Ярилцлага

СУРВАЛЖИЛГА: Худгаас ус авахаар ирэх хүүхдүүдэд Монгол бичиг зааж, ном өгч явуулдаг “БАЯРАА ӨВӨӨ”-ийн мөрөөдөл

Сэлбийн голын эргээр хоёр ангир иржээ.

Хавардаа ирж, намардаа буцдаг хоёр ангиртай 25 жил хаяа дэрлэн суугаа Бадарчийн Баярсайхан гуай энэ хавьдаа олонд танил. “Монголдоо ганц Монгол бичигтэй худаг” гэж өөрийн худгаар бахархан суугаа буурай одоо 66 настай ч “Би залуухан хүн” гэж байна. Худгийнхаа гадна талд тэрээр Монгол бичгээр “Рашаан устай хоёр ангиртын худаг” хэмээн тод гаргацтай, жирийлгэн бичжээ. “Хотын хөдөө амьдардаг 10 настай хүүхдүүд  гурван савтай 120 литр ус зөөж байхад, хотын төвийн хүүхдүүд гэртээ номоо уншаад сууж байдаг. Тиймээс л ядаж усаа авах гэж ирэхэд нь багахан ч болов боловсрол олгохсон гэж хүссэн” хэмээн ярих Б.Баярсайханы амьдралын хэсэгхэн үеийн тухай, түүний зорилго мөрөөдөл юу болох, яагаад ийм ажил санаачлан хийж хэрэгжүүлж буй тухай цөөн хором ярилцсан юм.

Б.Баярсайхан:

-600 ГАРУЙ ҮСГИЙГ НЭГ САР ХАГАСЫН ХУГАЦААНД ГАНЦААРАА БИЧИЖ ДУУСГАСАН-

-Таны ажил, амьдрал сайн байна уу? 

-Сайн, сайн байна уу.   

-Та худгаа анх нээж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Энэ худгийг би бариулах гэж зургаан жил хөөцөлдөж байж “Тогтвортой амьжиргаа” төслийн дагуу бариулсан. Айл бүхнээс 30 мянган төгрөг аваад, өөрөө 85.700 төгрөг тушаагаад 14 сая төгрөгөөр энэ худгийг босгуулсан. Өөрийн хөрөнгөөр бус, өрөөлийн хөрөнгөөр бус, олон улсын байгууллагын хөрөнгөөр бариулж одоогоороо цалингүй есөн жилийн хугацаанд ажиллаж байна. Би өвөл эндээ тень тавиад л амьдарч байна.

-Та тэгээд амьдралаа яажшуухан болгож явна даа?

-Яахав. Хөгшин минь өөд болоод 20 жил боллоо. Хэдэн хүүхдийнхээ төлөө л амьдарч явна. Энэ дэнжийг хов хоосон байхад анх ирж, хоёр давхар байшин бариад амьдралаа эхэлж байлаа. Эндээс холдож чадахгүй болж. Худгаас олдог хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж явна. Амьдралаа эхэлсэн энэ газартаа би 10 мянган мод тарина гэсэн мөрөөдөлтэй.

-Та тэтгэвэртээ гарснаас хойш худгийн ажил хийж байгаа юу? Худгийн ажлаас гадна, хэсгийн төлөөлөгч, хаягжуулах ажил зэрэг өөр ажил хийж байсан гэж сонссон.

-Би одоо 66-хан настай, гайгүй залуухан байна шүү. Энд ирснээс хойш 25 жил амьдарлаа. Эндээс хот яг бүрэн харагддаг. Би энэ хугацаандаа өөрийнхөө ажиллуулдаг худгийнхаа ханан дээр уйгаржин монгол бичгийг хойч үедээ өвлүүлж, таниулах гэж 600 гаруй үсэг бичиж, тэмдэглэн үлдээлээ. Хүнээр бичүүлэх гэтэл нэг үсгийг 250 төгрөгөөр бичиж өгнө гэсэн. Өөрөө бичээд 600 гаруй мянган төгрөг хэмнэчихсэн гэж боддог юм. Жаахан онгироод хэлэхэд, Монголд байдаг ганц Монгол бичигтэй худаг шүү /инээв. сурв/ 2004-2010 он хүртэл хороондоо хэсгийн ахлагчаар ажиллаж, энэ хавийнхаа таван гудамжийг нэр хаяггүй байхад нь хаягжуулсан. Бас энэ доохонтой засмал зам тавих үед улаан шугамыг нь татаж, энэ хавийнхаа ажилгүй залуусыг хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж байсан бүтээн байгуулалтанд өдрийн 25 мянган төгрөгийн цалинтай ажилд оруулж өгч байсан. Бас Ар согоот гэдэг автобусны анхны шугамыг өөрөө хөөцөлдөж байж, Наранцэцэг гэж хүнийг загнаж байж эхлүүлж байлаа. Дараа нь Шадивлангийн автобусыг явуулахаас талаас нь ч хэлж ярьж явсан. Энэ зам 2010 онд ашиглалтанд ороход Ар согоот гэж чиглэлийн автобус явуулаарай гэтэл Өвөр согоот гээд явуулаад байгаа юм. Газар усныхаа нэрийг мэддэггүй, их сонин. Өвөр согоот гэдэг газар чинь Зунжингийн цаахантай байдаг нутаг орон байхгүй юу. Гэхдээ яахав ээ, автобус явсан, худагтай болсон. Рашааны судал дээр барьсан худаг болохоор би хүмүүсийн амьдралыг тэтгэж байгаа гэж бодож өөрийгөө тоож явдаг юм.

-Хэсгийн төлөөлөгч хийж байхдаа таныг их олон хүнд тусалж явсан гэдэг юм билээ. Юу юу хийж байв?  

-Тэр 2004 онд нэг муу бичиг үсэг мэдэхгүй золиг хэсгийн ахлагч хийж байсан юм. Тэрний ч буруу биш л дээ. Намайг яваад очтол хороон дарга н.Балжинням гэж хүн байсан. Бид хоёр өөр намын хүмүүс байсан ч тэр хүн надад итгэж тэр сайхан ажлыг хариуцуулсан. Тиймээс ч би олон хүнд ажил өгч, амьдралд нь хүргэх гэж хичээсэн. Хүн болгонд нотариат, өмгөөлөгч шиг л хандаж, газраа аваагүй хүн байвал “Алив өргөдлийг чинь бичээд өгье”, хүүхэд чинь ажилгүй бол ТМС-д явуулаад өгье гээд л зүтгэж байсан үе бий. Намайг “өнхрөөд өгвөл” энэ хавийн их олон хүн оршуулах ёслолд минь ирнэ гэж бодож суудаг юм.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЯРИХАА БОЛЬЧИХСОН БОЛОХООР ТЭД ХУДАГ ДЭЭР ИРЭЭД НАДТАЙ ЯРИЛЦАХ ДУРТАЙ-

-Та худаг дотроо рашаан усаа зараад л амьдрахын оронд хүүхдүүдэд уншлагын танхим 60 сая төгрөгөөр шинээр барьж өгнө гээд л, хөл тань өвдөж байхад бүтэн сар хагасын хугацаанд дээр доор зогсож Монгол бичгийн үсгүүдийг худаг дээрээ бичиж байдаг. Юу таны дотроос таныг хатгаад ийм зүйл хийгээд байдаг юм бэ?

-Хотын хүүхдүүд тоглоомын талбайд тоглож байгаа нь сайхан харагддаг. Гэтэл хотын хөдөөгийн хүүхдүүд чинь адилхан амьдрах ёстой шүү дээ. Энэ хүүхдүүд нусаа гойжуулаад л, усаа чирээд амьдарч байна. Хүүхдүүд шүү дээ. Гэтэл энэ хүүхдүүдийн дундаас олимпийн аварга, эрдэмтэн мэргэд ч төрж болно. Над дээр 10-хан настай жаахан охин гурван сав нийлээд 120 литр ус авахаар ирдэг. Тэр хүүхдэд малгай өмс, бээлийгээ өмс, ханиад хүрнэ шүү гэж хэлэхээс өөрийг би хийж чаддаггүй. Гэтэл энэ хүүхдүүд хотын хүүхдүүдээс илүү амьдралд зүтгэнэ. Ихийг бүтээнэ. Тиймээс би тэр хүүхдэд жаахан ч гэсэн боловсрол олгохсон гэж хүсдэг. Би хэдхэн номтой хүн. “Энэ номыг уншмаар байна уу” гэж хүүхдүүдээс асуугаад долоо хоног уншаад, буцааж авч ирж өгөхийг даалгадаг. Хүүхдүүд яг авч яваад л буцааж авч ирж өгдөг. Аваад ирэхэд нь аль хэсгийг нь уншсаныг нь лавлаад, Монголд ямар ямар загас байдаг юм, ямар амьтан амьдардаг юм, уншсан уу гээд л асууна. Мөөг гэж юу юм гээд асуухад л хүмүүс мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй шүү дээ. Миний чадах л зүйл энэ.

-Та хүүхдүүдэд номоо итгээд л, үнэгүй өгөөд явуулчихдаг уу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ мэдээж хэдэн сарын хэдний өдөр авсан бэ гэдгийг тэмдэглээд үлдээнэ. Нугалж болохгүй, цэвэрхэн уншиж ирэх нь тэдний бас нэг үүрэг. Тэдэнд унших ном хотын хүүхдүүдэд байдаг шиг тийм ч элбэг биш. Тиймээс энэ номыг өгч явуулаад номынх нь талаар ярилцахад тэд маш их баярладаг. Үнэндээ, ээж аав нь хүүхдүүдтэйгээ тийм ч их яриад байдаггүй. Харин над дээр, худаг дээр ирэхэд би тэдэнтэй ярьдаг юм шүү дээ. “Баяраа өвөө, Баяраа өвөө” гээд л ямар хөөрхөн гээч. Ийм хүүхдүүдэд яагаад нэг жижигхэн ном уншлагын танхим хийгээд өгчихөж болдоггүй юм болдоо гэж гайхдаг. Миний ач нар ч надтай ярилцах дуртай, манайд ирж хонох сайхан байна гэдэг. Ирж хонохоор нь ач нартайгаа шөнөжин ярьж суугаад л таардаг.

-Та энэ хажууханд ухчихсан суурин дээрээ юу барих гэж төлөвлөсөн юм бэ?

-Номын жижигхэн уншлагын танхим байгуулах гээд үзээд байгаа. Энд Монгол арга ухаан, уяа хэлхээ уях, хоол хийхээс эхлээд юу ч зааж болно шүү, надад тийм толгой байгаа гэж боддог. Бас номын сангаас, номноос хол өсөж байгаа эндэхийн хүүхдүүдэд энэ ямар их хэрэгтэйг хүмүүс даанч ойлгохгүй юм. Би энд 60 сая төгрөгтэй бол хүүхдүүдэд маш их хэрэгтэй номын сан байгуулахыг хүсдэг. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “би энд нэг уншлагын танхим байгуулах гэсэн юм, туслалцаа үзүүлж өгөөч” гэж өөрийн гараар хүсэлт бичиж өгсөн. Гэтэл нарийн бичиг нь хотын захиргаа руу шилжүүлчихсэн гээд хэн ч тоосонгүй. Худгаа тойруулаад би хүүхэд хөгжүүлэх төсөл л өөрийн хэмжээнд биччихээд байгаа юм шүү дээ. Энийг л шахаад өг, 60 сая төгрөгөөр босчихно. Би өөртөө хувцас авч, юм авч идэхгүй нь мэдээж. Зүгээр л үхэхээсээ өмнө энийг бариулмаар байна. Би жижигхэн уншлагын танхим нээчихээд гишүүд дарга нар шиг тууз хайчилж, нээлт хийх гээгүй. Хүүхдүүдийг л унших газартай, унших номтой, тохилог жижигхэн байр барьчихмаар байна.

-Танай худаг хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Манай энд амьдрал байгаа л бол худаг минь ажиллаж байна. Ус л уудаг бол хүмүүс тасрахгүй. Өглөө нэг цаг, орой нэг цаг нээдэг. Өвөл зуны ажиллах хуваарь гэж өөр. Учир нь манай энд амьдардаг хүн ам цөөн. Намайг эндэхийнхэн “Та өдөр онгойсонгүй” л гэдэг юм. Би “Залхуучуудаа хохино, эрт босч усаа авч чадахгүй бол байчихгүй юу” гэдэг. Яадаг юм. 

-Та Монгол бичиг хэдэн онд хэрхэн сурч байв?

-Аль 1960-аад оны үед бидэнд ганцхан жил Монгол бичиг зааж байсан юм. Би Монгол бичиг айхтар сурсандаа ч биш. Төрийн албаны ажилд орохын тулд Монгол бичиг сурсан, цэргийн алба хаасан байх ёстой гэдэг зарлиг гарсан. Тиймээс л үүнийг сурсан. Одоо би гурван удаа нэрээ бичих гээд чадахгүй байвал битгий ус аваарай гэж хүмүүсийг шоглодог юм.

-Математикийн томъёонууд бас биччихсэн байгаа харагдсан. Ямар учиртай вэ?

-Их сургуулийн хүүхдүүдээс би энэ томъёог асуугаад, надад туслаад нэг тоо бодоод өгөөч гэхээр бичиж чаддаггүй. Квадратын томъёо мэддэггүй золигнууд. Тийм болохоор л ус авах гэж нэг ирэхдээ нүдэнд нь тогтоогдож байг л гэж бодон энд бичээд тавьчихсан юм.

-БИ 82 НАСЛАНА, ТЭР БОЛТОЛ ХҮҮХДҮҮДИЙГ ЖИЖИГХЭН Ч ХАМААГҮЙ УНШЛАГЫН ТАНХИМТАЙ Л БОЛГОХ МӨРӨӨДӨЛТЭЙ-

-Та залуу насандаа юу хийж явсан тухайгаа хуучлахгүй юу?

-Би 1973 онд Техникум төгссөн. Дараа нь Дорноговь аймагт Барилга угсралтын конторын нягтлан хийж байв. 19 настай хүүхэд шүү дээ. 270 гаруй хүний удирдлага хийж явсан тэр үе минь сайхан. Мандах сумын 160 хүүхдийн сургуулийн барилгыг хүлээж авах комисст хүртэл ажиллаад л, 19 настай мөртлөө тийм том ажил хийж явсандаа одоо ичээд байдаг юм. Үүнээс хойш 1974 онд Дорноговь аймгийн өвсний фонд шатаж би эндээс таван смасвольтой очиж байлаа. Гурван сая төгрөгийн хохирол учирч, өрөвдмөөр үйл явдал болж байсан нь санаанаас минь гардаггүй. Энэ мэт миний залуу насыг санагдуулдаг хэд хэдэн үйл явдал бий.

Би 66 жил амьдрахдаа зургаан гамшиг үзэж байсан. Миний  аав 1966 онд болсон үерийн үед “Үерийн комиссын дарга” хийж байлаа. Төмрийн заводын тоног төхөөрөмжийг уснаас аварч байсан тэр үеийг би хэдий жаахан байсан ч санаж байдаг. Энэ бүх баримтууд надад хадгалаастай бий л дээ. Аавынхаа тухай баримтуудыг би улсад хүлээлгэж өгнө өө. Архивт байхгүй баримтууд надад хадгалаастай байгаа.

Тэр үерийн үеэр энэ хоёр уул нийлж байх шиг л санагдаж билээ. Наадам дуусах гээд л долдугаар сарын 12 болов. Гэтэл “Үер орж ирлээ, ард түмэн минь Энхтайваныхаа гүүрэн дээгүүр гараад гэр гэртээ хариарай” гэж тухайн үед зарлаж байв. Наашаа морьтойгоо буцаж явтал Сүхбаатарын талбай дээр нүцгэн шалдан хүмүүс, гэр орных нь юмнууд урсаад ирчихсэн сууж байсан. Тэр дүр зураг одоо ч миний нүдэнд харагдаж байна. Шаагиад л орж ирсэн үер. Энэ тухай кино бий ч тэр их зовлонг харуулж чадсан нь үгүй. Тэрийг харчихаад ирэхэд Сэлбийн голд, энүүхэн дор нэг 69 машин урсаад л, хөвөөд л явж байж билээ. Тэр машинаас зургаан хүн амьд гарч байв. Би 14 настай, жаахан хүүхэд байсан ч зүрхэнд минь тэгж “орсон” болохоор мартагдахгүй байгаа нь тэр.

-Та энэ хавийн түүхийг их сайн мэдэх байх. Япон цэргүүдийг энэ хавиар нутаглуулсан гэдэг дээ?

-Тиймээ үерийн үеэр Япон хүмүүс манай энд ирээд дайны төлбөрийн дагуу Япончуудынхаа хүүрийг авахаар ирж байв. Гэтэл үер болчихсон, чаддаггүй. Тухайн үед миний аав Гадаад явдлын яаманд дайны төлбөр хариуцсан мэргэжилтэн хийж таарч байлуудаа. Би эхээс 15-уулаа юм. Тэгэхэд ирсэн Япончууд бидний бүгдийнх нь төрсөн өдрийг мэддэг, төрсөн өдөр бүрээр календарь, зурагт хуудас явуулна. “Бадарч Сан таны гэр бүлийн тэд дэхь хүүхдэд” гээд л явуулдаг байсныг санадаг. Аавын минь 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Би аавдаа гэрэлт хөшөө босгоно гэж бодож суугаа.

Эргэн яриандаа ороход, Японууд ч хэдэн цэргүүдийнхээ ясыг авах гэж их зовсон улс даа. Дамбадаржаагийн больницоос үхсэн цэргүүдийг насилкан дээр зөөж авч ирээд л хойхонтой хаячихна. Оршуулдаггүй байсан. Нар гарахаар гэдэс нь хөөгөөд л босоод ирнэ. Их эвгүй.

-Та айдаггүй байсан гэж үү?

-Их айна. Аав “Хүүе тэр Япон босоод суучихлаа” гэж биднийг их айлгадаг байв.  

-Тэгвэл их үерээс хойш ирж авсан байх нь ээ?

-Тийм. 1966 оны үер таараад авч чадаагүй, 1967 онд Сэлбийн гол дээр гүүр тавиад, яснуудыг нь цуглуулаад авч явсан шүү дээ, хөөрхий минь. Энэ бүхэн миний нүдэн дээр л өрнөсөн. Тухайн үед хязгаарын цэргүүдийг авч ирээд, колонийн 25-р сургуулийн буюу тэр үед шоронгийн хүүхдүүдийг авч ирээд хэний ч яс байсан хамаагүй цуглуулж, нэгтгээд гантиг чулуу босгож оршуулсан. Дараа нь 1990-ээд оноос хойш холилдсон яснуудыг Японууд аваад явсан юм даа. Энэ сонин ч гэмээр түүхийг бараг хүмүүс мэддэггүй юм.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-Та хүүхдүүдэд бас их баярлалаа. Миний энэ барихыг хүсч байгаа шинэ жижигхэн уншлагын танхимыг л барих ажилд төвлөрч мэдээллэж өгөөрэй. Би 82 наслана. Тэр болтол үүнийгээ хийнэ, хүүхдүүдэд туслана, хүний төлөө амьдарна гэж бодож суудаг. Тиймээс надад энэ ажлыг л бүтээж өгөөсэй гэж хүсч байна даа.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button