Б.Ганхайч жүдо бөхийн улсын аваргад долоо дахиа түрүүллээ

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ өчигдрөөс /2024.04.08/ Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулжээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Азийн аварга Б.Ганхайч түрүүлсэн юм. Өнөө жил Б.Ганхайч долоо дахиа Монгол улсын аваргаар тодорч, үндсэн жиндээ өөрийн амжилтыг дархлалаа.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч нь Олимпын дараа жил 2022 онд Казахстан Улсын Нур-Султан хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Ази тивийн аварга болсон. Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүраг цэвэр ялж, Азийн аваргын алтан медаль хүртсэн юм. 2019 оны Азийн аваргаас мөнгө, 2017 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр ийнхүү Азийн аваргын иж бүрэн медальтай болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.