Улс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

Багц мэдээлэл: Метро барих ажил ямар шатандаа байна вэ?

Нийслэлд метро барих буюу барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгч шалгаруулах тендерийн нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3 буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт нээхээр болжээ.

Гүйцэтгэгч компанийг шалгаруулснаар, 2025 онд барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Өмнө нь Нийслэл Улаанбаатар хотод метро барих санал, санаачилга дэвшүүлж байсан ч ажил хэрэг болоогүй. Иймд олон нийтийн зүгээс энэ удаа ч "Метро барина" гэдэг амлалтад бодит бусаар хандах талтай байгаа юм.

Иймд, энэ удаагийн метро барих төслийн хүрээнд өнөөг хүртэл ямар ажлууд хийгдэж, ямар шатандаа хүрээд буй талаарх нэгдсэн мэдээлэл хүргэе.

ТӨЛӨВЛӨГӨӨ: 1 тэрбум, 350 сая ам.долларт багтааж 17.7 км метро барина.

ТӨСӨВ: Нийслэлийн төсөв. Өөр хувилбар яригдаж байсан ч Нийслэл тухай бүрийн зардал, санхүүжилтийг өөрийн төсвөөр шийдвэрлэх боломжтой гэж үзэн, баталсан.

ЭХНИЙ ТЕНДЕР: Эхний тендерийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани шалгаруулах зорилгоор хоёр шаттай зарласан. Нэгдүгээр үе шат хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 18 хүртэл үргэлжилсэн. Уг шатанд оролцсон 20 компанийн дунд хоёр дахь шалгаруулалтыг явуулж, улмаар БНСУ-ын компаниудын түншлэл шалгарсан юм. Түншлэлд "Дова инженеринг" компани голчилж байна.

СУДАЛГААНЫ АЖИЛ: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани ийн сонгогдсоны дараа геологийн судалгааны ажил эхлэв.

Тодруулбал, инженер геологийн ажлыг 2-3 үе шаттай хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Эхний шатанд, трассын дагуу гадаргуугийн геологи, газар зүйн онцлог шинж чанарт бичиглэл хийсэн. Зургадугаар сарын 15-наас эхэлж 40 цооногийг 30 метрийн гүнтэй өрөмдсөн. Улмаар анхан шатны мэдээлэл цуглуулсан юм.

Харин дараагийн шатанд метроны ТЭЗҮ-ийг гаргах хүрээнд 30, 50, 70 метрийн гүнтэй өрөмдлөг хийж байна.

ТЭЗҮ: Судалгааг Япон улсын ЖАЙКА байгууллагын хийж байсан ТЭЗҮ-д үндэслэж байгаа. Харин хоёр дахь шатны инженер, геологийн судалгааны дараа ТЭЗҮ-ийг шинэчлэн батлах юм.

Инженер, геологийн судалгаа болон ТЭЗҮ шинэчлэн батлах ажлыг эхний тендерээр шалгарсан БНСУ-ын түншлэлийн компаниуд гүйцэтгэх юм.

ОДОО: Харин өнөөдрийн байдлаар барилга угсалтын ажлын EPC гүйцэтгэгч компаниа шалгаруулахаар, тендер зарлахад бэлэн болоод байна.

Метрог 2028 онд баригдаж дуусна, иргэд 2030 оноос зорчиж эхэлнэ гэсэн одоогийн төлөвлөгөө бий юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button