Ярилцлага

Сонгуулийг хөндлөнгөөс ажиглаж буй Женнифер Браш: Манай улсад ч залуусын ирцийг нэмэгдүүлэх хүнд байдаг

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/Ардчилсан институц, хүний эрхийн газраас “Сонгуулийн ажиглах хороо” байгуулж, манай улсын 2024 оны УИХ-ын сонгуульд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Тус хорооны тэргүүн, Элчин сайд Женнифер Браштай ярилцлаа.

-Та бүхэн өмнө нь цөөнгүй орны сонгуулийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажигласан болов уу. Манай улсын хувьд онцлог, ялгаа нь юу байна вэ?

-ЕАБХАБ/АИХЭГ-ын хувьд сүүлийн олон арван жилийн турш улс орнуудын сонгуульд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Гишүүн улсуудын, 400 гаруй сонгуулийг  ажиглажээ. Харин Монголд тав дахь удаагаа ийн ажиллаж байна.

Улс бүр л өөрийн гэсэн түүхтэй. Үүний адил сонгууль бүр өөрийн давтагдашгүй ялгарал бүхий түүхийг бүтээж байдаг.

Монголын энэ удаагийн сонгуулийг шинэ тогтолцоонд шилжсэнтэй нь холбогдуулан өндөр ач холбогдол өгч, ажиглаж байна. Олон улсын гэрээ хэлэлцээр, ЕАБХАБ-ны өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хууль тогтоомж зэргийг хэрхэн хангаж ажиллаж байгаад голчлон анхаарч байна.

Бид Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирсэн. Хувь хүний хувьд Монголд ирэх завшаан олдсонд туйлын баяртай байна. Монгол бол агуу түүхтэй улс. Манай баг хамт олон ч ихээхэн баяртай байгаа.

-Хүний эрх, хууль гээд чиглэл чиглэлээр ажиглалт хийж буй гэж ойлгосон?

-Юуны өмнө ЕАБХАБ Монгол Улстай тогтмол харилцаатай. Зөвхөн сонгуулийн үеэр анхаарал хандуулж буй хэрэг биш юм. Сонгууль өөрөө тогтмол явагддаг үйл явц.

Гуравдугаар сард бид сонгуулийг хөндлөнгөөс ажиглах хэрэгцээ бий эсэхийг судалсан. Улмаар хэрэгцээ шаардлага бий гэж үзсэнээр, тусгайлчлан хороо байгуулах зөвлөмж гарсан юм.

Энэ дагуу тавдугаар сарын 20-нд манай үндсэн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн. Харин 28-нд нийт 18 урт хугацааны ажиглагч ирсэн байгаа. Энэ ням гарагт 150 орчим богино хугацааны ажиглагч нэмэгдэж ирэх юм, бид бэлтгэл ажлыг хангаж байна.

Юуны түрүүнд хууль эрх зүйн хүрээнд дүн шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд Монголын сонгуулийг ажигласнаас хойш өөрчлөгдөж, шинэчлэгдсэн зүйлс хууль эрх зүйн орчинд цөөнгүй бий. Эдгээрийг нарийвчлан судалсан.

Мөн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг судлахын тулд СЕХ  болон бусад байгууллагуудтай уулзсан.

Өнгөрсөн долоо хоногт сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Үүнтэй холбоотой, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нам эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгаа ямар цагийн хуваарь, хуваарилалтаар хийгдэж, олон нийтийг хамарсан суртал ухуулгын ажил хэрхэн явагдаж байгааг ажиглаж байна.

Санал хураалтын өдөр хүртэл бид ажиллах юм. Харин яг санал хураах өдөр санал өгөх байрнууд дээр ажиллаж, биечлэн ажиглалт хийнэ. Энэ ажиглалт Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарна.

Харин санал хураалт болсны маргааш бид урьдчилсан дүгнэлтээ танилцуулна. Үүнээс хоёр сар орчмын дараа нэгдсэн тайлан бэлтгэж, санал зөвлөмжөө Засгийн газарт хүргүүлэх юм.

Монгол бол ЕАБХАБ-ын гишүүн орон тул хүний эрх, ардчиллын асуудалд нь үргэлж анхаарал хандуулдаг. Сонгууль болсноор бидний ажил дуусахгүй. Он дуустал сонгуультай холбоотой маргаан үргэлжилдэг, эдгээрийг ч мөн ажиглана.

Мөн үндсэн баг бүрэлдэхүүнээ танилцуулахыг хүсэж байна.  Маш өргөн туршлагатай, өөрсдийн салбар чиглэлийн хүрээнд олон тооны сонгуульд хөндлөнгийн ажиглагчаар ажилласан мэргэжлийн экспертүүд бий. Иймээс арваннэгдүгээр сард болох АНУ-ын сонгууль дээр ч ийн ажиллахыг би баг хамт олноосоо хүсэж байгаа.  

-Ажиглах, судлах гэдэг ойлголтыг илүү тодруулмаар байна. Ямар арга зүйгээр, яг хэрхэн ажиллаж байгаа юм бэ?

-Манай багт салбар бүрийн экспертүүд бийг дурдсан.

Жишээлбэл, хууль эрх зүйн эксперт байна. Тэр Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудыг нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийж байгаа. Улс төрийн экспертийн хувьд Монгол дахь улс төрийн нөхцөл байдал болон нам, эвслүүдийг сайтар судалсан. Хэвлэл мэдээллийн аналист маань зөвхөн сошиал медиагаас гадна ХМБ-ууд дээр судалгаа хийж буй.

Мөн сонгуулийн эксперт нь СЕХ-ны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэх, сонгуулийн үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг мөрдөж буй эсэх, сонгогчдын боловсролыг дэмжих агуулгаар ажиллаж, сургалт хийж буй эсэх, санал хураалтын өдрийн материалуудад хэрхэн бэлтгэж буй зэргийг голчлон ажиглаж байна.

Үүний дээр манай урт хугацааны 18 ажиглагч хоёр хоёроороо есөн багт хуваагдан, Монгол орон даяар бодит байдал дээр хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж буйг, орон нутаг дахь болон доод шатны нэгжүүдэд ажиллаж буй хүмүүсийн үйл ажиллагааг судалж байна. Тэд эрх бүхий байгууллагуудтай уулзаж, иргэдийн төлөөллөөс ярилцлага авдаг бөгөөд долоо хоног бүр бидэнд тайлангаа ирүүлдэг.

Хамгийн чухал нь санал хураах өдөр шүү дээ. Энэ өдөр бид Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамрах 150 ажиглагчтай ажиллана.

Магадгүй та бүхэн сонгуулийн үр дүнгийн талаарх миний таамаглалыг сонирхон асуух байх. Бид үүнийг хэлж мэдэхгүй. Санал хураалтын өдөр л бүхнийг илтгэнэ.

-Дэлгэрэнгүй тайлан гарах болоогүй ч ажиглалт хийж буй тухайлсан салбар бүрээс товч дүгнэлтүүд сонсмоор байна л даа. Жишээлбэл хүний эрхийн асуудлаар. Хүн нас барсан кэйс ч гарлаа шүү дээ?

-Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга амиа алдсан нь үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Гурван хүүхдийн аав байсан. Түүний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Манай байгууллагын хувьд ямар ч төрлийн хүчирхийллийг тэвчиж болохгүй гэж үздэг. Тэр тусмаа сонгуулийн үед.

Улс төрийн намууд талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байсан. Энэ сайны тэмдэг мөн.

Хэргийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул дэлгэрэнгүй байр сууриа хуваалцахад эрт байна.

Хүний эрхийн нөхцөл байдлын талаар өөр бусад байгууллагууд ч тогтмол үнэлгээ хийдэг. Жишээлбэл, “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөг үнэлдэг. “Транспаренси интернэйшнл”-ээс авлигын индексийг тодорхойлдог шүү дээ.

Харин сэтгүүлчдэд хамаарах “Худал мэдээлэл түгээх” заалт Эрүүгийн хуульд нэмэгдсэн байна. Ингэснээр эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буй нь анхаарал татсан. Иргэний нийгмийн байгууллагын орон зай ч сүүлийн жилүүдэд хумигдаж байгаа гэж сонссон.

-Үндсэн хуульд дөнгөж хагас жилийн өмнө өөрчлөлт оруулсан. Ингээд удалгүй сонгуулиа явуулж байна. Тойрог томсгох шийдвэрийг эрх баригчид бүр тулгуу гаргасан л даа. Ер нь Үндсэн хуульд тэд хэд хэдэн удаа гар хүрчхээд байгаа. Танай хуулийн экспертүүд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Эрх баригч намд үргэлж давуу тал олгогддог.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу тойрог томсгож, парламентын гишүүдийн тоог нэмсэн нь олон намын болон жендерийн төлөөллийг хангах үндсэн зорилготой гэж эрх баригчид мэдэгдсэн. Энэ үндсэн зорилго мөн байв уу, үгүй юу гэдгийг санал хураалтын дараа л харах боломжтой юм.

Жишээлбэл, жендерийн квот заасан. Сайн хэрэг, гэхдээ бодит үр дүн гарах эсэх сонгуулийн дараа мэдэгдэнэ.

Одоогийн байдлаар бол сонгуулийн зардлаас эхлээд эмэгтэй хүн эрх тэгш өрсөлдөхөд хүндрэлтэй тал ажиглагдаж байна. Жендерт суурилсан хэвшмэл ойлголтууд ч байсаар байна. Энэ зөвхөн Монголд байдаг үзэгдэл ч биш юм.

Харин сонгуулийн тойргийг томсгож, сурталчилгааны хугацааг багасгасан нь эрх баригч намд л давуу талтай тусаж байна. Үүний дээр санал авах өдөр пүрэв гарагт байсан. Үүнийг яагаад ч юм баасан болгосон. Бидний ажиглалтаар, баасан гарагт бүх нийтээр амарч таарах тул ирцэд сөргөр нөлөөлөх эрсдэлтэй.

Энэ бүх нэмэлт өөрчлөлтийн үр дүн сонгуулийн өдөр харагдана.

-Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга амиа алдсан явдал дээр хоёр талд туйлширсан хандлага их ажиглагдлаа. Нэг бол МАН бүх кампанит ажлаа үүгээр зогсоох ёстой гэж. Эсвэл тухайн ухуулагчийг нэр дэвшигч өөрөө таних, хянах боломжгүй тул шууд буруутгах нь буруу гэх мэт. Энэ үйл явдлыг голч байдлаар хэрхэн харвал зөв бэ?

-Миний ажигласнаар, энэ үйл явдлын дараах улс төрийн намуудын хариу үйлдэл харьцангуй туйлшрал багатай байлаа.

Тэдгээрийг гарах ёстой л үйлдэл гэж харж байна.

Дахин давтан хэлж буйд уучлаарай, гэхдээ энэ үйл явдал ч мөн ямар нөлөө үзүүлэхийг бид санал хураалтын дараа харна.

Монголд анх удаа сонгуулийн сурталчилгааны үеэр хүн нас барсан гэж ойлгосон. Үнэхээр харамсалтай үйл явдал.

-Намуудын сурталчилгаанаас яг бодлого харагдахгүй байна. МАН бол тогтсон хэдэн лоозон үгээс хэтрэхгүй, бусад намууд нь “Эрх баригч намын эсрэг” гэсэн ганцхан уриатай?

-Эрх баригч намын эсрэг суртал ухуулга хийх нь өөрөө жам ёсны зүйл. Эрх баригчид сайн ажилласан бол тэгэхгүй шүү дээ. Хаана ч байдаг үзэгдэл юм, энэ.

Харин бүх нам, эвсэл өөрсдийн гэсэн үзэл санааг дэвшүүлж, бодлого бүхий мөрийн хөтөлбөрөө холбогдох байгууллад хүргүүлж байгаа. Орон нутагт зарим нам улстөржихөөс илүү бодлого, үзэл санаагаа сайтар ойлгуулж, сурталчилж чадаж байгааг ажигласан.

Нэг онцлох зүйл нь, Засгийн газраас намуудын мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт нийцэх ёстой хэмээн шаардлага тавьсан юм билээ.

-Их чухал өнцөг анзаарчээ. Мөрийн хөтөлбөрт аудит хийхдээ “Алсын хараа-2050”-д нийцээгүй гэж буцаах тохиолдлууд мэр сэр гарсан.  

-Энэ ажиглаж буй зүйлсийн нэг. Намуудтай уулзах үеэр энэ асуудлыг огт хөндөхгүй байгааг анзаарсан.

-Нийслэл ба орон нутаг дахь ялгааг онцолж асуумаар санагдсан. Улаанбаатараас сонгуулийн уур амьсгалыг ажиглах учир дутагдалтай байна. Харьцангуй тайван мэт. Гэтэл орон нутагт нэр дэвшигчийн машины дугуйг хагалах, сүү цацах гэх зэрэг хурц үйлдэл, талцал их гарч байгаа юм билээ?

-Улаанбаатар хотын хувьд, нэгдсэн сурталчилгааны самбар байрлуулсныг япон жишиг гэж ойлгож байгаа. Тэндэх зурагт хуудсыг урах, цоолох гэх мэт үйлдлүүд цөөнгүй ажиглагдаж байна. Нийслэлд ч тэр.

Мөн Нийслэлийн хувьд айл бүрийн хаалга тогшиж, сурталчилгааны материалаа өгдөг хандлага бага болж. Орон нутгаас энэ талаарх тухайлсан мэдээлэл ирээгүй байна.

Хаалга тогшиж, материал түгээх багассан нь сошиал медиад илүүтэй төвлөрч буйнх болов уу. Тойрог томссон учраас том газар нутагт хүрч ажиллахад ч энэ нь дөхөмтэй.

Нөгөө талаар залуу сонгогчдод хүрэх арга хэрэгсэл болов уу. АНУ-д ч залуусын оролцоог нэмэгдүүлэх асуудал тулгамдаж байгаа. Сонгуульд саналаа өгөх нь ардчиллыг хамгаалах амин сүнс. Би 21 настай хүүтэй, улс төрийн итгэл үнэмшилтэй болгох амаргүйг сайн мэднэ. Залуус “Сонгууль надад ямар нэг нөлөө үзүүлэхгүй” гэж боддог. Гэвч үр дүн нь нэгж иргэн бүрд нөлөөлж байдаг.

-Сэтгүүл зүй, PR бол тусдаа асуудал. Гэвч сонгуулийн үеэр энэ хоёрыг тэнцвэртэй авч явах нь бидэнд хүнд сорилт болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хийж буй дүгнэлтээс сонирхуулбал?

-Юун түрүүнд “Худал мэдээлэл тараах” заалт Эрүүгийн хуульд нэмэгдсэн нь ХМБ-уудад сайнаар тусахгүй байгааг ойлгож байна. Баривчлагдсан болон цагдаад мэдүүлэг өгч буй сэтгүүлчдийн кейсийг бид бүртгэж байгаа.

Сүүлийн дөрвөн жилд хараат бус, эрэн сурвалжлах ХМБ-ын орон зай багассан. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас сүүлийн дөрвөн жилд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр олон байр ухарсныг мэдээлсэн. Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзахад ч үүнд санаа зовниж буйгаа цөөнгүй илэрхийлж байсан.

Улмаар сэтгүүлчид ч эмээж, өөрсдөдөө цензур тавьж эхлэх вий гэдэг болгоомжлол бий.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх болон хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллыг хамгаалахад амин чухал.

Энэ жил ХМБ-аар сонгуулийн сурталчилгаа явуулах тал дээр нарийн зохицуулалт хийсэн байна. Үүний зэрэгцээ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажиллах нь зөв. Намууд үзэл баримтлалаа давхар ХМБ-аар илэрхийлээд явж болно.

Дахин хэлэхэд, том газар нутгийг хамарч сурталчилгаа хийх нь жижиг намуудад багагүй хүнд сорилт болж байна.   

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 21, 2024 08:54

МАН НАМЫГ �######�УУЛАХ НЬ МОНГОЛ ОРНЫ ХАМГИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛООД БАЙНА

Зангараг
Зангараг
6 сар 21, 2024 09:05

Гадны энэ авгай хүртэл коммунистуудыг дэмжих маягтай байгаа нь мөнгөний шун�##� уу?

Зочин
Зочин
6 сар 23, 2024 12:21

Ойлгохгүй бол дахиад нэг уншина байгаа. Усан тархитай юмнууд олон болж дээ.

Зочин
Зочин
6 сар 21, 2024 11:23

Ямар хачин нөхөр ямар хачин юм донгосоод байна.

Зочин
Зочин
6 сар 21, 2024 11:24

Манайх гадаадуудын нүдэнд элгийн л юм харагдаж байгаа даа

Зочин
Зочин
6 сар 21, 2024 13:24

Богино хугацаанд сонгуулийн сурт�##�чилгааг заасан нь МАН-ын бодлого

Зочин
Зочин
6 сар 21, 2024 13:59

Дэлхийн �##�ь ч улсуудад эрх барьж байгаа нам давуу т�##�аа үүсгэдэг гэдэг нь үнэн байх шүү

Tumur
Tumur
6 сар 21, 2024 14:33

чамд ямар хамаатай юм,тэр хар машинаа аваад �######�.

Зочин
Зочин
6 сар 21, 2024 14:54

МАН мөнгөтэй эрх мэдэлтэй юм чинь сонгуулиар тоглолт хийж чадаж байна

Зочин
Зочин
6 сар 21, 2024 20:28

Эргүй тэнэмэл авгай Мин чи тусгаар Монгол улсын дптоод хэрэгт бүү хошуу дүр Элбэгдорж явуулсан уу �######� мангар авгай Мин бид чамаар за�##�гахгүй за

Зочин
Зочин
6 сар 23, 2024 12:24
Reply to  Зочин

Усан толгойтой хог минь. Энэ хүн хийдэг ажлаа ойлгомжтой тайлбарласан байгаа биз дээ? Ийм юм ойлгохгүй бол амаа татаад дуугай сууж бай л даа

zochin
zochin
6 сар 22, 2024 20:39
Reply to  Зочин

hunii yu yu yarih chamd yamar hamaa bainaa yadag kommunist ve ooroo analiz hiivel barav

Холбоотой мэдээ

Back to top button