Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагважав: Аж ахуй эрхэлж, татвар төлдөг иргэн шоронд орж, амиа алдаж, амиа хорлож болохгүй. Гажиг системээр гурвууланд нь унаж байна

Эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай Татварын салбар хуулиудын шинэчлэлтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс хойшхи 9 жилийг базаж, дүгнэж ярих ёстой

-Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энд НӨАТ-ын тухай хуулийг ч мөн хэлэлцсэн. Гэвч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд ирж саналаа хэлэхдээ хуулийн хэрэгжилт анхан шатнаасаа авхуулаад ямар саад учруулдаг талаар бүгд л шүүмжиллээ шүү дээ. Тэгэхээр эдгээр хуулиудыг нэгэнт сайжруулах, өөрчлөх гэж байгаа бол сайн задлаж, хэлэлцэх ёстой байсан нь харагдлаа?

-Ерөнхий сайдын санаачилгаар татварын шинэчлэл хийнэ гэж мэдэгдэл хийсэн. Энэ хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байх шиг байна. Гэтэл энэ хэлэлцүүлэг ганц нэг НӨАТ-ын буцаалт гэх мэт зүйл дээр төвлөрөөд, татварын системийн шинэчлэлийг хөндөх гэдэг ойлголт дээрээ төвлөрөхгүй гол агуулгаасаа хазайж, зугтсан юм ажиглагдсан. Би ордонд болсон 4 өдрийн хэлэлцүүлэг дээр бүгдэд нь суусан. Уг нь татварын бодлогыг концепцоор нь яаж өөрчлөх гэж байгааг эрх мэдэлтнүүдээс сонсохоор очсон юм.Татварын бодлогын асуудал өөрөө УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Тийм болохоор УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд анх удаа гишүүд нь эрхээ эдлэх гээд байгаа ухаантай. Ийм хуулийн төсөл, системийн өөрчлөлтийг УИХ хийхэд гүйцэтгэх засаглалийнхан, Сангийн яам гэхэд ямар мэдээллээр хангаж байна гэдэг чухал. Саяын хэлэлцүүлгийг харахад Татварын ерөнхий хуулийг жишээ нь оруулж ирсэнгүй. Татварын ерөнхий хуулийг нь оруулж ирэхгүй байна гэдэг чинь татвартай холбоотой бодлого, хувь хэмжээ, санкц, цаашлаад татварын байгууллагын бүтэц, татварын маргаан таслах шүүхийн зөвлөл гээд бүх хүрээнд ярих боломжийг нь шууд хумьж, ганцхан хуулийн процессийн алдаа оноог овойлгож гаргаж ирэх нь өөрөө зүгээр л косметик хагалгаа хийчихэж байгаа хэрэг.

-Татварын ерөнхий хуульдаа манай улс хэдэн удаа өөрчлөлт оруулсан байдаг юм бэ?

-1992 оноос хойш 4 удаа хийсэн. Дөрвөн 10-ын бодлого гээд бүх татвараа багасгаж  байсан түүх бий. 1992-1996 онд П.Жасрай гуайн Засгийн газрын үед ААН-ын Орлогын албан татварыг 4 шатлалтай 40 хүртэл хувь, ХХОАТ 45 хувь хүртэл 5 шатлалтай болгож байсан. Энэ дөрвөн жилд 1852 байгууллага дампуурсны хамгийн том шалтгаан нь энэ асар өндөр татвараас үүдэлтэй. Ингээд М.Энхсайханы Засгийн газар арай илааршуулсан. Бидний Үндсэн хуулиа баталсан нийгэм эдийн засгийн баталгаанууд 1996, 1997 онд хийгдэж эхэлсэн.

2006 онд дөрвөн 10 бодлого батлагдаж, бас Өршөөлийн хууль гарч байсан юм. 1992 оны үндсэн хуулиар иргэн нь аж ахуй эрхлэх эрхээ анх удаа олж авсан. Ингээд ААНОАТ-ын хууль нь өөрөө үүнийгээ дагаад аж ахуй эрхэлж байгаа иргэндээ саад болохгүй байх татварын систем болох ёстой байсан юм. Яагаад гэтэл буруу замаар явж ирсэн гээд харахаар социализмын үеийн хүн өмчгүй байх, аж ахуй эрхлэхгүй байх, тэнд нь татварын системийн бодлого гэж байгаагүй учраас ингээд 20-иод жил үргэлжилсэн. Явсаар 2015 онд НӨАТ-ын хууль батлагдаж, иргэддээ 20 хувийн буцаалт өгдөг болсноор сүүлийн 9 жил манай татварын орлого жил болгон 15-20 хувиар давж биелэж байна.

-НӨАТ-ын буцаалтыг л яриад байдгаас энэ нь өөрөө иргэдэд бас нэг талаараа дарамт болж байгаа гэдэг дээр аж ахуй нэгжүүд байнга шүүмжилдэг шүү дээ?

-Орлого нэмэгдэх процессийг иргэдийнхээ тусламжтай хийчихсэн. Тэгэхээр эргээд энэ нь яг бизнест дарамт болж байна уу гэдэг асуудлыг ярих нь зөв. НӨАТ-ын хуулийг дагаад хэд хэдэн хууль батлагдаж байсан. Тухайлбал, Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын татварын хууль, ХХОАТ-ын хууль нь нягтлан бодох бүртгэлтэйгээ батлагдаад дараа нь 2015 оны 8 дугаар сард Эдийн засгийн өршөөлийн хууль гарсан. Ингэхдээ 2016 оноос маш хүчтэй хяналтын систем нь өөрөө иргэдийн тусламжайгаар хийгдэж, дахиад бүх юмаа форматлаад 0-иос эхэлсэн. Гэтэл ямар асуудал болсон гэхээр нягтлан бодох бүртгэл дээр ганцхан НӨАТ-ын хууль батлагдсан. Явсаар байгаад Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын хууль, ХХОАТ-ын хууль 2019 оны 3 дугаар сард У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед батлагдсан. Би тэр үед МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байсан.

Яг энэ хууль батлагдаад л би ажлаа өгсөн. Эндээс юу гарч ирсэн гэхээр цаглаварын асуудал үүссэн. Жирийн ТҮЦ ажиллуулж байгаа худалдаа эрхлэгчид гэхэд л гэнэт татварын 10 хувь руу орчихож байгаа ч юм шиг эсвэл НӨАТ-ын 10 хувь руу орж байгаа юм шиг ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцөл үүссэн. Тэгэхээр тэнцүүлэхийн тулд ААНОАТ дээр 1.5 тэрбумын орлоготой ААН бол ААН-ийнхээ орлогын албан татварын 90 хувийг буцааж авч байгаа шүү дээ. Одоо тэр хууль үйлчилж байгаа хэвээр. Гэтэл иргэн хувиараа хөдөлмөр эрхлээд ашиг олбол ХХОАТ-ын 10 хувиа өгчихөөд буцааж ав чадахгүй байгаа биз. Тэгэхээр эцсийн хэрэглэгчийн төлдөг НӨАТ-ын 20 хувийн буцаалт орж ирсэн нь давуу тал юм.

Яг эргээд харвал ковидын 2020, 2021 онд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогслоо шүү дээ. Тэгэхэд энэ үеэр ААНОАТ дээр ямар ч гомдол гараагүй. Яагаад гэхээр компаниудын 90 хувь нь нэг татвартай төлөгч болсон. Тэгэхээр энэ дээр гомдол гаргах нь бага, нэг ёсондоо ачаалал багасчихаж байгаа хэрэг. Харин ковидын үед юу гарч ирсэн бэ гэхээр даатгалын асуудал л гарч ирсэн. Улсаараа зогссон үед даатгалын системүүд ажиллаагүй. Аж ахуй нэгжүүд цалингаа тавих уу үгүй юу дээрээ ирчихсэн байсан үе. Гэтэл дараа нь их өр цугларсан. Ингээд харахаар НӨАТ-ын системийг мөнгөн сууринд оруулаагүйгээс болж НӨАТ-ын бүртгэлийн өрүүд үүсгээд энэ маань одоо дахин нэг татварын системээ эргэж харахад хүргэж байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс хойшхи 9 жилийг базаж, дүгнэж ярих ёстой шдээ. Макро тоон дүн гоё харагдаж байна. Энэ чинь гэхдээ Татварын ерөнхий газар, Сангийн яамны ажил биш л дээ. Улсын үйлдвэрийн газар гээд 42 залуугийн хийсэн программ, тэдний сайн ажилласаны үр дүн байхгүй юу.

НӨАТ-ын систем бол хар зах зээлийг цагаан зах зээл рүү шилжүүлэх процесс болсон

-Та яриандаа цаглаварын зөрүү үүссэн гэлээ. Үүнээс үүдэлтэй бодит хохирол нь юу байсан юм бэ?

-Цаглавар ялгаатай хэрэгжсэнээс болж ХХОАТ, ААНОАТ-ын хөнгөлөлтэй эвсээд нэг том систем болж ажиллаж эхлэхгүй бол процессийн асуудлууд гарч ирнэ. Хэрвээ 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ААН-үүд ААН-ийнхээ орлогын 90 хувийг буцааж авдаг байсан бл өнөөдөр ийм хэмжээний бухимдал үүсэхгүй байсан. Мөн НӨАТ-ын систем 5 жилийн өмнө түрүүлээд явчихсан. Бусад татвар нь 5 жилийн дараа батлагдаад гараад ирэхээр ялгамж үүсчихэж байгаа юм. 2016-2020 он хүртэл хуучин хуулиудын процессоор явж байх зуурт нь НӨАТ-ын хууль өөрөө маш хатуу хяналттайгаар хэрэгжээд эхэлчихээр өнөөдөр нэг талаасаа аж ахуй нэгжүүд их багагүй татварын ачаалалд орчихлоо гэж яриад байгаа нь энэ.

Ингээд уг нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020, 2021 оны ковидын үеийг Өршөөлийн хуульд оруулна гэж ярьж байсан ч Ч.Хүрэлбаатар хууль эрх зүйн акт болгоогүй. Тэгэхээр ингээд харахаар яг энэ үед ААНОАТ таатай байх үе дээр НӨАТ-ын 5 жил шахагдсан асуудлыг цэгцлээгүй учраас татварын дарамтын асуудал үүсэж, үүнд нь хэн хохирдог вэ гэхээр нөгөө л татвар төлөгчид маань л хохироод байгаа юм. Үүнийг л процессоор нь авч хэлэлэж, цэгцэлье гэдэг асуудал байна.

Би ярилцлагын эхэнд хэлсэн П.Жасрай гуайн ЗГ-ын үед гаргасан 45 хувь хүртэлх 5 шатлалтай үед хүмүүс бүгд татвараас зугтчихсан. Тэгээд энэ үеийг нэг хэдхэн компани, эздийн асуудал мэтээр яриад, ойлгоод байдаг. Угтаа Үндсэн хуулиар бол иргэний төлөх татвар яваандаа 10 жилийн дараа манай татварын бааз сууь болох юм. Татварын системээ сууриар нь ярья гэдэг дээр би нэг жишээ хэлье. 2015 онд Ил тодын тухай хууль гаргахад л 17 мянган компанийн 34 их наядын ажил орлого ил гарсан байдаг. 2008 оных гэхэд 2300 компани 4.5 тэрбум ам.долларын ажил үйлчилгээгээ ил гаргасан. Тухайн үедээ маш их тоо байсан. Энэ ямар учраас ийм болов гээд харахаар манай Сангийн яамны ажлын үр дүн маш муу байсны жишээ. Арга барил нь буруу байсан учраас хар зэх зээл нь бөөгнөрчихсөн байгаа байхгүй юу. Ингээд НӨАТ-ын систем нь хар зах зээлийг цагаан зах зээл рүү шилжүүлэх процесс болсон юм.

-Гэхдээ НӨАТ-ын систем дээр ололт ч бий, алдаа ч бий?

-Жижиг дунд  болон хувь хүн дээр гарч ирж байгаа асуудал нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр буюу жишээлбэл, захаас бараа авлаа гэж бодоход баримт өгдөггүй. Баримтаа аваагүйн төлөө өмнөх субьектийнхээ бүх татварын өрийг тухайн иргэн, аж ахуй нэгж өөрөө төлөх ёстой болдог. Гэтэл татварын онолоор бол эхний субьект надад бараа бүтээгдэхүүнээ зарлаа гэхэд тэндээс бараа авсан би буюу 2 дахь субьект нь нэг дэхь субьектийн татварын аливаа асуудлыг үүрэх ёс байдаггүй. Энэ бол сонгодог философи буюу шударга ёсны асуудал.

Хэлэлцүүлэг дээр хэлж байсан л даа, оёдлын цехтэй эмэгтэй бараа материал, утас зэргийг захаас авна. Нөгөөдүүл нь баримт өгөхгүй учраас бараа материалынхаа бүх НӨАТ-ыг би өөрөө төлдөг. Гэтэл ингээд өрөнд орчихлоо,  татвараа төлөхгүй байж болох уу гэж хэлсэн. Үүнийг Татварын ерөнхий газар ч ойлгохгүй. Сангийн яам ч хариу өгч чадахгүй байсан. Захын лицензийг хэн өгсөн юм. Төр өгсөн шдээ. Төр өгсөн бол тэр захын худалдаа эрхлэгчид падаан өгнө үү ямар нэгэн байдлаар эх сурвалж болох зүйлийг өгүүлэхгүй байгаа нь төрийн өөрийнх нь алдаа юм. 2015 онд ихэнх худалдан авалт дандаа бэлэн мөнгөөр байсан. Өнөөдөр гэтэл бараг 100 хувь картаар болсон байна. Бүгд л пос машинтай болсон байна шүү дээ. 200 мянга орчим пос машин байгаа байх.

Тэгэхээр энэ машинаар уншуулаад төлбөрөө төлсөн оёдлын цехийн эмэгтэйн үндсэн баримт нь энд явж л байгаа байхгүй юу. Энэ мэт нарийн ширийн техникийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байх жишээтэй. Дарамт яаж үүсээд байна гэхээр ерөөсөө л сая хэлсэн нэгдүгээр субьект хоёрдугаар субьектийн буруу, алдааг үүрээд цаашилбал ял үүрч байгаа. Жижиг дундууд, аж ахуй нэгжүүд татварын ачаллаа дийлэхгүй байгаагаас болоод үнэхээр залхаж байгаа нь харагдаж л байна.

Татварын маргаан дээр хэрэг бүртгэгч, прокурор, шүүгч нь санхүү, зах зээл, татварын наад захын мэдлэгтэй байх ёстой

-Ял үүрч байгаа гэдэгтэй уялдуулаад асуухад та хэлэлцүүлгийн үеэр татварын маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэх шүүх, прокурор болон хэрэг бүртгэгч нь хүртэл өөрөө санхүү, эдийн засаг, татварын наад захын ойлголтгүй байна гэж шүүмжилсэн?

- Үндсээр нь харахад л Захиргааны хэргийн шүүх гэхэд татвар төлөгчийг хамгаалж чадахгүй байна. 9 хүний бүрэлдэхүүнтэйгээс 6 нь төрийн талаас үлдсэн гурав нь татвар төлөгч талаас байх жишээтэй. Татвар төлөгчийг төлөөлж байгаа нөхдүүд нь татвар төлөгчийнхөө зовлонг ойлгодоггүй хүмүүс очоод бөглөөд суучихна. Захиргааны хэргийн шүүх дээр очихоор шүүгч нар нь мэргэжлийн ямар ч ойлголтгүй. Татварын шүүх хэрэгтэй гэж онцгойлоод байдгийн шалтгаан энэ. Татварын асуудлаар хэрэг маргаан шийдвэрлэж байгаа шүүгч нь ядаж энэ талын магистрын түвшний мэдлэгтэй байх ёстой.

Шударга ёс ярьж байгаа бол шударга тэгш байх ёстой. Прокурор нь гэхэд татвар, даатгал, эдийн засаг, бизнесийн ямар ч мэдлэггүй учраас хэрэг дээр буруу ял шийтгэл өгнө. Хэрэг бүртгэлээсээ авхуулаад санхүүгийн мэдлэггүй улсууд хэрэг бүртгэж боогоод шүүх рүү явуулж байна. Систем маань өөрөө тэр аяараа өөрчлөгдөх шаардлагатай байгааг одоо оруулж ирье л гэж яриад байгаа юм шүү дээ. УИХ өөрийнхөө онцгой эрх дээрээ татвараа ч мэдье, татварын шүүхээ ч байгуулъя л гэж байгаа хэрэг. Шударга ёсны системийг нэхэхээс аргагүй. 1992-2008 он хүртэл Эрүүгийн хуулийн заалт байсан.

Одоо нэг нь хүчингүй болсон. Нарийндаа бол тухайн үеийн орлогоор 10 сая төгрөгийн орлогыг нуувал 5 жилийн ялтай, тийм айхтар эрүүгийн заалттай байсан. Жилдээ ганц л хэрэг шүүх дээр ирдэг байж. Гэтэл тэр доогуур хэрэг бүртгэл дээр хэдэн мянгаараа ийм процесс явдаг байсан байгаа юм. Энэ бол авилгаар юмуу буруу замаар шийддэг байсан ийм процесс 2015 он хүртэл байсныг Ил тодын хуулиас эхлээд 17 мянган компани бүгд нэг тайлантай болсноор татварын маргаан гарахаар шууд Захиргааны хэргийн шүүх рүү явдаг болсон.

Өөрөөр хэлбэл шүүхийн системийн давуу талыг ашиглъя гэдэг хандлага бий болж эхэлсэн юм. Ерөөсөө л татвар төлөгч, татвар авагч хоёулаа шударга харилцаанд оръё голд нь ямарваа нэгэн зөрчил гарвал татварын шүүхээр хэлэлцүүлье гэж байгаа. Ерөнхий сайд системийн өөрчлөлт оруулж ирээд хуулиудын алдаатай байсан процессуудыг ил болгох гэж  байгаа болов уу гэж л найдаж байна. Яагаад гэхээр татварын систем өөрөө шударга байж л бид нар өнөөдөр баялаг бүтээгээд явж байгаагийнхаа жаргалыг эдлэх гээд байгаа юм.

-Та ковидын хоёр жилийг татварын өршөөлийн хуульд хамруулах ёстой гэсэн санааг хэд хэдэн удаа хэллээ?

- Тийм. МАН-ын нөхдүүд маань энэ асуудлыг ерөөсөө ойлгохгүй байна л даа. Дөрвөн 10-ын бодлого батлагдаж байсан тэр үе хүртэл ААН 40 хувийн татвараар яаж оршин тогтнож байсан юм бэ. Нийт компаниудын 99 хувь нь 2 тайлантай байлаа шүү дээ. Татварын ерөнхий газар, Сангийн яам хоёр хэрэгжиж эхэлж байсан татварын хуулиудтай холбоотой журмууд гарах ёстой байтал 34 журмын 20 нь ч батлагдаагүй байсан. Хууль зүйн яам руу ч очоогүй байсан. Хууль нь хэрэгжээд эхэлчихсэн байхад журам нь хэрэгжээгүй. Ингээд хууль, журам хоёрын хоцрогдлоос болоод эхний тайлан гаргахдаа л иргэд, аж ахуй нэгж алдаж эхэлж байгаа байхгүй юу.

2020 оны ковидын цар тахал гараад Монгол Улс хилээ хаагаад бүгд зогсчихсон үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх татварын аливаа асуудлыг авч үзэхгүй гэж мэдэгдсэн ч энэ нь Татварын хуульд сууж өгөөгүй учраас өнөөдөр буцаагаад 4 жил тутамд шалгаж байна шүү дээ. 2020, 2021 оныг Татварын ерөнхий газар шалгаж л байна шүү дээ. НӨАТ-ын системийн тусламжтайгаар ковидын жилд татварын орлого 10 хувиар давж биелсэн шүү. Жил болгон, тэр дундаа бүр ковидын жилд ч татвар төлөгчид үүргээ сайн биелүүлж өгсөн байгаа биз. Орос-Украины дайнаас болоод аж ахуй нэгжүүдэд бас л хүнд туссан. Шатахуун импортлогч компануд ямар хүнд байдалд оров. Тэгэхэд татвараа төлж л байсан.

-Иргэд, аж ахуй нэгжүүдийн хамгийн их тусгаж байсан санаа бол татварын хуулиуд ерөөсөө хоорондын уялдаа холбоогүй байна гэдгийг хэлж байсан. Тэгэхээр татварын хуулиуд доторх уялдааг сайжруулахын тулд өргөн хүрээгээр нь авч үзэхээс аргагүй болов уу?

-Манай татварын хууль өөрөө материаллаг хууль буюу тоо хэмжээ тавих гэдэг нэг өөр хэрэг. Тэгээд тэрийгээ процессийн хуулиараа буюу одоо алхам тутмын үйл явцаараа сайжруулж, тодруулж өгөх ёстой. Би хэлэлцүүлэг дээр нэг ном барьчихсан байсан нь Польш улсын 2017 оны НӨАТ-ын хуулийнх нь тайлбар 1780 хуудастай ном юм. Зөвхөн НӨАТ-ын тайлбар гээд бод доо. Тэгээд хуулийн заалтынхаа тайлбар болгоныг татвар төлөгч, аварч аль алинд нь ойлгомжтойгоор маш сайн тайлбарлачихсан. Аж ахуй эрхэлж, татвар төлж байгаа иргэн шоронд орж, амиа алдаж, амиа хорлож болохгүй. Гажиг системээр гурвууланд нь унаж байна шүү дээ.

Яг энэ тайлбарын дагуу хуулиа мөрдөөд явахад аль ч ял шийтгэлд унадаггүй. Өнөөдөр гэтэл манайх НӨАТ-ын хууль дээрээ ганц хуудас ч тайлбар байхгүй. Хуулийн процессоо сайн тайлбарлаж өргөжүүлж өгөөгүй учраас өнөөдөр татварын байгууллага тухайн байцаагчийн харж байгаа өнцгөөр л явдаг. Дээд шүүх уг нь хууль тайлбарлах эрхтэй байсныгаа байхгүй болгочихсон. Ганцхан шүүгчийн хэрэглэгдэхүүн болж л тайлбарлагддаг. Энэ чинь манай том гажиг байхгүй юу. Татварын хууль дээр процессийг нь бүүр ийм зузаан тайлбар өгч байж өнөөдөр хүн алдаа гаргахгүй.

-Та Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байсан санагдана?

-Би орон сууц худалдан авсан бол ХХОАТ-аа буцааж авдаг байх ёстой гэж Цэцэд хандаж байсан. Тухайн үед 4 мянган иргэнээс өргөдөл аваад 110 сая ам.долларын орон сууц зарагддсан гэхээр НӨАТ 13 хувь байсан гээд үзвэл 13 сая орчим ам.долларыг буцаах тийм хөдөлгөөн явсан юм. Иргэний хуулиар барилгын талбайн хэмжээ нь Барилгын сайдын журамтайгаа зөрчилдсөн. Энэ ээдрээг нь тайлах гэж жил явсан.

Сайдын журмыг нь хүчингүй болгоод бараг 2 жил шахуу явахад энэ хооронд барилгын үнэ ч өсөөд хамт явж байсан иргэд ч орхиод, нөгөө 50 саяар авсан барилга нь 100 сая болоод НӨАТ-ын буцаалтаа авъя гэхээр нь барилгын компани нь гэрээгээ цуцална гээд. Тухайн үед Цэц дээр П.Очирбат гуай дээр очиж байсан байх. Хэрвээ энэ явсаар үр дүнд хүрсэн бол гэр худалдаж авсан иргэн малын хөлийн татвараасаа чөлөөлөгдөх эсвэл ХХОАТ-аасаа чөлөөлөгддөг ч юм уу. Ийм байх байсныг манай татварын байгууллага нэг хүнийг гэр авсынх нь төлөө чөлөөлж өгөөгүй юм. ХХОАТ-ыг буцааж өгөөгүй юм.

Эндээс юу харагдаж байна гэхээр хууль доторх сайн юмыг нь ч эдлүүлдэггүй, муу юмыг нь ч эдлүүлдэггүй. ХХОАТ-тай холбоотой байдаг нэг өөр заалт байсан нь өөрийн болон үрчилсэн хүүхдийнхээ гадаад дотоод дээд сургууль төлсөн төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдэлнэ гэж байсан юм. Үүнийг 2019 онд засаад хаячихсан л даа. Яг уншаад үзвэл, төлбөрийнхөө хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдэлж байгаа юм. Та 11 сая төгрөгийн хувь хүний орлогын татвар төлчихсөн, харин 10 сая төгрөгийн сургалтын төлбөр төлөх бол 10 саяыг хасуулах боломжтой байсан байхгүй юу.

Одоо бол энийг зүгээр орлогоос нь 10 сая хасаад байгаа юм. Гэх мэт, энэ бол буруу жишиг. Хуульд байгаа давуу талыг төрийн байгууллага нь хүртэл эдлүүлэхгүй байна аа гэдэг нь бид нарт хууль ер нь үйлчлэхгүй байна аа л гэсэн үг.

Өршөөлийн хууль, НӨАТ-ын буцаалтыг Татварын газар, Сангийн яам хамгийн их эсэргүүцэж байсан

-Мөнгөн суурьтай болгоё гэдэг асуудлыг та хэд хэд хэллээ. Манайд ер нь энэ систем рүү шилжихэд хүндрэл бий юм уу?

-Ерөөсөө хүндрэл байхгүй. Бид зүгээр харах өнцөг, оюун санаагаа шинэчлэх л хэрэгтэй. Би 2005 онд Баяртсайханд хэлээд Сангийн сайдад өргөдөл гаргаж байсан. Мөнгөн суурьтай болъё оо гээд. НӨАТ бол аль эртнээс ингэж явах байсан юм. Яагаад шилжээгүй вэ гэхээр нягтлан бодох бүртгэл буюу нягтлан бодох чиглэлийн аккруэл сууриар явдаг системийн тэр улсууд мөнгөн суурь руу шилжиж, оюуны өөрчлөлт хийхээс залхуураад чадаагүй юм.

Хамгийн их эсэргүүцэж байсан нь Сангийн яам. Сангийн яам дотроо хэдэн нягтлан бодох бүртгэл хийдэг нөхдүүд. НӨАТ-ын бүртгэлээ ойлгохгүй. Дөрвөн 10-ын бодлогыг ч Татварын ерөнхий газар, Сангийн яам хамгийн их эсэргүүцсэн. Дараа нь хоёр удаа Өршөөлийн хууль гаргахад бас л эсэргүүцсэн. НӨАТ-ын 20 хувийг буцаая гэхэд бас л хамгийн их эсэргүүцэж байсан. Гэтэл нөгөө талд татварын орлого 9 жил дараалж даваад биелчихсэн байгааг олж хардаггүй. Өөрсдийнхөө буруу суурь мэдэгдэхүүнээ ингэж 20-30 жилээр тулгачихаад, үүндэ үхмэл байдалтай байгаад л байна. Одоо мөнгөн сууринд шилжихэд ямар ч асуудал байхгүй.

Нэгэнт аж ахуй нэгжид орж ирээгүй мөнгийг орлого гэж тооцохгүй байх ёстой шүү дээ. Мөнгөн суурьтай болгоё гээд гар бие оролцоод явж байхад надад “Лхагважав аа та хүний нөөцийг хөдөлгөөнд оруулах гээд байна. Энэ гаалийн байгууллагын бүтэц жишээ нь хөдөлгөөнд орвол энэ хууль явахгүй шүү гэж хэлж байсан. Яагаад гэхээр УИХ, ЗГ тэр аяараа холбоо сүлбээ нь гааль, татвараар дүүрэн байгаа шдээ” гэж. Одоо бол надад ярих эрх нь байгаа. Өнөөдөр ингэж аж ахуй нэгж, иргэд татварын орлогыг 9 жил давуулан биелүүлэхэд Татварын байгууллагын үүрэг роль яг юу байсан юм. Тэр НӨАТ-ын Улсын үйлдвэрийн газрын 42 программист өнөөдөр тэрбум талон хэвлээд байхад татварын байгууллагын роль ноль байсан.

Яагаад сүүлийн үед иргэд НӨАТ-аа төлөхгүй гэж яриад байна гэхээр захуудад жишээ нь татварын байцаагч нь ажиллахгүй, ажлаа хийхгүй байна шд. Гэтэл нөгөө НӨАТ-ын хуулиараа баримт өгөөгүй бол тайлант хугацааны орлогын 20 хувиар торгоно гэдэг бол аймар шийтгэл байхгүй юу. Ийм санкц хүчтэй том байх тусам хэнд ашигтай вэ гэхээр тэрнийг ашиглаж байгаа эрх мэдэлтэнд л хэрэгтэй байдаг. Иймээс Татварын хуулиа оруулж ирж ярих л ёстой.

-Иргэд, аж ахуй нэгжүүдэд дан ганц татвар биш төлбөр, хураамжийн асуудал ч ойлгомжгүйгээс их хүндрэл чирэгдэл болдог?

-Ярианы эхэнд хэлсэн дээ. Төлбөр, хураамжийг татвар руу оруулаад ирсэн. Цэцийн буруу дүгнэлт гараад буруу жишиг явчихсан. Задлаад харвал огт өөр асуудал бий. Хог хаягдлын төлбөр гэж байдаг. Энэ ямар юмных нь татвар байх вэ дээ. Буруу менежментийн юм ороод ирэхээр буруу тодорхойлолт болчихно. Мөн нэг юм хэлэхэд, ААН, иргэдэд санхүүгийн тайлан бүртгэлийн асуудлыг хийдэг тусдаа том компаниуд бий болж, өсөх хэрэгтэй байна. Жишээ нь, АНУ гэхэд 4 сараас 4 сарын 14-ний хооронд иргэн болгон татварын тайлангаа өглөө, тэндээсээ тухайн өмнөх жилдээ өгсөн илүү татваруудаа маш хурдан яг манай НӨАТ-ын буцаалт шиг ямар ч зовлонгүй буцаагаад авдаг байхгүй юу.

Гэтэл энэ юмыг өнөөдөр хийж чадаагүй байгаа. Яагаад гэвэл энэ чинь өөрөө дахиад тусдаа индастри буюу маш том бизнес юм. Энэ бизнесийг манай нягтлан бодох бүртгэлийн, энэ санхүүгийн аудитын байгууллагууд олж харж чадахгүй л дээ. Шимтгэлтэй холбоотой нэг зүйл хэлэхэд 2014 оны тайланг үзэхэд тухайн үед нийт мөнгөн гүйлгээний 7 хувь нь картаар байлаа. Тэгэхэд энэ 7 хувь нь л өөрөө 7 тэрбумын ашигтай байсан. За харин өнөөдөр, 200 мянган пос дээр картаар гүйлгээ хийгдэж байна гэж үзвэл ямар хэмжээний ашиг олж байгаа вэ.

-Энэ журмыг өөрчлүүлэх санал гарч байсан юм болов уу?

-Төв банкин дээр байдаг журмын дагуу бол НӨАТ-ын системийн дагуу арилжааны банкууд маш сайн өсөж өндийлөө. Тиймээс иргэдээс авдаг тэгээс нэг хувийн шимтгэлээ 0.1 хувь болгооч гэдэг санал би гаргаж байсан. Өнөөдөр жижиг ААН, ТҮЦ, дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс карт л уншуулж байна шүү дээ. Шууд л маргааш нь өдрийн орлогынхоо нэг хувийг банкинд өгч байгаа байхгүй юу. Карт уншилт болгоноос авч байгаа шдээ.

Та бодвол өчигдөр НӨАТ-ын буцаалтаа авсан байх. Үндсэндээ 1 тэрбум 50 сая талоны хойно 183 их наяд төгрөг эргэлдэж байгаагаас буцаалтад 1 тэрбум 300 саяыг л авч байгаа шүү дээ. ААН-үүд ойролцоогоор 1.5 их наядын борлуулалт хийхдээ картаар уншууллаа гээд бодвол үүний 1 хувь хэд болох вэ. Банкныхан үүнийг харж үзэх ёстой. Арилжааны банкны орлогын мөнгө яг үнэндээ зах зээл рүүгээ гарахгүй байна шүү дээ. Монгол банкны үнэт цаасыг аваад л, буцаагаад 4.5 их наяд нь арилжааны банкнуудаас авсан тэр үнэт цаасныхаа зөрүүнд өгдөг. Татвар төлөгчийн мөнгөөр л тэрийг төлнө гэсэн үг. Тэгэхээр бид бүх талаас нь хэн хэнд нь ашигтай, боломжтой байдлыг цогцоор нь харж, ярихаас аргагүй.

2016 онд МАН-ын залуус НӨАТ-ын хуулийг нугаслах гэж их өнгөлзөж байсан даа

-Одоо хэлэлцүүлгээс гарсан шийдлийг нь харахаар 500 мянга хүртэл худалдан авалт хийсэн бол НӨАТ-ыг 100 хувь буцаах зэргээр тодорхой мөнгөн дүнгээр хязгаар тогтоож, түүнээс нь хувиар буцаалтыг нь өгдөг байх тухай асуудлыг хуульд оруулж магадгүй юм яригдлаа. Энэ тэгээд үнэхээр нөгөө өргөн далайцаар нь харж, өөрчилж байгаа явдал мөн үү?

-Биш л дээ. Гэхдээ иргэд аль болох л НӨАТ-ын буцаалтаа өндөр авч байх ёстой. Нөгөө талаас нь харвал МАН-ын нөхдүүдийн нэг хийдэг ажил байдаг. Нөгөө л нэг нийгмийн халамж, ядууг тэтгэх гэсэн юм. Яг нарийндаа бол цаанаа бодлогын өөр асуудал явж байгаа л даа. Эд нар ийм онолгүй бөгөөд сэтгэлийн пангаар хийгээд байдаг нь анхнаасаа НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг ойлгоогүй байна л гэж хардаг. Н.Алтанхуягийн ЗГ-ын үед эхлээд Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед хэрэгжсэн юм. 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс НӨАТ-ын систем ажиллаж эхлэхэд эхэндээ мэдээж ААН-д хүндрэлтэй байсаан.

Тэгэхэд энэ хүндрэлийг ашиглаж НӨАТ-ын машиныг шатаана гээд МАН-ын хэсэг залуус жагсаж байсан юм. Гэтэл өөрсдөө 2016 оны 7 дугаар сард засаг аваад бараг унтраах шахсан даа. За бараг л унтраачихсан юм. Би өөрөө санаачлан хэрэгжүүлж байсан хүний хувьд биеэрээ хамгаалж М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь “Та хаан уу. Миний НӨАТ-ын машиныг унтраах гэж байна” гээд заргалдаж байсан удаатай. Эхний ганц хоёр жилд систем маань яг нярай хүүхэд шиг байсан.

Гэтэл энэ үед нь МАН-ын залуучууд нугаслах гэж их оролдож, өнгөлзөж байлаа. Эхний жилдээ татвар нэг их наядаар илүү, дараа жилд нь 2 их наядаар илүү гээд 9 жил татварын бүх бааз суурийг нь тавьж өгсөн. И баримт, И Монголиа чинь манай анхны дата бааз дээр суурилсан. НӨАТ-ын системийг нугаслахыг оролдож явсан хүмүүс бол нөгөө хар зах зээл дээр ажилладаг, татвар төлдөггүй бүлэг улсууд эсвэл улс төрийн далбаан доор явж татвар өгдөггүй этгүүдэд л байх.

-Би таныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байсны хувьд асуумаар байна. Манай улс Евро Азийн Эдийн Засгийн холбоонд элсэх асуудал таны үед яригдаж байсан юм уу. Ямар шийдэлд хүрч байсан юм бэ?

-Зөвлөлт Орос задарсны дараа, манай талаас тодорхой экспортдоо хөнгөлөлт авъя гэхээр холбоонд элсчих, тэгвэл 40 хувийн татвараа болтж болно гэж байнга тавигддаг асуудал байсан. Одоо харин танхим дээр ирээд асуудал юу болсон гэхээр ерөөсөө л дайны байдал. Өөрөө дайн хийж байгаа улстай санхүү, банкны ажиллагаа хийхэд хүндрэлтэй. Дайны асуудал нь дуусаагүй байхад гэрээ хэлцэл хийгээд хэрэггүй л гэдэг байр суурьтай байгаа. Өмнө нь Япон улстай бид эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ хийхэд 98 хувь нь айлд, 2 хувь нь л манайд ашигтай байсан. Магадгүй, эргээд харахад ийм харьцангуй байсан ч өргөн далайцаар нь харвал манай голлох салбаруудад орж ирье гэдэг сонирхлоо илэрхийлж байсан бөгөөд өнөөдөр манай төр засаг тэр түншлэлийн гэрээ хийж байсан үеийнхээ философиосоо ухарчихсан байгаа юм.

Ямар ч байсан дайны асуудал нь зогссон дээр. Мөн бид өмнө нь хийсэн энэ гэрээ, хэлцлийнхээ алдааг давтахгүй байх ёстой. Оросууд яагаад гэнэтхэн саймшраад унав гэдэг дээр ч Гадаад хэргийн яам нь харах ёстой биз.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2025 18:36

tatvar tulduggui ajil hiideggui hun uhej bolno tiim ee

Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:28

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button