Сурвалжилга, Нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN  сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

НЯРАЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИН Д.Хишигбаяр: Дөрөвхөн хоногтой, ув улаан нярайн зургийг авч байлаа

Жирэмсэн ээжүүд гэрэл зургаа даруулж, хамгийн сайхан мөчөө мөнхлөх нь элбэг болсон. Харин саяхнаас дөнгөж төрсөн нярай хүүхдийн гэрэл зургийг мэргэжлийн өндөр түвшинд авах гэрэл зургийн шинэ төрөл хөгжиж эхлээд байна. Монголчууд бидний хувьд гам сайн барихыг голчилдог бөгөөд дөнгөж төрсөн нярай дээр хүмүүс хамаагүй очдоггүй гэлцдэг. Гэсэн ч нярай хүүхдийн гэрэл зургийг даруулах сонирхолтой хүмүүсийн тоо харьцангуй ихэсч байгаа аж. Ингээд бид энэ чиглэлээр ажиллаж байгаа нэгэн зурагчин бүсгүйтэй ярилцлаа.

Түүнийг Д.Хишигбаяр гэдэг бөгөөд нягтлан бодох мэргэжилтэй. Гэсэн ч тэрээр мэргэжлээрээ бус гэрэл зургийг сонирхон өөрийн ажил мэргэжил болгон яваа нэгэн. 2012 оноос гэрэл зураг сонирхох болж, 2014 оноос эхлэн мэргэжлийн гэрэл зураг авах болжээ. Түүнчлэн нярай хүүхдийн гэрэл зургийг 2018 оны зургадугаар сараас эхлэн авч эхэлсэн гэлээ.

-Нярай хүүхдийн гэрэл зургаар чухам яагаад дагнах болсон бэ?

-Хүүхдээ төрүүлснийхээ дараа нярай хүүхдийн гэрэл зургийг авбал үнэхээр хөөрхөн юм байна хэмээн бодсон. Ингээд л  2018 оны 6-р сарын 4-нөөс хойш нярай хүүхдийн гэрэл зураг авч эхэлсэн дээ. Ер нь гэрэл зураг дарах маш дуртай үүнийгээ өөрийн ажил болгосон гэхэд болно.

-Энэ ажлаа хэрхэн эхлүүлсэн бэ?

-Эхэндээ нярай хүүхдийн гэрэл зураг үнэгүй авч өгдөг байлаа. Студи ч байхгүй гэрт очиж авдаг байсан. Үүний дараагаар гэрийнхээ нэг өрөөг суллаж бүх тавилгаа зөөж студийн гэрэл гэх мэт тоног төхөөрөмж авч төлбөртэйгөөр зургаа авч эхэлсэн. Хүүхдийнхээ зургийг даруулсан хүмүүсийн найз нөхөд, ар гэрийнхэн гэх мэт танилууд нь "Өөрөөр тань хүүхдийнхээ зургийг авхуулъя" гэж их ирэх болсон. Хамгийн хөөрхөн нь манай гэрт маш их хүн хүүхдийнхээ зургийг авхуулахаар олон цаг хүлээнэ. Гэрийнхээ жижиг өрөөг суллаж студи болгосон. Гэвч нэг ах их хөөрхөн жижигхэн өрөөнд минь зураг авахад саад болохгүй гээд хананд наалдчихсан, хамаг хөлс нь цувчихсан байдаг чадлаараа хичээгээд зогсож байна. Тэр үед л "Одоо студитэй болох хэрэгтэй юм байна" хэмээн бодож энэ сард студиэ нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч ажлын ачааллаас үүдэн студитэй болсон ч нээлтээ хийж, сайн тохижиж амжаагүй л байна даа.

-Та нярайн гэрэл зургийг хэдэн төгрөгөөр авдаг вэ?

-Нярайн гэрэл зураг 80-160 мянган төгрөгийн хооронд бий. Гэрээр очиж авах бол 30 мянган төгрөгийн нэмэлттэй. Цаашдаа үйлчилгээний тарифаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдсөн үедээ нэмнэ гэж бодож байгаа. Хүүхдийн зураг авна гэдэг хэцүү. Хүүхэд хэзээ ч бидний хүссэн байрлалаар байдаггүй, уйлна хөдөлнө гэх мэт их ажиллагаатай шүү дээ. Харин бусад нярайн гэрэл зураг авч буй мэргэжлийн студийг бодвол манайх хамгийн хямд нь. Гэхдээ тэдгээр студи нь манайх шиг зөвхөн нярай хүүхдийн гэрэл зургаар дагнаагүй бүх л төрлийн гэрэл зураг авдаг.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖуншина уу.

Монголчууд 1000 төгрөгөөр 120

км явах цахилгаан машин угсарчээ

Уншигч та бүхэндээ бид энэ удаа Монгол инженерүүдийн ээлжит бүтээл Монголдоо угсарч үйлдвэрлэсэн анхны цахилгаан ачааны автомашиныг танилцуулахаар “Эвэко мотор" компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Нямдэмбэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Монголдоо угсарч үйлдвэрлэсэн ачааны автомашины хүчин чадал, боломжуудыг танилцуулахгүй юу?

-Сайн, сайн байна уу. Уг цахилгаан автомашиныг бүрэн цэнэглэхэд 8-10 кВт цахилгаан хэрэглэх буюу дунджаар 1000 төгрөгний зардал гарах юм. 800 кг даацтай, 60 км/ц хүртэл хурдлана.

-Цахилгаан ачааны автомашиныг захиалагчид ихэвчлэн ямар зориулалтаар ашиглахаар худалдан авч байгаа вэ?

-Одоогоор албан ёсоор борлуулж эхлээгүй учраас авч хэрэглэх сонирхолтой цөөхөн байгууллагууд захиалж авч байгаа. Ачааны зориулалттай учраас бараа түгээлтийн чиглэлд хэрэглэж байна.

-Цахилгаан системийг Монгол инженерүүд өөрсдөө шийдсэн үү? Ямар технологиор шийдсэн бэ?

-Үндсэн цахилгаан системийг бэлэн туршигдсан баталгаатай тоноглол, цахилгаан хэрэгслийг суурилуулж шийдсэн. Харин эрс тэс уур амьсгал, хүйтэн нөхцөлд тааруулж жолоочийн кабины халаалтын систем, батарейны дулаалга зэргийг монгол инженерүүд шийдсэн. Технологийн хувьд бүрэн цахилгаан автомашин учраас батарейн технологи гол нь юм. Автомашинд суурилсан батарейг цахилгаанаар цэнэглэж, түүнээс энерги авч цахилгаан хөдөлгүүрт тэжээл өгснөөр хөдөлгөөн хийх зарчимтай.

-Нэг удаадаа хэдэн цаг цэнэглээд, хэдэн цаг явах вэ?

-Ачаалал болон замын нөхцөлөөс хамаарч бүрэн цэнэгээрээ 80-120 км зам туулах боломжтой. Литий-ион технологийн батарейтай 3 цагт бүрэн цэнэглэгдэнэ.

-Туулах чадвар шатахуун хэрэглэдэг автомашинуудтай адил уу?

-Туулах чадварын хувьд 800 кг ачаатай хот суурин газрын нөхцөлд саадгүй явахаар хийгдсэн. Бусад төрлийн автомашинаас хөдөлгүүр нь цахилгаан гэдгээс бусад байдлаар ялгарах зүйлгүй. Заавал хөдөлгөөн эхэлж байж цахилгаан зарцуулах учраас түгжрэлд удаан зогссон ч ямар нэг зардал гарахгүй нь давуу талтай.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖуншина уу.

ЯРУУ НАЙРАГЧ Ц.ДОРЖСЭМБЭ: Уран бүтээл харгис, хүмүүс шүлгийг минь аваад оронд нь архи, мөнгө өгөөд л өнгөрдөг

Хотын төвөөр хог үүрсэн, ноорхой хувцастай хүмүүс хаа сайгүй ч тэднийг ямар амьдрал туулсныг хэн ч таашгүй. Түүний нэг нь яруу найрагч Ц.Доржсэмбэ. “Харсан тэнгэр”, “Хэнд би таалагдах ёстой юм бэ?” зэрэг шүлгийн түүврүүдээ хэвлүүлж, “үзэгдэл” болсон яруу найрагч. Нийгэм соёлын эрс эргэлтийн цаг үеийг туулсан, энэ хүнтэй ярилцахад амьдралын алдаа оноо, эрээн барааныг хэрхэн туулсан нь нүднээ харагдах аж.

-Та аль нутгийн хүн бэ?

-Үндсэн гарал Сүхбаатар аймгийн Уулбаян сум. Харин өссөн газар минь Баянхонгор аймаг.

-Хэзээнээс шүлэг бичих болсон тухайгаа дурсахгүй юу?

-Зургаа, долоон настайдаа уншиж сураад бичиж эхэлсэн. Нэгдүгээр ангид орохоос өмнө Д.Нацагдоржийн “Миний нутаг”-ийг  цээжчилчихээд л, өөрөө ч болсон болоогүй юм бичдэг байлаа.

-Тэгэхээр сургуульд бичиг үсэг мэддэг болчихоод орсон байх нь ээ?

-Тийм ээ. Аав, ээжийн минь буян. Хар багаас минь надад цагаан толгойн 35 үсэг заасан. Таблицан дээрх амьтны дүрсийг нэрлэж цээжлүүлсээр байгаад уншуулж, бичүүлж сургасан.

-Арван жил болоод их сургуулиа хаана дүүргэсэн бэ?

-Баянхонгорт арван жилээ төгссөн. Ванхүүгийн Батбаяр багш маань оросын уран зохиолыг гарамгай заадаг байсан бөгөөд манай монгол хэл, уран зохиолын багш нар ч мундаг хүмүүс байсан. Би өөрийгөө ихэд хичээл зүтгэлтэй сурагч байсан гэж боддог, бүүр баян хуурыг ч сайн тоглож сурсан. Тухайн үед пионер сурагчдын урлагийн наадам болоход “Баян хуурын гоцлолоор” хүрэл медаль авч байлаа. Сурагч байхаасаа уран зохиолын ном уншдаг, математик физикийн бодлого бодохдоо гарамгай байсан.

Их сургуульд сурч байхдаа Очирбатын Дашбалбарын Өрнө, Дорнын уран зохиол болон буддын гүн ухааны лекцүүдийг сонсдог байлаа. Агуу хүн шүү. Ярих юмгүй. Харин МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангид сурч байгаад 90 гаруй цаг хичээлээ таслаад хөөгдсөн. Хөөгдчихөөд ШУТИС-д орсон. Математиктаа их сайн байсан. Сайн байхгүй гээд яах вэ дээ. /инээв. сурв/ Манай утга зохиолын хөөгдсөн ангиас олон сайхан хүмүүс гарсан Ням-Очир, П.Батхуяг, н.Номинчимэд, Р.Энхтуяа байна. Тэр болгоныг хаяад, хөөгдөөд гарч байхдаа хэтэрхий омголон бас гэнэн байж.

ШУТИС-д чинь зовлонтой шүү дээ манай утга, уран зохиол шиг сонирхолтой зүйл байхгүй. Үргэлж математик, физик, химийн бодлого боддог.Гэхдээ тэр болгоныг төвөггүй даваад гарсан.

-Хань ижил үр хүүхдийнхээ талаар хуваалцаач?

-Сайхан эхнэр хүүхэдтэй байсан, 2013 онд салсан. Эмэгтэй хүнийг хайрлаж явахгүй бол болохгүй.  Манай эхнэр гадаад хэлтэй.  Эвий дээ эвий. Би эхнэр хүүхдийнхээ тухай хамаагүй ярих дургүй. Амьтны бүсгүй үрийг хайрлаж явах хэрэгтэй. Миний эхнэр эрдэм боловсрол ухаантай хүн. “Адгийн архичинтай тэр сайхан хүн ханилаад ч яахав” гэж бодсон доо.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ХЭРГИЙН ГАЗАР: Гудамжнаас хайрцагтай нярай хүүхдийн цогцос олджээ

Хэдхэн хоногийн өмнө хайрцагтай нярай хүүхдийн цогцос гудамжнаас олдсон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ мягмар гарагт /2019.06.25/ "Гудамжинд хайрцагтай нярай хүүхдийн цогцос олдлоо" хэмээн 20 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 60-р гудамжинд нярай хүүхдийн хайрцагтай цогцос олдсон нь үнэн байв. Тус нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэгчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд өвчний улмаас нас барсан гэв.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

“ДУГУЙТАЙ ГЭР БҮЛ": Гудамжаар явахад биднийг гадаадууд гэж хардаг

Эгэл даруухан хэр нь эрч хүчтэй, том зорилготой тэднийг “Дугуйтай гэр бүл”-ийнхэн гэнэ. 2018 оны тавдугаар сараас эхлэн тус нэрээр фэйсбүүк хуудас нээж, унадаг дугуй унахын үр өгөөж, ач холбогдлыг нийтэд сурталчилж эхэлсэн идэвхи зүтгэлтэй гэр бүл. Тэдний удахгүй гарах гэж байгаа шинэ аяллын тухай болон унадаг дугуйг тойрсон сонирхолтой асуултуудыг тавихаар гэрт нь зочиллоо.

Дугуй унадаг эрүүл саруул гурван хүүхдийн аав ээжийг Н.Пүрэвдорж, С.Анударь гэдэг. Тэд хамтдаа амьдралынхаа өвөрмөц хэвшил, тавьсан зорилтуудынхаа тухай ярихдаа бие бие рүүгээ дотно харц шидэлж, инээмсэглэж сууна. “Дугуйтай гэр бүл” нэртэй нөхөрлөл бий болгоод байгаа тэд цаашид Монголд дугуйчдын төлөөлөгчийн газрыг бий болгохоор зорьж буй. Үүнийхээ төлөө Европын холбоод руу олон захидал, хүсэлт илгээгээд байгаа бөгөөд гэр бүлээрээ томыг хүсч, тэмүүлж байна.

-“Дугуйтай гэр бүл” пэйж хуудас, Youtube сувагтай хүмүүс нэлээдгүй танил болж амжсан байх. Гэхдээ ярианы эхэнд манай уншигчдад зориулж гэр бүлээ танилцуулахгүй юу?

С.АНУДАРЬ:

-Манай гэр бүл тавуулаа. Гурван хүүхдийн маань хамгийн бага нь хоёр настай, дунд охин маань одоо найман настай бол том охин аравтай. Нэмээд дөрвөн ширхэг унадаг дугуй, нэг чиргүүлийг маань бүлийн гишүүн гэж тооцож болно /инээв. сурв/.

-Та хоёр ямар мэргэжилтэй хүмүүс юм бэ?

-Манай нөхөр эдийн засагч мэргэжилтэй, гэхдээ мэргэжлээрээ ажиллалгүй хувиараа олон янзын ажил хийж байсан. Би найруулагч мэргэжилтэй. Телевизэд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан.

-Одоо 21 аймгаар аялал хийх гэж байгаа гэж сонслоо. Энэ шийдвэрийг хэзээ гаргав, аяллынхаа турш дандаа унадаг дугуйгаар явах уу?

-Энэ удаагийн аяллаа дан унадаг дугуйгаар хийх боломжгүй. Бага насны хүүхэдтэй болохоор урт замыг унадаг дугуйн дээр туулах хэцүү шүү дээ. Ер нь энэ аяллыг хийх болсон шалтгаан нь гэр бүлдээ цаг заваа зарцуулах, хамтдаа байх, хамтдаа хөгжих гэсэн санаанаас үүдэлтэй учир үүнийг нэг их хүнд хэцүү болгомооргүй байгаа хэрэг. Хүүхдүүдээ амарч зугаацах боломжоор нь хангах л чухал байгаа юм.

Өнгөрсөн жил бид олон газраар аялахаар төлөвлөсөн боловч цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшилсоор намар болж хичээл сургууль эхлээд бүр цуцлагдсан юм. Дугуйн дээр бид бүхээгтэй явахгүй, шууд байгальтай харьцдаг учир хүүхдүүд болон цаг агаарын байдлыг маш сайн тооцох хэрэгтэй байдаг. Манайх хичээл орлоо гээд дугуй унахаа больдог айл биш, хүүхдүүд маань сургууль руугаа дугуйгаа унаад явдаг, орой бүр “за дугуйгаа унаад гарцгаая” гээд хот дотроо хаа дуртай газар луугаа явдаг. Манай гэр бүлд машин байхгүй.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

О.Баярцогт: Салхин цэцгийн далд үеийг мэдэхгүй удааснаас гэнэт хүндэрч элгэнд нь хүчтэй нөлөөлсөн

Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин Очбадрахын Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан “Дөлгөөнд туслах хандивын ажил”  #Pray4Dulguun эхлээд гурав хонож байна. Түүний өвчний талаар болон хандивын аяны тухай  Багш дасгалжуулагч О.Баярцогттой уулзаж ярилцлаа.

-Дөлгөөнд туслах хандивын аян хэзээ эхэлсэн бэ?

-Пүрэв гаригийн шөнө Дөлгөөний бие  муудсан гэсэн мэдээг ар гэрийнхэн нь хүлээж авсан. Баасан гаригийн өглөө эцэг эхтэй нь уулзаад тэднийг Америк явуулахаар болсон. Оройноос нь эхлэн хандивын аян зохион байгуулсан. Эмчилгээний зардлын мөнгө амжилттай цугларч байгаад баяртай байна.

-Та дасгалжуулагчаар нь ажиллаад хэр удаж байгаа вэ?

-Таван жил ажиллаж байна.

-О.Дөлгөөн хувь хүн талаасаа ямархуу хүн бэ? Багийнхандаа хэр анхаардаг байв?

-Маш өгөөмөр сайхан сэтгэлтэй хүүхэд. Гуйлга гуйж буй хүний хажуугаар хэзээ ч зүгээр өнгөрч байгаагүй. Өөртөө байгаа мөнгөө чадах хэмжээгээрээ өгч тусалдаг хүүхэд. Бид шоолоод инээхээр “Хүнд тусалсан хариу эргээд заавал ирдэг юмаа” гэж хэлээд инээдэг байсан.  Одоо хандивын ажил сайн явж байгаа нь магадгүй үүнтэй холбоотой байх. Түүнчлэн багийнхаа хүүхдүүдэд үргэлж санаа тавьдаг, багийн ахлагч хариуцлагатай хүүхэд.

-Америкт явж байхдаа бие нь гэнэт муудсан гэх мэдээлэл байна. Онош нь юу вэ?

-Элэгний архаг дутмагшил гэсэн оноштой байна. Элэг муудсан гол шалгаан нь Америкт байхдаа салхин цэцэг туссан явдал. Салхин цэцгийн далд үеийг мэдэхгүй удсан учраас гэнэт хүндэрсэн нь элгэнд хүчтэй нөлөөлсөн. Маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн.

-Эмчилгээнд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Элэг шилжүүлэх суулгах хагалгаа хамгийн эцсийн арга гэж эмч нар мэдэгдсэн. Элэг шилжүүлэн суулгахаас өмнө элгийг дэмжих эрчимт эмчилгээ хийх явцад салхин цэцгээс гадна өөр вирус байна гэж үзсэн. Тиймээс Америкийн эмч нар тусгай баг гарган вирусийг олж эсрэг арга хэмжээ авахаар ажиллаж байна. Уг вирус нь шинэ элгийг суулгахад устгах магадлалтай учраас хагалгаанд саад болж байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Халдвартын эмнэлгийн халдвар тарах эрсдэлтэй “САХИУРЫН ӨРӨӨ”

Уйлган бороотой бүрхэг өдөр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн “Сахиурын өрөө”-г сурвалжлахаар зорилоо. Урьд нь энд байршиж байсан хүмүүс өрөөний дотор тохижилт шаардлага хангаагүй, сахиурууд цаасан хайрцаг дэвсэн унтаж байгаа тухай цахим орчинд нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Хэл ам дагуулсан “Сахиурын өрөө”-ний бодит байдлыг элдэв хачиргүй, аль нэг талыг барилгүй, үнэн мөнөөр нь уншигчиддаа хүргэхээр зорьж ХӨСҮТ-ийн хойд булан  дахь зэвэрсэн бор хаалгыг татав.

Биднийг ороход нас тогтсон гурван эмэгтэй угтлаа. Тэдний нэг нь шалан дээр гудас дэвсээд хэвтэж байв. Зорьж ирсэн учир явдлаа тайлбарлахад, “Аль болох зөв талаас нь л бичиж үзээрэй, хүүхдүүд минь. Эндээс хөөгдчихвөл шууд гудманд гарна шүү” хэмээн санаа зовнингуй учирласан юм. Тийм ч учраас сахиуруудын эрх ашгийг хүндэтгэн гэрэл зургийг нь авч олонд дэлгэхгүйгээр шийдлээ.

“Сахиурын өрөө” тав тухгүй, тохижилт шаардлага хангаагүй гэх цахим орчин дахь мэдээлэл үнэн ажээ. Цонхны дэргэд нэг ширээ, түүний хоёр талд нь гудамжинд байршуулдаг модон сандал, коридорт харагддаг хүлээлгийн хөх сандал тавьсан харагдана. Мөн хананы ойролцоох төмөр материалаар хийсэн жижиг шүүгээ нүдэнд тусав. Харин өөр тодотгож бичих тавилга сэлт огт байсангүй.

Шалан дээрх эвхсэн болон дэвссэн хоёр даавуун гудсыг эл гурван эмэгтэй ар гэрээсээ авчирсан гэж байна.

“Манай монголчууд чинь яаж амьдардаг билээ, хүний юмыг аваад л явчихна. Үүний өмнө байсан хүмүүс нь архидаж согтуураад, хөөгдөж гарахдаа байсан бүх юмыг нь аваад гарсан гэсэн. Өөрсдөө л юмаа авчирна шүү дээ. Бид нар болоод л байгаа юм даа. Гудманд байснаас л дээр. Өглөө асрагч, сувилагч нар орж ирээд чийгтэй цэвэрлэгээ хийгээд өгчихдөг юм” хэмээн тэд хэлж байв.

“Фэйсбүүк дээр нэг пост гарснаас болж энэ сахиурын байрыг хаана гэсэн байна лээ. Тэгэхээр чинь бид нар шууд гудамжинд гарах болчхож байгаа юм. Уг нь орчин, ариун цэвэр нь сайн байх ёстой л доо. Халдвартын эмнэлэг шүү дээ. Яахав ээ, орчин нөхцлийн хувьд болохгүй, бүтэхгүй юм байна л даа. Болохгүй байна гэж хэлээд маргааш тохижуулаад өгөхгүйгээс хойш. Ямар насаараа амьдрах гэж байгаа биш, хоргодож байгаа өрөөгөө цэвэрлэж цэгцлээд болгож л байна” гэсээр тэд өрөөнд суух боломжгүй болох вий гэх айдастай буйгаа биднээс нуусангүй.

Модон цонхтой эл жижиг өрөөний нэг буланд угаалтуур байх аж. Цааш эргээд бие засах болон усанд орох боломжтой угаалгын өрөө байна. Гэрэл нь ассангүй.

Сахиур хийж буй гурван эмэгтэйгээс дараах товч тодруулгыг авлаа.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Г.Жамьян: Гэрийн утас руу залгаад “Чи ганц сумны үнэтэй шүү” гэж заналхийлдэг

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцлаа.

-Сэтгүүлчид бидэнд тулгамддаг том асуудал нь “Юу ч бичсэн заавал аль нэг талын хүн эсвэл бууны нохой болж харагдах, хардагдах”. Та сая Ерөнхийлөгчид хандсан захидал бичлээ. Үүний дараа таныг МАН-ын хатгаас хийлээ гэж олон хүн хардаж байна. Тэд яагаад ингэж ярих болсон гэж та бодож байна? Танд үнэхээр хүний даалгавраар бичсэн тохиол бий юу? 

-Би ямар ч нам эвсэл, холбоо, хувь хүнийг хамгаалж бичдэггүй. Ямар нэгэн захиалгаар бичдэггүй. Зөвхөн үнэнд захирагдаж л бичдэг. Ерөнхийлөгчид бичсэн захидлыг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Хамгийн гол нь миний бодол санааг хүмүүс битгий мушгиж, туйлшраасай гэж хүсэж байна. Би МАН-д 50,60 жил явлаа. Гэлээ ч би энэ намдаа үргэлж л шүүмжлэлтэй хандаж ирсэн. “Энэ миний нам” гэж өмгөөлж хамгаалж бичиж байсан нь үгүй. Зөвийг хийвэл зөвийг, буруу хийвэл бурууг нь л бичиж байдаг. Үүнийг минь олон түмэн мэдэх байх.

Хоёрдугаарт, би ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгмийг эхнээс нь хоёр гараа өргөж дэмжсэн хүн. Учир нь 10 жил 6 сар арга хэмжээ авахуулж, хүнд хүчир хөдөлмөрт зүтгэж байхад намайг аварсан зүйл бол ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгэм. Тугийг нь барьж яваагүй ч тугалыг нь хариулж явсан юмаа. Гэтэл одоо ардчилсан нийгэм хэвээрээ хэдий ч ардчиллыг гуйвуулж, буруу замаар хөтлөөд байгаа мафийн хүмүүс байна. Үүнийг би шүүмжлэхээс ч яах билээ. Тэр мафийн толгойлогчид МАН-д маань ч бий. Ийм учраас энэ хоёр намын дунд би туйлшралгүй, зөвийг хэлж, бурууг нь шүүмжлээд яваа. Үүний нэг тусгал нь ардчилсан Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгадаа хандаж бичсэн захидал. Захидал бичихээс өөр аргагүй болсон. Би сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийгээ тодорхой бичсэн.

Би гудамжны архичинг ч, төрийн өндөрлөг Ерөнхийлөгчөө ч шүүмжилнэ. Энэ бол миний зарчим. Би чинь “Буруу зүйл хийвэл бурхныг ч шүүмжилнэ” гэсэн тангарагтай сэтгүүлч хүн. Тиймээс туйлширсан зүйлгүй.

-Ерөнхийлөгч танд бичсэн хариу захидалдаа “Баримтгүй юм их бичиж дээ” гэсэн. Харин танд баримтууд нь байгаа гэсэн шүү дээ. Тэр баримтуудаа шууд дэлгээгүйн учир юу юм бэ?

-Надад асар их баримт бий. Түүнийг захианд багтааж боломгүй. Тухайлбал, нэг баримт гэхэд л 11 хуудас. Би үүн дээрээ нэмээд баримтууд цуглуулж байна. Дутуу дулимаг байсныг жигдэлж, цуглуулж гүйцээлээ. Ерөнхийлөгчийнхөө санал болгоод, хүсээд байгаа 10 баримтыг бэлэн болгоно. Гэхдээ нотлох баримтыг би шүүхэд гаргахгүй. Шүүх угаас өнөөгийн нөхцөлд Ерөнхийлөгчийн шүүх. Тиймээс шүүх, прокурорт нотлох баримтыг минь нягтлаад өгөөч гэж бариад гүйхгүй, хэзээ ч очихгүй. Харин нотлох баримтаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэж тавина. Эхнийх нь бэлэн болчихсон. “НОТЛОХ БАРИМТ 1” гэх эхний баримтуудаа ирэх долоо хоногоос эхлэн хэвлэлд тавина. Ганцхан хэвлэлд тавихгүй олон хэвлэлд тавина.

Би чинь ерөнхийлөгчийгөө “Таны хамгийн дотно, баруун гарын чинь хүн алуурчин шүү”, “Хамгийн том хулгайч гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж таныг хэлсэн шүү” гээд биччихсэн хүн шүү дээ. Энэ бүх баримтуудаа би цэгцэлж байна. Үүнд манай ерөнхийлөгч няцаалт өгөөгүй болохоор зөвшөөрч байгаа юм болов уу гэж бодож байгаа.

Миний бичсэн зүйлд Ерөнхийлөгч маргааш нь хариу өглөө. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тэр айхтар хурц дайралтад ямар нэгэн хариу өгөөгүй, няцаалт өгөөгүй болохоор “За манай Ерөнхийлөгч хуучин ерөнхийлөгчийнхөө бичсэн, хэлснийг зөвшөөрч байгаа юм болов уу” гэж ойлгоод байгаа шүү.

-Таныг баримтгүй хэлсэн бүхний тань төлөө шүүхэд дуудна гэсэн. Та бэлэн үү?

-Намайг шүүхэд дуудах л байх. Тиймээс ч би өмгөөлөгчөө авч, намайг төлөөлөх хуулийн төлөөлөгчөө авсан. Хуульчид ирж “Танд юугаар туслах вэ” гэж асууж ч байна. Нэгдүгээрт, би өдий насалчихлаа. Хоёрдугаарт, би хууль шүүхийн байгууллагыг 60 жил сурвалжилсны хувьд энэ салбарынхны ахмад үеийг сайн танина. Миний үерхэж явсан, хойно өмнө нь гүйж сурвалжилж явсан улсын хүүхдүүд нь өнөөдөр энэ хууль шүүхийн байгууллагын удирдлагад бий. Тиймээс ч би ахмад үеийнхэн, тэдний үр хүүхдүүдэд хандах ёстой болж байна. Надад түших, тулах, зөв санаа өгөх улс хуулийн байгууллагад байгаа. Зөвхөн шүүх, прокурорын хэдхэн хүн л Ерөнхийлөгчийг маань барьцаалчихаад суугаад байгаа биш цаанаа нь өдий төдий шударга хуульчид бий шүү дээ.

-Та захидал дотроо хэд хэдэн ноцтой асуудлыг хөндсөн байсан. Зам тээврийн яаманд болсон хэргийг цөөхөн хэдэн хүний хооронд болсон явдал мэтээр ойлгож явсан хүмүүст, манай салбарынханд ч шинэ сэдэл өглөө. Та энэ мэт ноцтой мэдээллүүдийнхээ баримтын зах зухаас нь дуулгаж болох уу?

-Зам тээврийн яаманд “том” аллага болсон. Үүнийг зүгээр л архи уусан хэдэн хүний зодоон гэж харж болохгүй. Олон түмэнд ингэж ойлгуулах гэж их хүч түүний ард ажиллаа. Энэ бол захиалгат аллага, зохион байгуулалттай аллага. Ганцхан сэжим хэлье.

2017 онд Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн яамны сайдаар очсон. Тун удалгүй Б.Махбалыг дэргэдээ авчирсан. Яагаад, хэний даалгавраар, ямар хэрэг амжуулахаар түүнийг дэргэдээ авч ирж, төрийн захиргааны удирдлагын даргын үүрэг гүйцэтгэгчээр авч ирэв. Энэ албан тушаал бол бүх зүйлийг мэдэж, атгаж, халаа солио, хэнийг дэвшүүлэх вэ, үгүй вэ гэдгийг мэдэж, харж байдаг хүн. Тийм орон тоон дээр Б.Махбалыг яах гэж авч ирэв гэдгээс шалгаж эхлэх ёстой. Б.Махбал бол зүгээр л сайхан “цэвэр” хүн биш шүү дээ. Нэгдүгээрт, тэр хүн Ерөнхийлөгчийн баруун гарын найз гэдэг нь хэнд ч ойлгогдохоор. Хоёрдугаарт, өмнө нь хүнийг босохгүй болтол нь зодож байсан, бараг алах дөхсөн хүн. Энэ бүх баримт надад бий. Хэд хэдэн удаа ноцтой хэрэг хийсэн хүн шүү. Ингээд арга хэмжээ авахгүй байж байхад нь Ж.Бат-Эрдэнэ хөтөлж ирээд, тийм том дарга болгоод, архидалтын будлиан мэт болгож хөөрхий залууг алсан явдалд маш их учир шалтгаан бий. Үүнийг хуулийн байгууллага шалгалгүй дарчихсан юм. Зөвхөн л Б.Махбалыг барьж аваад, шийдэж өгөхгүй, хэчнээн ч удаа шүүх, прокурор хооронд шилжүүлэв. Хүн алсан гэдэг нь гэрчтэйгээ, ил цагаан байгаа хэргийг шийдэхгүй байгаа нь цаг хугацаа хожиж, мартагнуулж, энэ хэргийг дарж авъя гэсэн л бодол. Өөр ямар ч бодол байхгүй. Харамсалтай нь талийгаач залуугийн аав нь бузар аллагаас болж сэтгэлийн хүнд дарамтад орж нас барлаа. Энэ чинь нэг хүнийг бус хоёр хүнийг алсан хэрэг болж байгаа юм. Энэ мэт нотлох баримт гэж юуг хэлдэг вэ, түүнийг би гаргаж тавина.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Т.Банзрагч: Эд хөрөнгөтэй бус хөдөлмөрч зантай хүн сайхан амьдрах боломжтой

"Өөрийгөө өөрчилсөн он жилүүд" хэмээн хашааныхаа тохижилтын талаар цахим орчиндоо нийтэлж бусдад мэдээлэл солилцсон “Tegshbayаr Banzragch” хэмээх фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож ярилцлаа.

Тэрээр Орхон аймгийн Баян-өндөр сумын шинэ тосгоны 23-19 тоотод оршин суух жирийн л нэгэн иргэн юм. Түүнтэй яриагаа эхлүүлэхэд "Ах нь сайрхах гэсэнгүй ээ. Энэ муу хашаагаа есөн жил тохижуулж ийм болголоо. Ердөө л цалингийнхаа боломжит хэмжээгээр бага багаар хийсээр энэ хүрсэн. Мөнгөтэй баян хүмүүс харвал шоолох л байх. Энэ байтугай зүйлийг тэд асар хурдан хугацаанд хийж чадна. Би ердөө бусдын гэр хорооллын буурай, халтар амьдардаг гэх яриаг өөрчлөхийг хүссэн иргэн хүн" хэмээн ярьсан юм.

-Та хэзээнээс хашаагаа тохижуулах болсон бэ? "Өөрийгөө өөрчилсөн он жилүүд" хэмээн тодотгосон байсан тодорхой шалтгаан байсан л байх тийм үү?

-Анх энэ газраа авахдаа л зорьж төвөөс зайдуу авсан. Хүмүүст гэр хороолол л гэхээр тоос шороондоо дарагдсан хашаа байшин, гэр байдаг гэсэн ойлголт суучихсан байдаг. Би энэ ойлголтыг арилгахыг хичээсэн, надаас үлгэр жишээ аваасай гэж бодсон. Гэхдээ ийм болгох гэж есөн жил хичээлээ, мөн тийм ч их мөнгө гаргаагүй шүү. Цалингаасаа 20 хувийг нь зарцуулж байсан.

-Хашаагаа тохижуулахад их мөнгө шаардсан уу?

-Боломжоороо л. Тийм учиргүй их мөнгө ч биш, цалингийнхаа боломж бололцоогоор тодорхой хэмжээг нь зарцуулж ирсэн. Тодруулбал сар бүрийнхээ цалингаас хэрэглээний зардлаа тооцоолж хасаад ерөнхийдөө 20-30 хувийг зарцуулж ирсэн. Ер нь бага зардлаар хэрхэн гэр хороололд амьдарч болох вэ гэдгийг харуулахыг зорьж байгаа

-Олон төрлийн мод, бут сөөг, цэцэгс тарьсан байна. Үүнээс үзвэл таны амьдралын хэмнэл өглөө эрт эхэлдэг байх тийм ээ?

-Ах нь Эрдэнэт үйлдвэрт жолоочоор ажилладаг. Өглөө зургаан цагт босож ажилдаа явдаг. Орой тарж ирээд зав чөлөөгөөрөө хашаагаа тохижуулж янзалдаг. Бараг л өдөрт 13-14 цаг ажилладаг гэхэд болно.

-Танай хашаанд олон төрлийн цэцэгс, түүнчлэн чацарганын мод харагдсан. Одоогоор хэчнээн төрлийн мод, ургамал тарьж ургуулсан байна вэ?

-Тэгэлгүй яахав, чацарганын мод бий. Түүнчлэн есөн төрлийн 40 ширхэг мод тарьсан. Үүнээс ихэнх нь жимсний мод бий. Тухайлбал, чацарганын мод, манас арнитик, давжаа алим, үхрийн нүд, бөөрөлзгөнө, мойл, том алимын мод, нэрс зэрэг модод бий. Энэ жилээс мойл болон давжаа алимын модод жимсээ өгч эхэлж байгаа. Бусад жимсний модод нь бүгд суулгаад удаагүй жижиг байгаа учир хоёр гурван жилээс жимсээ өгөх байх. Мөн таримал цэцгүүд бий. Харин зүлгийн хувьд байгалийнх учир ууланд ургадаг зарим байгалийн цэцэгс ургадаг шүү.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button