Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ тэтгэврийн насаа нэмэх нь хэт оройтсон алхам

Хүн ам зүйн асуудалтай тулгараад буй БНХАУ тэтгэврийн насаа нэмэх гэж байгаа юм. Энэ нь жил ирэх тусам хумигдаж буй хүн ам, хөгширч буй ажиллах хүчний асуудлыг шийдэх зорилготой хийж буй алхам. БНХАУ-ын хууль тогтоох байгууллага болох Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо энэ сарын эхээр тэтгэврийн нас нэмэх талаар авч үзэж байгаа гэсэн юм. Үүнээс хэдэн өдрийн дараа тус хороо бодлогыг баталсан.

Хятадын эрх баригчид тэтгэврийн насыг гэнэт өсгөсөнд гайхаад байх зүйл үгүй. Одоогийн байдлаар БНХАУ нь тэтгэвэрт гарах нас хамгийн бага орнуудын нэг. Тус улсын наслалт эрс нэмэгдсэн ч олон арван жилийн турш тэтгэврийн нас өөрчлөгдөөгүй юм. Хятад эмэгтэйчүүд 50, эрэгтэйчүүд 60 наснаас тэтгэвэрт гарч байгаа бол дундаж наслалт 78 хүрсэн.

БНХАУ-ын эрх баригчид 1950-аад онд одоогийн тэтгэврийн насыг тогтоосон. Тухайн үед дундаж наслалт 44 байсан юм. Шинээр баталсан бодлогоор бол эрэгтэйчүүд 63, үйлдвэрийн ажил эрхэлж байсан эмэгтэйчүүд 55, оффис ажилтай эмэгтэйчүүд 58 насандаа тэтгэвэрт гарна. Энэ өөрчлөлтийг 2025 оноос мөрдөж, 15 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. 2030 оноос эхлэн Хятад ажилчид ажилчид тэтгэврийн санд илүү их хувь нэмэр оруулах шаардлагатай болно.

Өндөр настай хүмүүсийн тоо нэмэгдэж болон тэднийг харж хандах залуу ажилчид хангалтгүй болсон асуудал зөвхөн БНХАУ-д тулгараад байгаа зүйл биш. Дүн шинжилгээнээс харахад АНУ-ын нийгмийн даатгалын сан 2033 онд хүмүүст хүрэн хэмжээний тэтгэмж олгох боломжгүй байдалтай тулгарч магадгүй.

Гэхдээ барууны улс орнуудаас ялгаатай нь, Хятад улс хөгшрөхөөсөө өмнө баяжиж чадаагүй байгаа нь юм. Тодруулбал “Trading Economies” сайтаас харвал 2023 онд худалдан авах чадварт суурилсан нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ БНХАУ-д 22,135 ам.доллар байжээ. Харин Европын холбоонд 53,789, АНУ-д 73,637 байсан юм.

БНХАУ-ын ажиллах хүчин хумигдаж байгаа асуудлын цар хүрээ болон хурд нь ер бусын явагдсан. Энэ асуудлын томоохон хүчин зүйл нь олон арван жилийн туршид мөрдөгдөж ирсэн нэг хүүхдийн бодлого. Тус бодлогын улмаас тэтгэврийн насныхан хүүхдүүд нь харж хандана гэж найдахад хүндрэлтэй болгосон тул тэтгэврийн санд ирэх дарамт улам нэмэгдсээр.

Австралийн Викториа их сургуулийн БНХАУ-ын хүн ам, эдийн засгийн уялдаа холбоог судлаач Шиужиан Пэн “Тэтгэврийн насныхан нэмэгдсээр байгаа тул тэтгэврийн сан өндөр дарамттай тулгарсан. Ийм учраас одоо нухацтай хандах цаг нь болсон гэж бодож байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд засгийн газар хүүхдийн тоо хязгаарлах бодлогоо өөрчлөөд зогсохгүй залуу хосуудыг илүү олон хүүхэдтэй болохыг уриалж эхэлсэн. Гэсэн хэдий ч энэ нь төрөлтийн түвшнийг өсгөхөд хангалтгүй байгаа юм. БНХАУ-ын хүн амын тоо 2023 онд 2.75 саяар буурч, хоёр жил дараалж багассан. Түүнчлэн Хятадын хэвлэлүүд мэдээлснээр 65-аас дээш насныхан 2035 он гэхэд 30 хувьд хүрэх юм. Тус насны бүлгийнхэн 2021 онд хүн амын 14.2 хувийг эзэлж байсан.

БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи онд ямар ч арга хэмжээ авахгүй бол улсын тэтгэврийн сан 2035 он гэхэд хоосорч магадгүй гэж 2019 онд анхааруулсан юм. Энэ нь ковидийн цар тахал эдийн засагт хүчтэй нөлөөлөхөөс өмнөх тооцоолол. Үүнтэй тэмцэхээр эрх баригчдын авч буй арга хэмжээнүүд хангалттай эсэхэд эргэлзээ төрөөд байгаа юм. Учир нь БНХАУ-ын зарим бүс нутагт ахмад настнуудад олгох эрүүл мэндийн тэтгэмжийг бууруулж эхэлсэн нь эсэргүүцэл дагуулах болжээ.

Корнеллийн Их Сургуулийн судлаач Эсвар Прасад Хятадын эдийн засгийн хэтийн төлөв маш улаан эсвэл улайхад ойртсон гэж анхааруулж байна. Тэрбээр БНХАУ-ын эдийн засгийн олон жилийн турш ажиглаж ирсэн юм. Олон арван жилийн турш үргэлжилсэн БНХАУ-ын хурдацтай өсөлт  өндөрлөсөн. Үүнтэй зэрэгцэн нийгмийн хамгааллын сүлжээ эргэлзээгүй өргөжсөн. Гэхдээ олон Хятад иргэд төрөөсөө хүссэн амьдралаар хангагдаж чадах эсэхдээ эргэлзэж байна.

Залуусын дунд ажилгүйдлийн түвшин ихсэж, амьжиргааны өртөг өсөн, ирээдүйн тодорхойгүй байдал үүссэн байгаатай зэрэгцэн ажиллах хүчин нь буурсаар. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ахмад настнуудын тэтгэврийг санхүүжүүлэх ачааллыг илүү цөөн залуус хуваана гэсэн үг. Судлаачид энэ ачааллыг 65-аас дээш насны хүмүүсийг 65-аас доош насны ажилчдын тоотой харьцуулж тооцоолдог. Энэ ачаалал 2022 онд 21.8 хувь байсан юм. Өөрөөр хэлбэл таван ажилчин нэг тэтгэврийн хүнийг тэтгэж байна гэсэн үг. Энэ харьцаа жил ирэх бүр нэмэгдэх нь тодорхой. Ийнхүү хүн ам зүйн дарамт хүндхэн болсон байгаа тул тэтгэврийн насыг нэмэх алхам нь хэт хоцорсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button