Top StoriesНийгэм ярилцлага

"Мөнхийн реп"-ийн Мийгаа: Бид бэрхшээлд сөхрөөгүй. Хагаралдсан, бутарсан, эцэст нь нэгдэж чадсан

2000-аад оны дунд үед Монголын залуусыг байлдан дагуулж, хайрын сэдэвтэй дуунууд нь ардын дуу шиг мөнхөрч үлдсэн хип хоп урлагийн дунд үеийн төлөөлөл болох “Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Мийгаа буюу П.Мягмарбаяртай ярилцлаа.

Уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага аваад байсан эл хамтлаг өнгөрсөн жилээс урлагт эргэн ирж, сонсогч фенүүдээ баярлуулсан. Тэгвэл тэд тун удахгүй охидын анхаарлыг олон жилийн турш татаж, хайрын тухай дууг уяртал дуулдаг залуус болох Flash, Outlaw, No name хамтлагийн залуустай хамтран “All in HIT” тоглолтоо хийх гэж буй. Хамтлагийн гишүүн Мийгаа тэр болгон хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй нэгэн. Бидний хувьд түүнийг тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд эд завгүй үед нь ярилцахаар зорьж очсон юм.

-Орц болгон хамтлагтай байсан үе. Нэг ангийн хоёр өөр урсгалын хамтлаг нийлээд "Мөнхийн реп" хамтлагийг байгуулж байлаа-

-"Хайрын" гэх тодотголтой дөрвөн хамтлаг нэгэн тайзан дээр тоглохоор болжээ. Тоглолтын бэлтгэл ажил гээд тун завгүй байна уу. Хугацаа ч бага үлдсэн байна шүү?

-Нэлээн завгүй өдрүүд үргэлжилж байна. Наадмаас хойш гэх үү дээ /инээв/. Аймаг, сумдын 100 жилийн ойгоор нэлээн явлаа. Үргэлжлээд наймдугаар сарын 9-нд нэгэн цаг үед нэг дор уран бүтээлээ туурвиж байсан дөрвөн хамтлагийн хамтарсан шоу тоглолт болох гэж байна. Бэлтгэл ажилдаа орчихсон, завгүй л өнгөрч байна даа.

-Мөнхийн реп хамтлаг байгуулагдаад хэдийн 23 жил болчихсон байна. Их багаасаа дуулж эхэлсэн байна?

-1999, 2000-аад оны үед Монголд хип хоп урлаг хөгжиж эхэлж байсан. Тэр үеэс л би ч бас сонирхож, сонсож эхэлсэн. Анх бол цэвэр реп үглэдэг хамтлаг гэвэл "Хар сарнай", "Хар тас"-ын ах нар байдаг байлаа. Анхандаа би Хар сарнай хамтлагийн ард бүжиглэдэг байсан л даа. Цаашлаад хип хоп урсгал руу татагдаж орсон.

-Хамтлагийнхаа гишүүдтэй нэг анги байсан шүү дээ. Танай хамтлаг анхнаасаа “Мөнхийн реп” гэдэг нэртэй байсан уу?

-Тийм ээ. Манай хамтлагийнхан нэг ангийнхан найзууд байсан. Тухайн үед орц болгон хамтлагтай гэдэг шиг манай анги хоёр хамтлагтай байсан. Манай хамтлагийн Лхагваа чинь анх Цаг хугацаа гэдэг хамтлагт байсан. Би болохоор Батуктай хамт реп тал руугаа хайрын тухай дуу бараг мэддэггүй байлаа. Харин манай хоёр хамтлаг нийлээд хайрыг рептэй хослуулаад “Мөнхийн реп” нэртэй болсон доо.

-Бидний хамгийн анхны хит дуу бол "Нууцхан хайр"-

Тухайн үеийн хамтлагууд бүгд л үгээ өөрсдөө бичиж дуулдаг байсан. Таны хувьд ямар сэдвээр байв?

-Мөнхийн реп бол голцуу хайр дуулдаг байсан. Дээрээс нь аав, ээж, найз нөхдийн тухай дуулдаг байсан. Бид дууныхаа сэдвийг тухай бүрд нь ярилцаж байгаад шүлгээ бичдэг байсан.

-Танай хамтлаг их олон хит дуунуудтай. Гэхдээ анхны хит дуу нь ямар нэртэй байсан юм бэ?

-Бид их олон дуу хийсэн л дээ. Яг ФМ-ээр тэргүүлж, хит болж “Мөнхийн реп” гэдэг нэрийг гаргаж ирсэн дуу бол “Нууцхан хайр” гээд дуу бий.

-Уг дууныхаа түүхээс хуваалцвал?

-Хамтлаг нийлээгүй тус тусдаа явдаг байхдаа өөр өөр төрлийн дуунууд хийдэг байсан. Тэгж явж байгаад "Нууцхан хайр" гэдэг дууны минь санаа болон сэдвийг яруу найрагч н.Бямбажаргал гэж залуу анх тус дууны шүлгийг бичиж өгөөд манай хамтлагийг дуу хийгээд гэдэг саналыг тавьж байсан юм байна. Тэгээд л Лхагваа ая дээр нь ажиллаад анхны дуугаа бүтээж байсан юм.

-Тухайн үед маш олон хамтлаг байсан. Гэхдээ та бүхний хувьд поп урсгал оруулж ирсэн нь их том ялгарал болж чаджээ?

-Тийм ээ. Манай хамтлаг ерөөсөө л поп дахилттай, хип хоп үглэлттэй байсан нь илүү аялгуулаг санагдаад байдаг. Гэхдээ тухайн үед олон их чичлүүлж байсан. Учир нь “Хайр дуулдаг, хайрын хип хоп гэж юу байсан юм. Зохиолын хип хоп” зэрэг янз бүрээр цоллуулаад явж ирсэн дээ. Бид нараас хойш их олон хамтлаг дуучид дахилтаа аялгуулаг орж ирсэн байдаг.

-Та хэдийг дуу хийж эхэлж байсан үе, одоо үе хоёр бол асар их ялгаатай. Тухайн үедээ хэрхэн дуугаа бичүүлж, янзалдаг байсан юм бэ?

-Манай хөгжим бичдэг хүмүүсээс зөвлөгөө аваад хоолойндоо ордог байсан. Тэр үед компьютероор дуу хоолой засна гэсэн ойлголт байхгүй, маш олон дахин, нарийн ур чадварыг шаарддаг байсан. Тэр ч утгаараа бидний үеийн дуунуудыг сонсох юм бол ямар нэгэн эффект байхгүй, амьд, хуурай сонсогддог.

Одоо бол технологи хөгжиж байгаа учраас жоохон аялаад л дуулсан дууг үнэхээр гоё аялгуутай болгоод засчих хэмжээний болчихсон байна. Тэр ч утгаараа сүүлийн үеийн залуучуудыг амьдаараа дуулахгүй байна гэсэн шүүмж дагуулдаг болчихсон байна.

-Дуу, технологиос гадна та хэдийн үед хоп хоп гэдэг урсгал бол тэр чигтээ амьдралын мэдрэмжийг бичиж дуулдаг байсан бол одоо илүү аян дээр төвлөрөөд байна уу даа гэсэн хүмүүсийн шүүмжлэл байдаг. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Урлаг, спорт гээд бүхий л зүйл дандаа өсөн дэвжиж явж байдаг болохоор тухайн үеийнхээ зүйлээс хүмүүс нэгэн хэвийн мэт санагдаад ирэхээр арай өөр зүйлийг хийх гэж эрэл хайгуул хийдэг.

Манай залуу үе бид хэдээс суралцах зүйлээ суралцаад одоо бол арай өөр зүйл нь тэр юм болов уу гэж ойлгоод байгаа. Үүнийг миний хувьд урлагийн дэвшил, хүсэл эрмэлзэл гэж хараад байгаа.

Ер нь яваандаа моод эргэнэ гэдэг шиг үг илүү чухлыг ойлгож, буцаад тренд болгоно гэдэгт итгэдэг.

-Хамтлагаараа хагаралдах үе байсан ч нийлэх ёстой хүмүүс нийлээд л явдаг юм билээ-

-Нэг хэсэг идэвхтэй дуугаа хийж байгаад хэсэг завсарлага авсан. Бүгд гэр бүлтэй болоод хувийн карьераа хөөсөн үү?

-Урлаг гэдэг бол маш их цаг зав шаардагддаг. Болж өгвөл өглөөнөөс орой болтол студи дээрээ байх зэргээс шалтгаалж  сайн эсвэл муу уран бүтээл гаргадаг.

Бид хэдийн хувьд 19-25 нас хүртэл зургаан жил тасралтгүй уран бүтээлээ хийсэн. Түүнээс хойшоо тус тусдаа гэр бүл зохиогоод ирэхээр хувийн ажилдаа анхаарал хандуулаад эхэлчхэж байгаа юм л даа.

Тухайн үед дуулаад явхийн хажуугаар сургуульд явдаг байсан. Би чинь интерьер дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээрээ нэг хэсэг ажилласан. Ингээд компьютерын ард суугаад байхаар жоохон уйтгартай байсан. Түүнээсээ уйдаад хааяа нэг сонсохоороо ганц дуу хийчих юм сан гэсэн хүсэл эрмэлзэл үнэхээр их төрсөн.

Хамтлагаараа хааяа нэг уулзахдаа “Дахиад хэдэн дуу хийцгээе” гээд ярьж байгаад 2012 онд Мөнхийн ус дуугаараа эргэн эрэлт хийсэн байдаг шүү.  

-Та бүхэн их олон дуутай шүү дээ. Магадгүй дээр үед хийж байсан дуугаа хүмүүсийн хажууд сонсоод өөрсдөө танихгүй байх тохиолдол гарч байв уу?

- Байна, байна. Бид хэд бүр анхандаа “Бяцхан чөтгөр” нэртэй зуслантай холбоотой дуу хийж байсан юм билээ. Хүмүүс “Танайд нэг Бяцхан чөтгөр гээд дуу байдаг тэ" гээд л гүрийгээд байлаа. Тэгсэн нөгөөх маань надад тэр дууг сонсгож байгаа юм. Тэгээд л дууг нь сонссон чинь яалтачгүй Лхагваа дуулаад, би өөрөө үглээд байдаг шүү. Гэхдээ тэр дуугаа одоо болтол санахгүй л яваад байгаа. Тэр их сонин тохиолдол шүү.

-Одоогийн хүүхдүүд "Краш" гэдэг үгийг хэрэглээний үгэндээ ашигладаг. Тэгвэл танай хамтлагийн хамгийн олон краштай нь хэн юм байсан бэ?

-Хамгийн түрүүнд санаанд орж байгаа хүн бол Лхагваа маань байна. Үнэхээр крашлахгүй байхын аргагүй уянгалаг, сайхан хоолойтой шүү дээ. Дээрээс нь их царайлаг. Мөн тухайн үед манайд Батнаа гээд нүд, хөмсөг болсон царайлаг залуу байсан л даа. Тэр бол царайгаараа крашлуулна. Манай Үйлсээ гээд залуу бий. Тухайн үед ФМ-д хөтлөгч хийдэг их гоё хоолойтой. Зарим хүмүүс царайг нь хараагүй хэр нь хоолойг нь сонсоод дурлачихдаг байсан. Манай энэ гурав бол хамтлагийнхаа сор нь байлаа шүү дээ.

-Таны хувьд?

-Миний хувьд тухайн үед найзуудтайгаа орой охидуудтай гоё юм ярьж суух тохиолдлууд гардаг байлаа. Тэгээд хамт суухаар охидуудад миний хөгжилтэй байдал л таалагддаг юм байна гэдгийг анзаарсан байдаг /инээв/. Тэр ч утгаараа охидууд үерхэл гэхээсээ илүү найзууд л болчихдог байсан. Манай цуг явж байгаа найзууд тэндээсээ цааш харилцаагаа үүсгээд хайрлаж, дурлаад явж байхад би зүгээр нэг найзан дундаа л үлддэг байсан даа.

-Тэгвэл тухайн үед охидууд ил захидал, бэлэг хэр их өгч байв?

-Тоглолт болгон дээр маш олон бэлэг өгдөг байсан. Одоо ч гэсэн манай сонсогч чин сэтгэлийн үгээ бичсэн мэндчилгээ болон бусад зүйлсийг өгсөөр л байдаг. Жишээлбэл,”Ил захидал, бидний нэрийг бичсэн ороолт, подволк, гарын бугуйвч, зүүлт” гээд одоог хүртэл хадгалсан эд зүйлс хүртэл байдаг.

-Тэр дундаас одоог хүртэл мартагддаггүй бэлэг авч буй дурсамжаасаа хуваалцаач?

-Манай хамтлагийг байгуулагдаж эхэлснээс хойш сонин, сэтгүүл дээр гарч байсан бүхий л зураг, ярилцлагыг хайчлаад дэвтэр дээр наагаад доод хэсэгт нь огноог нь биччихсэн, өөрийн тухайн үеийн мэдрэмжийг мөн биччихсэн сүүлд бидэнд өгч байсан. Тэр үед биднийг биднээс илүү хайрлаж, хүндэлдэг хүмүүс байдаг юм байна шүү гэсэн омогшилтой байсан.

-Одоо тэр дэвтэр хэнд нь байгаа вэ?

-Хамгийн сонирхолтой нь нөгөө хүн маань сүүлд буцаагаад авсан. Яах ьэ тэр хүн бэлэглэхээс илүү өөртөө нандигнаж үлдээх хэрэгтэй юм байна гэж бодсон байх.

-Танай хамтлаг бол маш олон хит дуутай. Гэхдээ тэр олон дуунаас хамгийн хайрлам, сэтгэлд ойр байдаг дуу гэвэл ямар дуугаа нэрлэх вэ?

-Манай хамтлаг чинь бүтэлтэй, бүтэлгүй хайрын аль талаар нь дуу хийх эсэхээ их ярилцдаг байсан. Тухайн үед үерхдэггүй байсныг ч хэлэх үү бүтэлтэй хайрын дуу хийе гэхээр туршлага энэ тэр байхгүй болохоор киноны гол дүр шиг өөрсдийгөө төсөөлдөг байлаа шүү дээ.

Тэр олон дуунаас хамгийн их нандигнадаг дуу бол “Дурлалаа чамд” гэдэг дуу байсан. Энэ дууг 2005 онд хүнтэй анх үерхэж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байхад тэр маань гадагшаа сургуульд явахаар болсон. Би ч тэгээд яг явсных нь дараа үнэхээр их санаад энэ дуугаа хийж байсан юм. Тухайн үйл явдлыг одоог хүртэл хайрлаж, нандигнаж явдаг.

-Дууны эзэн дуугаа соссон уу?

-Мэдээж тэр үед өөрт зориулсан гэдгийг мэдээд сонссон. Түүний хувьд одоо ч гэсэн бараг хамгийн хайртай уран бүтээл нь байх гэж бодож байна.

-Мөнхийн реп хамтлаг байгуулагдаад 23 жил болчихсон байна. Энэ бол маш урт хугацаа шүү дээ. Та өнгөрсөн цаг хугацаандаа дүгнэлт хийвэл?

-Бид бүх зүйлийг туулж өнгөрсөн. Бүхий л эго, амбиц гэдэг зүйлийг тойроод биш туулаад гарлаа. Манай залуус өнгөрсөн цаг хугацаанд бэрхшээлд сөхрөөгүй. Хагаралдсан, бутарсан. Гэхдээ эргээд нийлэх зүрх бидэнд байсан. Одоо бол хамгийн гоё дээрээ, ямар нэгэн их зан, амбиц гэдэг зүйл бараг л байхгүй болсон. Олон жил сайн, муугаа үзсэн хүмүүсийн хувьд найз нөхөд гэж ямар хүмүүс байдаг вэ гэдгийг маш сайнаараа ойлгосон. Одоо бол хамгийн гоёороо л оршиж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 6, 2024 11:38

Ийм б�##�ай зохиолын дууг сонсдог болохоор улс чинь ийм улны байгаа юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button