УЛС ТӨР

Хууль: УИХ-д суудал авч чадаагүй 4 намд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж найруулсан. Уг хувилбараар нь энэ оноос мөрдөж байгаа юм.

Тус хуульд зааснаар улс төрийн намуудад улсын төсвөөс санхүүжилт олгохоор болсон. Ингэхдээ УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан бол тухайн намд улсын төсвөөс санхүүжилт олгоно.

Тодруулбал, уг хуульд дараах байдлаар санхүүжилт олгохоор тусгажээ.

27 дугаар зүйл.Төрийн санхүүжилт

  • 27.1.Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
  • 27.2.Төрийн санхүүжилтийн хэмжээ энэ хуулийн 27.1, 27.8-д зааснаас хэтрэхгүй байна.
  • 27.3.Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.
  • 27.4.Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй намд төрийн санхүүжилт олгохыг хориглоно.
  • 27.5.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд дараах томьёогоор төрийн санхүүжилтийг жил бүр олгоно: Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/
  • 27.6.Энэ хуулийн 27.5-д заасан томьёо дахь дараах тэмдэглэгээг доор дурдсан утгаар ойлгоно:
  • 27.6.1."Н" гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
  • 27.6.2."С1" гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
  • 27.6.3."С2" гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
  • 27.6.4."Т1" гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
  • 27.6.5."Т2" гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг.
  • 27.7.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно.
  • 27.8.Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 36.3.1, 36.3.2, 36.3.3, 36.3.4-т заасан орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүй.
  • 27.9.Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн нам эвсэл болж сонгуульд оролцсон тохиолдолд энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийг эвсэлд олгоно. Эвсэлд олгосон санхүүжилтийг энэ хууль болон эвслийн гэрээгээр хуваарилна.
  • 27.10.Эвслийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийн /С1 х Т1/ хэсгийг эвсэлд нэгдсэн намуудад тэнцүү хувааж, төрийн санхүүжилтийн /С2 х Т2/ хэсгийг тухайн суудалд сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намд олгоно.
  • 27.11.Намыг идэвхгүйд тооцсон, татан буулгасан, эсхүл эвсэл тарсан бол энэ тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг сонгуулийн төв байгууллага зогсооно.
  • 27.12.Намд олгох төрийн санхүүжилтийг жил бүр сонгуулийн төв байгууллагын төсвийн багцад суулгаж, батлуулна.
  • 27.13.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв байгууллагад олгох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарилах асуудлыг намын дүрмээр зохицуулна.
  • Улс төрийн намын тухай хуулийн 29.1-т "Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ" хэмээн заажээ.

Одоогоор аль намд хэдэн төгрөг олгохыг шийдээгүй байгаа бөгөөд СЕХ тодорхой болгож зарлана. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар есөн нам эвсэл сонгогчдын нэгээс дээш хувийн санал авчээ. Эдгээр нам эвслийн тав нь УИХ-д суудал авсан бол дөрөв нь суудал авч чадаагүй юм. Гэсэн ч тэдэнд санхүүжилт олгоно.

  • Монгол Ардын нам 35.01%
  • Ардчилсан нам 30.13%
  • ХҮН нам 10.38%
  • Үндэсний эвсэл 5.17%
  • Иргэний зориг ногоон нам 5.02%
  • Шинэ нэгдсэн эвсэл 4.79%
  • Үнэн ба Зөв нам 2.80%
  • Иргэний хөдөлгөөний нам 1.40%
  • Бүгд найрамдах нам 1.35%

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button