Эдийн засгийн мэдээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл I-XI сард ₮29.4 их наяд болж, 6.6 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнд уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл 7.8 хувиар, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 7.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  Уул уурхай, олборлох салбараас чулуун болон хүрэн нүүрс, хайлуур жонш, цайрын баяжмалын үйлдвэрлэл тус бүр 20 дээш хувиар өссөн бол газрын тосны олборлолт 14 хувиар, алт олборлолт 15 хувиар буурсан байна.

Харин боловсруулах салбараас гурилын үйлдвэрлэл 22 хувиар, самнасан ноолуурынх 43 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 46.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс дөрвөн их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд нүүрс, металлын хүдэр болон бусад ашигт малтмалын борлуулалт өссөн нь голлон нөлөөлөв.

Боловсруулах салбараас барилгын материал үйлдвэрлэлийг онцолбол тайлант хугацаанд цементийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн бол шохой, металл бэлдэц, катодын зэсийн үйлдвэрлэл 3-30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын барилгын салбарт жилд дунджаар 2.5 сая тонн цементийн хэрэглээ байдаг бөгөөд дотоодын цементийн үйлдвэрүүд жилд 4.5 сая орчим тонн цемент үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай аж.

Үүнээс гадна дотоодод блок, хөөсөнцөр, хаалга, цонх, замаск зэргийг тодорхой хэмжээгээр үйлдвэрлэдэг. Харин паркетан шал, гипсэн хавтан, плита зэргийг импортоор хангаж байгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам тодотголоо.

Барилгын материал үйлдвэрлэл өргөжихөд хөнгөлөлттэй зээлийн бодлого дутагдалтай байгаа ч Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд үйлдвэрлэл технологийн паркт барилгын материалын үйлдвэр байгуулсан тохиолдолд хэд хэдэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломж бүрдүүлсэн нь салбарын хөгжилд дэмжлэг болохыг салбарын  яам мэдээлж байв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ман
Ман
12 сар 17, 2024 15:49

Шоол худлоо шоож бна

Холбоотой мэдээ

Back to top button