"Бэлтэс мөрөн" ХХК-ийн шүүх хурал Пүрэв гарагт болно

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тус шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан юм.
2023 оны арваннэгдүгээр сард Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Мөн 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж байсан юм.
Хэргийн эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.