Аравдугаар сард БНХАУ-ын үйлдвэрийн гарц буурсан ч иргэдийн хэрэглээ нэмэгджээ

БНХАУ-ын үйлдвэрийн гарц аравдугаар сард удааширчээ. Мөн иргэдийн хэрэглээ идэвхэжсэн ч хямралд өртсөн үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэсэн эсэхийг тодорхойлоход эрт байгаа юм. Тус улсын Үндэсний статистикийн товчооны (ҮСТ) баасан гарагт /2024.11.15/ мэдээлэл хийхдээ аравдугаар сард аж үйлдвэрийн гарц жилийн өмнөхөөс 5.3 хувиар өссөн гэжээ. Энэ нь есдүгээр сарын 5.4 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт байв. Мөн “Reuters” агентлагийн эдийн засагчдаас санал асуулга явуулан гаргасан таамаглан гаргасан 5.6 хувиар өснө гэсэн үзүүлэлтээс бага байлаа.
Энэ тоо баримт нь Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэх болсон цаг үед Хятадын бодлого боловсруулагчдад нэмэлт дарамт үзүүлэх магадлалтай. Учир нь Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэхээ амлаж, кабинетынхаа бүрэлдэхүүнд Хятадын эсрэг хатуу байр суурьтай хүмүүсийг томилохоо мэдэгдсэн. Энэ нь дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засгийн хувьд санаа зовоом дохио юм.
Гэхдээ жижиглэн худалдааны борлуулалт аравдугаар сард 4.8 хувиар өсөж, есдүгээр сарын 3.2 хувийн өсөлтөөс хурдассан байна. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хамгийн хурдан өсөлт байлаа. Энэхүү өсөлт нь долоо хоног турш үргэлжилсэн үндэсний амралт болон ганц бие хүмүүсийн баяртай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Жижиглэнгийн худалдаа бол иргэдийн хэрэглээг хэмжихэд ашигладаг нэгэн үзүүлэлт билээ.
Мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч “Syntun” фирмийн тооцоолсноор ганц бие хүмүүсийн өдрөөр гол цахим худалдааны платформуудын борлуулалт 26.6%-иар өсөж, 1.44 их наяд юаньд хүрсэн байна. “Capital Economics”-ийн Хятадын эдийн засагч Зичун Хуан “БНХАУ-ын эдийн засаг дөрөвдүгээр улирлын эхэнд хэрэглээний төсөөлснөөс хүчтэй өссөн учир сайжирлаа. Бид ойрын саруудад төсвийг хурдан зарцуулснаар энэ мөчлөгийг дэмжинэ гэж тооцоолж байна. Гэвч Трампын ялалт цаашдын төлөвийг тодорхойгүй болгосон' гэжээ.
ҮСТ-ийн хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуй хэвлэлийн бага хурал дээр саяхны бодлогын арга хэмжээнүүд нь эерэг нөлөө үзүүлж байгаа бөгөөд албаныхан дэмжлэгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Есдүгээр болон аравдугаар сард ажиглагдсан эдийн засгийн өөрчлөлтүүд 2024 онд ойролцоогоор 5 хувийн эдийн засгийн өсөлт үзүүлнэ гэх зорилтод хүрэх итгэлийг бататгаж өглөө” хэмээсэн юм.
Гэсэн хэдий ч зарим эдийн засагчид есдүгээр сард хийсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ нь тогтвортой сэргэлтийг үүсгэхэд хангалттай эсэхийг тодорхойлоход эрт гэж үзэж байна. Шанхайд байрладаг бие даасан эдийн засагч Дан Ван “Өсөлтийг дэмжих арга хэмжээний нөлөө аль хэдийн иргэдийн илэрч байх ёстой. Учир нь худалдааны урамшууллын хөтөлбөр хэрэгжиж эхлээд хэдэн сар болж байгаа” гэжээ. Тэр нэмж “Үл хөдлөхийн салбарт чиглэсэн өмнөх дэмжлэг зэрэг бусад сүүлийн үеийн дэмжлэгүүд хараахан нөлөөгөө үзүүлээгүй байна” гэдгийг харуулж байна гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.