Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 7 хувиар өслөө

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2024 оны аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 5.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна. 2024 оны аравдугаар сард,
- Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь,
- Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.2 хувь,
- Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.2 хувь,
- Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгаа аж.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаарсард 9.0 хувь байсан бол 2024 оны 10 дугаар сард 7.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар буурсан байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар (35.5%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.4 нэгж хувиар (48.1%) тус тус нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь гарсны 2.2 (31.0%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өсөхөд,
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.6 хувь),
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
- гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.2
- хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувь гарсны 2.3 (32.8%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа , үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлж байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөхөд,
- үхрийн махны үнэ 13.9
- адууны махны үнэ 11.2
- хонь, ямааны махны үнэ 16.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөхөд гурилын үнэ 4.4 хувиар, талх, нарийн боовны үнэ 6.4 хувиар, гоймонгийн үнэ 15.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.