
Eguur агентлаг өнөө үеийн нийгэмд чухал үнэ цэн бүхий номыг сонгож, тухайн номыг өөр нэгэн тулхтай уншигчаар яриулах “Сайн ном, сайтар уншигч” контентын гурав дахь дугаарыг хүргэж байна.
Ном: “Манай бүдэрсэн баатар", И Мүн Ёл.
Энэ удаа Өмнөд Солонгосын зохиолч И Мүн Ёлын 1987 онд туурвисан “Манай бүдэрсэн баатар” номыг онцоллоо. Зохиолч энэхүү бүтээлээрээ тухайн үеийн Солонгос улсын улс төр, цаг үеийн байдлыг ёгтлон өгүүлсэн юм. Дараах асуултын хариуг энэ номоос олох нь гарцаагүй.
- Хүч чадалтай нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хоорондоо хэрхэн харилцдаг вэ?
- Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ?
Уншигч: Х.Номингэрэл.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр, Төв Европын Их Сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. Тэрбээр, олон улсын хөгжлийн байгууллагууд болон дотоодын ТББ-уудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн ажил явуулж ирсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Монгол улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Мөн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч бөгөөд тус байгууллагаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын сүлжээ”-ний зохицуулагчаар ажилласан туршлагатай.

-“Манай бүдэрсэн баатар” номыг яагаад унших хэрэгтэй вэ?
-Би эрх зүйч мэргэжилтэй. Тиймдээ ч эрх зүй, улс төр, үндсэн хуулийн хүрээний философийн асуудлыг сонирхон судалдаг хүн. Мэргэжлийн хүрээнд уншиж судалдаг номууд маань мэргэжлийн, хүнд хэллэгтэй, философийн номууд голцуухан. “Манай бүдэрсэн баатар” бол мэргэжлийн номд байдаг үзэл санааг энгийнээр, бидний өдөр тутмын амьдралд буулгасан ном юм. Энгийн бөгөөд сонирхолтой үйл явдлаар дамжуулж, бид бүхний анхаарах ёстой зүйлсийн хариултыг өгдөг.
Ер нь эрх мэдэл гэж юу вэ, дарангуйлал гэж юу вэ, бид эрх мэдэлд хэрхэн автдаг вэ, хэрхэн бууж өгдөг вэ, эсвэл түүнтэй хэрхэн тэмцдэг вэ, тэрхүү тэмцэлд юу саад болдог вэ? Хэрвээ эрх мэдлийн шаталсан тогтолцоо алга болбол бид юуг туулах вэ?. Эдгээр асуултын хариуг 12 настай сурагч хүүхдүүдийн дунд болж байгаа үйл явдлаас олж авна. Үндсэндээ Өмнөд Солонгос нь 18 жилийн турш Пак Жон Хи ерөнхийлөгчийн засаглал дор цэргийн дэглэмд байсан. Цэргийн дэглэм дор байсан мөртөө эдийн засгийн өндөр өсөлттэй. Ер нь л эрх чөлөөний талаарх мэдлэг хомс тэр үеийг ёгтолж бичсэн гэдгээрээ алдартай ном.

Номын хэсгээс товч хуваалцахад: 12 настай тавдугаар ангийн сурагчдын дунд болж байгаа үйл явдал өрнөнө. Сөүл хотод боломжийн амьдралтай нэгэн хүүгийнх гэр бүлд нь тулгарсан асуудлаас болж хөдөөд нүүж очдог. Шинэ сургуульдаа шилжиж очихдоо өөрөө бол “хот газрын хүүхэд” гэдэг утгаараа олны анхаарлыг татах байх, эрх мэдлийн хэмжээ хязгаараа тогтооно шүү гэсэн бодолтой байсан ч тэр нь талаар болдог. Хичээлийн эхний өдөр хэн ч түүнийг сонирхож, сонжсонгүй. Учир юу вэ гэвэл шилжиж орсон ангийг нь Ом Сог Дэ гэх ангийн дарга нь удирддаг байв. Ингээд гол дүрийн Хан Бён Тэ хүү ангийн дарга болон ангийнхантайгаа хэрхэн ойлголцох талаар бодож эхэлнэ. Ангийн дарга бол харизм сайтай, хүн бүрийг өөртөө татдаг, олон төрлийн чадвартай нэгэн. Эхний өдрөөсөө л тэдний дунд битүүхэн тэмцэл явагддаг. Ангийн даргыг төлөөлж хоёр хүүхэд ирээд дуудахад нь Хан Бён Тэгийн дотор “Яагаад би дуудсаных нь зоргоор очих ёстой юм?” гэсэн эгдүүцэл төрж, тэмцэл эхэлдэг. Ингээд тэмцээд эхэлтэл нөгөө ангийн дарга арга барилаа өөрчлөн, Хан Бён Тэгийн хүслийг хангах буюу өөрийгөө дөвийлгөх боломж олгодог. Тэгэнгүүт “манай дарангуйлагч оршиж байна” гэж бодож байсан бодлууд нь шууд зөөлрөөд эхэлнэ. Ийм үйлдлийг нь харахаар дарангуйлагч биш ч юм шиг санагдаад, учраа олох боломжтой хүн ч юм шиг мэдрэгддэг. Яагаад гэхээр анги дарга нь ангидаа тогтоосон хүч, эрх мэдлээрээ системээ хүчээр барьж байгаа учраас элдэв дарамтаа өөр хүнээр хийлгээд, өөрөө бол аврагчийн дүрээр гарч ирээд өөр харилцаа тогтоож байна шүү дээ.
Бодит байдалд бол дан ганц сургуулийн дээрэлхэлт төдий юм биш л дээ. Орчин үед үүнийг “Мanipulation” /Тархи угаалт/ гэх мэтээр нэрлэдэг. Орчин үед бидний сэтгэл зүйд нөлөөлсөн, янз бүрийн тархи угаалтын аргыг маш нарийн ашиглаж буй нь энэ номд тодоор илэрч байна. “Манай бүдэрсэн баатар” номыг гурван хэсэгт хувааж авч үзвэл.
Нэгдүгээрт: Ер нь дарангуйлал яаж тогтдогийг харах боломжтой. Ангийн дарга өөрийнхөө талд хүүхдүүдийг яаж татаж оруулж байна, зарим хэсгийг нь яаж хүчээр дарангуйлж байна, зарим хэсэгт нь ямар давуу байдал олгов? Дарангуйлалтай тэмцэж байгаа хүн ямар байна вэ? Яаж тэмцэл нь мухардаж байна, хүмүүс яагаад дэмжсэнгүй вэ? гэх зэргээр харамсалтай гэмээр хэсгүүд олон. Гол дүрийн хүү аавдаа тулгарсан асуудлаа нэг бүрчлэн ярьдаг. “Манай ангид дээрэлхэгч байна. Сөүлийн ангид ангийн даргыг санал хураалтаар сонгодог бол, энд эсрэгээрээ. Асуудлыг зөвхөн ангийн дарга л шийддэг. Багш маань оролцдоггүй. Бүх эрх мэдэл ангийн даргад байдаг учраас хэн ч, юу ч хэлдэггүй. Хэн ч дарангуйлагчийн үгээс гардаггүй учир энэ анги шилдэг хэвээр гэх мэтээр ярина. Хүү бол аавыгаа ихэд хүндэлдэг. Тиймдээ ч өөрийг нь ойлгосон хариулт өгөх байх гэтэл харин ч эсрэгээрээ “Ангийн дарга чинь манлайлагч юм байна. Чи суралц л даа” гэж хариулдаг. Энэ ярианы дараа хүү мухарддаг. Ааваасаа тусламж хүсэх, багшдаа хэлэх зэргээр шударга ёсны төлөө чадлаараа тэмцсэн ч мухарддаг. Үүнээс харахад бид шударга ёсны төлөө зориг гарган тэмцсэн хүнийгээ дэмжлдэггүй юм байна. Яагаад гэхээр айдастай хүмүүс нэгнийгээ дэмжиж чаддаггүй.
Хоёрдугаарт: Дарангуйлагчийн эсрэг тэмцэл мухардсаны дараах үйл явдал. Өөрийнх нь тэмцэл үр дүнд хүрээгүй. Тухайн асуудлыг зохицуулах ёстой томчууд буюу мөнөөх “дарангуйлагч”-аас ч эрх мэдэлтэй бүлэг болох багш, эцэг эхчүүд асуудлыг зохистойгоор шийдвэрлэж чадахгүй болохоор тэмцэгч маань яваандаа бууж өгөхөөс аргагүй байдалд орж буй юм. Зургаан сар ганцаардаж, гадуурхагдаад, хэн ч биш болж хувирдаг. Өөрийгөө зодоондоо бол ангидаа дунд хавьцаа гэж бодож явтал өөрөөс нь айдаг байсан хүүхдүүд хүртэл түүнийг дийлэх хэмжээнд хүрлээ. Сурлагаараа ч, зодооноороо ч ангийн даргыг ялахгүй учраас эцэст нь бүр мөсөн бууж өгнө. Яг энэ мухардсандаа бууж өгч буй хэсгийг Жорж Оурэллын “1984” зохиолтой адилтгадаг л даа. “1984”-ийн гол дүртэй адил нөхцөлд орж, үнэхээр шалдаа буусан хойно нь хүүг ангийн дарга нь ивээлдээ авч байгаа юм. Ивээлдээ авсныхаа дараа хүүтэй тохирсон аргаар нь харьцаж, хайр ивээлээ үзүүлж, өөрийнх нь үндсэн байр сууринд нь буцааж, нэр хүндийг нь сэргээдэг. Өмнө нь зодооноор бол ангидаа дунд хавьд, дүнгээр бол эхэнд байсан хүү шүү дээ. Ингээд Хан Бён Тэ асар их тайтгарал мэдэрч, дарангуйллын эсрэг тэмцлээ ч орхиж, ангийн даргын баруун гар болоод, түүний дэглэмийг хэрэгжүүлэгч нэгэн болж хувирдаг.
Гуравдугаарт: 1980-1990 онд Өмнөд Солонгост ардчилал хүчээ авч, үймээн самуун дэгдсэн. Яг энэ нийгмийн шилжилтийн тухай, дарангуй дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжих үеийн үйл явцыг харуулдаг. Тийм учраас иргэний боловсролын хүрээнд, ардчиллын боловсролын хүрээнд өсвөр насныхан, залуус, ер нь насны бүлэг хамаарахгүйгээр, заавал мэргэжлийн ном уншихгүйгээр чухал ойлголтуудыг мэдрэхэд чухал ном юм.
-"Манай бүдэрсэн баатар" номыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Ёс суртахууны асуудлууд нэлээн хөндөгдсөн юм шиг мэдрэгдсэн. Яг ийм дэглэм дотор хүн орчихвол, өөрөөр хэлбэл хэчнээн шударга ёсны мэдрэмжтэй, зөвийг хийж байгаа боловч мохож, шантарвал, тэмцлийг нь хэн ч дэмжихгүй байвал яах вэ гэдэг асуултыг хүн болгон өөрөөсөө асууж, хариултыг хайхуйц ном. Хүмүүсийн хоёр нүүрийг мэдрэх сонирхолтой үйл явдлууд ч зохиолд бий.
-Та ямар арга барилаар ном уншдаг вэ?
-Мэргэжлийн номоо ойлгоход уран зохиолын ном тусалдаг л даа. Гэхдээ одоогийн байдлаар уран зохиолын ном унших боломж маань багасчээ. Бусад шиг нэг дор олон ном зэрэгцүүлж уншиж чаддаггүй. Эхлүүлсэн номоо аль болох дуусгачхаад шинийг эхэлдэг. Номоос хэрэгтэй хэсгээ тэмдэглээд, хадгалаад, тодруулаад уншдаг. Нэг ном уншаад дууссаны дараа үнгэгдсэн, хуучирсан номтой л үлддэг. Цаасан ном түлхүү уншдаг учраас модоо хайрлахын тулд хуучин номын худалдааг дэмждэг. Нэг нэгэндээ номоо дамжуулж уншихыг илүүд үздэг. Гэхдээ миний ном бусдад уншихын аргагүй эрээн алаг санагддаг байх. Надад бол сөхөөд харахад дэс дараалалтай, эмх замбараатай л даа.
-Ном таны амьдралд юу өгсөн бэ?
-Ямар нэгэн асуудлын гарц гаргалгааг олохгүй байх үедээ ном унш л гэж хэлнэ. Ном уншина гэдэг бол аливаад суралцахуйн эх үндэс. Ерөнхий агуулга олгохоос гадна бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлэх, бусдыг зөвөөр ойлгох гээд чадварт суралцана бас харилцана. Өөрийгөө олж, тайвширч, дотоод сэтгэлдээ бясалгах арга замын эхлэлийг номоос олно. Ном уншдаг хүн л мэдрэмжээ, илэрхийлэмжээ, өөрийгөө, ер нь бүгдийг олж авна.

-Номоос сэтгэлд үлдсэн эшлэл хуваалцвал?
- "Өөрсдөдөө заяагдсан зүй ёсны үнэт зүйлсээ бусдад булаалгачихсан атлаа харамссан ч үгүй, уурласан ч үгүй, буруу зүйлд бууж өгсөн хэр нь бас ичсэн ч үгүй."
Бид сул дорой хүмүүс. Өөрсдийн эрх мэдэл, эрх чөлөөг бусдад булаалгачхаад юу ч хийж чадаагүй. Дан ганц Хан Бён Тэ ч биш ангийн бүх сурагчдын дотор тэмцэл өрнөж байсан ч хэн ч ил гаргаагүй. Ил гаргах хэмжээний итгэл үнэмшил ч байгаагүй. Нэг ёсондоо нэгдэх, нэгдмэл байх аргаа олоогүй.
Өөр нэг таалагдсан эшлэлээ хуваалцъя.
“Хүүхдүүд хэдийгээр балчир ч гэсэн томчуудын ярьдаг шударга ёс, эрх чөлөөний тухай ерөнхий ойлголт бүгдэд нь байсан байна. Хүүхдүүдийг том үзэл санаа руу чиглүүлэхийн оронд, зоригжуулж, өргөн хүрээний асуудлыг ойлгуулахын оронд би зөвхөн сэтгэл хөөрөл, түргэн зандаа автаж ойрын зорилго, амархан ялалтад тэмүүлсэн”
Хэн нэгнээсээ илүү гарах, бардамнал, эрх мэдлээ л нэгдүгээрт тавьж, түүнийхээ төлөө л зүтгээд байснаас биш хэн нь ч нийтэд хамааралтай тогтолцоо, шударга ёс, эрх чөлөөний төлөөх тэмцэл өрнүүлээгүй. Үйл явдлын хувьд дарангуйллын дараах эмх замбараагүй байдлыг даван гарч байгаагаар ном дуусдаг. Тийм учраас би "Манай бүдэрсэн баатар" номыг оптимистик зохиол гэж боддог.