Он дуустал 230 тэрбумын ипотекийн зээл олгох боломжтой

Хүйтний эрч наашилж буй энэ үеүүдэд дулаан, тухтай орон гэрийн эрэлд гарч үл хөдлөх хөрөнгийн салбар идэвхжиж эхэлдэг хандлага бий. Тэр дундаа жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг сонирхон судлах, авах хүсэлтэй иргэд олширдог.
2013 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг зээлд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй зээлийг иргэдэд олгосон гэх судалгаа бий.
Тэгвэл иргэдийн дунд хамгийн хүлээлттэй, эрэлттэй зээлд тооцогддог уг зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "УИХ-ын тогтоол гарахдаа эргэн төлөгдсөн хэмжээгээрээ ипотекийн зээлийн санхүүжилтийг хийхээр заасан. Эргэн төлөлтийн хэмжээ жилдээ 500 тэрбум төгрөг. Энэ бол Монголбанкны эх үүсвэр. Мөн 80/20 харьцаатайгаар ипотекийн зээлийг гаргаж байгаа тул арилжааны банкууд 200-250 тэрбум төгрөгийг жилд гаргадаг.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын сангийн мөнгийг ипотекийн зээлд ашиглаж болно гэж байгаа. Ингэхээр нийлбэр дүнгээр 1.2 их наяд төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар 1 их наяд 50 тэрбум төгрөгийг ипотекийн зээл гаргачхаад байна. Он дуустал 230 тэрбум төгрөгийн зээл гарах эх үүсвэр бэлэн байгаа.
Холбогдох яамдтай ярилцсанаар ипотекийн зээлийг Засгийн газрын Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр рүү шилжүүлэх гэж байна. Энэ хүрээнд эх үүсвэрүүдээ хэрхэн нэмэх талаар ярилцсан.
Нийт ипотекийн зээлд олгогдох дүнгийн 50 хувь нь Хуримтлалын сангийн эх үүсвэр гэж ойлгож болно. Үүгээр орон нутагт зээл олгоод, Монголбанкны эх үүсвэрээр нийслэлд зээл олгох гэх мэтчилэн шинэ шийдлүүдийг ярьж байгаа. Аль болох Хөдөөгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт илүү их орон сууц баривал хотод түгжрэл буурах боломжтой гэж харан бодлогоо хэрэгжүүлж байна" хэмээв.
Та эдгээр шаардлагуудыг хангах байж тухайн зээлд хамрагдах эрх үүснэ,
- 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн
- Өөрийн нэр дээр орон сууцгүй
- Хугацаа хэтэрсэн өр төлбөр, чанаргүй зээлгүй
- Тэтгэвэрт гарах наснаас өмнө зээлээ төлж дуусгах боломжтой хөдөлмөрийн насанд байх (15-30 жилийн хугацаанд)
- Тогтмол орлоготой бол ажиллаж буй газартаа сүүлийн нэг жилийн хугацаанд ажилласан байх
- Бизнесийн орлоготой бол орлогоо гэрчлэх боломжтой байх
- Сонгосон байр тань 150 саяас дээшгүй үнэтэй, 80 м.кв талбайгаас ихгүй, ашиглалтад бүрэн орсон байр байх (амины орон сууц бол 120м.кв талбайгаас ихгүй)
Дээрх нөхцөлүүд нь ерөнхий шаардлага бөгөөд зээл авах банкууд тодорхой хугацаанд цалингийн орлогоо тус банкаар авсан байх, урьдчилгаа байршуулсан байх гэх мэт цаг үе, онцлогоос шалтгаалан өөр байдгийг анхаарах хэрэгтэй.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.