямралын уршиг болох үндэсний харгис үзлийн эсрэг эрүүл үзлийг, Евро-Азийн их талд эртнээс амьдарч байсан эсгий туургатны дунд болоод дэлхийд нэр хүндийг олохуйц шинэ маягийн үндэсний үзлийг тунхаглах нь чухал” гэж үлдээсэн байдаг.
Шинэ маягийн үндэсний үзэл гэдэг нь:
- Монгол цус бүхнээс илүү гэж омогшихоос тэс ондоо
- Засгийн газар нь юанийн зээлд бариатай, Бээжингээс хараат хэр нь монгол цус гэж цээжээ дэлдэхээс өөр
- Төгрөг нь нойлын цааснаас ялгаагүй болчихсон байхад эдийн засаг сэргэж байна гэж дэмийрэхээс шинэ маягийн үндсэрхэг үзэл өөр юм.
Төмөр зам баривал, танк ороод ирэх вий гэж айх, импортын бизнесменүүдийг засгийн газар болон улсын их хурлаараа дүүрэн суулгачихсан хэр нь үйлдвэр хөгжүүлнэ гэж итгэх, энэ төөрөгдлөөс үндэсний үзэл шал ондоо зүйл гэдгийг дахин хэлэх гэсэн юм.
Бид үндэстнээ хайрладаг, эх орноо хайрладаг гэдэг хэр нь, үргэлж бөөний бараа авч ирдэг импортын наймаачдыг их хуралдаа сонгочихсон. Тэдгээр хүмүүс нь дандаа урд хөршөөс, юаниас хамааралтай. Эсвэл стратегийн бараа буюу “Бензин”-ыг хойд хөршөөсөө экспортолдог. Ийм хүмүүс суулгачхаад өөрсдийгөө бид эх орондоо хайртай гэж хэлэх нь ичгэвтэр зүйл.
Харин эртний нүүдэлчдийн анхны төрт улсыг бий болгосон үндэстэн, дэлхийг эзэлсэн анхны үндэстэн. Энэ итгэл үнэмшлээрээ бидэнд өөрийн гэсэн давуу тал, ёс суртахууны онцлог бий гэж итгэх нь цаашлаад түүнийг судлаад Г.Аюурзана зохиолч шиг үр хүүхдүүдээ өвлүүлэх ном туурвих нь шинэ маягийн үндэсний үзэл юм.

Монгол хүн гэж хэн бэ тухай, маш чухал ойлголтыг энэхүү номоос ойлгоно. Монгол хүн байна гэдэг нь зун хамаатныдаа очоод, зудаас үлдсэн хэдэн малынх нь нэгийг шаруулж идээд, усанд оронгоо, нэрмэл архи уухын нэр ерөөсөө биш. Энийг бол Голланд, Америкаас хэн нэгэн ирээд хийж чадна. Тэгэхээр энэ ерөөсөө эх оронч үзэл биш юм.
Эх оронч үзэл гэдэг нь. Монгол хүн байх.
Бидний өвөг дээдэс эх орноо хайрлаж, хариуцлагатай байхын тулд түүртэж байгаагүй. Тийм ч учраас бид үүрч даах ёстой. Бидний үр хойч ч мөн адил хариуцлагаасаа цааргалах ёсгүй. Энэ үзэл нь бидний өөрсдийгөө хүндэтгэх, үндэсний бахархал юм. Энэ хариуцлага бахархал хоёр нийлээд ганцхан цул ойлголт болдог. Тэр цул ойлголтыг томьёолох нэг л чухал үг бий. “Монгол хүн”
“Монгол хүн байна даа” гэж хэлэхэд үндэстнийхээ нэр төрийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, илүү хүнлэг, уудам болж, бусдыгаа бодож, эхэлдэг. Энэ бол бидний цусанд, генд байгаа үг. Тэгэхээр шуудай гурилын мөнгөөр өөрийнхөө эрдэнэ шиг ганц саналыг зарахынхаа өмнө. Эсвэл хүүхдээ сургуульд оруулах гэж явахдаа яг супермаркетад байгаа юм шиг сонголт хийгээд, хүүхдийнхээ ирээдүйг сонсохгүй, өөрийнхөө мөрөөдлийг гүйцээх гэж их сургуульд хүчээр оруулахаасаа өмнө “эдгээр зүйлс бидэнд хэрэгтэй юу” гэдгийг бодох ёстой юм.
Бидний эх оронд энэ хэрэгтэй юу гэж хариуцлагатайгаар бодох. Энэ хариуцлагыг л бидэнд ойлгуулсан ном. Хэрвээ энэ хариуцлага танд одоо суухаас өнгөрсөн бол “Монгол хүн” номыг хүүхдэдээ авч өг. Таны хүүхдэд хариуцлага, ухамсар суух боломжтой” гэж Г.Аюурзана зохиолч хэлсэн байдаг.
Та ямар арга барилаар ном уншдаг вэ?
-Номыг янз бүрээр л уншина. Тухайн номоосоо шалтгаалж өөр өөрөөр уншдаг. Түүнээс биш ном уншдаг нэг төрлийн тогтсон арга барил гэж байдаггүй байх. Ер нь бол номыг анх удаа унших, хоёр дахь удаагаа унших, цаашлаад амьдралынхаа үе шат бүрд унших гэж бас байна.
Нэг удаа уншаад өнгөрөх ном гэж байдаг. Жишээ нь: судалгааны тайлан. Судалгаанд байгаа дата мэдээлэл нь тодорхой хугацааны дараа хуучирдаг. Ийм лавлагааны шинж чанартай номуудыг нэг л удаа уншина. Д.Галбаатар багш номыг сэдэв, сэдвээр нь карталчихдаг. Энэ сэдвийн зүйл тэнд бий, ийм сэдвийн зүйл тэр номд байгаа гэсэн картын баян сантай болдог. Дийлэнх судлаачдын гол арга барил иймэрхүү байдаг.
Насан туршдаа эргэж, сөхөж, хардаг аравтайдаа уншсан ном, хорьтойдоо уншсан ном, гучтайдаа унших ном тэр бүр өөр өөр байдаг номуудыг арай өөрөөр унших хэрэгтэй.
Би бол номыг нэлээд тэмдэглэл хийж уншдаг. Д.Галбаатар багшийн судалгааны арга зүйн лекцэд хэлж байсан уншлагын арга барил надад хамгийн их тохирсон гэж боддог.

Миний хувьд бол тухайн номд хэрэгтэй зүйлээ тэмдэглэх, надад хэрэгтэй санаа юу байна гэдэг өнцгөөс тэмдэглэж уншдаг. Тэгээд тухайн санаа бол ном уншиж байхад номонд байгаа санаа биетээрээ хүнд хэрэг болгож авахаас гадна өөр номоос улбаалаад шинэ санаа төрөх явдал байдаг. Уншихгүй бол сэтгэхгүй гэж ярьдаг шиг. Ном уншиж байхад номын нэг өгүүлбэр, нэг агуулгаас шалтгаалаад цоо шинэ, бичих эсээ, зохиол заримдаа бүр шүлгийн санаа төрдөг. Сүүлийн үед чухал гэж онцолсон номтойгоо ажиллахдаа, тэмдэглэлийн дэвтэр хавсардаг болсон. Би ийм л уншлагын арга барилтай.
Ном таны амьдралд юу өгсөн бэ?
Ном хүнд янз бүрийн зүйл өгдөг байх. Миний хувьд бол надад эрх чөлөө өгсөн. Миний хувьд эрх чөлөө гэдэг нь "Бодох". Хүнд нэг эндүүрэл байдаг шиг санагддаг. Өөрт төрж байгаа мэдрэмжийг бодол гэж бодоод байдаг. Гэтэл хүнд төрж байгаа мэдрэмжүүд бол бодол биш. Зүгээр л мэдрэмж. Өөрт нь ямар нэгэн юм сэрхийтэл санагдуулах үед тэр мэдрэмжийг хүн бодол гэж эндүүрдэг.
Ном намайг их зүйлд сургасан. Өөрөөр хэлбэл бодуулж, сургасан. Боддог хүн л эрх чөлөөг амсдаг. Өөрийн бодолтой, толгой өндөр явах тэр эрх чөлөөг надад ном өгсөн. Ер нь бол мэдрэмж төрнө, мэдрэмжийн дараа хүн дүгнэлт хийдэг. Энэ дүгнэлтийг ч хүмүүс бодол гэж боддог. Мэдрэмжээсээ шалтгаалсан дүгнэлт. Харамсалтай нь тэр бол дүгнэлт. Дүгнэлтээс шалтгаалаад шийдвэр гарна.
Чухам ингээд мэдрэмж төрөөд дүгнэлт хийгээд шийдвэр гарсан хойно л сая бодол биежиж байгаа юм. Жинхэнэ бүтэн бодож байгаа юм.
Энэ гурван үе шатыг хүмүүс алгасаад, мэдрэмж төрөх төдийд хүн өөрөө ямар нэг дүгнэлт хийх төдийд өөрийгөө бодож байна гэж эндүүрдэг. Хэрэв өөрөө дүгнэлт хийгээд түүгээрээ амьдарч байгаа хүн хэн нэгэнд дөрлүүлж, тархиа угаалгах, хүнээр амьдралын замаа заалгуулахдаа амархан юм болов уу гэж боддог.
Ийм хүнд эрх чөлөө байхгүй. Харахад бол эрх чөлөө байж болно. Амьсгалж, агаар авч, авсан цалингаараа хоол унд идээ, энэ хорвоог сэтгэл дүүрэн туулж болно. Тэгэхдээ бодол дотроо ямар нэгэн шийдвэрт хүрээгүй, бодлоо тултал нь хөгжүүлж сураагүй бол тэр хүн яг үнэнийг хэлэхэд амьдралын хайрласан эрх чөлөөг нээх эдлэхгүй, хүний дохио зангаагаар амьдарсаар яваад л дуусаж байгаа хүн.
Би зах хязгаарын сууринд би өссөн. Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багт. Сумын төвийн хүүхдүүдэд бол өөрийнхөө бодлын хязгаарыг мэдрээд, өөрийнхөөрөө бодож, энэ ертөнцийг таньж, яг өөрийн гэсэн байр суурьтай болгодог тэр хүч бол ном.
Номоос сэтгэлд үлдсэн эшлэл хуваалцвал?
“Бид үндэстнийхээ хувьд бусдын нөлөө хараа хяналт дор байсан цагийн үзэл суртлаар хойч үеэ хүмүүжүүлэх эрхгүй. Үр дүн нь ч олигтой гарахгүйг бид мэдэрч байгаа. Харин улс үндэстнийхээ хувьд дэлхий дахинд тэргүүлж явсан үеийнхээ үзэл санааг хүүхдүүддээ суулгаж, тийм ёс зүйгээр тэднийгээ хүмүүжүүлбэл сая үндэстний ухамсрын сэргэн мандал, бадрал буй болно...”
“Хувь хүний өнгөрсөн, ирээдүй байтугай, өмнөд хойд төрлийг ч үйлийн үр төлөөстэй холбон үздэг бурхны сургаал бий. Үндэстэнд тийм үйлийн үр байдаг бол нэгэн цагт хүчирхэг явсныхаа төлөөсийг бид буурайж доройтоод хангалттай төлсөн. Монгол үндэстний ихэнх нь бусдын эрхэнд яваа нь тэр төлөөс биз. Одоо харин бидэнд ахиж хохирох өр үлдээгүй ээ...”
"Сайн ном, сайтар уншигч" булан маань цаашид үргэлжлэх бөгөөд дараагийн дугаарт МУ-ын Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Жорж Оруэллын "1984" зохиолын тухай уншигч та бүхэнд хүргэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв, сайхан контент эхлүүлжээ. Амжилт хүсье
Энэ номыг авч уншъя даа. Сонирхол төрлөө.
Iim setguulgui hiij bgaad talarhii
МНТ ёс суртахууны эх сурв�##�ж гэж нэлээд олон эрдэмтэн өгүүлэл, илтгэл, ном зом бичсэн. Сүүлийн үед нэгэн том эрдэмтнээс эхлээд энэ асуудлыг өөрөө л суд�##�сан гэж ярих юм аа
Ном гаргах нь сайн. Гэхдээ өмнөх үеийн судлаачдын бүтээл туурвилыг харж байгаад дүгнэлт хийгээсэй. А буюу эхний цэг хатгагчид олшрох нь сайн ч байж мэднэ Гэхдээ