Нийгэм ярилцлага

69 настай суниадаг өвөө Д.Ганбаатар: Нас бол тоо, юуг ч битгий тоо

Д.Ганбаатар 69 настай ч гэлээ гар дээрх суниалтаар хичээллэх дуртай. Хүссэн бие галбиртай болоход нь нас түүнд огт саад болсонгүй. Одоо тэр бусад залуусын л адил суниаж тэднээс ер дутах юмгүй гэдгээ харуулж яваа билээ. Өөрийнхөө амжилтаар үе тэнгийнхэндээ нөлөөлж, залууст үлгэр дуурайлал болж яваа нэгэн. 

Тэрбээр “Хүмүүс 40 эсвэл 50 наснаас хойш фитнесст явж, спортоор хичээллэж чадахгүй гэж боддог нь харамсалтай. Нас бол тоо, юуг ч битгий тоо л гэж хэлмээр санагддаг” хэмээн бидэнд ярьж байлаа. Ингээд түүнтэй эрүүл амьдрах нууц, цаашлаад хэдэн настайгаасаа эхлэн гар дээрх суниалтаар хичээллэж эхэлсэн талаарх ярилцлагыг хүргэж байна.

Анх яагаад гар дээр суниах төрлөөр хичээллэх болсон бэ?

-Гар дээр суниалтын хувьд Солонгост сурч байгаа охин минь “Ааваа энд гар дээр суниалтын 100 мянган хүчирхэг эрчүүд гэсэн фейсбүүк групп байдаг юм байна. Миний аав тэнд бүртгүүлээд залуучуудтай хамт хичээллээд суниагаач ээ. Энэ бол таны бие болон сэтгэлзүйд тань маш том дэм болно оо” гэж байлаа.

Би ч охиныхоо хүсэлтээр тус группт ороод одоогоор дөрвөн жил хичээллэчихсэн байна. Энэ групп дээр үндэслээд Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбоо хоёр жилийн өмнө байгуулагдаад холбооны хүмүүстэйгээ хамтарч ажиллах болсон. Холбооны залуус маань “Та шүүгчийн ажил хийх нь зөв юм байна. Та манайд суниалтаараа ахмадуудаа төлөөлөөд залууст үлгэр жишээ болох хүн байна” гэж хэлсэн учраас шүүгчийн албан ёсны сургалтад суугаад хаана л гар дээр суниалтын тэмцээн болно тэнд очиж шүүдэг болсон доо.

-Холбоо нь нийт хэдэн гишүүнтэй юм бэ?

-Бүр яг тэд гэж хэлж чадахгүй. Гэхдээ 43 мянга хол давсан байх. Холбооны ихэнх нь залуу хүүхдүүд байдаг. Манай холбооны зүгээс ч тэдэнд зориулж их олон тэмцээн уралдаан зохион байгуулсан. Хамгийн анхны тэмцээнийг Багануур дүүргээс эхэлсэн. Цаашлаад Багахангай, Дархан-Уул аймаг, Баян-Өлгий гээд орон нутгаар ч мөн олон тэмцээн уралдаан зохион байгуулсан.

-Суниалтаар дөрвөн жил хичээллэхдээ 100 мянган удаа суниаж, батламж авсан. Удахгүй хоёр дахь 100 мянган суниалтаа дуусгана-

-Залуу хүмүүс ихээр хичээллэх болсон гэлээ. Тэгвэл суниахын ач тус, давуу чанараас хэлээч?

-Ач тусын тал дээр маш олон давуу зүйлүүд бий. Зөвхөн миний ойлголтоор бол хөдөлгөөний хомсдол арилгах маш давуу чанартай. Хоёрдугаарт, хүний зүрх судас, уушги зэрэг эрхтэнд их нөлөөлж, эрүүл байлгадаг юм билээ. Гуравдугаарт биеийн ерөнхий хөгжилд маш сайн нөлөөлдөг. Тухайлбал хүний биеийн дээд хэсгийн булчингууд суниалтын үр дүнд үенүүд нь бэхэждэг. Гарын хоёр болон гурван толгойт, хэвлий, нурууны холбоос булчингууд асар их хөгждөг.

Ер нь спортын бүх төрлүүд тэр дотроо гардан тулааны урлагаар хичээллэхэд гар дээрх суниалтыг заавал бэлтгэл сургуулилтдаа оруулдаг. Тийм болохоор бүх спортын суурь гэж хардаг. Хамгийн давуу тал бол ямар нэгэн спорт заал зориулалтын бэлтгэлийн хувцас хэрэг болохгүй. Хүссэн газраа, хүссэн хувцастайгаа хийчихнэ шүү дээ.

-Дөрвөн жил суниалтаар хичээллэсэн шүү дээ. Амжилтаар дүүрэн жилүүд байсан байх?

-100 мянган хүчирхэг эрчүүд группт байхдаа эхний 100 мянган удаа гар дээр суниалтаа хийж дуусгаад батламжаа авсан. Одоо бол хоёр дахь 100 мянгаа дуусгахын тулд суниасаар л байгаа. Одоо 30-40 мянган суниалт үлдчихсэн хийчих юм бол дуусгах гээд байна.

-Тэгэхээр 100 мянган суниалт хийхийн тулд хэр удаан хугацааг зарцуулсан бэ?

-Би өглөө, өдөр, орой гээд хүссэн үедээ өдөр болгон суниалт хийдэг. Тэгэхээр өдөрт хэр их хийснээс шалтгаалдаг л даа. Ерөнхийдөө жил гарны хугацаанд хийж дуусгасан байх шүү. Анхнаасаа системтэйгээр дэвтэр дээрээ тэмдэглээд хийж эхэлсэн болохоор их цэгцтэй болж өгдөг.

-Гар дээр суниахад зөв техник чухал байх?

-Мэдээж зөв техниктэй суниаж сурах хэрэгтэй. Өдөрт 40 болон түүнээс дээш удаа суниаж байгаа эрчүүдийн зүрх-судасны өвчлөл тусах эрсдэл 96 хувиар бага гарчээ, энэ харьцуулалт нь 10 болон түүнээс бага суниаж байсан хүмүүстэй харьцуулахад гарсан тоо юм.

20-30 удаа суниахад – бас л нааштай үр дүн үзүүлнэ. Зүрхний асуудал үүсэх эрсдэл энэ тохиолдолд 75 хувиар буурна, уг харьцуулалт нь мөн л 10 болон түүнээс бага удаа суниаж байгаа хүмүүстэй харьцуулсан үзүүлэлт.  Миний хувьд нэг удаагийн суниалтаараа багадаа 70 ихдээ 100 суниадаг.

Мөн суниалт дотроо олон төрөлтэй. Тэр болгон нь өөрийн гэсэн техниктэй байдаг.

Гар дээр суниалт хийж буй хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь нуруу болон гэдэсний булчин сул байдагт оршино. Гар дээр суниалт хийх үед планк барьж байгаа мэтээр бүх булчингаа чангалах хэрэгтэй.

Гар дээрх суниалтыг буруу хийх юм бол шөрмөс өвдөх, бусад булчингуудад асуудал үүсэх, даралт ихсэх зэрэг асуудлууд гарч ирдэг. Харин мэргэжлийн хүнээр техникээ заалгаад хийх юм бол эсрэгээрээ биед хамгийн сайн зүйл байгаа юм.

-Нийгэм цаг үе өөрчлөгдөж байгаа гэдгийг манай насныхан ойлгож ухаарах хэрэгтэй-

-69 настай хүн залуу хүмүүсээс илүү суниагаад байхаар хүмүүст их эерэг нөлөөлөл үзүүлж байна. Тэгэхээр хандлага нь ч мөн зөв байдаг байх?

-Олон нийтийн арга хэмжээнд очихоор “Өө нөгөө  суниадаг Ганбаа ах явж байна. Та мундаг шүү” гээд л мэндлээд явдаг. Нөгөө талаасаа цөөхөн хүмүүс “70 хүрчихсэн өвгөн байж яршиг л байна” гэдэг хүмүүс ч бий.

Намайг гэрийнхээ гадаа суниаж байхад залуучууд, хүүхдүүд, оюутнууд хүрч ирээд “Ах аа надад заагаад өгөөч” гээд л хүрээд ирдэг. Миний хувьд тэдгээр хүүхдүүдэд чадах бүхнээ зааж өгөхөд бэлэн байдаг. Аав, ээжид нь хүртэл хэлээд хүүхдэд нь үнэгүй заагаад өгчихдөг. Тэгэхээр нөгөө хүүхэд аль ч спортоор хичээллэсэн алзахгүй л гэсэн үг.

Фейсбүүк дээр миний сунайж байгаа бичлэгэн доор 10 жилийн ангийнхан, ажлын хамт олон, хамаатан садангууд зэрэг олон хүмүүс дэмжиж, эерэг сэтгэгдэл үлдээдэг.  Түүнээс нь би асар их эрч хүч авдаг.

-Өөрөөсөө олон дүү залуустай хамт бэлтгэл хийгээд эрч хүч авдаг гэлээ шүү дээ. Орчин үеийн залуусын сайн сайхан зүйлс нь юундаа байна гэж та харж байна?

-Би ч гэсэн орчин үеийн залуу шүү /инээв/. Заримдаа харж байхад бүх бурууг залуучууддаа тохох гээд байх шиг. Нийгэм цаг үе өөрчлөгдөж байгаа гэдгийг манай насныхан ойлгож ухаарах хэрэгтэй байх. Үг даахгүй,  архи даахгүй ч билүү тийм яриа хүртэл явдаг юм билээ. Тэдний сэтгэлзүй харилцаа хандлага маш зөөлөн болсон. Бидний үе шиг нохой, гахайгаар нь дуудаад доромжлоод байх шаардлага байхгүй. Манай залуус улам л эрч хүчтэй, нээлттэй, илүү ухаалаг болж байгаа гэдэг нь анзаарагддаг шүү.

-Цэл залуугаасаа цэрэг, цагдаагийн байгууллагад ажилласан учраас дасгал хөдөлгөөн миний амьдралын салшгүй том хэсэг-

-Өдөр болгон суниалтаа хийдэг шүү дээ. Заримдаа хэцүү зүйл тохиолдсон үед хэрхэн даван туулж хийдэг байсан бэ?

-Миний хувьд өдөр болгон суниадаг болохоор ачааллаа даагаад сурчихсан. Хамгийн гол зүйл бол дадал л юм билээ. Хэдий завгүй өдөр байсан ч гэсэн зав гаргаад нэг удаадаа ядаж 30 суниадаг байсан.

Суниалтаа хийхгүй 3-4 хоноход л нэг л зүйл болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Суниаж л байвал бие сайхан байгаад байдаг болчихсон байсан даа.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй, ямар ажил эрхэлдэг байсан бэ?

-Архангай аймгийн Чулуут сумын харьяат 1955 оны зургаадугаар сарын 15-нд төрсөн. Миний хувьд дотоод хэргийн их сургуулийн анхны төгсөгч. Сургуулиа төгсөөд Дорнод аймгийн домогт Халх голын хилийн заставт 20 жил ажилласан. Дараа нь Дорнод аймгийн таван суманд цагдаагийн газарт ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт 28 жил болсноор тэтгэвэртээ гараад дараа нь байгаль орчны салбарт нийтдээ 14 жил ажилласан байдаг.

Цэл залуугаасаа төрийн албанд ажилласан учраас одоо тэтгэвэрт гарч Улаанбаатар хотын БЗД-т байдаг буйдхан хашаандаа аж төрөн амьдарч байна даа. Одоогоор бол Монголын гар дээрх суниалтын холбооноос зохион байгуулагддаг тэмцээнүүдэд шүүгч хийдэг.

-Гэр бүлийнхэн нь суниагаад яваад байхаар санаа зовох зүйлс гарч, эсэргүүцэж байв уу?

-Манай гэр бүлийн хүн эхэндээ бол дэмжлэг сайн байгаагүй. Учир нь энд тэнд очоод заримдаа бүр цээж нүцгэн бороотойд, шороотойд хийх тохиолдол байдаг учраас нас өндөр байж биеэ бодсонгүй гэж зэмлэдэг байсан.

Харин одоо бол эсэргээрээ хооллолт, хувцаслалт зэрэгт бүрэн дүүрэн анхаарал хандуулах зэрэг эерэг хандлагатай болоод байгаа. Мөн тэмцээн уралдааныг минь хүртэл хүлээдэг болчихсон байх жишээний. Тэр утгаараа тууштай хичээллэхэд минь хамгийн том нөмөр нөөлөг болж байгаа хүн бод миний гэр бүлийн хүн юм. Тийм болохоор би үнэхээр баярлаж явдаг.

-Танай холбоо болон таны ойрын зорилго юу байгаа вэ?

-Манай холбоо жилийнхээ төлөвлөгөөг байгаа. Одоо бол дүүргүүдийнхээ аваргыг шалгаруулах байх. Харин миний хувьд суниалтаа огт хаяхгүй, тууштай байна. Нэг л суниалтаараа суниахгүй олон цогц суниалт орсон техникүүдийг суралцана гэж зорьж байна.

-Залуустаа хандаж үг хэлээч?

-Цаг л битгий алд. Хожим хойно харамсдаг юм шүү. Одоо цаг үе бол хэн цаг хэмнэж, хурдтай байна тэр л амжилтад хүрнэ. Хурд, хурд,хурд. Өөр юу ч биш. Битгий залхуур. Өглөө 06 цагт босож сур. Шөнөжин утас ухаад байж болохгүй. Миний хувьд цагийн хүрдээ нэг үзвэл үзэж байгаа юм. Тэгээд л унтана. Хувь хүн өөрийнхөө хэмжээнд л байх ёстой. Харин тэр хэмжээг өөрөө тодорхойлдог. Тиймээс хөдөлмөрлө, хий бүтээ, оргилд нь гартал тэмц. Тэгээд л болоо.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 2, 2024 10:48

Нас бол нас яаж ч хичээгээд нэмэргүй тоо моо гэж өөрийгөө хуурах хэрэггүй,харин өөртөө арчтай сэтгэлийн тэнхээтэй болох тухай л ярих ёстой,нас тоо гэчихээд буруу бусармаг ийг хийдэг эмс олон болсон,зөв л намбатай өтлөөсэй дээ хүмүүс!

иргэн
иргэн
8 сар 3, 2024 14:03

ВООВ ТАКВЭНДО ГАНБАА АХ МИНЬ БАЙНА МУНДАГ ХҮН ШҮҮ ДЭЭ ДОРНОТЫН ГУРВАНЗАГАЛ БАЯНУУЛ ДАШБАЛБАР ЗЭРЭГ СУМДАД ЦАГДААГИЙН ТАСАГ УДИРДАЖ ЖИНХЭНЭ САХИЛГА ЖУРМЫГ САХИУЛЖ ЯВСАН ЖИНХЭНЭ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ ЯМАР БАЙДГИЙГ ҮЛГЭРЛЭЖ ЯВСАН АХ МИНЬ.ДОРНОТЫН ТЭР ҮЕИЙН ЦАГДААГИЙХАН ДОРНОТЫХЫН САЙН МЭДНЭЭ ТАКВЭНДО ГАНБАА ГЭХЭЭР

Холбоотой мэдээ

Back to top button