Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Байгалийн чулуун шат, толгой тоолдог камер, бүтэн саравчтай цэнгэлдэхэд наадна

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр тохионо. Наадмын нээлтийн үйл ажиллагааг уламжлал болгон “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хийдэг билээ. Наадам болох гэж байгаатай холбогдуулан цэнгэлдэх хүрээлэнд хийгдэж буй засвар, шинэчлэлтийн ажлыг сурвалжиллаа.

Өдрийн 15.10 цаг

Баяр наадам гэхээр стадион буюу Төв цэнгэлдэх хүрээлэн төсөөлөгддөг. Наадмын талбайд хуран цугларсан иргэд эрвийх, дэрвийхээрээ гоёж үндэсний баяраа өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд төрөөс ч, түмэн олноос ч баяр наадмыг хэрхэн зохион байгуулах бол гэсэн битүүхэн эргэлзээ, багахан хүлээлт үүсжээ. Өчигдөр биднийг их үдийн алдад Төв цэнгэлдэх хүрээлэнд очиход олон жил засвар хийгээгүй, хуучирч гандсан талбайн өнгийг сэргээж, будаж байлаа. Мөн хуучирч гандсан үзэгчдийн суудлыг шинэчлэн, шаардлагатай засварын ажлыг хийж байгаа харагдана. Стадионы гадна ч, дотор ч цагтай уралдаж ажиллах олон хүн байна. Бүгд л өөрийн гэсэн үүрэгт ажлаа хийж, бусдыг анзаарах ч зав алга. Төв цэнгэлдэхийн гадна хэсгийн өнгө үзэмж, сэргэж будгийн үнэр ханхална.

-Мюзикл байдлаар наадмын нээлтийн бэлтгэлийн тайзыг засаж байна-

Биднийг очих үед төв цэнгэлдэхийн гадна талд олон үндэстний хувцас өмссөн хүмүүс бэлтгэл сургуулилтаа хийгээд гарч ирсэн шинжтэй сүүдэр бараадан суугаа харагдана. Тэдний нэгнээс бэлтгэл сургуулилтын талаар асуухад, "Бид өглөө болгон бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Гэхдээ стадионы засвар ажиллагаа эд дундаа үргэлжилж байгаа болохоор талбайдаа гарч бэлтгэл хийж чадахгүй байгаа. Ямартай ч наадам дөхсөн учраас хувцас хунараа цэгцлээд бусад зүйлс дээрээ анхаарлаа хандуулаад явж байна.

Жил бүрийн наадмын нээлтийн найруулагч нар өөрсдийн найруулгын онцлогийг тусган харуулдаг. Энэ удаад дэлхийн үүслээс эхлээд хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой балар эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчин өв соёлын үлдээсэн ул мөр манай өргөн дэлгэр уудам орны өнцөг булан бүрээс Хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудаас үнэтэй өв соёлууд илрэн гарч ирж байгааг орчин үеийн урлагийн хэлбэрт оруулж, мюзикл байдлаар наадмын нээлтийг хийнэ.

Үндэсний язгуурын өв соёлыг орчин үеийн техник технологитой холбосон бүрэн автомат тайзан дээр харуулахаар 1,200 уран бүтээлч оролцож байна. Одоогоор наадмын нээлтийн бэлтгэл ажил 85 хуьтай байгаа" хэмээн бидний яриа өндөрлөлөө.

Ингээд цаашаа хаалгаар ороход цэнгэлдэх хүрээлэнгийн өнцөг булан бүрд барилга, засварын ажлууд хийгдэж, энд ч тоосго өрсөн хүмүүс, тэнд ч хэсэг гагнуур хийж, шороо зөөсөн залуус халуун нарыг үл ажран зөвхөн урдах ажилдаа л төвлөрч харагдана.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байгаа билээ. Суудлын хэсэгт гэхэд л ихэнх нь залуу хүмүүс ажиллаж байсан бөгөөд өглөөний 09.00 цагаас шөнийн 12.00 цаг хүртэл ажиллаж байгаа тухайгаа ярьж байлаа.

-Суудлын тоо хасагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал хийгдэж байна-

Суудлын хэсэгт ажиллаж байсан залуус, "Суудлын тоо нэмэгдээгүй. Харин суудлын тоог цөөлөх асуудал яригдаж байсан. Гэхдээ жуулчдын захиалгыг өмнөх жилийн тоогоор авч, мөн тасалбарын эрэлт их байгаа болохоор суудлын тоог цөөрүүлэхгүй байхаар ярьж тохиролцсон. Харин эгнээ бүрийн голоор явган хүний зөрөх шатны зам нэмж өгсөн. Үүний үр дүнд 1000 орчим суудлыг хассан ч шинээр хийгдэж байгаа саравчны урдуур болон хойгуур төлөвлөж хийж байна. Тэгэхээр 12 мянган суудлын тоо хөдлөөгүй. Секц болгон дээр дундуур нь шинээр 1 метрийн өргөнтэй халтирдаггүй байгалийн чулуугаар стандарт явах зурвас шат хийж өгч байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал хийгдэж байгаа.

Наадмын суудал дээр бүх хүмүүсийн эрх ашиг тэнцүүлэх дундын хувилбар нэг шийдэл олсон. Одоо байгаа сэктор болгон дундуур нь стандарт алхах 1.2 метр өргөнтэй 2 хүн зөрөхөөр халтирдаггүй шатны марш хийж өгөх гэж байна. Ингэснээр 12000 суудлаас 1000 суудал хорогдож, хорогдсон суудлуудаа урдуур шинэ суудал гаргах хэлбэрээр нөхөж тоогоо барихаар болж байна" гэв

Суудлын тоог их хэмжээгээр бууруулах гэхээр аялал жуулчлалын компаниуд аль хэдийн түрүү жилийн тоогоор бодоод жуулчдын захиалга эрт хийчихсэн, дээр нь дотооддоо баяр наадмаа үзэх эрэлт өндөр суудлын тоо хангалтгүй байгаа зэрэг хүндрэлүүд гараад байгаа аж. Мөн дутуу хоёр саравчаа гүйцээж барьж байгаа нь иргэд халуун наранд халширч суудаг асуудлыг шийдэж өгч буй.

-Нийт есөн ширхэг ариун цэврийн өрөө нэмэлтээр хийж байна-

Мөн жил бүр яригддаг байсан асуудал бол ариун цэврийн өрөө. Харин энэ жилээс бидний санааг ариун цэврийн өрөөний асуудал чилээхгүй болжээ. Учир нь нийт есөн ширхэг ариун цэврийн өрөө нэмэлтээр хийж байна. Наадам болон түүнээс цааш болох бүх арга хэмжээ, тоглолтууд дээр ариун цэврийн өрөө хүрэлцэхгүй гэх асуудал гарахгүй аж.


Энэ жил “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд”, “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн долоон бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэж гэж байгаа аж.

Төв цэнгэлдэхийн тайзны хэсэг мөн л угсарсан төмөр хэлхэн холбож, гагнуур хийсэн залуус Дэлхийн нийслэл Хархорумын орчныг бүрдүүлэх гэж байгаа гэлтэй хүрээ байшингийн тайз заслыг эхлүүлэн ажиллаж байлаа.

-Стадионы хаалга бүрт 4К орчны камер болон толгой тоолдог царай таньдаг хяналтын камержуулалт хийгдэж байна-

Стадионы бүх хаалга хоёр камертай болохоор суурьлуулаад эхэлжээ. Тус камерыг суурилуулж байсан ажилчид, “Өчигдрөөс 4К орчны камер болон толгой тоолдог царай таньдаг хяналтын камержуулалт хийгдэж байна. Өмнө нь хаалганууд ямар ч камергүй хяналтгүй хэн орж ирсэн хэн гарч явсан нь тодорхойгүй байсан. Одоо нэгдсэн удирдлагын хяналтын өрөөтэй болж байгаа ба зарлан мэдээлэх системтэй хамтад нь шийдэж өгснөөр нэг өрөөнөөс цэнгэлдэх тойроод бүх хөдөлгөөнийг хянах боломжтой болох юм билээ” гэж байлаа.


Мөн стадионы чанх арын 7600м2 талбайг 9см зузаантай асфальтаар хучилт хийж байна. Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асарууд (food street) хийх төлөвлөлт гарсан. Ногоон зүлэг хийх гэхээр олон мянган хүний хөдөлгөөн урсах тул ингэж төлөвлөлт хийгдсэн.

Эргээд энгийн өдрүүдэд машингүй бүс байх, аль болох иргэдэд чөлөөтэй задгай талбай хэлбэрээр ашиглуулах, тодорхой талбайд хиймэл зүлэг дэвсэх, дугуй унах, жижиг картинг машин унах талбай гаргаж өгөх, авч болдог сүүдрэвчүүд байрлуулж өгөх, талбайгаа тойроод жижиг өнгө үзэмжтэй хогийн савнууд төлөвлөж өгөх, иргэд суух сандалнууд байрлуулж өгөх. Харин олон мянган хүний хамарсан томоохон арга хэмжээ тоглолтын үед зогсоол хэлбэрээр ашиглаж болохоор олон талт хэрэглээгээ бодож зохион байгуулалт төлөвлөлөн ажиллаж байгааг төв цэнгэлдэхийн холбогдох хүмүүс хэлж байлаа.

Мөн биднийг очиход Цэнгэлдэхийн үүдний бүх гэрлийн хуучин дээгүүрээ ил цахилгааны утастай шонгуудаа буулгаж байсан бөгөөд одоо ямар ч нүдэнд ил харагдах утастай шон байхгүй болохоор ажиллаж байлаа. Түүний оронд цөөхөн том цамхаг далд утастай гэрэлтүүлэг босох гэж байгаа гэнэ.

Тал талаас нь хөдөлмөрлөж, хөлсөө урсган ажилласан хүн бүхний бүтээн байгуулалт түмэн олонд танилцуулахад  хэдхэн хоног л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2024 08:49

сайн байна

Зочин
Зочин
6 сар 27, 2024 17:15

Нямбаа дарга түр биш бүр юм хийгээрэйдээ

Иргэн
Иргэн
6 сар 27, 2024 18:05

Арай л цаг нь тулсан их ажил өрнөж бн шүү!!! Бороо хур багасв�##� тустай юму

Зочин
Зочин
6 сар 27, 2024 22:04

Сандлын урдуур болон араар эгнээнд зөрөх ямар ч бололцоогүй зайгүй чихээстэй сууд�##�даа суух гэж хүний өвөр дээгүүр болон хөл дээр нь гишиглэн явах шахдаг маш их чирэгдэлтэй шахуу сууд�##�аа хүн зөрөх хэмжээнд өргөн болгомоор юм билээ.

Холбоотой мэдээ

Back to top button