Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Ахлах ангийн сурагчид ЭЕШ дөхөх үед гэнэт мэргэжлээ сонгох нь түгээмэл байна

Мэргэжил сонголт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буй. Төгсөх ангийн сурагчдын ЭЕШ хаяанд ирж, өсвөр үеийнхэн мэргэжлээ сонгох хариуцлагатай үе ирлээ. Гэтэл тэдэнд мэргэжлээ хэн нэгний шахалтаар эсвэл дам яриагаар сонгох, ЭЕШ-ын оноондоо тохируулан сургуулиа сонгох асуудал багагүй тохиолдож байна. Өөрийн хүсэл сонирхол, чадвартаа тохироогүй мэргэжлийг сонгох нь их сургуулиа орхих, нийгэмд дипломтой ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхэд хүргэдэг. Тиймээс мэргэжил сонголтыг хүүхэд, гэр бүл, сургуулийн хэмжээнд хамтран ярилцаж, зөвлөн шийдэх хэрэгтэй талаар бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Бид хот хөдөөгийн төлөөлөл болсон сурагчдаас “Мэргэжлээ сонгоход хэр удаан цаг хугацаа, хүчин чармайлт, өмнө нь тулгардаг асуудал зэрэг олон талт асуудлаар санаа бодлыг нь сонссон юм.

Тэдний цөөхөн хэсэг нь л “Мэргэжлээ хэдийнэ сонгочихсон бөгөөд аль их, дээд сургуульд суралцвал илүү сайн боловсрол олж авах талаараа судалсан бол сурагчдын ихэнх нь ЭЕШ дөхөх үеэр гэнэт л мэргэжлээ бодож эхэлсэн” хэмээн ярьж байлаа.

Нийслэлийн 53 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Энэрэл: Миний хувьд, жүжигчин хэмээх мэргэжлийг сонгосон. Яагаад гэвэл би багаасаа л урлагийн олон тэмцээнд оролцож ирсэн. Тэмцээнд орох бүрдээ өөрийнхөө чадварыг дээшлүүлж байгаа мэт санагддаг байсан. Тийм болохоор урлаг гэдэг зүйлд бараг л ихэнх насаараа хичээллэчихсэн учраас ирээдүйд ч гэсэн урлагийн хүн болохыг хүсэж мэргэжлээ сонгосон. 

Анхандаа гэрийнхэн урлагийн хүн болно гэхээр их дургүйцэж хүлээж авсан. Ойлгомжтой шүү дээ, цалин мөнгө бага, олны хараанд байж хувийн орон зай гэдэг зүйлгүй болно гээд л үглэж өгсөн. Гэхдээ урлагт бол муу гэхээсээ сайн зүйл их байдаг. Тийм учраас сайн хичээж, сайн суралцхыг л зорилго болгон хичээж байна даа. 

Манай үеийнхэн “Эрх зүйч, хуульч, эмч, инжинер” зэрэг мэргэжлийг ихээр сонирхож байгаа ажиглагдсан. Зарим нэг нь аав ээжийнхээ хүслээр эмч, эмзүйч, багш, цагдаа болно гэчихсэн л явж байгаа. Зарим нь бүр “Юу ч гэсэн ЭЕШ-аа өгөөд авсан оноондоо тааруулж мэргэжлээ сонгоно” гээд байсан.

Нэг үеийг бодвол манай насныханд бүхий л зүйл нээлттэй, чөлөөтэй болчихсон байгаа шүү дээ. Хэн нэгний үгийг дагах гэхээсээ илүү ирээдүйтэй, сонирхолтой мэргэжлийг сонгоосой гэж хүсэж байна. 

Миний эргэн тойронд мэргэжлээсээ өөр ажил хийдэг зөндөө хүмүүс байдаг. Тэдний алдааг бид давтахгүй л байх хэрэгтэй. Муухай мэргэжил гэж байхгүй шүү дээ. Салбар салбартаа л сайн ажиллаж, сайхан амьдрах чухал даа.

Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Нандинхүү: Би мэргэжлээ 10 дугаар ангиасаа хойш их бодсон. Аав ээжтэйгээ нэлээн удаан ярилцсаны үндсэн дээр  Уул уурхайн Инженер болох гээд хичээлүүдээ бэлдэж эхэлсэн. Манай үеийнхэн одоо бол дандаа л өөрсдийн сонирхлоор мэргэжлээ сонгож байгаа харагдсан. Харин нийтлэг мэргэжлийн хувьд эдийн засагч, эрхзүйчийн мэргэжлийг сонгож байгаа харагдсан. 

Шинээр төгсч байгаа хүүхдүүдийн хувьд нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлийг түлхүү сонгодог бол үйлдвэрлэл, аж ахуй, инженер техникийн чиглэлийг мэргэжлийг сонгох нь харьцангуй бага байдаг. Тиймээс цаашид төрийн бодлогоор инженер, техник, үйлдвэрлэл, аж ахуй чиглэлээр мэргэших боловсон хүчнийг бэлтгэхийн тулд төрийн оновчтой бодлого, зохицуулалт хийх, давхардсан мэргэжилтэн бэлтгэн буй сургуулиудын цэгцлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах төлөвлөгөө гаргаж, түүний дагуу боловсон хүчнээ бэлтгэх гээд мэргэжил сонголтод түшиглэн стратегийн төлөвлөгөөтэй ажиллах ёстой юм шиг санагддаг. 

НЕБ-ийн 28-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Дариймаа: Би энэ төгсөх жилээ мэргэжилээ баттай болгон сонгосон. Тэр юу вэ гэхээр, АШУҮИС-ийн нийгэм эрүүл мэндийн салбар сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Ажилтан чиглэлээр сурахаар төлөвлөөд байна.

Сонгох болсон шалтгааны хувьд нэгдүгээрт өөрт таалагдсан, өөрөө сонирхсон учраас л сонгосон. Хоёрдугаарт,  ирээдүйд эрэлттэй ажлын байр ахиу байж болохуйц гэдэг талаас нь харж сонгосон. Монголд цаг хугацаа өнгөрөх тусам устах биш хөгжиж байх мөн олон салбар чиглэл рүү хувьсаж байх гэж бодсон юм л даа. 

Мэргэжлээ өөрийнхөө хэмжээнд судалж мэдсэн. Бас эргэн тойрныхоо хүрээлэл зэргээс сонсож харж байж харгалзан үзэж амьдралын баталгаа бий гэдгийг бага багаар мэдсээр байгаа. 

Өмнө нь хамгийн ихээр яг л энэ болно гэсэн мэргэжил бол байгаагүй ээ. Гэхдээ сэтгэл судлал сэтгүүл зүйн чиглэлийг нилээдгүй сонирхдог байсан. Гэсэн ч эдгээр мэргэжил ирээдүйд сураад төгсөөд ирэхэд байх уу үгүй юу ажлын байр нь хэр зэрэг вэ гэдгээс няцаагдсан. Үүнд бол гэр бүлийн хүрээнд няцаагдсан зүйл бол байхгүй ээ. Өөрийнхөө үзэл бодлоороо бодит амьдрал нотолгоо зэрэгтэй холбон няцаасан.

Үе тэнгийнхний хувьд хэзээнээс л яг хэвшил болсон зүйл шиг 100-ны 60- 70-аад хувь нь хуульч хуулийн талын мэргэжлийг сонгосон байгааг ажиглаад байгаа. Харин үлдсэн нь инженер мэргэжлийг сонгодог болсон нь илт байгаа.

Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Оюун: Манай сургуулийн ихэнх хүүхдүүд 10 дугаар ангиасаа л мэргэжил сонгох талаар ярилцаж эхэлдэг. Гэхдээ ихэнх нь гадагшаа суралдцах хүсэлтэй байдаг. Миний хувь Япон улсад хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр суралцах гэж байгаа. Миний мэргэжлийн давуу тал бол шинжлэх ухааны мэдлэгийг физик орчинд ашиглах, шилжүүлэх, өөрөөр хэлбэл шинжлэх ухааныг өдөр тутмын амьдрал, түүний тулгамдсан асуудлуудад хэрэгжүүлэхэд суурилдаг. Багаасаа л энэ чиглэлд дуртай байсан болохоор ирээдүйд ч гэсэн мэргэжил болгоод амьдралаа залгуулж болох юм байна гэсэн итгэлтэй байсан учраас сонгосон юм.

Харин манай гэр бүлийнхэн намайг багш мэргэжлээр ажиллавал яасан юм бэ гэж их ятгасан л даа. Гэхдээ жил болгон багш нар цалингийнхаа төлөө жагсаал, цуглаан хийж, хэцүү амьдралтай харагдсан тул тэд нар шиг зовохыг хүсээгүй. Тэрийг ч аав ээж минь маш сайн ойлгосон байх.

Манай үеийнхэн ихэвчлэн нийгэм суурьтай хичээлээр ЭЕШ өгч байгаа. Тэгэхээр нийгмийн ямар нэгэн мэргэжилтэн л болох байх. Миний эргэн тойронд байдаг зарим найзууд 12 дугаар ангидаа ороод л мэргэжлээ сонгосон. Ерөөсөө сайн судлаагүй, эсвэл гэр бүлийнхнийхээ сонголтыг дагасан тиймэрхүү зүйлсүүд ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр одоо цагт бүх зүйл хөгжчихсөн байгаа тул хэн нэгнийг даган дуурайхгүй өөрсдөө л маш сайн судалж, мэдлэгтэй байгаасай гэж хүсэж байна.

Архангай аймгийн хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Ирмүүн: Миний сонгосон мэргэжил бол цагдаа. Яагаад гэвэл манай гэр бүлийнхэн бүгд цагдаагийн хүмүүс байдаг л даа. Тэр ч утгаараа цэрэг, цагдаагийн мэргэжил сонгосон минь энэ юм.

Би анхандаа бол урлагаар мэргэжил эзэмших хүсэлтэй байсан л даа. Гэхдээ манай гэр бүлийнхэн үнэхээр нааштай хүлээж аваагүй, няцаасан. Миний хувьд нэлээн бодож үзсэний үндсэн дээр л цагдаа болно гэж бодсон доо. "Томчуудын л зөв байх, үнэхээр урлагаар явах чинь амьдралд баталгаагүй шүү дээ" гэсэн бодол яалтачгүй бодогдсон л доо. Тэгээд л төгсөх ангидаа ороод нэлээн бодож байгаад л тулгуу мэргэжлээ сонгочихлоо.

Манай ангийн хуульч, эдийн засагч, сэтгүүлч, инжинер мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүд их байгаа. Тэгээд зарим нь оноо нь хүрэхгүй бол МУБИС, ШУТИС-руу ордог юм бил үү гээд л яриад байсан. Энэ мэт зүйлээс болж хүссэн мэргэжлээрээ суралцахгүй баахан ажилгүй хүмүүс л болж байгаа байх даа" хэмээн ярьж байлаа.

Монгол Улсад жилд 40 орчим мянган оюутан төгсдөг бөгөөд 28,5 хувь нь буюу 10 мянга орчим нь ажлын байраар хангагддаг аж. Гэхдээ тэдний олонх нь мэргэжлээрээ гэхээс илүү мэргэжлийн бус ажлын байранд хамрагддаг байна.

ЕБС-ийн сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлээ сонгож буй энэ үед Монголын цахим интститутын зөвлөх, судлаач Л.Солонгоос эцэг эх, хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдаа, мэдэхэд илүүдэхгүй зүйлсийн талаар ярилцлаа.

-Ирээдүйд хүн хүнтэйгээ харилцах, ойлгох, мэдрэх мэргэжил үнэ цэнэтэй хэвээр байгаа-

-Мэргэжил сонголтод сэтгэл зүйн онцлог яагаад чухал вэ? Сэтгэл зүйн тестийн ач холбогдол юу вэ?

-Бид сэтгэл зүйн оношилгоонд тулгуурлаж, их дээд сургуульд элсэх гэж буй сурагчид болон албан байгууллагад ажилтан шалгаруулж авахад үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, сонирхлоо олох, өөрийгөө таньж мэдэх, ямар мэргэжлээр сурвал илүү тохирох эсэхийг сэтгэл зүйн сорилоор тодорхойлж, зөвлөгөө мэдээллийг өгдөг. 

Зан төлөв буюу тухайн хүн гэж хэн бэ гэдгийг сорилоор гаргаж ирнэ. Технологийн хөгжилтэй холбоотой амьд харилцаа багассанаас хүүхдээ хэн бэ гэдгийг таних, улмаар мэргэжил сонгоход бэрхшээл тулгарч байна гэж эцэг эхчүүд их ханддаг. Хүүхдийг тайван байх үед шинжлэх ухаанд суурилсан сэтгэл зүйн сорил авч, сонирхол, юунд илүү өгөгдөлтэйг тодорхойлдог. Энэ нь өөрийгөө таньж мэдэхэд туслах нэг алхам юм. Тухайн хүүхдийн чадвар, сонирхлыг тодорхойлж, цаашид тухайн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх арга замыг ярилцаж, зөвлөдөг.

Өнөө үед хүн амьдралынхаа туршид ганцхан мэргэжил эзэмших нь хангалттай биш. Ирээдүйд олон мэргэжил алга болж, мөн шинээр бий болно гэдгийг бодолцох ёстой.

1905 онд анхны сэтгэл зүйн тестийг боловсруулж, сайжруулан олон мянган хүн дээр туршигдаж ирсэн. Монгол хүний онцлогт тохирно тохирохгүй гэсэн зүйл үгүй. Сэтгэл зүйн оношилгооны үр дүн 70 хувиас дээш нийцэлтэй гардаг. Энэ нь сэтгэлзүйн шинжлэх ухаанд өндөр үнэлэмж юм. 

Давамгайлж буй чадвар, сонирхол зан чанарыг нарийн гаргаж ирж байна гэж эцэг эхчүүд мөн хэлдэг. Мөн сорилоор хүүхэд өөрөө ч олж харж амжаагүй зүйлийг гаргаж ирэх тохиолдол байдаг. Бид дэлхийд эрэлттэй байгаа зургаан салбарын 138 ажил мэргэжлийн нийцлийг тодорхойлдог.  Дэлхийд 7 мянган гаруй мэргэжил байдаг ч 60 орчмыг л хүмүүс нэрлэж чаддаг.

-Эцэг эхчүүд мэргэжил сонголтод хэр нөлөөлдөг вэ? Үүнд буруу шийдвэр гаргах ямар хандлага ажиглагддаг вэ? 

-Манай улсын хувьд мэргэжил сонголтод эцэг эх хамгийн их, тэр дундаа ээжүүд 80 нөлөөлдөг. Гэхдээ нэгэ үеэ бодвол өөрийнхөө мэргэжлийг хүүхдэдээ өвлүүлэх гэх хандлага багасаж байна.

Сонирхолгүй зүйлээ сурах, амжилттай байх, ажиллаж амьдрахад хэцүү. Өөрийгөө таньж мэдэж, дур сонирхолдоо тулгуурлаж мэргэжлээ сонговол амжилт, нэр төр, мөнгө олох боломжтой шүү дээ. Эцэг эхчүүд ч хоёр жилийн дараа эрэлттэй байх мэргэжлийг сонго гэж хүүхдээ хүчээр бүү чиглүүлээсэй. Өөр зүйлд амжилт гаргах цаг хугацаа, боломжийг хаах тохиолдлууд ажиглагддаг. 

Хүүхдийнхээ давтагдашгүй өгөгдлийг нь олж хөгжүүлээсэй гэж би хүсдэг. Мэдээж хүүхэд бүрийн онцлог, зан араншин, ур чадвар харилцан адилгүй. Хүүхэд бүр өөрийгөө сайтар таньж мэдэж, өөрт тохирох мэргэжлээ сонгох нь чухал.

-ЕБС бүр карьер хөгжлийн зөвлөл, зөвлөхтэй болох нь маш чухал-

-Эцэг эхчүүд ирээдүйд устаж алга болох мэргэжлийг сонгочихвий гэж санаа зовж буй нь ажиглагддаг?

-Хиймэл оюун ухаан, робот, төхөөрөмж ажлын байрны нэлээдгүй хэсгийг эзэлнэ гэсэн айдас эцэг эхчүүдэд бий. Гэхдээ үүнийг ч хүн л зохион бүтээж буй гэдгийг санууштай. Ирээдүйд хүн хүнтэйгээ харилцах, ойлгох, мэдрэх мэргэжил үнэ цэнтэй хэвээр байна.

Гэхдээ өөрийнхөө хамгийн сайн чадах зүйлийг олчихсон хүнийг ямар нэгэн төхөөрөмж байтугай хэн ч орлож чадахгүй шүү дээ. Маргааш тренд болох зүйл байсан хэдий ч түүнд захирагдаж, өөрийгөө хүчлэх нь оновчтой арга биш.  

-Хэзээнээс мэргэжил сонгоход нь хүүхдээ чиглүүлэх хэрэгтэй вэ? 

-Хүний карьер төрсөн цагаас эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Гэтэд эцэг эхчүүд хүүхдээ төгсөх ангид орох үед нь л мэргэжил сонгох талаар санаа тавьж эхлэх нь олонтаа. 14 нас буюу наймдугаар ангид орох үеэс би хэн бэ, сонгон суралцах хичээл, ямар сургалтаар гүнзгийрч сурах эсэх алхмуудыг хийхэд нь чиглүүлэх хэрэгтэй. 

14 наснаас өмнө хүүхдийн хандлага, зан чанар хараахан төлөвшөөгүй байдаг. Эрт байх тусмаа сайн гэсэн буруу ойлголт эцэг эхчүүдэд бас бий.  

Энэ жил 12 жилийн хөтөлбөрөөр сурсан анхны төгсөгчид оюутан болж байна. Мөн цахимаар буюу хүүхдийн бие даах чадварыг мөн давхар шалгаж буйгаараа онцлог жил юм. Мэргэжлээ зөв сонгоход өөртэйгөө найзлах, өөрийгөө олох хамгийн чухал.  

Эцэг эхчүүдэд хүүхдээ 12-р анги төгссөн жилдээ л яаж ийгээд их дээд сургуульд оруулах ёстой гэсэн хандлага бий. Гэтэл тухайн хүүхэд туслах мэргэжлээр илүү амжилттай ажиллаж, сэтгэл хангалуун байх боломжтой байж болно. Хэт туйлширч болохгүй шүү дээ. 

Дараагийн анхааруулах зүйл бол ЭЕШ-ын оноонд тулгуурлаж сургууль, мэргэжлээ сонгохоос зайлсхийх хэрэгтэй. Аль өндөр оноо авсан хичээлээ дагаж, хүсээгүй мэргэжлээрээ сурч димлом өвөртөлж буй нь тун харамсалтай. 

Мөн  эцэг эхчүүд хүүхдээ төгсөх анги хүртэл нь мэргэжил сонгох хараахан болоогүй гэж алгуурладаг түгээмэл дутагдал бий.  Харин дунд ангиас нь хүүхдээ дуртай чиглэлээр нь илүү хөгжүүлж, ажил мэргэжлийн сонирхлыг тодорхойлох тестэд хамруулах, хүүхэдтэйгээ ярилцах зэргийг эртнээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн дуртай, өөрт сонирхолтой байгаа зүйлээ хийх нь амжилтын суурь болдог. 

Мэргэжлээ сонгох гэж буй бол дараах таван асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. 

1.Зан чанар чинь тухайн мэргэжилд тохирч байна уу?
2.Хамгийн сайн хийж чаддаг зүйл чинь мөн үү?
3.Сонирхол буюу хобби давхцаж байна уу?
4. Дэлхий ертөнцөд хэрэгтэй зүйл хийж бүтээх хүсэл мөрөөдөл байгаа эсэх
5.Мөнгө олох 

Энэ таван асуултыг харгалзаж мэргэжлээ сонговол зөв сонголтод дөхнө гэж найдаж байна” гэсэн юм.

Тиймээс цаашид төрийн бодлогоор инженер, техник, үйлдвэрлэл, аж ахуй чиглэлээр мэргэших боловсон хүчнийг бэлтгэхийн тулд төрийн оновчтой бодлого, зохицуулалт хийх, давхардсан мэргэжилтэн бэлтгэн буй сургуулиудын цэгцлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах төлөвлөгөө гаргаж, түүний дагуу боловсон хүчнээ бэлтгэх гээд мэргэжил сонголтод түшиглэн стратегийн төлөвлөгөөтэй ажиллах ёстойг сурагч, судлаачид хэлж байна.

2023 оны байдлаар Монголд хамгийн эрэлттэй байгаа 10 мэргэжил

Нэмж дурдахад, Монголд одоо ч эрэлттэй, ирээдүйд бүр ч “Хаданд гарах” мэргэжлүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Одоо ч, ирээдүйд ч энэхүү мэргэжлийн нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байна. Гүйцэхгүй байгаа учир доорх 10 мэргэжлийн боловсон хүчнүүд Монголд өндөр цалин хангамжтай ажиллаж, амьдарч байгаа юм.

1. Химийн инженер

Хүнс, эм, барилгын материал, хуванцар, түлш зэрэг хүний хэрэгцээт бүхий л зүйлийг шинээр зохион бүтээх, үйлдвэрлэн бий болгогч, хөгжүүлэгч нь химийн инженерүүд байдаг тул тэд маш өргөн цар хүрээнд, олон төрлийн салбарт ажиллаж чаддаг байна.

2. Нано, биотехнологийн инженер

Өчүүхэн жижиг хэмжээнд явагдаж байгаа процессуудыг ашиглаж дэвшилтэт технологийг бүтээдгээрээ нанотехнологич маш эрэлттэй, маш гайхалтай мэргэжлийн нэг болоод байна. Монголд энэ чиглэлийн бэлтгэгдсэн боловсон хүчин гарын таван хуруунд багтана.

3. Хүрээлэн буй орчны мэргэжилтэн

Хотжиж, нийгэмших тусам экологийн асуудал, хүний хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдсаар байна. Эрүүл цэвэр ус, агаар, газраар хангах, бохирдсон газар нутгийг нутгийг судлах мэргэжилтэн одоо ч, ирээдүйд нэн хэрэгцээтэй.

4. Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Компаниуд 1000 ажилтан авч ажиллуулахын оронд сүүлийн үеийн автомат машин нэгийг авахыг эрмэлздэг болж. Шинэ технологи Монголд нэвтрэхийн хэрээр үүнийг ажиллуулдаг боловсон хүчин маш бага байна. Цалин нь ногооноор тавигдана гэж л бод.

5. Барилгын инженер Барилгын зах зээлийн халуурал ойрын 20 жилдээ буурахгүй гэсэн албаны тооцоо бий. Барилгын инженер болоод ажил дээр гарангуутаа компанитайгаа орон сууцны гэрээ байгуулаад ажиллаж байгаа өч төчнөөн хүн байна.

6. Цахилгааны инженер

Барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр цахилгааны инженерийн орон тоо нүдний гэм боллоо. Хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгодог, хүмүүст гэрэл түгээж амьдардаг салбарт мэргэжил эзэмшсэнээр хожно уу гэхээс алдсан хүн байхгүй байх.

7. Механик инженер

Онгоц, усан онгоц, машин, сансрын хөлөг, мотор хөдөлгүүр хийхийг хүсч байгаагүй хүүхэд гэж үгүй. Бодит нүдэнд харагдах зүйлсийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг механикийн инженерийн хэрэгцээ Монголд улам л нэмэгдсээр байна.

8. Программ хангамж

Мэдээллийн салбараас хамгийн олон саятан, тэрбумтнууд төрж байна. Тэдний ажиллах цар хүрээ өсөн нэмэгдсээр бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэггүй хүн энэ дэлхийд хаана ч алга.

9. Эмч

Шүдний, рентгений, физик эмчилгээний, чих хамар хоолой, ярианы согогийн эмч нар улам эрэлттэй байна. Сувилагч, эм зүйчийн мэргэжилтнээр эмнэлгүүд цангаж байна.

10. Багш

Багш нар дотроо бага ангийн багш нараар Боловсролын салбар хомсдолд орсон. Нөгөөтэйгүүр, БШУЯ-ны шинэ журмаар багшлах гэрчилгээг шалгалтаар авдаг болсон. Тэр утгаараа багшийн хомсдол хөдөө орон нутаг төдийгүй нийслэлд хүртэл хомсдолд ороод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button