
Тавдугаар сарын 20-ний нийтлэлийг сэргээн хүргэж байна.
Байгаль орчны салбарын С.Вандан, Д.Дуламсүрэн гэгдэх тэднийг Б.Батболд, Д.Насанбаяр гэдэг. Энэ гэр бүлийн гэргий нь 1997 оноос хойш сэтгүүлчээр ажилласан хэвлэл мэдээллийн салбарын хүн. Харин гэрийн эзэн нь хуульч мэргэжилтэй аж. Тэд 18 жилийн турш “Танайд мод таръя” нэвтрүүлгийг бэлтгэж, цэцэг мод ургамал тариулж сурган өөрийн эзэмшил өрхийн цэцэрлэгтэй болгох , ойг нөхөн сэргээж ойжуулахад хувь нэмэрээ оруулсан. Хэдийгээр тэдний мэргэжил, ажил нь ондоо ч байгаль экологийн талаар судалж, суралцсаар ирсэн байна. Ийнхүү Монголд мод тарих анхны хөдөлгөөн, ногоон давалгааг өрнүүлэн 1000 гаруй нэвтрүүлгийн дугаар бэлтгэн нэвтрүүлж, олон мянган айл өрх, хүмүүсийн тархи, зүрх сэтгэлд мод тарьж соён гэгээрүүлэх ажил хийж байгаа бидний дундах чимээгүй баатар гэр бүлтэй ярилцлаа.
-Мод тарих нь эх дэлхийд ирснээс хойших хамгийн том буян-
-Б.Батболд ахаас яриагаа эхэлье. Та бол хуульч мэргэжилтэй хүн. Ямар шалтгаанаар та мэргэжлээ орхиж, байгаль орчинтой амьдралаа холбосон бэ?
-Хүн төрөлхтөн бол байгальтай салшгүй холбоотой. Хүний амьдрал болсон хойно байгаль дэлхийгээ ажиглах, байгалийн сайханд баясах, газар дэлхийтэйгээ харьцах нь өдөр тутамд тохиолддог. Тэгэхэд нүдэн дээр маань манай орны байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлт эрс нэмэгдсэн. Биднийг хүүхэд байх үед зуны дэлгэр сайхан цаг бороо, хуртай намар цаг нь налайсан сайхан байсан.
Тэр үеэс нэлээн өөрчлөгдөж, хотжилтоо дагаад байгаль экологи муудаж эхэлсэн. Энэ өөрчлөлтийг нүдээр харахад, өөрийн эрхгүй би орчноо хүүхэд ахуй насных шигээ болгоход юу хийж чадах вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирсэн. Хуучин цагт Дамбаржаагаас Сэлбийн зуслан хүртэл цөөн хэдэн айлтай, зарим ам нь хээржүү ойн төгөлтэй байсан боловч зах зээлийн үeд хортонд баригдаад тэмцлийн ажил хийгээгүйн улмаас хатаж үхсэн. Дараа нь хууль бус мод бэлтгэл буюу хулгайч нар тайрч хөрөөдөөд зөөгөөд дуусгасан. Бага балчраасаа эдгээрийг харсан болохоор сэргээе, цэцэрлэгжүүлье, эх орноо моджуулахад би юуг, хэрхэн, яаж хувь нэмрээ оруулах бодол цээжинд байлаа. Энэ бодлоос л 18 жилийн өмнөх шийдвэр гарсан байх.
Шийдвэрээ гаргасны дараа мод тарихын тулд судалгаа ихээр хийсэн. Мод анхдагч уу, ус анхдагч уу гэсэн асуулттай тулгарч хаанаас эхлэх вэ гэж бодсоны эцэст зуслангийн хашаандаа мод тарьсан. Гар дээрээс зарж байсан мод аваад хашаандаа тарихад, зуны дэлгэр цагт саглайтал ургачхаад намар нь уначихсан. Хаана, ямар технологи дээр алдчихав гэж эрэл хайгуул хийж эхлээд, ой болон суурин газрын модны ургалт, арчилгаа, агар технологи өөр болохыг мэдэж авсан. Тухайн үед интернет дэлгэрээгүй, ном, сонин, сэтгүүл, технологичдоос мэдлэг авдаг байсан.
Тэр үед хань маань сэтгүүлчээр ажиллаж байсан. Миний санааг сонсоод, дэмжээд бид хоёул байгаль экологидоо нэмэр болохын тулд санаа нэгдэн ажиллаж эхэлсэн. Нэг санаа бодлоор нэгдэж, хамтдаа зорихгүй бол хоёр талд ажиллаад байвал гараас юм гарахгүй тиймээс л хэн хэн нь ажлаа бас амьдралаа өөрчлөх шийдвэр гаргасан. Бэлтгэл ажил гэж нэг жилийн зарцуулж, бэлэн болсноосоо хойш 18 жилийн турш ой модтой хамт байна.
-Дараагийн асуултыг Д.Насанбаяр эгчээс асууя. Анх нөхөрийнхөө саналыг сонсоход, танд ямар санагдаж байсан бэ?
-Би 1997 оноос хойш сэтгүүлчээр ажилласан. Соёл урлаг, нийгмийг соён гэгээрүүлж ажилладаг хүн байв.
“Сэргэлэн болжмор өглөө сэрээдэг, сэргэлэн сэтгүүлч нийгмийг сэрээдэг” энэ үг салбарын философи байсан. Анх хань маань байгаль орчны талаар удаан бодож яваагаа хэлэхэд, өөрийн эрхгүй би сэтгүүлч юм чинь нийгэмдээ яг ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм бэ, нийгмийг яаж түүчээлж явах вэ гэж бодогдсон. Тухайн үед бид хоёр “Ерөөсөө нийгэм бараан байна, Улаанбаатарын гудамж талбай, Монгол орон төдийгүй дэлхий нийт ч уур амьсгалын өөрчлөлтөд орсон байна. Мод хаана байна, тэнд таатай орчин байна” гээд ярилцсаны дүнд хамтдаа нэвтрүүлэг эхлүүлэхээр шийдсэн. Үнэндээ 18 жилийн өмнө мод, ургамал, байгаль орчны талаар мэдээлэл хомс байсан.
“Хүн эхийнхээ хэвлийгээс төрөхдөө л эх дэлхийдээ өртэй төрдөг юм байна” энэ үгийг бодоод л шууд сэтгэл зүрх шулуудаж, нэгэн зүгт хамтдаа ажиллах шийдвэрээ гаргасан. Мод тарих бол хүн болж эх дэлхийд ирснээс хойших хамгийн том буян гэдгийг ойлгосон.
-Тэгэхээр мод, ургамлын нөхөн сэргээлт хэн хэнийх нь сэтгэлд байжээ. Анх нэвтрүүлэг хийх зорилго, алсын хараагаа хэрхэн харж байсан бэ?
-Энэ нэвтрүүлгийн гол зорилго бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нүүдэлчин соёл иргэншилтэй бид юу хийх вэ, үүний л хариултыг олох явдал байсан. Иргэн бүр 0.7 га газар авчхаад шавар байшин барихаас өөр юу хийх вэ гэдэгт олон хүнд шинэ санаа өгөх зорилготой байсан. Гадаад орны ногоон байгууламж , цэцэрлэгжүүлэлт, өрхийн аж ахуй, жимс жимсгэний аж ахуй, агропарк, агро ойжуулалт, хүлэмжийн аж ахуй, ойн нөхөн сэргээлт ойжуулалт, мод ургамлын нэршил ,сорт сeлeкц гээд судалж эхэлсэн. Ялангуяа хоёр хөршийн эрдэмтэн шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн докторууд, мэргэжлийн ойн инжeнeр, мод үржүүлэгч цэцэрлэгжүүлэгч, жирийн иргэд сонирхогч нараас мэдээ мэдээлэл олж авахыг эрмэлзсэн.
Нөгөө талдаа ойжуулалтыг хэрхэн хийх, хаана амьдарч байна тэр газраа мод ургамал тарьж, уур амьсгалаа зөөллөхөд хувь нэмрээ оруулах. Мөн хүмүүсийг соён гэгээрүүлэх, тархинд нь мод тарих, тархинд нь мэдлэг олгох гэх мэт ажлыг төлөвлөж байсан. Манай нэвтрүүлгээр дамжуулж бизнес бүтээж, өрхийн орлогоо нэмээсэй гэдэг санаа давхар гарч ирсэн.
Нэвтрүүлэг хийж эхлэнгүүтээ шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл түгээхийн тулд эрдэмтэн докторуудтайгаа нягт хамтран ажилласан. Яагаад гэхээр зөвхөн практик биш, онол практик хосолсон эрдэмтдийн үгийг бас сонсох хэрэгтэй. Хүмүүсийн мэддэггүй ойг бий болгочихсон, мод ургамал тарьчихсан, ойчид байдаг. Тэд нарынхаа үгийг ард түмэндээ хүргэх ёстой. Арга барил “Ноу-Хау”-г олон хүргэхээр ажиллаж эхэлсэн дээ.
-Мэргэжил болон ажлаа солиход эргэн тойрны хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Д.Н: Анх 17 жилийн өмнө дөрөвдүгээр сарын 20-ний өдөр эхний дугаараа цацаж байв. Тэр үед хүмүүс надад “Насаа чи ямар сонин юм хийгээд байгаа юм бэ. Хүмүүс тэтгэвэрт гарахаараа л хэдэн мод тарьж суудаг шүү дээ. Эдийн засаг, улс төр хөөгөөд ажиллавал амьдралд чинь ч хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Би хариуд нь “Би үнэхээр энэ зүйлдээ дурлаад байна. Хүлээж байгаарай” гэсэн хариулт өгдөг байв. Мод ургамал тарихыг тэтгэвэрт гарсан хүмүүсийн ажил гэж бодож байгаа нь өөрөө тэр үед хүмүүс экологийн мэдлэг дутуу байсныг илтгэж байна. Үнэндээ олон хүний санал, асуулга ирж байсан ч хань бид хоёрын сэтгэл нэгэн зүгт хөдөлчихсөн байсан. Хэн ч, юу ч өөрчилж бас, зогсоож чадахгүй байсан.
-Б.Б:-Миний хувьд нэгдүгээрт надад бурхнаас заасан тавилан юм болов уу гэж боддог байсан. Үүнтэйгээ ч эвлэрсэн.
Хоёрдугаарт энэ бол миний үүрэг юм байна. Манай гэр бүлийн үүрэг байж дээ гэж бодох болсон. Цаанаасаа бүр өгөгдөл өгчихсөн юм байна, бид л хийнэ, эхлүүлнэ гээд зорьсон. Одоо бодох нь асар том хүрээтэй, дэлхийн хэмжээний том сэдвийг барьж аваад, ажиллаж эхэлсэн юм билээ.
-Бид алдсан боломжоо л одоо нөхөж яваа улс. Бидний нэвтрүүлэг эхэлснээс хойш мод, ургамал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гээд хүрээгээ нэлээн тэлсэн-
-18 жилийн өмнө мод тарьдаг айл цөөхөн байсан байх. Нэвтрүүлгийнхээ зочдыг хаанаас хэрхэн эрж, хайж байсан бэ?
-Үнэхээр мод тарьдаг айл цөөхөн байсан. Дандаа эрлээр, хүнээс сурагладаг, хайдаг, эрдэмтэн докторуудаас асуудаг байсан.
-Анх нэвтрүүлэгт орсон айлууд, одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ, жишээ дурдвал?
-Тухайн үед нэвтрүүлэг эхэлж байхад мод тарьсан айлуудын мод, ургамал гоё болсон, үр шимээ өгч, амьдрах орчин нь сайжирсан. Сэтгэлд ойр нэгэн жишээ хуваалцъя. 2009 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд нэг айлын алимны талбай дээр очиж нэвтрүүлэг хийсэн. Тэр үед 20-той залуучууд “Манай улсад алим ургадаг юм уу” гэж их гайхаж билээ. Хуучин цагт алим гэдэг чинь халуун оронд ургадаг Монголд ургах боломжгүй л гэж боддог байсан. Манай улсад жимс жимсгэнийн аж ахуй хөгжиж байсан үе байсан шүү дээ. Гэхдээ бид өөрсдөө зах зээлийн шуурганаар тэр аж ахуйгаа нураачихсан. Ер нь бол ургуулахад, он удаан жил зарцуулдаг, харин сөнөөхөд хэдхэн минут л хангалттай байдаг.
Бид алдсан боломжоо л одоо нөхөж яваа улс. Бидний нэвтрүүлэг эхэлснээс хойш мод, ургамал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гээд хүрээгээ нэлээн тэлсэн.
-”Танайд мод таръя” нэвтрүүлгийг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, дэмжлэг хэр их байсан бэ?
-Бид хоёрыг нэвтрүүлгээ, уран бүтээлээ хийгээд явж байхад маш олон хүмүүс урам хайрладаг байсан юм. “Энэ чинь ямар гоё гэгээлэг нэвтрүүлэг вэ” гээд. Нэг удаа бууз, баншны жижигхэн үйлдвэртэй эмэгтэй холбогдож байсан юм. “Танай нэвтрүүлгийг үзээд, яах аргагүй модны чиглэл рүү орчихлоо. Манайх мод үржүүлгийн газартай болсон. Бидэн дээр ирээрэй” гэж байсан юм. Энэ мэтчилэн нүдэн дээр олон арван бүтээн байгуулалт босохыг хараад л илүү их урамшдаг байсан. Үнэндээ монголын ард түмэн бид хоёрыг урамшуулаагүй бол өнөөдөрт хүрэх байсан уу гэдэг эргэлзээтэй шүү дээ. Бидэн шиг маш олон хүн ажил мэргэжлээ сольж, ой, ургамал, модонд өөрсдийгөө зориулж явдаг болсон шүү дээ. Ийм хүмүүс ихсэх тусам “Нийгмээ зөв зүйлд, сэрээж, чаджээ” гэж бодогддог. Хүмүүс анх нэвтрүүлэг хийж байх үед зөвхөн чацарганын мод асуудаг байсан. Хэдхэн жилийн дараа нь чацарганын модны сорт асуудаг болсон дараад нь алим чавга, гоёлын мод сөөг асуухаас гадна тарьж ургуулан үр жимсийг нь хүртэн, сэтгэлийн ташаал буюу кайф авч том зорилготой амьдрах болсон. Энэ бол оюун санааны дэвшил яахын аргагүй мөнөөс мөн.
Бас 2010 онд ерөнхийлөгч “Мод тарих үндэсний өдөр”-тэй болгосон нь маш том дэмжлэг байсан.
-Сэтгэлд хамгийн тод үлдсэн сурвалжлагаа хуваалцвал?
-Нэвтрүүлэг хийж явахад сайхан сайхан хүмүүстэй их уулздаг. Тухайн үед сангийн яаманд ажиллаад, тэтгэвэртээ гарсан н.Пүрэвжав гээд эмэгтэйнд очиж байв. Олон улсаар их явдаг хүн байсан учраас хашаагаа дэндүү гоё арчилсан байсан. Ороод л дуу алдаад бушуухан хүмүүст хүргэх юм сан гэсэн бодолд автаад л сэтгэл их догдолсон. Зун цагт олон төрлийн цэцэгс хашаагаараа тариад, цэцэг нь чамин гэж жигтэйхэн. Том том гацуур мод сэгхийтэл ургачихсан ёстой л үлгэрийн орон байсан. Тэр дугаар арваад жил дахин дахин сэргээгдэж, үзэгчдэд урам хайрласан даа.
Бас нэг жишээ нь, Хятадын говийг ойжуулсан И Жин гээд эмэгтэй байдаг юм. Тэрний туршлагыг нэвтрүүлгээрээ дамжуулж хүргэсэн нь олон хүнд сургамж болж, хийж бүтээх хүслийг нь өдөөсөн байх. Тэр эмэгтэйн түүх нь их гоё. Хангай газрын хүн говийн бэр болж очсон байгаа юм. Гэрээ санаад гадаа суух гэхээр сүүдэрлэх мод байхгүй хязгааргүй их элс л байсан гэсэн. Тэгээд л хангайдаа ургадаг модоо энд тариад сүүдэрт нь сууна гэж шийдээд, мод тарьж эхлээд говио тэр чигт нь моджуулсан байгаа юм. И Ю Жинийг Хятадын нэг сэтгүүлч сурвалжлаад, дэлхий даяарх бүх хүнд урам зориг өгсөн юм билээ. Тиймээс экологийн нэвтрүүлэг улс бүрд хэрэгтэй байгаа юм. Дээрээс нь хань бид хоёр нэвтрүүлгээ хийхдээ хар хайрцгийн бодлого баримталж, хийдэг дээ.
-Хар хайрцагны бодлого гэдэг нь?
-Бид сайн туршлагыг хүмүүст хүргэхийг зорьдог. Нэвтрүүлгээ босгох үед хувьсгалд биш хувьдаа ашиглах олон арван хөнгөлөлт, үнэгүй боломжууд гарч ирсэн. Салбартаа л гэрэл асаахыг зорино. Бэлэн боломжуудыг сонгохгүй байгаа маань л хар хайрцгийн бодлого шүү дээ.
-Бидний дунд, байгаль экологийг амилуулж яваа олон арван чимээгүй баатрууд байдаг-
-Ойн салбарын талаар яривал?
-Бид хоёр медиа, хэвлэлийн хүмүүс юм шиг хэр нь гарцаа байхгүй ойн салбарынхан болчихдог. Монгол оронд ойг бий болгохын төлөө сэтгэл санаагаа чилээж явдаг олон сайхан хүмүүсийнхээ тухай нэвтрүүлгийг хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн. Энэ жил манай улсад ойн салбар хөгжсөний 100 жил тохиож байгаа. Олон арван хүний тухай нэвтрүүлгээ бэлдэхээр ажиллаж байна. Ойг нөхөн сэргээж ойжуулан олон мянган га талбайд таримал ой бий болгосон ойчид олон бий. Төр засгаас маань хэрэгтэй зөв хүндээ гавьяа шагналаа сайн өгдөг.
-Байгаль орчны салбарт орсноос хойш гавъяа шагнал авч байв уу?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мод тарих үндэсний өдрөөрөө “Хөдөлмөрийн хүндэт” медалиар ордондоо аваачиж шагнаж байлаа. Түүнээс хойш дөрөв, таван жилийн зайтай “Алтан гадас” одон “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Туг”-ийн одон авсан. “Алтан гадас” одонг Тужийн нарсанд гардан авч байлаа. Дараад нь Монгол Улсын Байгаль Орчны Гавьяат Ажилтан болсон.
-Нэвтрүүлгээ бэлдэж байхад тулгамдаж байсан асуудал юу байсан бэ?
-Бид хоёр хамтдаа ажиллаж байгаа учраас хүүхдүүдээ орхичихдог байсан. Хоёр ээждээ хүүхдээ үлдээгээд хамтдаа сурвалжилгаа бэлтгэнэ. Анх таксины мөнгөө хүнээс зээлнэ, дараад нь камераа түрээсэлнэ. Юмхнаар юм хийх гэж хэрэндээ л хичээж өдийг хүрсэн. Арайхийж нэвтрүүлгээ бэлдчихээд телевизүүдэд хандахаар мөнгө нэхнэ, асуудал их гардаг байлаа. Харин ТВ-9 телевизийн захирал их ухаалаг, алсын хараатай хүн байсан учир биднийг их дэмжсэн. Ерөөсөө л хүмүүс дунд ТВ-9-ийн “Мод таръя” гэдэг болчихсон байсан.
-Одоо олонхын мэддэггүй модны талаарх энгийн баримтуудын талаар ярилцъя. Говь болон хангай нутагт ургадаг модны ялгаа юу вэ?
-Мод тарих нь хаа хамаагүй газар очоод тарихын нэр биш юм. Ер нь Говьд бол үндсэндээ бол тэр говийн унаган модыг л тарина. Харгана, заг, тоорой, говийн улиас ,бариулт буйлс, зэргийг тарина. Хангайд бол хангай нутагт таарсан мод л ургуулна.
-Таримал ой болон байгаль хоёрын ялгааны тухайд?
-Таримал мод байгалийн ой хоёрын хоорондоо их ялгаатай. Таримал мод гэдэг маань хүн өөрийнхөө гараар бий болгоод өөрөө тарьж байгааг хэлнэ. Таримал мод нь орчинтойгоо зохицож, нас биед хүрэхэд хугацаа шаардагддаг. Бас эхний удаа ургахдаа маш их ус шаарддаг гэх мэт. Харин ой бол өөрөө нөхөн сэргээгддэг.
Модны төрөл зүйл сүүлийн үeд нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Монголын ой нь эмзэг ойд хамаарагддаг учир ойн чанар бүтээмжийг нэмэгдүүлж ойрхог чанарыг өсгөх нь чухал болоод байна . Нэг ёсондоо бүтээмж өндөртэй , дээгүүр ангилалд хамаарах ойтой болох.
-Нийслэлийн гудам талбайд, тарьдаг мод болон өрхийн хүрээнд ургуулах модны онцлог шинжүүд юу вэ?
-Хотын ногоон байгууламжинд аль болох стандартын шаардлага хангасан титэм гоё өнгөлөг, цэцгээрээ, навчаараа, холтосоороо гоёдог, өнгөний хувиралт өгдөг, гоёл чимэглэлийн болон тоос дуу сайн шингээж, хүчилтөрөгч сайн ялгаруулдаг мод сөөг таригдана.
Өрхийн хүрээнд тарих модтой харьцуулахад, агро техник, технологийн хувьд зөрөөтэй. Ойд бол жишээлбэл тэр навч нь сул унаад, байгалийн аясаараа ялзмаг болно. Гэтэл жимсний аж ахуйд болохоор тэр унасан навчис шилмүүс тэр юуг бол заавал түүх ёстой. Яагаад гэхээр тэр жимсний аж ахуйн талбай болохоор цэвэр байгалиараа хараараа байх ёстой гэсэн ухагдахуун явагдаж байдаг. Энэ мэт ялгаа их учраас бидэнд экологийн боловсрол хамгийн чухал байна. Нийслэлд ургаж байгаа модны навчийг цэвэрлэх ёстой, харин өрхийн хажууд байгаа мод чинь нас биед хүрээд, хүний гар харахааргүй болчихсон байх юм бол шилмүүст модныхоо доорх навчийг аваад хэрэггүй.
-Чин сэтгэлээсээ мод тарих хэрэгтэй. Оюун ухаан, зүрх сэтгэлээсээ-

-Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн талаар ямар бодолтой байдаг вэ, экологийн тэнцвэрт байдалд төр засгаас авч байгаа арга хэмжээний талаар санал сэтгэгдлээ хэлбэл?
-Төр засаг экологийн тэнцвэрт байдал руу чиглэж ажиллаж байгаа нь сайшаалтай. Нэмэлтээр мод тарьж байгаа айл, өрхийг урамшуулах хэрэгтэй. Гаднын оронд мод тариад, урамшуулал авдаг маш олон кэйс байгаа. Тэндээс судалгаа хийж, эх орныхоо хөрсөнд буулгах хэрэгтэй. Бид үр хүүхдүүд, хойч үедээ эрүүл цэвэр агаар, байгаль орчны тэнцвэрт байдлыг үлдээх хэрэгтэй. Одоо тарьсан модод 100 жилийн дараа утгаараа ашгаа өгнө. Бид модоо тарьж, агаараа цэвэршүүлдэг байх хэрэгтэй. Бас өрхийн амьжиргаа дээшлэх хэрэгтэй. Ингэж л олон талыг барьж ажиллах хэрэгтэй. ЕБС-ийн хөтөлбөрт экологийн талаар нухацтай орох хэрэгтэй. Мөн төрийн албан хаагчийн шалгалтад “Та хэдэн мод тарьсан бэ” гэх асуулгыг оруулж өгөх хэрэгтэй гэж бодож байна.
Нэг жишээ дурдахад, Гаднын орны иргэд нь хашаандаа ярайтал мод ургуулсан байдаг. "Бид ургуулсан модоо төрдөө үнэлүүлж, мөнгөн урамшуулал авдаг" гэж байсан. Энэ мэтчилэн гадаадаас хэрэгтэй төсөлт хөтөлбөрийг нь нутагшуулах хэрэгтэй гэж бодож байна.
-Цаашдын ажлын төлөвлөгөө юу байгаа вэ?
-Ер нь бол танин мэдэхүйн өрхийн цэцэрлэг бий болгож байгаа. Ховор модлог ургамлаар бүрдүүлсэн цэцэрлэг гэж ойлгож болно. Үндсэндээ 50 гаруй төрөл зүйлийн 400-600 орчим мод сөөг ургуулж байна. Хамгийн гол нь Монголчууд ямар нэгэн зүйл тарьчихвал түүнээс үлгэр дуурайлал авахдаа сайн. Тиймээс үлгэрлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
Бидэнд олон төрлийн ургамлын нэвтрүүлэг дутуу дулимаг байна. Олон төрлийн нэвтрүүлэг гарч эхэлбэл, хүн бүр боломжоороо хэрэгжүүлэхэд бэлэн байдаг.
-Ярилцлагын эхэнд "Мод анхдагч уу, ус анхдагч уу" гээд хариуг нь хайсан гэсэн. 18 жилийн дараа аль нь анхдагч болохыг мэдсэн үү?
-Ерөнхийдөө модтой байж устай, устай байж амьдралтай. Энэ хоёрыг бол салгах аргагүй юм. Гэхдээ манай Монголын усыг ганц барьдаг юм бол цэвдэг. Цэвдгийг гол барьдаг юм чинь мод. Хэрвээ модгүй бол цэвдэг хайлаад дуусна. Усгүй болж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ой модоо л хайрлая гэж хүн ардад хэлэх гээд байгаа юм.
-Уншигчдад хандаж хэлэх үг бий юу?
-Мод тарьсан хүн бол угаасаа гэгээлэг байдаг. Хүн бүр эхлээд зүрхэндээ модоо тарих хэрэгтэй. Зүрх сэтгэлээ мод руу шингээгээд, дараад нь тархиндаа шингээж, мэдлэгээр дүүргээрэй. Мэдлэг болон сэтгэлтэй болсны дараа гараараа мод тарих юм бол таны бүх эд эс шингэж, тэр мод илүү үзэсгэлэнтэй ургадаг. Тийм учраас энэ олон жилийн түүхтэй, үе үе дамжсан энэ сайхан мод ургамлыг бий болгох гэж байгаа танд амжилт хүсье. Таны тарьсан мод тэнгэр өөд тэмүүлж ургах болтугай.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв үйлсийг дэлгэрүүлэгчидтэй шүү.
Сайн сайхныг хүсьэ.