Бизнес мэдээ

Сурвалжилга: ХААН Банк тогтвортой хөгжлийн сайн туршлагаасаа хуваалцлаа

ХААН Банкнаас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо болон Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулсан “Тогтвортой ирээдүй ба хамтын үр нөлөө” сэдэвт уулзалт, арга хэмжээ өнөөдөр /2024.10.03/ ХААН Банкны Сөүл оффист боллоо.

Монголын ТОП аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд урилгаар оролцож буй тус арга хэмжээний үеэр НҮБ-аас тунхагласан Тогтвортой хөгжлийн 17 зорилгод бизнесүүд, хувь хүн бүр хэрхэн хувь нэмрээ оруулж болох, тэр дундаа Тогтвортой санхүүжилтээр дэмжин Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх боломжуудын талаар хэлэлцсэнээс гадна компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын толгой компаниуд хамтран юу хийх боломжтой талаар санал хуваалцсан юм.

ТоС холбооны 2024 оны “Манлай банк”-аар сонгогдон ажиллаж буй ХААН Банкны зүгээс бизнесүүдийг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулж, Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэрт өөрсдийн зүгээс үр бүтээлтэй ажиллахад ногоон санхүүжилтээр дэмжих боломжийг танилцуулсны дээр тогтвортой хөгжлийн өөрийн сайн жишээг хуваалцлаа.

ХААН Банкны гүйцэтгэх захирал, ТОС холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа нээлтийн үеэр "Монгол Улсад Тогтвортой хөгжлийг хурдасгахын тулд Тогтвортой санхүүжилт буюу санхүүгийн хөшүүргээр дамжуулан байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдэлээ тооцох, бууруулах энэ зарчмаар бизнесүүдээ ногооруулж, аажмаар шилжилт хийх боломжууд бий. Энэ хүрээнд төр засгийн байгууллагуудтай хамтран нэг талаас бодит үйл хэрэг болгох нөгөө талаас үр өгөөжийг хүртэх чухал оролцогч тал нь хувийн хэвшлийн байгууллагууд бид юм. Тэр дундаа манай ХААН Банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 2-т эрэмбэлэгддэг, үндэсний тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагын хувьд салбартаа үлгэр жишээ үзүүлж ажилладаг. “Тогтвортой хөгжилд манлайлагч” байна гэж үнэт зүйлдээ тодорхойлсончлон тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн стратегидаа тусган нэвтрүүлж, Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан, банкныхаа бүхий л түвшний үйл ажиллагаатай нийцүүлэн ажиллаж байна. Мөн ногоон санхүүжилтийн чиглэлээр 2025и он гэхэд бид нийт зээлийн багцынхаа 10 хувийг “ногоон зээл” болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд эдийн засгийг бий болгох, байгальд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нөлөөтэй бизнесүүдийг дэмжих чиглэлд бид онцгой анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.

-НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхдийн эрх ба бизнесийн 10 зарчмыг гаргасан. Энэ зарчмыг монгол улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна-

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Одооны цаг үе бол тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд тулчихсан байгаа энэ үед арга хэмжээг хийж байгаа нь чухал ач холбогдолтойг харуулж байна. Ер нь хүүхдийн эрхийг хамгаалдахад бизнес чухал үүрэгтэй. Дийлэнх бизнесүүд хүүхэд рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ хийдэггүй учраас бидэнд хүүхдийн эрх хамаагүй гэж ойлгодог. Гэхдээ энэ бол хамгийн их хамаатай.

НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхдийн эрх ба бизнесийн 10 зарчмыг гаргаж ирсэн. Энэ зарчмыг монгол улсад, компаниудад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түүний маань нэг хэсэг энэ болж байна. Ер нь монгол улсад бизнес эрхэлж байгаа ААН-үүд үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа. Жишээ нь, ХААН Банктай хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг яаж ойртуулах вэ, гэр бүлийн хүчирхийллийг яаж бууруулах вэ гэдэг чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан.

Хүүхдийн аж байдлыг сайжруулахад бизнесүүд маш чухал үүрэгтэйг энэхүү мэдээллийн арга хэмжээгээр онцолж байгаа. Тийм ч учраас тогтвортой ирээдүйд хүүхдийн сайн сайхны төлөө бизнес зөвхөн төр гэлтгүй маш чухал үүрэг, нөлөөтэй юм. Тийм учраас бид бизнес эрхэлдэг хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна" гэлээ.    

ХААН Банк жилийн өмнө НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, бизнесийн болон нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд хүүхдийэ эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарч хамтран ажиллахаар болсон билээ. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд бизнесүүд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай ойр ажиллах, хамтраад санал санаачилга хэрэгжүүлэх уриалга дэвшүүлсэн нь онцлог байв.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button