Гадаад мэдээ

Францын шинэ ерөнхий сайдын өмнө тулгарч буй хуучин сорилт

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон улсынхаа шинэ ерөнхий сайдаар Франсуа Байруг томилсон. Тус улс энэ жилд дөрвөн удаа ерөнхий сайдаа солилоо. Макроны зөвлөх Байруг "хамгийн эвлэрэнгүй, хүмүүсийг нэгтгэх чадвартай" гэж тодорхойлсон юм. Харин социалист намынхан түүнийг "хуучны хэв маягийн үргэлжлэл" хэмээн шүүмжилжээ.

Улс төрийн төвийг сахисан үзэлтэй тэр 1990 онд боловсролын сайдаар ажиллаж байхдаа хувийн сургуулиудад зориулсан татаасыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, улс даяар эсэргүүцлийн жагсаал дэгдээж байжээ. Тэрбээр жагсаалын дараа буулт хийж, сайдын албан тушаалдаа дөрвөн жил үргэлжлүүлэн ажилласан юм.

Гучин жилийн дараа тэрбээр өөр нөхцөл байдалтай тулгарч байна. Түүний өмнө буй хамгийн том ажил нь 2025 оны төсвийг батлах. Байру эхлээд өөрийн засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Түүний засгийн газрыг өмнөх ерөнхий сайд Мишель Барниегийнхтэй адил парламентад цөөнхийн дэмжлэгтэй, баруун эсвэл зүүний үзэлтэй намуудын дайралтад өртөх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Барние болон түүний засгийн газрыг татан буулгасан нь 1962 оноос хойш тохиолдоогүй зүйл юм. Одоогийн байдлаар засгийн газрын агентлагуудын санхүүжилтийг тасалдуулахгүйн тулд намууд яаралтай санхүүжилтийн хууль батлахыг дэмжиж байгаа. Гэхдээ дараа нь ирэх оны төсвийг батлах том ажил бий.

Сорбоннын их сургуулийн профессор Арно Бенедетти "Мишель Барниегийн үед байсан бэрхшээлүүд хэвээрээ. Засгийн газрыг татан буулгах ямар нэгэн санал хураалт ойрын хугацаанд гарна гэж харагдахгүй байна" гэжээ.

Байру өмнө нь Францын нэмэгдэж буй өрийн асуудлын талаар хатуу байр суурь илэрхийлж байсан. Тэр баасан гарагт /2024.12.13/ мөн л энэ асуудлыг онцолж, улсын өрийг "санхүүгийн төдийгүй ёс суртахууны асуудал" гэжээ. Тэр Барниед хандан "Өрийн нөхцөл байдлын ноцтой чанарын талаар таны сэрэмжлүүлгийг би сонссон, санал нийлж байна" хэмээсэн юм.

Тэрбээр эв нэгдлийг бүрэлдүүлэх тал дээр томоохон ач холбогдол өгч байгаа. Гэвч парламентад талцаж буй гурван намыг эвтэй байлгах нь бараг боломжгүй зүйл гэж мэргэжилтнүүд үзэж байна.

2025 оны төсвийн батлах хуулийн төслийг парламентын гишүүд эсэргүүцсэн нь Барниегийн засгийн газар нуран унахад хүрсэн. Улс төрийн зүүний үзэлтэй намуудын удирдагчид Байру парламентын санал хураалтгүйгээр төсвийг батлахын тулд тусгай үндсэн хуулийн эрхээ ашиглавал түүнийг ч мөн огцруулахыг оролдоно гэсэн юм.

“JP Morgan” банкны Рафаэль Брун-Агер "Сөрөг хүчний шаардлагыг биелүүлэх нь санхүүгийн хувьд өртөг өндөртэй байж болно. Үүний үр дүнд ирэх жилийн төсвийг танах ажил хязгаарлагдах магадлалтай" хэмээжээ.

Санхүүгийн үнэлгээний “Moody's” агентлаг ч мөн адил дүгнэлт гаргаж, Барниегийн засгийн газар унаснаар Франц улс санхүүгийн байдалдаа томоохон ахиц гаргах боломж багассан гэж үзсэн юм. Ийм учир тус фирм өнгөрсөн бямба гарагт /2024.12.14/ Францын зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар бууруулсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button